Нэг л өдөр хэзээ ч унахгүй гэж бодсон зах зээл хямардаг

UB Info

2017-2018 онуудад Хятадын үл хөдлөхийн салбарт, тэр дундаа үл хөдлөхийн бондын зах зээлд жинхэнэ утгаараа тэсрэлт болж байв. Хятадын эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй асар олон барилгын төслүүд ар ардаасаа амжилттай хэрэгжиж байсан учир хөрөнгө оруулалтын гигантууд үл хөдлөхийн бондын эрсдэлээс төдийлөн айдаггүй байлаа. Үнэхээр ч тэр хугацаанд Хятадын үл хөдлөхийн бондууд эрсдэх нь цөөн байв. Өгөөжийн түвшин жилийн 20-50%, эдгээр бондуудыг "Junk" бонд гэдгийг бүгд мэддэг хэрнээ л хөрөнгө оруулалтын ертөнцөд хамгийн эрэлттэй хэрэгсэл хэвээр байсан. Хонг Конгийн далайгаар хувийн онгоцоороо  зугаалж буй тэрбумтангууд ууж байгаа дарснаасаа нүд салгалгүйгээр туслахынхаа авчирсан бондын гэрээнд гарын үсэг зурж байсан гэдэг. Тэд хөрөнгөө 2 жилийн дотор л нэг дахин өсгөж байлаа. Хятад барилгын компаниуд 7 хоногт л  4 удаагийн "Junk" бонд гаргаж байсан бөгөөд 2019 онд л гэхэд нийт 230 удаагийн бондоор 83 тэрбум ам долларын санхүүжилт босгож байжээ. Үнэхээр галзуу. Тэдгээр хэрэгслүүдээс хамгийн эрэлттэй нь бидний мэдэх "Evergrande"-ийн бонд байлаа. 

Гэвч нэг л өдөр хэзээ ч унахгүй гэж бодсон зах зээл хямарч, хэзээ ч зогсохгүй гэж бодсон үл хөдлөхийн салбар зогсох нь тэр.

Өнөөдөр Хятадад үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авсан нөхдүүд зээлээ төлөхийг эсэргүүцэн боёкат хөдөлгөөн өрнүүлж байна, үр дүнд нь үл хөдлөхийн компаниуд барилгаа дуусгаж чадалгүй гацаанд ороод байгаа билээ. Учир нь зээлдэгчид зээлээ төлөхгүй бол банк хаанаасаа мөнгө олж компаниудад зээл өгөх билээ? 

2022 онд л гэхэд 100 тэрбум ам доллараар Хонг Конгийн бондын зах зээл агшив. Цагтаа хамгийн эрэлттэй байсан Evergrande-ийн бонд дефолт зарласнаар хөрөнгө оруулалтын томчуул ухаан оров. Бондын төслүүд дээр ажилласан хөрөнгө оруулалтын банкуудаас харвал хамгийн их нь "haitong securities" харагдаж байна. Араас нь бидний мэдэх Credit Suisse, HSBC, Goldman Sachs, China citic bank, UBS, Morgan Stanley гээд бүгд л  давхиж явна. Үүн дээр нэмж хэлэхэд алдарт Fidelity сан маань 37%-ийн алдагдал хүлээснээр харилцагч, хөрөнгө оруулагчид нь мөнгөө татаж эхэлжээ. 

Хятадын бондын зах зээл нэг иймэрхүү л юм болж байна. Харин сүүлийн үед  манайд хаалттай хүрээнд (OTC) барилгын компаниуд бондоор багагүй хөрөнгө босгож байгаа билээ. Бондын нэрлэсэн хүү 19%-20%. Эрсдэл багатай бондууд дунджаар хажууд нь 15% орчим. Тэгэхээр та барилгын салбарын бонд авахаар бол "Property management" компанийг нь сайтар харах хэрэгтэй. Нэг төслөө дуусгахын төлөө бонд гаргаж байна уу? Давхар төсөл эхлүүлж байна уу? гэх мэт. Ийм ороо бусгаа цаг үед бол нэр хүнд байгаад яаж ч чадахгүй кэйсүүд Evergrande-с эхлүүлээд өч төчнөөн байна. 

Ямартай ч Хятадын үл хөдлөх салбарт хөрөнгө оруулсан, бонд худалдан авсан олон мянган хөрөнгө оруулагчдын 736 тэрбум ам долларын хөрөнгө эрсдэлд учраад байгаа билээ. 

2022.08.09

Танд зориулсан: Г.Маргад

Эх сурвалж: Margad Gerelchuluun

САНАЛ БОЛГОХ