Цэргийн төв эмнэлэг шинэ байранд орлоо
Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн шинэ цогцолбортоо оров. Австри улс 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлөлттэй зээлээр өгчээ. Шинэ тоног төхөөрөмжөө суурилуулан ажиллуулж эхэлсэн байна. Тус эмнэлгийнхэн сүүлийн жилүүдэд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа аж. Мөн хордлого болон зэвсгийн гэмтэлтэй хүмүүсийг хүлээж авдаг байна. Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлдэг юм байна.
Эмнэлгийн шинэ цогцолбор барилгын талаар ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай "Манай цэргийн эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, шинэ цогцолбор барилгатай боллоо. Эмчлүүлэгчдээ шинэ байрандаа хүлээн авч үйлчилж байна. Дунджаар 500 гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хуучин байрандаа ч мөн адил байрлаж ажиллана" хэмээн онцлов.
Энэхүү эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан түүхтэй. Улмаар 2012 онд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэй болсон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй