Нова нөлөө

UB Info

Тус үзэгдэл... ойлголт нь алдарт эрвээхий нөлөөтэй ойролцоо билээ. Гэхдээ илүү... уран. 

Энэхүү сонирхолтой ойлголтыг дараах зохиолоор тайлбарлах гэж оролдъё оо.

Эрик хэмээх нэгэн залуу Нова хэмээх нохойтойгоо алхаж байжээ. Гэтэл Нова нэгэн туулай харсны улмаас араас нь хөөх гээд Эрикийн гараас мултарч давхив. Эрик Новагийн араас гүйтэл Нова улам хөөрч улам л хурдан давхив. Ингэсээр байтал Нова Эрикийн нүднээс далд орж алга болох нь тэр. Нова ч өөрөө хэт хөөрөн гүйсний улмаас төөрчээ. Эрик өдөржингөө... дараа дараагийн өдөрт ч мөн тэр... Новаг хайв. Эрик хөршүүдээсээ сураг хайж, энд тэнд алга болсон нохойн тухай бичиг хадсан ч долоо хоног өнгөрөхөд Новаг олоогүй л байв. Энэ нь Эрикийн хувьд маш хүндээр тусах нь ойлгомжтой. Тэр өөрийн ямар азгүй байсан тухайгаа шаналан бодно. Туулай яг тэр хавиар алхаж байхад гарч ирэх нь яав даа... Новаг ухасхийхэд Эрикийн гар хэт амархан тавигдчих нь ч юув дээ...

Дахиад нэг долоо хоног өнгөрлөө. Нэгэн бүсгүй Эрикийн гэрийн хаалгыг тогшиход Эрик хаалгаа нээтэл Нова бүсгүйн дэргэд сууж байв. Эрик, Нова хоёр нийлж бөөн уйлаан, майлаан болсны эцэст Эрик нөгөө бүсгүйд талархлаа илэрхийлэв. Бүсгүй өөрийгөө танилцуулан Ванесса хэмээх нэрийг мэдүүлэв. Эрикийн нүдэнд энэ бүсгүй их үзэсгэлэнтэй харагджээ. Ойролцоо ч насных бололтой. Тэр хоёр хальт ярилцан өнгөрсөн ч ирэх хэдэн долоо хоногууддаа хэд хэдэн удаа уулзаж, харилцаа холбоо нь сайн байсны улмаас болзож эхлэв. Эрикийн хувьд Ванесса маш үзэсгэлэнтэй, их ухаантай, гүнээс эелдэг, үнэхээр хөгжилтэй нэгэн байв. Дурласан хүн ямар үг ашиглана тэр үг бүхэн л яг таарч байв. Удалгүй мань хоёр нэгэндээ дурлаж харилцаа үүсгэв. Эрик хааяа Новаг олсон хүн нь Ванесса байсан нь бөгөөд Ванесса л яг зөв цагт, зөв газарт явж таарсан нь ямар азтай явдал байсан тухай эргэцүүлэн боддог. 

Хэдэн сарын дараа Эрик Ванессаг авах гээд машинтайгаа явж байлаа. Эрик дөрвөн замын уулзвараар өнгөрч байтал хажуугаас нь нэгэн машин асар өндөр хурдтай ирж мөргөх нь тэр ээ. Цаг орчмын дараа Эрик сэргэтэл тэр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байв. Түүнийг асарч буй эмч Эрикт юу болсон тухай тайлбарлаж толгой нь маш ноцтойгоор гэмтэл авсан байгаа учраас яаралтай хэд хэдэн шинжилгээ хийх хэрэгтэй байгааг хэллээ. Эрикийн ухаан орох тусам тэр Ванессаг авахын тулд яг тэр замаар, яг тэр цагт, яг тэр гэрлээр явж байсан нь ямар азгүй хэрэг болов оо хэмээн бодох аж. Тэр энэ ганц золгүй явдлаас болж түүний амьдрал нь сүйрэх вий хэмээн дотроо уурлана. Эрик эмнэлэгт хонож маргааш өглөө нь эмч ирэн Эрикийн биеийн байдлыг асуухад Эрик толгой нь хальт өвдөхөөс өөр сөрөг юм мэдрэгдэхгүй байгаагаа хэлэв. Эмч Эрикт шинжилгээний дүнг хэлэхдээ муу болон сайн мэдээ байгааг хэллээ. Эрик санаа зовсон ч түрүүлээд муу мэдээг нь сонсъё гэв. Гэтэл эмч нь муу болон сайн мэдээ нь үнэндээ нэг мэдээний хоёр тал юм хэмээн хэлэхэд Эрик улам санаа зовов. Эмч Эрикт түүний тархинд нэгэн төрлийн хавдар байгааг мэдэгдлээ. Эрик үүнийг яаж сайн мэдээ эсэхийг ойлгохгүйгээ илэрхийлэхэд эмч түүнд энэ хавдар нь ослоос чинь хамааралгүй гэхдээ осолд орсны улмаас эмч нар тархины зураг аваад мэдэж авсан тухайгаа хэлжээ. Эмчийн хэлснээр иймэрхүү төрлийн хавдрыг ихэнх тохиолдолд өвчтөн нь өвдөж эхлэхэд л мэдэж авдаг байж. Мөн өвчтөн нь мэдсэн цагт үнэндээ хэт оройтсон байдаг ажээ. Тиймээс ослоос нь болж тус хавдрыг эхний үе шатанд нь байхад олсон учраас эмчилгээ хийхэд хялбар болох тухай эмч тайлбарлав. 

Эрик үүнийг тунгаахдаа тэрхүү ослоос болж амь аврагдсан гэж ойлгов. Эрикийн толгой эргэж, бие нь арзайв. Толгойн гэмтэл ч юм уу, тухайн байдлыг хүлээж авч буй сэтгэл зүй ч юм уу эсвэл эмч яг нэг зүйл хэлэхэд Эрик хоёр тэс ондоо байдлаар хүлээж авсан ч юм уу... Ванессаг авах гэж тэр замаар, тэр цагт явсан нь ямар азтай тохиолдол вэ... Тэр л авто осолд орсон нь ямар их заяа вэ... Энэ нь ямар хачирхалтай явдал вэ хэмээн Эрикийн толгойд эргэлдэнэ. Эрик тэрхүү золгүй явдал ямар их аз авчрах, тэрхүү их аз ямар их золгүй явдлыг дагуулах тухай бодно. Энэ мөчид Эрик бүхий л юмсын тухай бараг юу ч мэдэхгүйгээ ойлгоно... тиймээс ч юу ч хийсэн хэнд ч хамаагүй боловч хүн бүрд хамаатай болж таарна... гэхдээ бас юу ч хийсэн ч тэр түүнийгээ хийх эрх чөлөөтэй гэдгээ бодов. Сайн аз, муу аз гэж байхгүй... бүх юм зүгээр л оршин байдаг аж.

Долоо орчим хоногийн дараа Эрик гэртээ Ванессатай суун энэ тухай ярилцан суугаад агаар амьсгалах гээд Новаг авч гарав. Эрик Новатай алхаж байтал нэг газраас туулай үсрэн гарч ирэх нь тэр.

Дээрх бичвэрийг YouTube дээрх Pursuit of Wonder хэмээх сувгийн бичлэгээс сэдэвлэн, орчуулсан болно.

САНАЛ БОЛГОХ