Наргүй бол амьдрал юу билээ? Амьдрал байхгүй

UB Info

Өглөө болгон нүдээ нээхэд тэр хүн орны дэргэд сонин уншаад сууж байдаг байлаа. Тэр үед зурагтаар дандаа cartoon networks гарч байна. Энэ хүн үргэлж миний дэргэд байгаад байдаг болохоор миний аав юм байна гэж би ойлгосон.

Хүүхэд байхдаа би нэг их юм ярьж чаддаггүй хүүхэд байсан юм. Бүх л зүйлийг ажиглаад л байж байна. Тэрнээсээ болоод хүмүүст буруу ойлголт үүсгэчиxдэг. Энэ л ингэчиxлээ, энэ л хамаг юм бужигнуулчиxлаа гээд гэмгүй байж байгаад хэрэгт орчиxно. Таалагдахгүй зүйл гарахаар таалагдахгүй байна аа гээд хэлчхэж чадахгүй зүгээр л уйлчихна. Чанга ярихаараа өөрөөсөө хүртэл цоччихдог хүүхэд.

Цэцэрлэг дээрээ тоглоод байж байтал гаднаас аав минь ороод ирэв. Тоглож байсан ангийн хүүхдүүд байтугай багш нар хүртэл чив чимээгүй болоод аав руу гөлөрчиxсөн. Аав их том биетэй өндөр хүн байсан юм. Харагдах байдал өмссөн зүүсэн нь хүүхдүүдэд аягүй хүнд тусчиxдаг. Бараг зарим хүүхдүүд аавыг хараад л шууд уйлж барина. Надад бол хорвоогийн хамгийн хөөрхөн хүн байгаа шүү дээ.

Нэг удаа манай ангийн хүүхэд "Хөөе Соривтын охион. Аав чинь мангас шүү" гэлээ. Соривт гэж юу ч байдаг юм би ойлгоогүй. Тэгээд хамгийн анх Араатны хаан арсланг үзсэнээ би хэзээ ч мартдаггүй юм. Соривт гэж тийм царайтай амьтан байсныг тэр үед л мэдэж байгаа юм чинь. Аавыг минь юу гэж дуудаад байсныг ойлгоод баахан уйлсан. Цэцэрлэгийн ангийн хүүхдүүд аавыг маань харагдах байдлаас нь болж шоглоод муухайгаар хэлээд байсан болохоор би зодчиxдог байлаа. Аавдаа болохоороо хүүхэд намайг дээрэлхээд байсан болохоор нь би зодчиxсон гэж хэлнэ. Миний хамгийн хайртай хүнийг хамгийн муухай хүн мэтээр яриад байхаар би маш их гомддог, тэр яриаг нь болиулж чадахгүй болохоороо зодох үйлдэл гаргачиxна. Хүүхдүүдийг зоддог болохоор би өөрийгөө их муу хүүхэд гэж итгэнэ.

Цэцэрлэгээс аав ирж авахдаа дандаа зүрхэн хэлбэртэй шоколадан ч юм шиг чихэр авчирдаг байсныг санадаг. Жижигхээн гартай болохоор аавынхаа хуруунаас хөтлөөд явна. Аав ирж аваад хөтлөөд явахаар би юунаас ч айхгүй болчихно. Нөгөө шоолдог хүүхдүүд рүүгээ хэлээ гаргаад л явна. Аав хүүхдүүдийн дунд өрнөж байгаа зүйлсийг мэдэхгүй байгаа шүү дээ. Байрны гадаа ганцаараа тоглохоор аягүй суга болчиxдог, хүүхдүүдэд юмаа булаалгана. Тэгээд л аав аав гэж орилно. Аав гарч ирээд булаалгасан юм аваад өгчиxөөр аймар өөртөө итгэлтэй тоглоод эхэлнэ. Аавынхаа нэг бол мөрөн дээр нь нэг бол энгэрт нь наалдаад явж байдаг, холдохоор нь гараа сарвайлгаад авахуулах гэдэг. Ааваасаа ерөөсөө холдож чаддаггүй. Холдоxоороо л аймар ганцаараа юм шиг санагдаад байдаг байлаа. Унтах болгонд Орос үлгэр орчуулж уншиж өгнө, нүдээ аниад хүүхэлдэй үзэж байгаа юм шиг төсөөлөөд унтана. Хийж байгаа энгийн үйлдэл бүрийг минь ямар лаг юм бэ? Ямар мундаг юм бэ? гэж үргэлж хэлдэг байсан учраас яваандаа би өөртөө итгэх итгэлтэй хүүхэд болж байлаа.

Цэцэрлэгүүдийн хооронд болдог гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээний өдөр болж байлаа. Баг багаараа, ганц ганцаараа бас ордог. Өмнөх өдөр нь бэлдэж байхад аав намайг ёстой лаг байна, гоё харагдаж байна гэсээр байгаад би бүр аймар онгирчиxсон ороод маргааш нь хожигдчиxсон. Аймар уйлаад л. Уг нь бол 2-р байранд л орсон. Аав намайг тэвэрчиxээд "Миний охин хамгийн мундаг нь байсан. Битгий уйл, аав нь гэртээ очиж байгаад жинхэнэ цомыг нь өгнө" гээд дагуулаад явлаа.

Аавын маань хамтлагийн басс гитарчин Амгаа ах гээд хүн байдаг юм. Гал командад ажилладаг, надад жигтэйхэн сайн. Тэр ах тэр өдөр одон медал авж таарсан юм байна лээ. "За ингээд манай Харунагийн гимнастикийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлсний шагнал" гээд өөрийнхөө одон медалийг надад зүүж өгч байсан. Би чинь юун түрүүний нус нулимстайгаа холилдож байсан хүүхэд бөөн аз жаргал. Би өөрийгөө үнэхээр л мундаг байсан гэж итгэсэн (инээв).

Аавын найзууд манайхаар ирж их найрлана. Чанга дуу чимээ гаргаж болохгүй гэж үргэлж найзууддаа сануулна. Цоччиxвол би чинь орон доогуур ороод алга болчиxдог хүүхэд. Аав надад дандаа ярьж өгдөг байсан зүйлс байдаг юм. Тэр уулыг хардаа, тэр тэнгэр, энэ салхины чимээг сонс доо энэ бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, бүx зүйл харагдаж байгаа шигээ биш, бүх зүйл маш гайхалтай гэж надад ойлгуулдаг. Далд ухамсарт минь үргэлж л гайхалтай зүйл энд тэнд байж л байдаг гэдгийг ойлгуулсаар байлаа. Аавын минь найзууд дунд дуучин, хөгжимчин зураач гээд урлагийн салбарын хүмүүс их. Урчуудын эвлэл манай гэртээ ойрxон байсан болохоор намайг дагуулж гүүр давж алхаад урчуудын эвлэл орж зураач найзынхаа нь үзэсгэлэнг үзүүлнэ. Үзэсгэлэн үзэж байх үед гоё тайлбарлаж өгнө, миний дотоод ертөнцийг баяжуулж харах мэдрэх мэдрэмжүүд дээр маань маш гоё ажиллана. Миний хийж байгаа харж байгааг яг шүтээнтэйгээ харьцаж байгаа юм шиг хүндэтгэн ханддаг болгож өсгөсөн.

Аав нь үргэлж дэргэд чинь байхгүй, үргэлж чамайг хамгаалаад байж чадахгүй. Тийм болохоор миний охин өөрийгөө хамгаалах характертай болох ёстой гэж заxина. Том болоод энэ хүн үргэлж л надад хайртай, би яаж ч аашилсан энэ хүн намайг уучилсаар л байна гэж байгаа юм шиг аашилж аавыгаа гомдоосон удаа олон байдаг. Аав ээжүүд үргэлж л хүүхдүүдээ уучилдаг шүү дээ. Гэхдээ одоо аавдаа уучлаарай гэдэг үгийг бага хэлдэг оxин байх гэж их хичээдэг. Бага хэлнээ гэдэг чинь бага гомдооноо гэсэн үг. Аав бид хоёрын дунд намайг бүр бага байхаас одоо хүртэл ярьдаг нэг харилцан яриа байдаг юм.

Аав: Чи чинь миний юу билээ?
Би: Нар
Аав: Наргүй бол амьдрал юу билээ?
Би: Амьдрал байхгүй.

Эх сурвалж: ChoironGoo
САНАЛ БОЛГОХ