Тужийн нарсанд 22 сая мод тарихад гар бие оролцоод одоо нүглээ наманчилчихсан

UB Info

Арван жилээ төгсөх үед манай сургуульд хойно сурах таван хуваарь ирсэн юм. Би ч сурлага гайгүй байсан учир надаас энэ хуваариудаас алийг нь сонгох вэ? гэхэд би Москвад ойн инженерээр сурах хуваарийг нь сонгосон.

Би асар их ойтой газар төрсөн юм. Бага байхад ээж Тасран гэдэг өвгөний талаар ярина. Тасран өвгөний тахилгатай таван модонд хүрч болохгүй шүү гэж захина. Бодвол лам хүн л байсан юм шиг байгаа юм. Хүүхэд байсан болохоор би учир начрыг нь сайн ойлгохгүй. Тэгээд тэрийг нь дуурайж "Тэгвэл энэ миний тахилгатай мод" гээд модон дээр өөрийнхөө тэмдгийг тавьчихдаг байлаа. Тэгээд л би модонд хайртай болчихсон гэж өөрийгөө бодоод байдаг юм.

Москвад ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд Монголд иртэл Завхан аймагт мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженерээр намайг хуваарилав. Уг нь төгссөн мэргэжил маань мод үржүүлэх, хамгаалах байгаад байдаг гэтэл би огтлох таслах ажил хийх хэрэгтэй болчихсон. Мод бэлтгэх ажил чинь ер нь яргачины ажил шиг байдаг юм шдээ. Тэнд ажиллаад байж байтал намайг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ой модны аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга хот руу дуудаад Богд уулын хорхойг устгах үүрэг өглөө. Тухайн үед тэр газрын хэмжээнд хортон шавж мэдэх хүн байгаагүй л юм шиг байгаа юм. Намайг мэргэжлийн хүн гээд бодчихсон "За энэ жил улс хувьсгалын 50н жилийн ой болно. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирнэ. Богд уулын мод шар байх ёсгүй. Одоо юу сурсан дүнгээ тавиул" гэж хэллээ. Би чинь гэтэл зүгээр л модны шавжаар дипломоо бичиж байсан ойн инженер хүн байдаг.

Биологийн тэнхимийн эрхлэгч, Монголын анхны шавж судлаач Цэндсүрэн гээд агуу хүн байдаг байсан юм. Би чинь тэр хүнээс очиж хамаг юмаа асуугаад, дээрээс нь "Та надад туслалцаа үзүүлээд хэдэн оюутан өгөөч" гэхэд Биологийн 3-р курсийн 13 оюутан явуулав. Тэд нарыгаа аваад би Богд уулын ойгоор хоёр долоо хоног судалгаа хийж явсаар тэр хорхойны голомтыг нь тогтоосон. Тэр үед манай улс чинь асар хүчтэй хор татаад нөөцөлчихдөг байсан юм байна лээ. Нэг нунтаг хор байдаг байсан юм. Дээр үед зарим хөдөөнийхөн бөөстсөн нэхий дээлийнхээ үсэнд хийдэг байсан байгаа юм. Тэр хорыг онгоцны дээрээс шуудайгаар хийж цэнэглээд л Богд уулын ой дээгүүр хоёр онгоцтой ниснэ дээ. АН2 гээд онгоцнууд. Манайхан царцаа ногоон гэж яриад байдаг юм. Давхар далавчтай царцаа шиг харагддаг болохоор нь тэгж нэрлэсэн хэрэг. Манай гэр долоон буудалд байсан. Өглөө намайг машинаар ирж гэрээс минь авна. Тэгээд өглөөний 5-аас 9 хүртэл, орой 5-аас 9 хүртэл хороо цацаж явна даа. Ер нь их аймшигтай ажил байсан. Хороо цацахын тулд онгоц маань 3-5 метрт модны үзүүрт сууж өгч байж би крантаа онгойлгох ёстой. Тэр их аймар, модны үзүүр найгаад л. Би эхлээд хорны крантаа онгойлгож байхдаа хороо яаж байгааг харж чадахгүй их айдаг байлаа. Хоёр нисгэгч маань туршлагатай байсан тулдаа тэр ажлыг сайн хийж байсан. Тэд үлийн цагаан оготно устгах, тариалангийн талбайн зэрлэг ургамал устгахаар олон жил явсан хүмүүс. Гэхдээ модонд бол анх удаа явж үзэж байгаа нь энэ. Модыг их эвгүй аюултай юм байна гэж надад хэлж байв. Сүүлдээ би эхнэртээ "За би буцаж ирэхгүй ч байж магадгүй шүү" гэж гарахдаа хэлдэг болсон. Амь дүйсэн ажил учраас. Эхнэр маань Богд уул руу харахад эхэндээ цагаан манан татаад шатаж байгаа юм шиг болчихдог байсан гэдэг.

Намайг хор цацаад арваад хонож байхад Оросоос жинхэнэ шавж судалдаг хоёр том эрдэмтэд урилгаар ирээд миний хор цацсан газруудыг судлаад устгал маань 98,6 хувь биелсэн байна гэж дүгнэлт гаргаж өгөв. Богд ууланд 18 хоног хор цацаж дууссаны би дараа нь их санаа зовнидог байлаа. Тэгээд Богд уулынхаа ойн модыг ажиглаад байтал ашгүй шарласангүй. Ер нь тэгээд тэрнээс хойш шарлаагүй. Тэр ажлыг хийж байх үед надад хэцүү зүйл тохиолдоогүй нь Богд уул маань хорхойгоо устгуулах гээд намайг түшиж ивээснийх юм шиг санагддаг. Тэр үед би 28 настай байсан. Сүүлд бодох нь ээ Богд уулын хорхойг устгаагүй байсан бол хайран ой сөнөх ч байсан юм билүү. Ер нь сөнөчихдөг юм шдээ. Нэлээн хэсэг хугацааны дараа намайг дахиад Хялганатын мод бэлтгэлийн аж ахуй дээр ерөнхий инженерээр томилдог юм. Нөгөө мод үржүүлэх ёстой хүн чинь дахиад л нүгэл хийгээд эхэлсэн. Аймар сонин. Нүд улайгаад л яваад байна. Эмчид үзүүлэхээр ямар ч өвчин биш гэнэ. Хурал зөвлөгөөн болоход час улаан нүдтэй хүн ордог. Тэгэхээр нь зарим хүний зөвлөснөөр хамрын дусаагуур нүд рүүгээ хийж улааныг нь арилгаад хэсэг явсан юм.

Миний найзын хадам аав Ням гээд өвгөн байдаг байсан. Тэр өвгөн морио унаад хааяа манайд ирнэ. Тэгээд би Ням гуайд хэлдэг байхгүй юу "Ням гуай, миний энэ нүд дандаа улайгаад, эмчид үзүүлэхээр өвчин биш гээд байх юм" гэхээр Ням гуай "Миний хүү ажлаа сольчхооч" л гэнэ. Тэр үед би сайн ойлгоогүй ч мод унагаасан нүгэл л гэж хэлэх гээд байсан юм шиг байгаа. Шууд ил хэлэх гэхээр тэр үед бурхан шашин, сүсэг бишрэл хориотой зүйл байж л дээ. Би гэхдээ өөрийнхөө мэргэжлээс эсрэг юм хийгээд байгаадаа өөрөө ч сэтгэл дундуур байв. Хялганатад нэг техникум байгуулагдах сургаар “Тэнд ороод ер нь багшилъя, энэ ажлаа болъё” гэж бодов. Үржүүлэх, хамгаалах ажлаа хиймээр байна гэж яриад яваад байсан чинь бурхан намайг яг залсан байх. Төв хороо, сайд нарын зөвлөлийн тогтоолоор мод үржүүлгийн газрууд байгуулаад Сэлэнгийн Цагаантолгойн мод үржүүлгийн газрын даргаар нь намайг тавьчихав. Тэндээс л миний мод тарих зам бүрэн эхэлсэн дээ. Их сонин. Тэр ажлыг хийснээс хойш миний нүд улайхаа больчихсон. Хожим бас хүнээс сонссон чинь мод бэлтгэдэг хүмүүс маань модоо тайрахдаа "За би энэ модыг бэлтгүүлээгүй шүү. Жамсран инженер бэлтгүүлсэн шүү" гэж модондоо намайг хэлдэг байсан юм гэсэн. Тэд бас нүгэл гээд мэдээд байсан байгаа юм (инээв).

Тэгээд би цаашаагаа Тужийн нарс дээр ойн аж ахуйн даргаар томилогдоод хүн хүч хүрэлцэхгүй байхаар нь аймгийн засаг дарга руу ороод бүх газрыг татан оролцуулах хүсэлт тавьсан юм. Тэгэхэд Бугант гэдэг групп нэгдээд манай хоёр хамтраад манайх 22 сая мод, тэднийх 18 сая мод нийтдээ 40 гаруй сая мод тарьсан. Тийм түүхтэй. Би сүүлд нэг бодлоо "Би зөвхөн Хялганатад байхдаа 1 сая 200 мянган босоо мод унагалцахад гар бие оролцсон бол Тужийн нарсанд 22 сая мод тарихад гар бие оролцоод одоо нүглээ наманчилчихсан" гэж. Би долоон хүүхэдтэй. Манай 2 хүү ойн инженер, 1 хүү байгаль хамгааллын эрх зүйч. Хамгийн том хүү маань ойжуулагч, надтай хамт 28 жил мод тарьсан. Одоо 50 гарчихсан, надтай адилхан өвгөн болж хамтдаа хөгширч байна даа. 7 хүүхдийн 4 нь ийм мэргэжилтэй. Миний нэг охин бас нөхөртэйгөө арваад жил ойжуулалт хийж байна. Эхнэр маань тэтгэвэртээ гараад хашаандаа олон төрлийн мод тарьдаг болсон. Би бүр зарим модыг нь мэддэг ч үгүй юм. Уг нь би хэнийг нь ч энэ зам руу хүчлээгүй. Хувь тавилангаараа л бүгдээрээ модтой холбогдчихсон доо.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ