Карина мананцар

UB Info

Одод түгсэн шөнийн тэнгэр доор налайх уулс мэт харагдаж буй үзэсгэлэнт Карина мананцрын ойр орчмыг цоо шинэ нүдээр тольдох боломжийг Жэймс Вэббийн ойролцоох хэт улаан туяаны камер буюу NIRCam дуран олгожээ. Энэхүү зургийн өнцөг булан, цэг бүрийг удаанаар ажигла даа. Үнэхээр гайхалтай биш байна гэж үү? 

Энэ зурагт харагдаж байгаа хэсэг бол Карина мананцар бүхлээрээ бус харин түүнээс 'баруун хойш' орших NGC 3324 нэртэй харьцангуй залуу оддын бөөгнөрөл бөгөөд ойролцоогоор 12 сая жилийн настай, дэлхийгээс 9,100 гэрлийн жилд алслагдах ба төв хэсэгтээ илүү их оддыг багтаасан, динамикийн хувьд тогтвортой бус бөөгнөрөл юм. Тус үзэсгэлэнг хамгийн анх Шотланд улсын одон орон судлаач Жэймс Данлоп 1826 онд нээсэн бөгөөд Хабблын тусламжтай 2008 онд анхны дүр төрхийг бидэнд дэлгэж байлаа.

Зураг дээрх алтлаг шаргал өнгөтэй уулс мэт харагдаж буй хийн бөөгнөрлийг Тэнгэрийн хавцлууд буюу Cosmic Cliffs гэж нэрлэдэг ба биднээс 7,600 гэрлийн жил зайд оршино.

Тэдний төвд ажиглагдах хөндий мэт бүтэц нь хэт ягаан туяаны цацаргалт болон тус бүст орших маш их масстай, халуун, залуухан оддоос ирэх салхины нөлөөгөөр идэгдэж энэхүү хэлбэр дүрсийг олсон байна. Уулсын дээгүүр ууршилт явагдаж байгаа мэт харагдах тэр хэсэг бол эрчимтэй хэт ягаан туяаны цацаргалтаас үүдэлтэй халуун, ионжсон хий болон тоосонцор юм.

Хэт улаан туяаны NIRCam нь маш өндөр нягтаршил бүхий зургийг авснаар бидний өмнө нуугдаж байсан хэдэн зуун од, тэр ч байтугай олон тооны галактикуудыг харах боломжийг өгч байгаа нь үнэхээр талархам юм.

Хэрвээ энэхүү зургийг дэлгэц дээрээ хармаар байвал ЭНД ДАРЖ өндөр нягтаршилтайгаар татаарай.

Эх сурвалж: NASA, ESA, CSA, STScI

САНАЛ БОЛГОХ