Өмнөговь аймгийн Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гардуулан өглөө

UB Info

Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад гардууллаа. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, амралт, аялал жуулчлал эрхлэх, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэн төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж, сумын төвийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг нөөцөд, бодлогод, хэрэглээнд тулгуурласан дагалдах салбаруудыг тодорхойлон гаргасан. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, аялал жуулчлал хөгжсөн, ухаалаг засаглалтай сум болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг дэвшүүлсэн.

Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын  хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.

САНАЛ БОЛГОХ