Э.Бат-Үүлийг “хонгилоор чирсэн” хүн хэн бэ?

UB Info

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүлд 4 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан тухай мэдээ хэд хоног хэвлэлийн болон нийгмийн сүлжээний шуугиант сэдэв болж, амтай болгон шаагин, өөрсдийн таамаг, зүхэл, хараалыг урсгаж байна. Яг юу болоод өнгөрснийг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Юмс харагдаж байгаа шигээ хялбархан тайлбартай байдаггүйг энэ хэргээс харж болно.

Хууль шүүхийн гэхээсээ улс төр, эдийн засгийн явуулгын илэрхийлэл болсон энэ жүжгийн зохиогч, найруулагч нь  уулын аманд мөрийтэй хөзөр наадангаа албатууддаа үүрэг өгөн хутгаж суугаа Ц.Элбэгдорж юм. Түүний хонгилоор чирэх наадаанд оролцож байгаа хүмүүсийн яриаг ажихад их зүйл ойлгогдоно.

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон: - 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Хоёрдугаарт, …прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. … хар таамгаар ял өгсөн гэж үзэж байна.

Ц.Элбэгдоржийн “наадааны туслах дүр” Ч.Өнөрбаяр: - Хэргийн хавтаст хэргийг уншаагүй учраас хэрэг доторхыг сайн мэдэхгүй байна. … улс төрийн хоригдлын дараагийн жагсаалтад би оръё. … энэ хүнд ял өгөх байсан бол хоёр жилийн хангалттай хугацаа байсан. Яагаад хэргийн удаан хугацаанд уяж байгаад одоо шийдвэр гаргаж байгаа юм бэ. Эргэлзээ төрүүлж байна.

Ц.Элбэгдоржийн наадааны “гол дүр” С.Эрдэнэ: - Улс төрийн зорилгоор хуулийн дүгнэлт үйлдсэн гэж харагдаж байна. …Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ даалгаврыг биелүүлж байхыг үгүйсгэхгүй.

Наадааныг зохиогч, найруулагч Ц.Элбэгдорж: - Өнөөдөр чинь яасан муухай өдөр вэ. Өглөө Балжинням агсны мэдээ, сая Үүл баатар маань дөрвөн жил сонсоод, ачигдаад явлаа гэнэ. Давж заалдах хоёр шатны шүүх түүнийг цагаатгана гэдэгт эргэлзэхгүй байна. Л.Оюун-Эрдэнийг авилгатай хийх тэмцэл гээд байсан нь энэ үү? Хэнд нь хууль үйлчилдэг, хэнд нь үйлчилдэггүй нийгэм болчихсон юм бэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргээр хүн яллаж болдог хэрэг үү. Яагаад хэлмэгдүүлснийг нь цагаатгаж, хэлмэгдсэнийг нь ялладаг болчихсон улс вэ?

Эндээс Ц.Элбэгдоржийн хонгилоор чирэх ээлжит наадаан Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг буруутгахад чиглэгдэж, олон давхар санааг агуулж байгааг уншиж болно. Хэд хэдэн сэжиг сэжүүр байна.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын шүүгчээр томилогдсон хугацааг харвал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө буюу Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс байх аж. Б.Халиун нь Ц.Элбэгдоржтой нэн дотно, гэр оронд нь орж гардаг нэгэн ажээ.

- Ц.Элбэгдорж анхан шатны шүүхийн шийдвэр удахгүй няцаагдана гэдгийг тооцож, мэдэж байна. Гэхдээ энэ наадаанаар “Л.Оюун-Эрдэнийг авилгатай хийх тэмцэл” гээд байгаа нь хүн хэлмэгдүүлсэн, хоосон зүйл гэж харагдуулахын тулд Э.Бат-Үүлийг хөлдөө чирэн бужигнуулж байгаа аж.

- Давхар Ардчилсан намын даргад өөрийн нөлөөллийн хүнийг батлуулах сонирхлоо хэрэгжүүлэхийг чармайж, алсын зорилго нь удахгүй болох өөрийнх нь шүүх хурлыг угтуулан хэлмэгдсэн дүрийг сийлэхээр зорьжээ.

- Харамсалтай нь хонгилоор чирэх наадааных нь нарийн учрыг Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ нарын албатууд нь сайн ойлгоогүй явна.

- Э.Бат-Үүлийг хонгил руу түлхэх наадааны цаад учир нь Оюутолгой болон Эрдэнэттэй холбоотой асуудлууд шийдэгдэж, улам гүнзгийрүүлэн ухах явцыг саармагжуулах, зогсоох бололтой. Мань хүний сэдсэн наадааны дараа шуугиан шаагиан үүсэж, ихэнх иргэд Рио Тинтогийн захидлын асуудлыг мартагнана. Бурууг эрх баригчдад тохох нь дамжиггүй гэх зэрэг маш олон тооцоолол дээр тулгуурласан байна.  

Э.Бат-Үүл ямар наадаанд орсноо мэдэрсэн бололтой шүүх хурлын дараа 2 үг хэлсэн нь: НАМАА НЭГТГЭЭРЭЙ ! Тэрээр 2018 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг гэнэт сэргээн өөрт нь ял өгсөн явдалд улс төр орсон, тэр тусмаа өөрийнх нь намын талаас энэ “хутга” нуруунд нь зоогдож байгааг мэджээ. Э.Бат-Үүл өөрийг нь аврах боломж нь Ардчилсан нам нэгдэж, хүзүүгүй хүний савраас салах гэдгийг тооцож байна. С.Эрдэнэ, М.Тулгат гэх хоёр тоглоомын этгээдээр дамжуулан Ардчилсан намыг хутгаж байх хүслээ Ц.Элбэгдорж нэгэнт илчилж орхисон. Үүл үүнийг нь таашаахгүй байгаа.

Э.Бат-Үүлийн оюутан цагийн анд, сөргөлдөж нэгдэж явсан журмын нөхөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг харин тун мэдээлэлтэй, мэдрэмжтэй байгаа бололтой. Тэрээр “…Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. … Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүсийн хоёр нүүр гаргадаг нь хэвээр байгаа юм шиг байна. … Үүн дээр анхаарал тавьж ажиллах Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Н.Алтанхуяг чулууг хаанаас, хэн, яах гэж шидсэнийг мэдэрч байна. Тэр өөрт нь дэндүү танил технологийг хараад Ц.Элбэгдорж ямар наадаан эхлүүлснийг шууд мэджээ. Ажлын хэсэг байгуулж нягталж үзэх юм бол Ц.Элбэгдоржийн ул мөр бөөн бөөнөөрөө гарч ирэх нь тодорхой.

Харин Б.Чулуудай учир мэдэхгүй эрх зангаараа “Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцнэ” гэхчлэн бухимдав.  Хэргийг Ц.Элбэгдорж 2016 онд анх зохиож, Э.Бат-Үүлд хавтаст хэрэг нээлгүүлсэн билээ. Одоо өрнөж байгаа үйл явдлаас харахад Ц.Элбэгдорж их эртнээс Э.Бат-Үүлээр наадахаар төлөвлсөн ч байж мэдэхээр юм.

2016 оны намар мань Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлан “Ардчилсан намыг хагалахад Алтангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авилгатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил… явсаар …алагчилж явуулаад байгаа нь харагдав. Араар нь Ардын намын гишүүд УИХ-аар өмнөх болон өнөөгийн хэргүүдээ хэлтрүүлэх өршөөлийн хуулиудыг батлуулж байлаа. М.Энхболд болоод түүний нөхөд "цэвэр" биш гэдгийг ард түмэн тэр тусмаа нийслэлийнхэн гадарлана. Гэтэл Элбэгдоржийн ялгаварлал, авилгын тэмцэл Ардын намын даргыг нөхөдтэй нь энэрэн хаацайлах атлаа Ардчилсан намынханд галтай, цогтой бууж байсан учир юу вэ хэмээх асуултыг өөрийн эрхгүй төрүүлсэн?! Үүний хариуг Элбэгдорж л мэднэ” хэмээн бухимдлаа илэрхийлж байжээ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Э.Бат-Үүлийг бас нэгэн хэргээр шахамдуулж байсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг юм. Ц.Элбэгдорж дадсан арга барилаараа эхлээд хэвлэлээр С.Зоригийн хэрэг илэрсэн гэх шуугиан тарааж, тэр дунд нь “Ц.Элбэгдорж ямар хүнд улсын баатар цол өгчхөв өө” гээд дороо дэвхцэн хашхирч байв” гэх мессэжийг хавчуулсан. Дараа нь өөрийн гарын хүн Б.Хурцаар Э.Бат-Үүлийг байцаалтад дуудуулж, дарамтлах болсон. Улсын баатар маань тэр үед “…эхнэртэйгээ амралтын газарт амарч байтал "Энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас таныг дуудаж байна" гэж утсаар дуудсан. Очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргасан.  … Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна. Тэгэхдээ 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоол нь маш нууц, шинэ тогтоол нь нууц гэсэн тогтоол. Яахаараа нэг хэрэг дээр хоёр тогтоол гаргадаг юм. … Дээр нь мөрдөн байцаагч нь дураараа нууцын зэрэглэл тогтоосон. Маш нууц гэдэг нь бүх үйл явцыг хаалттай хийх тухай юм. Нууцын тухай хууль гэж бий, хэн дуртай мөрдөн байцаагч нь нууцын зэрэглэл тогтоодоггүй. Тийм учраас би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл хууль зөрчиж хийсэн тогтоолын дагуу яллагдагчаар татсан. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэсэн” хэмээн хэвлэлээр ярьжээ. Хариуд нь Ц.Элбэгдорж “Үүлээ очоод шалгуулчхаач” хэмээн бас хэвлэлээр хариу барьж байсныг бүгд санаж байгаа биз.

Удалгүй Э.Бат-Үүл хүүгээ дагуулан Төрийн ордонд зочилж Ц.Элбэгдоржтой удаан ярилцсан бөгөөд үүний дараахан түүнийг оролдохоо больж, С.Зоригийн хэрэгт хамаатуулан шалгахаа зогсоосон байдаг. baabar.mn сайт дээр 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Э.Бат-Үүл “… намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бий. … цэвэр мажоритар тогтолцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. …Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!” хэмээн бичсэн нь бий.

2016 онд Ц.Элбэгдоржийн нээлгэсэн хавтаст хэрэгт Э.Бат-Үүлийг 2 зүйлд буруутгасан юм. Эхнийх нь хүүдээ Түмэн-Амгалан гэх хорооллыг барих шалгаруулалтад давуу эрх олгож, төсвөөс дэд бүтцийн мөнгө олгосон гэх хэрэг. Нөгөө нь Төрийн орон сууцны корпорацын дарга А.Гантулгаар дамжуулан шинээр баригдсан орон сууцнуудаас олон байр авсан, Бэрэн группт ТОСК-аас мөнгө шилжүүлсэн гэх хэрэг юм.

А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа Буянт-Ухаа 2 хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбум төгрөгийг Бэрэн групп рүү шилжүүлсэн байдаг. Б.Чулуудайгийн “Гранд лайн” компани Улаанбаатар банкнаас 3.3 тэрбум, Туркийн 216 Япи Үрэти Худалдаа компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түмэн Амгалан төсөл хэрэгжээгүй, гацсан тул зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай компаниа “Бэрэн группт 1 их наяд төгрөгөөр худалдсан гэх асуудал энэ хэргийн цаана буй.

Гэвч 2018 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан энэ хэргийг Ц.Элбэгдорж хонгилд үлдээсэн шүүгчдээрээ дамжуулан сэргээж, улс төрийн наадаандаа ахин ашиглаж байна. Түүхээс харахад Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржид ямар нэг барьцаатай хүн юм. Ц.Элбэгдорж барьцаагаа ашиглан Үүлээрээ үргэлж нааддаг.

Энэ удаагийн наадааны хамгийн том зорилгыг Рио Тинто группын гүйцэтгэх захирлаас Ерөнхий сайдад ирүүлсэн захидлаас олж болно. Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь хүчингүй болж байгаа нь захидлаас тодорхой болсон. Энэ нь юу гэсэн үг гэхээр уг гэрээг Ч.Сайханбилэгт үүрэг өгч, эрх мэдлээ нь хэтрүүлэн байж байгуулахыг нь тулгасан Ц.Элбэгдорж хууль шүүхийн өмнө удахгүй очно гэсэн утга. Тавантолгойг үнэгүйгээр харь өгөх гэж байсан, Эрдэнэтийн 49 хувийг луйвардан авах гэж байсан хэргүүд ч удахгүй шүүхээр хэлэлцэгдэнэ.

Ц.Элбэгдорж амь тэмцэн чаргууцалдаж байна. Тэр Монголын улс төрийг бужигнуулах замаар шударга шүүхэд очихоо хойшлуулахын тулд эртний андаа хонгилоор чирлээ. Хонгил нурах яагаа ч үгүй байгаа нь энэ хэргээс тодорхой болж байгаа юм. Эрх баригчид, шүүхэд нөлөөлөх магадлалтай гэх Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрт цочирдон балмагджээ. Орост хийж байгаа айлчлалын чимээг дарах хэмжээний шуугиан үүсгэх нь тэдэнд ашиггүй. Хоёрт, дараагийн шатны шүүх дээр уначих хэмжээний тоглолтыг хийх нь утгагүй. Тэгэхээр тэдний оролцоо логик талаасаа боломжгүй юм. Ийм хятад маягийн олон нүүдэлт наадаан хийдэг хүн нэг л байгаа. Тэр нь хүзүүгүй хүн билээ.

Бүгдээрээ сэтгэл хөдлөлөө хойш тавин эрүүлээр ажиглацгаая.

САНАЛ БОЛГОХ