Нэгэн гарагийн уур амьсгалыг тэр чигт нь өөрчилсөн хүн төрөлхтөн

UB Info

Хэсэгхэн зуур бодоод үз дээ...

Дэлхий гэж нэрлэгддэг энэ гарагийн насалсан хугацааны сүүлийн хэдхэн хоромд бий болсон жижигхэн, дөрвөн мөчит, хоёр хөлтэй амьтан ганцхан зууны дотор гарагийн термостатыг Цельсийн 1 хэмээс дээш халааж чаджээ.

Энэ ч үнэхээр амжилт шүү, гэхдээ бид дөнгөж л эхэлж байна. Цаашлаад гурав эсвэл дөрвөн градусаар нэмэгдэх боломжтой, магадгүй түүнээс ч их. 

Сүүлийн 65 сая жилд байгалийн жамаар тохиосон температурын өөрчлөлттэй тэнцэхүйц дулаарлыг хүн төрөлхтөн хэдхэн арван жилийн дотор авчирчээ. Энэ нь динозавруудыг авч одсон үеэс хойш Дэлхийд тохиож буй уур амьсгалын хамгийн хурдан өөрчлөлт юм. 

Антропоген буюу хүнээс үүдэлтэй дэлхийн дулаарал нь элбэг (гэхдээ хязгаартай), хямд, хүчирхэг эрчим хүчний эх үүсвэр болох шатдаг түлшийг нээж, ашигласны таагүй үр дагавар гэж хэлж болно. 1800-аад оны эхэн үеийн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш маш их хэмжээний нүүрсний нөөцийг илрүүлэн, ихээхэн хэмжээг нь дулаан, цахилгаан, гэрэл, тээвэр зэрэгт түлш болгон ашиглаж байлаа. Газрын тос, байгалийн хийг ч мөн адил. Тэрхүү нүүрстөрөгчөөр баялаг материалын шаталтаар нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) үүсэж байв.

Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 280 ppm байсан бол өнөөдөр 412 ppm болж улам ч илүү хурдсаж байна. Асуудал нь гэвэл нүүрстөрөгчийн давхар исэл нь агаар мандал дахь бусад хүлэмжийн хийнүүд болох метан, азотын исэл, усны уур зэрэг хамтрагчидтайгаа нарнаас ирэх цацраг дулааныг өөртөө шингээдэг. Ингэснээр нарнаас ирсэн дулаан буцаж гадагшлахгүйгээр агаар мандалд хуримтлагддаг. Хэрвээ энэхүү процесс ердөө болоогүй гэж үзвэл дэлхий хөлдөх байсан. Гэхдээ аюул нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэт өндөр агууламж нь хэтэрхий их дулааныг шингээж байна. 

Агаар мандал дахь CO2 ийн агууламж хангалттай хэмжээнд эсвэл хэт өндөр байх хоёрын дунд Голдилокийн бүс гэж бий.  Хүн төрөлхтөн хэт их түлш шатааснаас үүдэн маш их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулснаар Голдилокийн бүсийг хэдийн давжээ...

Эх сурвалж: Bianca Nogrady, "Climate Change" номын оршил хэсгээс орчуулав

Зураг: Irene Rinaldi/Behance

САНАЛ БОЛГОХ