Бадарчин баярлах болоогүй буюу Рио итгэл даах уу
“Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай удтал маргалдаж гэдийж байсны эцэст үнэнд гүйцэгдлээ. Тус групп Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, хоёр жилээр хугацаа хойшлоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэв. Энэ хэмжээний өрийг шууд тэглэж байгаа нь “Рио Тинто” групп Оюутолгойн ордыг ашиглах нь хэчнээн ашигтай болохыг илтгэнэ. Мөн монголчуудын өмнө ямар их алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэмээ цайруулж байгаа хэрэг. Ингэхээс ч өөр арга байсангүй. Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт, бусад улс оронд хэрэгжүүлж буй төслүүдийнх нь уналт “Рио Тинто” группийг монголчуудын өмнө ийнхүү бөхийлгөв.
Австраличуудын итгэлийг алдаж, Сербээс хөөгдсөн “Рио Тинто”
"Рио Тинто" групп Серби улсын Засгийн газартай хамтран "Жадар" төслийг хэрэгжүүлэх төсвийг нь баталсан. Тэд уг төслийнхөө хүрээд керамик эдлэл, батарей үйлдвэрлэлд ашигладаг борын хүчил, угаалгын нунтагт хэрэглэгддэг натрийн сульфат, нэг сая цахилгаан машин тэжээхэд хангалттай хүрэлцэх лити үйлдвэрлэхээр төлөвлөөд байв. Уурхайн төсөл нь Сербийн “Жадар” голын сав газарт орших Лозница хотын ойролцоо хэрэгжих байлаа. Гэвч тус улсын иргэд уг төслийг хэрэгжүүлэхийг эрс эсэргүүцэж тус улсын нийслэл Белград хот болон бусад хэд хэдэн хотод төв замуудыг хаах зэргээр эсэргүүцлийн жагсаал цуглаан хэдэн сарын турш зохион байгуулсан юм. Эсэргүүцсэн гол шалтгаан нь уг төслийг хэрэгжүүлснээр байгаль экологийн доройтол учрахаас гадна хүрэл зэвсгийн үед хамаарах дурсгалт газрууд сүйднэ гэж үзжээ. Олон мянган иргэдийг хамруулсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь Серби улсын Засгийн газар шийдвэрээ эргэн харахад хүргэж "Рио Тинто"-гийн литийн төслийн бүх лицензийг цуцаллаа. Серби улсын Ерөнхий сайд Ана Брнабик “Литийн төсөлтэй холбоотой бүх шийдвэр, лицензүүд ийнхүү цуцлагдаж байна. Энэ бол төгсгөл. “Рио Тинто" групп төслийн талаар иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүйгээс энэ бүхэн боллоо” гэсэн юм. Хэрэв энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн бол "Рио Тинто" групп дэлхийн топ 10 лити үйлдвэрлэгчийн нэг болж, Европын хамгийн том литийн уурхайг ажиллуулах байж.
“Рио Тинто” групп өмнө нь Австрали улсад үйл ажиллагаа явуулахдаа 46 мянган жилийн археологийн олдвор хадгалсан түүхэн дурсгалт газрыг нь дур мэдэн устгасан хар түүхтэй учраас сербүүд тэдэнд итгэсэнгүй. “Рио Тинто” групп 2020 оны тавдугаар сард Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийхдээ 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн юм. Энэ нь тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак болон Төмрийн хүдрийн уурхайн гүйцэтгэх захирал Крис Солсбери, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симоне Нивен нарыг огцруулж, нутгийн уугуул иргэдээс уучлалт гуйсан юм. Австралийн парламент энэ асуудлыг хэлэлцээд “Рио Тинто” компанийг Мөстлөгийн үед хамаарах агуйг дахин сэргээн барих ёстой гэж үзсэн. Тус улсын парламент “Рио Тинто” группийн энэ үйлдлийг “цагаатгах аргагүй хэрэг” хэмээгээд нутгийн оршин суугчдад нөхөн олговор олгохыг шаарджээ. Агуйн ойр орчимд 75 сая фунт стерлинг (132 сая ам.доллар)-ийн үнэ бүхий найман сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөц байсан ба “Рио Тинто” групп агуйн археологийн ач холбогдлыг мэдсээр байж дэлбэлсэн гэсэн дүгнэлт ч гарчээ. “Жуукан Жорж”-ийн агуй нь Мөстлөгийн үеийн дурсгалд хамаардаг бөгөөд Мөстлөгийн үеэс хойш энэ агуйд хүн амьдарч байсныг нотлох олон түүхэн олдворууд олдсон археологийн өндөр ач холбогдолтой газар байжээ.
“Монголчууд хэлэх үггүй боллоо” гэж бодож байгаа бол эндүүрэл
“Рио Тинто” групп ийнхүү итгэл хүлээлгэж хамтран ажилласан улс орнуудынхаа итгэлийг алдсаар байна. Монголчуудын итгэлийг ч тэд алдсан. Харин саяхан Засгийн газрын “Оюу толгой” төсөлд эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг тэглэж, өөрсдийн зардлаар гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахаар болсон нь монголчуудын итгэлийг сэргээсэн алхам боллоо. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг “Рио Тинто” групп “Монголчууд одоо хэлэх үггүй боллоо” гэж бодож байгаа бол энэ эндүүрэл. Харин ч “Тэдэнд бүрэн итгэж болох уу, яагаад гэнэт саймшраад унав” гэж бодож суугаа. Яг үнэндээ “Рио Тинто” сайндаа ч бус бусад улс оронд зарим төсөл нь бүтэлгүйтэж, Монгол Улсын Засгийн газраас хийлгэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт маргахын аргагүй үнэн байсан учраас тэд буулт хийв. Уг нь Засгийн газар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд хариу өгөхийг шаардсан. Гэвч тэд хариу өгөхгүй байсаар буулт хийлээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд монголчуудад худлаа мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй үйлдэл юм. Итгэл алддаг “Рио Тинтой” ийм байхад бид дахин итгэж болох уу?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй