Настай хүмүүс нь хүртэл хөдөлмөрлөж байхад энэ улс орон хөгжихгүй гээд ч яах билээ...

UB Info

Солонгос улсад оюутан болж ирсээр хичээлийн хажуугаар сургалтын төлбөр, байр, хоолны мөнгөө олох их үүрэг өөрт ноогдов. Сүүлийн жил өглөө 5-6 цагт эхэлдэг цагийн ажил хийж байгаа юм. Хүмүүсийн хүсдэг 'өглөөний хүн' хүчээр надад ирсэн гэхүүдээ. Өглөө 4-5 цагт гэрээсээ гарахад байрны гадаах хогийг ангилж ялгадаг хүмүүс аль хэдийн ажлаа хийж, нуруу нь бөхийсөн хөгшчүүл цаасан хайрцаг ялгаж эвхээд тэргэн дээр дааж ядан түрж явна. Анх тэднийг дахин боловсруулах хог тушааж амьжиргаа залгуулдаг гэж бодож байсан ч ихэнх нь тэр хавийн байрыг түрээслүүлэгч эзэд, зүгээр суухыг мэддэггүй мөнгөтэй эмээ өвөө нар байсныг сүүлд мэдэв.

Ажилруугаа явах замд манай хотын зах бий. Өвлийн өглөө 6 цагт хүйтэн ч, харанхуй ч,, Гудамжны хажуугийн түргэн хоолны машинаас уур савсаж, ногоо, жимс, ахуйн хэрэглээний барааны наймаачид бараагаа дэлгэж харагдана. Бас л бүгд шахуу тэтгэврийн насны хүмүүс. Зуны халуун нар бол монголтой харьцуулах аргагүй бүгчим халуун. Халууны улиралд мэдээгээр гадаа ажиллаж буй хүмүүс 30минут тутамд сүүдэртэй газар орж, толгойгоо усаар норгох гэх мэт анхааруулга явна. Энэ үед ч нүүрээ битүү хааж малгай өмссөн эмээ, өвөө нар ногооны талбай дээр өдөржин бөхөлзөж, халууныг халшрахгүй ажиллаж харагдана. Хөдөө аж ахуйн салбар бол эдний тэтгэврийн насны хүмүүсийн хийдэг гол ажил гэхэд хилсдэхгүй. Байрны ард талын алга дарам газрыг ч үлдээлгүй ногоо тарьсан байх нь гайхмаар.

Захирлын маань аав ээж хоёр нас дал гарсан ч оюутнуудтай зэрэгцэн айл нүүлгэх ажил хийж, хүү нь хүчээр амраах үед уурлангуй бүр 'амрахгүй' гэж зөрүүдэлнэ. Үүнийг харсан би ажлаа хэцүү байна, ядарч байна гэсэн ойлголтоо авч хаясан.

Монголчуудын хамгийн их хийдэг буудлын ажлыг хүртэл эмээ нар баздаг, солонгос эмгэн цэвэрлэгээ хийдэггүй буудал гэж бараг үгүй. Харин байрны харуулууд ихэвчлэн өвөө нар байдаг. Хөдөлмөр гэдэг хүний яс маханд шингэдэг гэдгийг энд ирээд ойлгосон. Залуу насандаа хэдий чинээ ажилч, хичээнгүй байна, тэр зан чанар хэзээ ч тавигдахгүй,,

Хэдхээн жилийн дотор өндийгөөд ирсэн солонгос орны хөгжлийн нууцын нэг энэ байх. Өөрсдийнхөө төлөө үр хүүхэд, цаашилбал эх орныхоо төлөө хэн ч хойш суудаггүй, завгүй нийгэмдээ хөгшин, залуу, оюутан хэн хүнгүй зүтгэнэ. Настай хүмүүс нь хүртэл эд хөдөлмөрлөж байхад энэ улс орон хөгжихгүй гээд ч яах билээ...

гэж бодсоор ажилдаа явж буй БИ... (өглөө 5:40)

Эх сурвалж: Tchka Tc

САНАЛ БОЛГОХ