Тажикийн ерөнхийлөгчийн Путинээс “хүндлэл” шаардаж буйг харуулсан дүрс бичлэгийг олон сая хүн үзжээ
Энэ долоо хоногт Казахстаны нийслэл Астана хотод Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн юм.
Уулзалтын сүүлчийн өдөр буюу Баасан гарагт Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж үг хэлж буйг харуулсан дүрс бичлэг өнөөдрийн байдлаар YouTube платформд таван сая гаруй үзэлттэй болоод байна.
Рахмон хэлсэн үгэндээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ОХУ-ын ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэж ирсэн хэдий ч Кремлийн зүгээс зохих ёсны хариу хүндлэл хүлээж чадахгүй байгааг шүүмжилжээ.
“Бид стратегийн гол түншийнхээ ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэсээр ирсэн. Бид ч бас хүндлүүлмээр байна” гэж Рахмон Путинд шууд хандаж хэлсэн байна.
Энэ үеэр Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар Рахмоны үгийг чимээгүй чагнаж суусан бол Путин таагүй хүлээж авч буй нь дүрс бичлэгээс тодорхой харагдаж байв.
Рахмоныг яриагаа зогсоохыг Казахстаны ерөнхийлөгч Токаев нэг удаа хүссэн ч тэр “Бид энд ярилцах гэж л ирсэн” хэмээн татгалзжээ.
“Зөвлөлт Холбоот Улс задрах үеийн хурал уулзалтуудад би оролцож байсан. Тэр үед ч бас өнөөдрийнх шиг жижиг бүгд найрамдах улсуудын ашиг сонирхлыг хайхардаггүй байсан юм. Намайг ингэж хэлж байгаад уучлаарай” гэж Рахмон хэлсэн байна.
Тэрбээр Төв Азийн орнуудыг хөгжүүлэлгүй, зөвхөн түүхий эдийн бааз болгон ашиглаж байсан нь Зөвлөлт гүрэн задрах нэг шалтгаан болсныг энэ үеэр хэлжээ.
Өнөөдөр Төв Азийн орнууд Оросоос тийм ч их хөрөнгө оруулалт авдаггүйг шүүмжилсэн Рахмон энэ бүс нутагт олон тэрбумын хөрөнгө оруулсан ч богино хугацаанд нөхөж олох боломжтойг сануулсан байна.
Тажикистаныг 30 орчим жил тасралтгүй захирч байгаа Эмомали Рахмон нь Путиний гол холбоотнуудын нэг юм. Өнөөдөр тус улсын олон сая иргэн ОХУ-д ажил хөдөлмөр эрхэлдэг ба тэдний ар гэртээ илгээсэн мөнгө эдийн засгийнх нь томоохон хэсэг болдог.
Украинд дайн эхэлснээс хойш анхны гадаад айлчлалаа Путин зургаадугаар сард Тажикистанд хийж, Душанбе хотноо Рахмонтой уулзаж байжээ.
Эх сурвалж: ODOD News
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй