Ангараг гаригийн оршин суугч Сониучхан Ровер маань арван нас хүрлээ!

UB Info

Ангараг гаригийн оршин суугч Сониучхан Ровер (Curiosity Rover) маань арван нас хүрлээ!

Ангараг гаригийн Гэйл тогоог судлах зорилгоор анх дэлхийгээс гарч 2012 оны 8-р сарын 6-ний өдөр судалгааны талбайдаа хүрсэн байдаг. Түүний гол зорилго нь Ангарагийн уур амьсгал, геологийг судалж, Гейл доторх сонгосон талбай нь бичил биетний амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлж байсан эсэхийг үнэлэх, тус гариг дээрх усны мөрийг судлах, хүн төрөлхтөн зочлоход тус гаригийн амьдралыг тэтгэх чадварыг судлах гэх мэт явдлууд байсан юм.

Өнгөрсөн арван жил Сониучхан Роверийн хувьд маш завгүй жилүүд байсан биз ээ. Улаан гаригийн тэнгэрийг судалж, гялалзсан үүлс, сансарт хөвөх дагуулуудын зургийг авч, Ангарагийн гадаргууг судлан, дээж авч, маш үнэтэй мэдээллүүдийг бидэнд ирүүлсээр байна. Жишээ нь: Роверийн цацрагийн мэдрэгч нь ирээдүйн сансрын нисгэгчид Ангараг гаригийн гадаргуу дээр хир өндөр энергийн цацрагт өртөхийг хэмжих боломжийг эрдэмтдэд олгодог. Гэхдээ хамгийн чухал нээлт нь Гэйл тогоонд шингэн ус, түүнчлэн амьдралыг дэмжихэд шаардлагатай химийн үндэс суурь, шим тэжээлүүд дор хаяж хэдэн арван сая жилийн турш байсан гэдгийг тогтоосон. Нэгэн цагт энэ тогоонд нуур тогтож байсан бөгөөд цаг хугацааны явцад хэмжээ нь жижгэрч багассан байна. 

Одоогоор Сониучхан маань энэхүү усны түүхийг улам лав судлахаар замдаа гарсан бөгөөд Ангараг гариг дээр явагдсан уур амьсгалын өөрчлөлтүүд болон энэхүү амьдрал орших боломжтой байсан үе ахин давтагдах зүй тогтолтой юу? эсвэл үүрд өнгөрсөнд үлдсэн үү гэсэн асуултын хариултыг эрж байна.

Эх сурвалж: НАСА

САНАЛ БОЛГОХ