Ангараг гарагийн чулуулгийн дээж

UB Info

Дээрх зураг нь дээжийн хоолой доторх Ангараг гарагийн чулуулгийн зураг бөгөөд Perseverance-ийн Mastcam-Z камераар 2021 оны 09-р сарын 01-нд буюу Ангараг гараг дээрх 190 дэх сольд (Ангараг гарагийн өдөр) авжээ. 

Бор шар өнгөтэй гадаад цагираг нь Ангараг гарагийн гадаргууг өрөмдсөн өрмийн бит юм. Түүнээс арай цайвар өнгөтэй доторх цагираг нь дээжийн хоолойн нээлттэй тал нь бөгөөд, түүн дотор балын харандаанаас үл ялиг өргөн Ангараг гарагийн чулуулгийн дээж (rock core sample) харагдана. 

Дээжийн хоолойн дээрх 266 гэсэн сериал дугаар нь хагас харагдаж байгаа биз? Сайн харвал байна даа. 

Дээжийг роверийн гараар олборлосны дараах нэмэлт зургууд нарны гэрэл бага туссанаас тодорхой сайн харагдаагүй аж. Мөн дээжийг нарийн боловсруулан судлах үйл явц үргэлжлэхээс өмнө илүү гэрэлтүүлэгтэй, тод зургууд дахин авна гэнэ.

Судалгааны багийнхан наймдугаар сарын 5-нд хийсэн роверийн Ангараг гарагийн чулуулгийн дээж авах туршлагын үеэр дээжийг цааш битүүмжлэн хадгалахаас өмнө нэмж зургийг нь авахаар шийджээ. Хэдий Perseverance-ийн багийнхан дээжийг амжилттай авсан гэдэгтээ итгэлтэй байсан ч тохиромжит гэрэлтүүлэгтэй нөхцөлд авсан зураг нь чулуулаг дээжийн хоолойд байгааг баталж байна.

Perseverance-ийн Ангараг гараг дээрх даалгаврын үндсэн зорилго нь астробиологи буюу эртний бичил биетний амьдралын шинж тэмдэг хайх юм. Ингэхдээ Перси ровер тухайн гаригийн геологи болон өмнөх цаг уурыг тодорхойлж, Улаан нүдэн гарагийг хүн төрөлхтөн цааш судлах суурийг тавихаас гадна, Ангараг гарагийн чулуулаг болон реголит (бутарсан чулуу болон тоос) цуглуулан нөөцлөх анхны даалгаврыг биелүүлж байгаа билээ.

НАСА-гийн дараагийн төлөөлөгчид Европын сансрын агентлагтай хамтран сансрын хөлөг Ангараг гариг руу илгээн, эдгээр битүүмжилсэн дээжийг гадаргуугаас цуглуулж, Дэлхий рүү буцааж авчран илүү нарийн дүн шинжилгээ хийх аж.

Эх сурвалж: nasa.gov

САНАЛ БОЛГОХ