Монголын анхны металл рок хамтлаг

UB Info

Тэр үед Абба, Бони М, Смоки гэж хамтлагууд нэрд гарч байлаа. Дэлхийд бүр дийлчихсэн. Монголд голцуу Оросын эстрадыг л сонсдог өөр юм мэдэхгүй. Бүх юм хаалттай юм чинь. Бас нөгөө Санремо зурагтаар гарна.

Би гэдэг хүн 10-р ангиа төгсөөд шалгалт өгөөд "Нийгмийг аюулаас хамгаалах яам"-ны нэр дээр Зөвлөлт холбоот улсын "Дотоодыг хамгаалах сургууль"-д явлаа. Волгоград хотод. Тэнд сурахаар Европтой ойрхон. Тийм болохоор жинхэнэ барууны хөгжмүүдийг зах зухаас нь сонсож эхэлсэн юм. Тэгж байхдаа анх метал хөгжим сонсож үзчихээд "Энэ л миний хөгжим байна, Энэ л миний хөгжим байна" гэж би өөртөө хэлж байлаа. Юун Абба, Бони М, ёстой май. Би ирээдүйд металл хамтлагтай болно гэж мөрөөднө. Би ийм л хөгжим тоглоно. Хамтлагийнхаа нэрийг уже олчихсон.

Аясын салхи. Цэвэр Монгол үг, бас ерөөсөө хэрэглэгддэггүй. Далай тэнгист хөвдөг далбаат онгоц гэж байдаг даа. Тэрийг хөвүүлдэг салхийг аясын салхи гэдэг байхгүй юу. Монголд далай байдаггүй болохоор тэр үг хэрэглэгддэггүй. 11 сарын 26 Монгол улс тунхагласны баяр боллоо. Тэр өдөр заавал Монгол оюутнууд эх орноо сурталчилж концерт тоглох ёстой. Нэг хамтлаг байгуулах ёстой гэдэг утгаар нь бид нар цэргийн хамтлаг байгуулав. Эх орон мандтугай, элгэн садан гээд л дуулна шүү дээ. Тэгсэн тэр нь хүмүүст таалагдахаар нь янз бүрийн юманд орж эхэлдэг юм байгаа биз дээ. Оросын хотуудаар явж тоглодог боллоо. Яг Монгол дуугаа л дуулна, эх орноо таниулна. Тэмцээн уралдаанд орох гэсэн чинь Танай хамтлаг ямар нэртэй юм гэж байна. Тэгэхээр нь бид нар бодлоо.

Офицер цолтой ах нар болохоороо Залуусын золбоо, Октябрийн туяа гээд л аймар аймар нэр өгөх гээд байна. Би Үгүй л гэлээ. Тэгээд яг тайзан дээр бид нар хөгжмөө давтаад сууж байсан чинь, надад тайзанд хадчихсан том хадаас харагдсан юм, тэгэхээр нь би ХАДААССС гээд л ориллоо. Тэгсэн тэндээс манайхны нэг нь Тийм тэнэг нэр байхдаа яадаг юм гэсэн чинь нөгөө нэг нь Хүүе наадах чинь ёстой гоё нэр байна гэж байна. Хамгийн гол нь хадаас гэдэг үгийг гадаадууд хэлэхэд амархан, шууд гоё хэлэгдэж байгаа байхгүй юу. Дээр нь манай цэргийн сургуулийнхан мөрөн дээрх цолыг хадаас гэж ярьдаг байсан юм. Дэслэгч бол 2 хадаастай, ахлах дэслэгч бол 3 хадаастай гэх мэт. "Өө яг болж байна. Наадах чинь ёстой зөв. Хэлэхэд ч амар" гээд хамтлагаа Хадаас гээд нэрлэчихлээ.

Тэгээд нэг аягүй том тэмцээнд ороод тоглосон чинь нэвтрүүлэгч нь асууваа "Энэ Хадаас гэж ямар утгатай үг юм бэ?". Би тэгэхээр нь “Энэ бол Монгол орны хамгийн өндөр ууланд ургадаг цэцэгний нэрээ” гээд л аваад хаячихлаа. Ямар юм хаддаг хадаас гэж хэлэлтэй биш. Тэгсэн Өө ямар гоё юм бэ гээд л алгаa ташицгаагаад байна. Манай хотод Халимгууд их. Волгоград хотоос хэдэн километрийн урд Халимагийн нийслэл Элиста байдаг юм. Нөгөөдүүл чинь тэрийг нь үзэнгүүтээ "Хүүе хадаас гэдэг чинь энэ биз дээ" гээд дүрслэж үзүүлэхээр нь "Чшш! Оросуудад тэгж хэлж байна за юу. Мэдсэн бол дуугай дуугай" гэчихсэн (инээв)

Оросын уралдаан тэмцээнүүдэд ороод байр ч эзэлсэн. Би шал өөр зүйл сонсдог болохоор санаа нийлэх хүмүүсээ хайж эхэллээ. Метал сонсдог Оросуудтай ярихаар яриа их нийлнэ. Тэд нартайгаа ч уулзана. Манай нэг Москвад Хэвлэлийн академид сурдаг байсан найз байсан юм. Тэрэндээ металл хөгжмийн хамтлаг байгуулмаар байна чамайг гитарчинаар авмаар байна гээд хэлсэн чинь санаа нийлээд нөгөөх чинь миний найз гээд яг өөр шигээ амьтныг нэмээд авчирлаа. "Хамтлаг байгуулъя, алаад өгье" гээд л ярьсан чинь тэрний бас санаа нийлээд манай бөмбөрчин боллоо. Нөгөө бөмбөрчин маань "Миний нэг найз байгаа. Тэр ёстой..." гээд дахиад бас нэг өөр шигээ амьтныг санал болгоод ар ардаасаа цуварч олдсоор манай Аясын салхи хамтлаг бүрдчихлээ.

Манай дуучин Баярням гэдэг нөхөр Москвад 10 жил төгссөн хүүхэд, Орос хэлээр ус цас, Монголоор олигтой бичиж чадахгүй. Тэр болохоороо Битлз сонирхдог. За манай бөмбөрчин болохоор бас нэг тиймэрхүү хамтлаг сонирхдог тэ. Гэсэн ч бид нар металл хөгжмийн хамтлаг байгуулна гэдэг дээрээ бат тохиролцсон юм. Бид нар Монголд байхгүй юмыг тоглоно. Бүх юмаа хаяна. Бид нар маш хэцүү замыг сөрж байгаа. Тийм учраас бид нар тангараг өргөж гарын үсгээ зурцгаалаа. Тэр тангарагынхаа бичгийг Намын эрмэлзэх 10 зүйл гэж нэрлэсэн. Тэр нь болохоор Бодоо, Данзан, Сүхбаатар эд нар нууц бүлгэм байгуулж байсан шүү дээ. Тэд нар шиг тэгж байгаа байхгүй юу. Бид нар коммунизмын эсрэг юм хийж байгаа учраас нууц бүлгэм байгуулж байгаа ухаантай.

1-рт Бидний стиль бол металл. Өөр стилээр тоглохгүй гэж эхлээд л 10 зүйл биччихсэн байгаа юм. Тэр үед металл хөгжим сонсох нь битгий хэл янз бүрийн хувцас өмсөж болохгүй, тайзан дээр гараад янз бүрийн хөдөлгөөн хийж болохгүй. Бүх юм дүрэм журамтай байсан юм. Дуу зохиосон ч тэрийгээ заавал хянуулна. Бид нар тэр бүгдийн эсрэг байсан юм. Миний тэр Хадаас хамтлаг улсад батлагдчихсан хамтлаг байлаа. Цагдаагийн ерөнхий газрын харьяат. Харин манай Аясын салхи хамтлаг бүгд зүгээр л сайн дурынхан. Тэр үед бүх яам, тамгын газар өөрсдийн гэсэн хамтлагтай байсан юм. Барилгын яам гэнгүүт Өргөө хамтлагтай, үйлдвэрчний зөвлөл гэхэд Айзам хамтлагтай, хилийн цэргийнхэн болохоор Хилчин хамтлагтай гээд заавал нэг байгууллагаас хамааралтай.

Бид нар металл хөгжмөө тоглож эхэллээ. Энэ одоо хаанахын ямар хамтлаг юм гэнгүүт би чинь цагдаагийн мөрдөн байцаагч юм болохоор бас тэр нь нөлөөлнө. Цагдаагийн хамтлаг байна гэж боддог тэгэхээр бас арай дарж чадахгүй. Хамгийн анх 1985 онд анхны тоглолтоо хийлээ. Тэр тоглолтын нэр нь их гоё "Бид өөр замаар замнана". Хэн ч бид нарыг танихгүй. Дэмждэг цөөн ганц 2 найздаа л тоглолт хийх гэж байгаагаа хэлэв. Ёооё тэнд 10 хэдэн хүн үзсэн үү яасан. Хүмүүс орж ирж харангуутаа гараад л явна, орж гарна. Нэг тиймэрхүү.

1986 оны шинэ жил боллоо. Тэр үеийн Монголын үндэсний телевизийн ёолк гэдэг бол Монголын хамгийн том ёолк. Зураачдын студи гээд байсан юм, тэнд манай найзууд байдаг. Шинэ жилээр студи болгон ямар нэг урлагийн номер гаргах ёстой. Тэгтэл манай найзууд "Бид нар ямар тэгж чадах биш. Та нар бидний өмнөөс тоглоод өгчих тэгэх үү. Тэд нарт сайхан сюрприз барья" гэхээр нь "Өө тэгье тэгье" л гэлээ. Бид нар уг нь албан ёсоор уригдаагүй шүү дээ. За тэгээд энд тэндхийн хүмүүс дуулж хуурдаж байгаад л Одоо зураач нарынх гээд зарлахаар нь "За та нарт одоо нэг сонин юм сонгуулъя" гэснээ бид нар гараад ирж байгаа байхгүй юу.

Тэгээд л нөгөө металлаа тоглоод л ёстой савж өглөө дөө. Нөгөө Гүрбазар байна шдээ, тэр хөтлөж байсан юм. Сандраад бид нарт дохиогоор баахан юм хэлээд байнаа. Боль зогс л гээд байгаа бололтой. Бид нар 2 дуу тоглох байсан чинь нэгийг нь дуусаагүй байхад л хажууд ирээд болиулах гээд байна. Зогсчих л юм бол хөөгдөнө. Тэгэнгүүт нь шууд Май гээд л 2 дахь дуугаа угсруулаад тоглочихсон. Тэгж тэгж байгаад дууссан чинь Уучлаарай дарга уурлаж байна гээд бид нар хөөгдөөд гарлаа.

Зиа тэгээд гараад явж байсан чинь нөгөө Алтай (25р телевизийн) хойноос гүйж гарч ирснээ "Та нар ёстой таалагдаж байна. Сүүлийн үеийн гоё стильтэй. Би та нарыг заавал нэвтрүүлэгтээ оруулна. Амлаж байна" гээд надтай холбогдох дугаар аваад үлдлээ. Алтай болохоороо Цаг үе ба залуучууд гээд нэвтрүүлэг хийдэг. Тэгээд дараа жил нь мань эр амлалтандаа хүрээд нэвтрүүлэгтээ дуудлаа даа.

Тэнд Монголын 5, 6 мундаг хамтлагууд байв. "За энэ бол Монголын өнөөдрийн эстрад хөгжмийн хэлбэр түвшин" гэж тэднийг үзүүлснээ "Та нарт дахиад нэг юм сонсгоё. Шинэ залуу Аясын салхи гээд хамтлаг байгаа. Эд нар металл хөгжим тоглодог юм гэнэ. Одоо энийг та нар сонсоод үгээ хэлээрэй" гээд л биднийг тоглуулахаар боллоо. Бид нар чинь гараад л цөмөллөө дөө. Жинхэнэ металл хөгжмөө тоглоод дууссан чинь "Энэ бол барууны үзэл суртал. Наадахаа боль" гээд бид нарыг байхгүй болгож байна. Тэнд нь бүр нөгөө хотын намын хороо, соёлын байгууллагын түшмэдүүд ирчихсэн. "Энийг хаах хэрэгтэй. Ийм юм байх ёсгүй" гээд биднийг нэвширтэл муулав. Бид нар угаасаа л ойлгохгүйг нь мэдэж байсан. Бэлтгэлтэй байгаа шүү дээ.

Та нар юун хачин юм дуулаад байгаа юм, наад стилээ мэдэх үү? энээ тэрээ гээд баахан асуулт асууж унагах гэж үзнэ. Бид нар цөмөртөл нь хариулаад л явна. Ердөөсөө унахгүй. Тэнд байсан хүмүүсээс 2хон хүн л бид нарыг дэмжиж байлаа. Тэндээс 1 нөхрийнх нь үг бидэнд аягүй их таалагдсан. "Та нар бол манай үеийн баатрууд шүү" гэж хэллээ. Тухайн үедээ гадаад дотоод яваад үзчихсэн хүн байсан юм. Түүний үгийг гэхдээ бусад нь нэг их тоосонгүй. Яг тэр нэвтрүүлэг гарах болоход наадахаа хас, ийм зүйл байж болохгүй гээд л бөөн юм болсон гэсэн. Тэгсэн чинь Алтай "Энэ миний нэвтрүүлэг. Зүгээр л ийм юм байдаг гэж хүмүүст үзүүлж байна шдээ. Хүмүүс муулвал муулна л биз дээ" гэж зүтгэсээр байгаад нэвтрүүлгээ гаргасан байсан. Телевизээр гараад хүмүүс мэр сэр танидаг боллоо. Ханан дээр Аясын салхи бид нар та нартай хамт гээд биччихсэн харагдана. Гудамжаар явж байхад Аясын салхи гэж шивнэлдэнэ. Тэгэнгүүт нь би хамтлагийнхандаа хэлж байгаа юм. За одооноос эхлээд маханд оочирлож болохгүй. Аясын салхийн хүн маханд оочерлож болохгүй шдээ. Ганцаараа явахаар танихгүй учраас нэг бол 2-уулаа, нэг бол 4-үүлээ явая.

Одоогийн шиг чөлөөтэй байгаагүй болохоор хүмүүс чимээгүйхэн дэмжинэ. Удалгүй Монголын бүх хамтлагуудын дунд тэмцээн зарлагдлаа. Октябрийн хувьсгалын 70 жилийн ойд зориулсан. Тэрэнд нь манайх орохоор болсон. Бид нарын дууны нэрнүүд аягүй хэцүү шдээ. Үхлийн савар, Цус урсаж байна, Би эрт үхнэ гэх мэт. Тэгэхээр нь тэмцээнд зориулж бүгдийг нь өөрчилсөн. Би эрт үхнэ гэдгээ Би амьдралд дуртай, Нуруунд шаасан хутга гэдгээ Нуруунд ургасан цэцэг гэдэг ч юм уу. За ямар дуу дуулах юм гэхээр дандаа гоё гоё нэртэй, Үнэн ялна, Дайн хэрэггүй гээд л.

Манай хамтлаг тэр үед ард түмний дунд хүчээ авчихсан гараад дуулсан чинь зретиль-үүд тэр чигтээ дэмжив. Жинхэнэ социализмын түшмэдүүд тэр тэмцээнийг шүүж байгаа. Бид нарыг болохгүй гэж мэдээд байгаа мөртлөө болиулах гэхээр зөв юм дуулаад байдаг. За аль нэг байранд оруулахгүй л юм бол болохгүй юм байна гэдэг дээрээ тулсан. Тэгээд манайхыг 3-р байранд орууллаа. Нэгдүгээр байрыг Өргөө хамтлаг авсан. 3-р байр нь диплом, 600 төгрөгний шагналтай байлаа. Тэр үеийн 600 төгрөг бол инженер хүний сарын цалин байсан юм. Диплом нь болохоор 5 том тамгатай. Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэл гэх мэт том газруудын. Ямар ч батлагдаагүй, хэнээс ч хараат биш хамтлаг хүмүүсийн цэвэр дэмжлэгээр байр эзэлсэн гэдэг нь л бидний хувьд чухал байлаа.

Өмнө нь энд тэнд тоглохоор хаанахын ямар хамтлаг вэ? гээд хөөдөг байсан бол одоо тэгж асуухаар нь шууд л дипломоо гаргаж ирээд нүүрэнд нь тулгаад үзүүлдэг болов. 2 дахь тоглолтоо хийх үед манайх уже фенүүдтэй болчихсон байв. Эхний тоглолтон дээрээ гадаад хамтлагуудын дууг коверлодог байснаа энэ удаагийнх дээр голцуу өөрсдийн зохиосон жинхэнэ металл хөгжмөө тоглов. Өмсдөг хувцаснуудынхаа тоноглолуудыг өөрсдөө хийнэ шдээ. Ээж эгчийнхээ цүнхний гинжийг тасдаж авч зүүнэ. Тоглоомон машины дугуйг авч ханцуйн дээрээ наана. Хөнгөн цагааныг нүдэж хотойлгоод янз бүр болгоно. Тиймэрхүү зүйлс олдож байгаа нь их юм. Нөгөө хүнд металл гарууд чинь нарийхан тирко, шар мар эрээн хувцас өмсдөг. Бид нар тийм л хувцас өмсөнө. Майктай дуулна гэдэг чинь тэр үед бараг л нүцгэн гэсэн үг.

Тэгэхэд манай Монгол хамтлагууд 5 хүн байлаа гэж бодоход 5-уулаа цагаан хувцастай. Бүгд нэг тийшээгээ зэрэг хөдөлдөг байсан. Тэгсэн бид нар тиркотой. Үнэн зүүдэнд ормоор байгаа юм чинь. Ингэж л Монголын металл хөгжим хөгжиж эхэлсэн юм шүү дээ. Бид нар хүмүүст танигдсаны дараа Монгол олон дууны шүлгэнд аясын салхи гэдэг үг орж хэрэглэгддэг болсон.

Бид нарыг гарч ирээд шал хачин юм дуулдаг гэдэг мөртлөө Монголын нэг дуунд эх хүн хүүгээ цэрэгт үдэхдээ Дайснаа дараад дараад Дархан цолоо мандуулаад ирээрэй гэж үг байдаг. Юу гэсэн үг юм бэ? Бас нэг ээжийн хүүг л алчхаад ирээрэй гэсэн үг шдээ. Дайнд ялагч байхгүй гэж бид энийг л дуулаад байсан юм. Бид нар урьд нь хүнд метал тоглодог байсан, одоо үхлийн металл тоглодог болсон. Зөвхөн үхэл дуулна. Энэ хамгийн гол юм шүү. Бид нар гэхдээ үхлийг магтан дуулдаггүй. Үхэх ёстой, амиа хорлох ёстой, үхэл гоё гэж биш.

Бид нарын гол философи бол үхэл хэзээд чиний хажууд байгаа шүү. 2-уулаа одоо ярилцаж байгаад би ингээд гараад явлаа гэхэд надад юу ч тохиолдох юм. Үхэл хэзээ ч хэнээс ч зөвшөөрөл авдаггүй. Хэзээ ч арын хаалга байдаггүй. Тийм учраас бид нар энийг сануулдаг. Өнөөдөр хүн гомдоосон бол уучлал гуй, ээжийгээ эргээгүй бол ээж дээрээ оч. Монголчууд ямар муухай юм ярьдаг юм гэдэг, би дуртайдаа тэгээгүй шд. Ийм юм байдаг л гэж хэлээд байгаа нь энэ. Би нэг дууныхаа 4 мөртийг хэлье:

Өвсөөр хучигдсан хуучин булшийг би хараад
Ө
өрийнхөө амьдралыг би эргэн саналаа
Булшны гадуурх амьдралдаа би
Бусдад саад болоогүй ээ харин булшлагдсан хойноо хөлд чинь тээг" болно. Аягүй цаагуур хэлж байгаа байхгүй юу. Үхлийн саварт гээд дууны маань дахилт.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ