Тэр багш шиг сэтгэгдэл хүүхдэд төрүүлэхгүй гэж бодож аль болох ялгаж харьцахгүйг хичээнэ

UB Info

Том хүү маань хичээлээсээ ирэхэд аяга нь цэв цэвэрхэн байгаад байдаг боллоо. Миний хүү яагаад юм идээгүй юм гээд асуусан чинь 'Багш заавал бодлогоо бодож байж юм идээрэй' гэсэн гэж хэллээ. Манай том хүү ер нь муу сурдаг юм л даа. Эцэг эхийн хурал болохоор дандаа нэр нь дурдагдана. Тэрэнтэйгээ бүр эвлэрчихсэн. Ангид нь Болд гээд хүү байдаг юм. Өөртэй нь адилхан сурлага муутай. "Болдоо бид хоёр л угаасаа хамгийн муу хүүхдүүд" гэж надад ярьж байсан юм.

Тэгэхээр нь би өдрийн цайг нь гэрээсээ бэлдээд явууллаа. Ямар ч завгүй байсан би хүүхдүүдээ огт өлсгөдөггүй хүн. Би өөрөө ч гэсэн өлсөхөөрөө бараг ухаан алдаж уначих гээд байдаг юм. Тэгээд бэлдээд явуулсан ч гэсэн тэрийгээ огт идэхгүй хүрч ирсээр л байв. Бараг долоо хоног тэгж явлаа. Асуухаар нөгөө л "Багш заавал бодлогоо бодож байж юмаа ид гэсэн" гэнэ. Хүүгийн маань багш настай хүн байсан. Сайн багш гэхээр нь анх хүүгээ гуйж түүж байж тэр багшид өгч байлаа. Тэр багшийн зүрх нь өвддөг, зүрхээ эмчлүүлээд л яваад байдаг байсан юм. Настай багш бас зүрх нь өвддөг, дээр нь би хэрүүл хийж яах вэ гэж бодоод дуугүй л яваад байв. 1-р ангид нь багш нь есөн шидээр хэлээд байхаар нь шар хөдлөөд би заавал хүүхдээ өөрөө уншуулж сургана гээд орой болгон муудалцдаг ажилтай болчихсон байсан. Эвтэйхэн эхлээд л сүүлдээ хоёулаа уйлалдаад л дуусна. Тэгж байж багшаас ирэх дарамт гайгүй болох байх гээд алаан болж сурч байгаа нь тэр.

Тэгсэн нэг өдөр багш нь надад "Танай хүүхэд сэтгэц мэдрэлийн өвчтэй. Юманд нь сайн үзүүл. Чи наадахаа харж байгааг нь хардаа. Над руу ингээд муухай хараад байдаг юм. Танай хүүхэд чинь харин ямар азаар уншиж сурсан юм бэ дээ" гэж хэллээ. Би чинь хүүхдээ бараг өөрөө л уншуулж бичүүлж сургасан, багш бол бараг бэлгэдлийн чанартай л байсан. Хичнээн муу сурдаг байсан ч хүү маань зөөлхөн сэтгэлтэй хүүхэд гэдгийг нь би сайн мэднэ шүү дээ. Тэгээд миний тэр багшид гомдож хэлсэн ганц үг нь "Та миний хүүхдийн хоолыг л өгчихгүй дээ" гээд сургуулийн урд аймар уйлж байснаа санадаг юм. Тэгээд үргэлжлүүлж машиндаа орж ирж уйлсан чинь нөхөр маань маргааш нь багштай нь очиж уулзаж бөөн юм болоод хүүхдээ шилжүүлэхээр болсон.

Корона гараад нам хоригдчихсон байх үед манай гэр галзуугийн эмнэлэг шиг л болчихсон байлаа. Нөхөр бид хоёр байрны захиалга өгчихсөн байсан ч коронагаас болж шинэ байранд орох маань хойшлогдоод түрээсийн байрандаа гурванн хүүхэдтэйгээ өнжихөөр бүр яг л галзуугийн эмнэлэг. Гурвуулаа эрэгтэй тэгээд 1 өрөө байр болохоор. Би зүгээр сууж чаддаггүй хүн байсан юм. Хүүхдүүдээ сургууль руу нь нааш нь цааш нь зөөнө, урлан түрээслээд тэндээ юмаа хийнэ, би чинь зураач мэргэжилтэй, бусад өдрүүдэд нь их дэлгүүрт зогсоно, ар гэрийн ажлаа ч алдагдуулахгүй. Гэтэл гэнэт л завтай болоод гэртээ өнжсөн чинь манай хүүхдүүд ч тэр, би ч тэр галзуурчих гээд болдоггүй. Би гэртээ зургаа зураад, баримлын шавраар юмаа хийгээд байдаг байсан юм. Баримлын шавраар байнгын захиалга авна. Хүний хөрөг ч юм уу, юу байдаг юм захиалга авч гэртээ хийгээд тэрүүгээрээ ойр зуурын хэрэгцээгээ болгочихдог. Нэг өглөө би хүүхдүүдээ унтаж байх хооронд эрт босоод хүүхдүүддээ хичээл бэлдэж эхэллээ. Зурагт, утаснаас жаахан ч гэсэн хөндийрүүлэх гээд. Тэгсэн манай хүүхдүүд аягүй дуртай байнаа. 1 сарын дотор манай гэр тэр чигтээ зургийн үзэсгэлэн болчихлоо. Зурсан зургуудыг нь бөөгнүүлж байгаад л хайрцганд хийгээд балкон дээр гаргаж тавьна.

Том хүү маань аягүй шинийг сэтгэгч. Воок, гурил холиод л янз бүрийн юм хийнэ. Гялгар уутан дотор ус хийгээд дээр нь гуаш, саа хийгээд Ээжээ энийг наранд хардаа тэгэхээр ингэж харагддаг байхгүй юу" гэнэ. Тэрийгээ хөргөгчид хийж хөлдөөнгүүтээ бөмбөлөг болгочихно. Өдөр шөнөгүй л янз бүрийн зүйлс сэтгэж хийнэ. Аймар заваардаг. Гэхдээ би тэрийг нь тархи толгой нь хөгжөөд өөрт зугаатай л байвал заваарч л байг гэж боддог юм. Би гэртээ галзуу юм шиг байж байгаад яг нэг гаргалгааг нь олчихлоо шүү. Сонирхолтой юм хийгээд завгүй байхаар өдөр үр дүнтэй мөртлөө хурдан өнгөрөөд байв.

Бас надтайгаа таарсан гэртээ галзуурах гэж байгаа хүмүүс зөндөө байх гэж бодоод баримлын шавраар юм хийхийг заасан бичлэг хийе гэж бодлоо. Надад 4, 5н жил хөтөлсөн 10 мянган дагагчтай фэйсбүүк хуудас байдаг байсан юм. Хувцас хатаагчин дээрээ утсаа тогтоож байгаад л жижигхэн ширээн дээр баримлын шавраараа юм хийгээд тэрийгээ бичиж авсан. Би ичимхий хүн болохоор царайгаа ерөөсөө гаргаагүй. Тэгсэн чинь аягүй олон хүнд таалагдчихсан. Би хандалт авна гэж огт бодоогүй, тийм юманд ач холбогдол ч өгдөггүй байсан юм. Тэгэхээр нь урам ороод бичлэгүүдээ тасалсангүй, хийгээд л байв. Сүүлдээ бичлэг дээрээ ярьдаг болоод бүр сайжирсаар л. Мэдээж халтуураа хажуугаар нь хийгээд ойр зуурхнаа давхар болгоод л явна. Хүмүүст бичлэгүүд маань таалагдаад илүү нарийвчлан заах төлбөртэй сургалт хийгээч гэсэн саналууд орж ирлээ. Би өмнө нь сургалт явуулж үзээгүй, төлбөрийг нь судалсан чинь хамгийн багадаа 20,000 байхаар нь хүмүүст жаахан ихдэх юм шиг санагдаад 10,000 мянгаар сургалт явуулж үзэхээр болов. Тэгсэн чинь тэрэнд нь 40, 50 хүн ороод ирдэг юм байгаа биз дээ. Үнэгүй юм хийж байсан хүнд чинь гэнэтхэн 400, 500 мянган төгрөг ороод ирэнгүүт би чинь тэрүүхэндээ под гээд л явчхаж байгаа юм чинь.

Хийж байгаа зүйл маань надад аймар таалагдана. Нэгт би өөрийнхөө дуртай зүйлийг хийж байсан. Хоёрт хүүхдүүдэд маань сайн сураад гайхмаар мундаг бүтээлүүд тэднээс гарч эхэлсэн. Сургалтад маань суусан хүүхдүүд фэйсбүүк дээр хийсэн бүтээлийнхээ зурагнуудыг тавиад бүр олон хүүхдүүд нэмэгдэв. Нөгөө пэйж маань бүр 50 мянган дагагчтай болсон. Хүүхэд маань муу сурдаг гээд ялгаварлан гадуурхалтанд өртөөд тэр нь надад их эмзэг туссан болохоор би айлын хүүхдүүдэд маш болгоомжтой хандана. Тэр дунд чинь авьяастай ч хүүхдүүд байгаа, авьяасгүй ч хүүхдүүд байгаа. Хэн нэгэнд нь чинийх ёстой гоё байнаа гээд хэлчихвэл нөгөө хүүхдүүд нь бүлтийтлээ хараад л байж байдаг байхгүй юу. Тэр багш шиг л сэтгэгдэл хүүхдэд төрүүлэхгүй юмсан гэж бодож аль болох ялгаж харьцахгүйг хичээнэ. Гэрийн ажил, халтуураа бүх юмаа жин тан болгочхоод шөнөжингөө онлайнаар хүүхдүүддээ хичээлийнх нь талаар нэгд нэгэнгүй хариулж суудаг болсон.

Саяхан нэг шавийн маань ээж ажлын санал тавиад би оффис дээр нь очоод уулзаад байж байсан чинь манай шавь гаднаас ороод ирж байна. Миний царайг бол ерөөсөө мэдэхгүй байгаа шүү дээ. "Энэ миний хүү Сувдаа багш чинь шдээ" гэсэн чинь аймар сонин болоод л "Нээрээ юу" гээд тэвэрч авснаа уйлчих гээд байсан. Би чинь шоконд ороод ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй болчихсон. 2, 3-н ч удаа багшаа би танд аймар хайртай гэж шавь нараасаа сонсож байсан юм байна. Саяхан би 400 хүүхэдтэй анги гаргасан. Энэ ажлыг хийгээд нэг мөрөөдлөө биелүүлсэн нь сургалтаас олсон бүх мөнгөө хадгалж байгаад өөрийн гэсэн газар авсан даа. Хүүхдүүдээ дураараа гүйлгэх газар авах юмсан гэж их боддог байсан юм.

Саяхан нэг өндөг шарах гээд хальсыг нь хаясан чинь нэг харсан хүү маань нэг талын хальсыг нь аваад дээр нь жижигхэн динозавр хийчихсэн байсан. Яг өндөгнөөсөө гарч ирж байгаа юм шиг. Тэр үед нь хүүгээ хараад аймар бахархаж байсан. Хүүхдийн баяраар хүү маань ямар бэлэг авмаар байна гэсэн гээч, зургийн хэрэгсэл, хар дэвтэр, фломастер.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ