Өнөөдөр хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсны 52 жилийн ой тохиож байна

UB Info

1969 оны 7 сарын 20-ны өдөр Аполло-11 хөлгийн багийн гишүүд саран дээр газардсан нь шинжлэх ухааны түүхэнд хэзээ ч мартагдахааргүй томоос том ололт болсон билээ. Тэгвэл сар луу тэмүүлсэн энэхүү урт бөгөөд аюултай аяллаа хийхээс өмнө сансрын нисэгчид маань ямар дадлага, сургуулилт хийж байсан талаар нэгэн сонирхолтой түүхийг та бүхэндээ танилцуулъя. Аполло хөлгийн сансрын нисэгч нар хэд хэдэн газруудад дадлага хийж байсан бөгөөд эдгээрээс “хамгийн үр өгөөжтэй” байсан нь Невадагийн атомын бөмбөгийн туршилтын талбай байсан гэж хэлсэн байдаг. Чухам яагаад цөмийн бөмбөг тэсэлж туршилт хийдэг байсан энэ газар сансрын нисэгчдийн маань бэлтгэлд тийм чухал байсан юм бол?

Nevada Test Site буюу Невадагийн туршилтын талбай нь АНУ-ын цөмийн бөмбөг дэлбэлэх туршилт явуулдаг, Невадагийн цөл дэх асар уудам талбай юм. 1963 онд Цөмийн туршилтыг хориглох тухай олон улсын гэрээ байгуулагдахаас өмнө уг талбайн ил газар дээр зуу гаруй туршилтыг явуулсан байдаг. Харин энэхүү олон улсын гэрээ байгуулагдсанаар дэлхийн агаар мандал, сансрын уудам, мөн усан доор ч цөмийн туршилт хийхийг хориглосон тул зөвхөн “газар доорх туршилт” л явуулах боломжтой болсон юм. Ийм нэгэн туршилтыг явуулахаар Невадагийн талбайд 194  метрийн гүнд 1 метрийн өргөнтэй туннелийг нүхэлж, атомын бөмбөг дэлбэлснээр энэ зурагт цухасхан харагдаж буй аварга том Седаны бөмбөгдөлтийн тогоо үүсжээ. Энэ л хачирхалтай атомын бөмбөгийн тогоо, түүний эргэн тойрны чулуулаг, гадаргын тогтолцоог бодитоор судлах боломжийг Невадагийн туршилтын талбай олгосон юм. 

Одоо харин энэ нь яаж яваад сартай холбогдож байгаа тухай тодруулъя. Энгийн нүдээр ч харахад сарны гадаргад юу харагддаг билээ? Арзгар, барзгар солирын бөмбөгдөлтийн тогоонууд. Эдгээр солирын бөмбөгдөлтийн тогоонууд нь газар доор дэлбэлсэн өнөөх атомын бөмбөгийн тэсрэлтээс үүссэн тогоотой их төсөөтэй байдаг аж. Түүнчлэн, зөвхөн солирын бөмбөгдөлт болон атомын бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас үүсдэг онцлог чулуулгууд ч байдаг. Чухам тийм чулуулгуудыг Аполло хөлгийн сансрын нисэгчид маань Невадагийн туршилтын талбай дээрээс үзэж, геологичдын тайлбарласны дагуу тэднийг хэрхэн таних, хэрхэн шинжлэх тухай сурч авсан байна. Өөрөөр хэлбэл сарны гадаргын чулуулгийн бүтэцтэй төсөөтэй орчныг судлах ховорхон боломжийг Невадагийн туршилтын талбай олгосон юм. Хожмоо Нил Армстронг саран дээр газардсаныхаа дараа сарны чулуулгуудыг үзээд шууд өнөөх гялтгар чулуулгуудаа таньж байгаа нь бичлэг дээр ч хадгалагдан үлдсэн байдаг.

1:32 секунд дээр Армстронг хэлж байгаа)

Энэ тухай анх уншчихаад аливаа аргачлал, ойлголт, биет зүйлийн талаар зүгээр уншаад, судлаад суухаас гадна бодит байдал дээр очиж өөрийн биеэр танилцах нь ямагт чухал байдгийг ойлгож болмоор санагдаж билээ. Та нарт маань харин юу бодогдож байна? 

Эх сурвалж: www.lpi.usra.edust.llnl.govwww.smithsonianmag.comwww.nnss.gov

САНАЛ БОЛГОХ