Critical thinking буюу шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээ

UB Info

Өнөө үед Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр маш их мэдээлэл түгээгдэхийн хэрээр алинд нь итгэж үнэмших нь төвөгтэй болсон билээ. Энэ үед бид өөр хүний сэтгэл хөдлөлөөр хүлээн авсан мэдээлэлд итгэхийн оронд шүүмжтэй сэтгэлгээгээр хандах хэрэгтэй юм шүү дээ.

Юуны өмнө шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээ гэж юу болохыг тодорхойлъё. Ерөнхийдөө энэ нь үйл явдал, хүлээн авч буй мэдээлэл, аргументуудад бодитой дүн шинжилгээ хийх чадвар, асуудалд янз бүрийн талаас хандах, шинжилгээ судалгаанд үндэслэн дүгнэлт гаргах байж болох юм. Шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээг хөгжүүлэх нь зөвхөн ажилд төдийгүй амьдралд ч хамаатай. Өнөөдөр бид өдөр бүр асар их мэдээлэлд автаж байгаа бөгөөд энэ мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодит баримтад тулгуурлан өөрийн байр сууриа тодорхойлох чадвартай байхын тулд нөхцөл байдлыг шүүмжлэлтэй харах хэрэгтэй.

Шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээ нь зөвхөн ажил ч гэлтгүй өдөр тутмын үйл явдал дээр болж буй нөхцөл байдлыг үргэлж бодитоор үнэлж, өөрийн болон бусдын үзэл бодлыг эргэцүүлэн баримттай үнэлгээ өгөх, үр дүнтэй хэлэлцээр хийх, тодорхойгүй нөхцөл байдлаас гарах “хамгийн сайн” арга замыг олох боломжийг олгодог.

Эргэн тойронд болж буй үйл явдлуудыг баримт болгон хувирга. Тэднийг сэтгэл хөдлөлөөсөө салгаж сур. Сэтгэл хөдлөл нь биднийг шүүмжлэлтэй/нухацтай бодоход саад болдог. Тодорхой сэдвийг байж болох бусад өнцгөөс харж сурах зайлшгүй шаардлагатай. Тухайн сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй уншиж, мэдлэгийн хүрээгээ тэлж, мэдээлэлтэй ажилла - аливаа мэдээллийн материалыг хэдий чинээ их "шинжлэх" тусам түүний гүнд хүрэх боломж нэмэгдэх билээ.

Хуурамч мэдээнд шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээгээр хандах.

Таны найзуудын нэг тантай нэгэн мэдээ хуваалцлаа гэж бодъё. Та энэ мэдээ үнэн үү, үгүй юу гэдгийг задлан шинжлэх үү? Бидний олонх нь энэ мэдээнд итгэж, энэ нь худал мэдээлэл байж магадгүй гэж бодолгүйгээр бусадтай хуваалцдаг. АНУ-ын Стэнфордын их сургуулиас явуулсан тус сэдэвтэй холбоотой судалгаанд өсвөр насныхны 82 орчим хувь нь бодит мэдээ болон "ивээн тэтгэсэн контент" гэсэн шошготой сурталчилгааг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байсан.

Шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээ нь хүн бүрийн дотор бий болсон гэж үздэг учраас стандарт боловсролын хөтөлбөрт шүүмжлэлтэй/нухацтай сэтгэх чадварыг төдийлөн онцолдоггүйгээс ийм асуудал үүсдэг байж болзошгүй юм. Мэдлэг, ерөнхий сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхэд дэм болох зарим хичээл, үйл ажиллагааг нэвтрүүлснээр хүүхдийн шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээг сайжруулж болох билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй эдгээр худал мэдээ, нийтлэлд хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч өртдөг нь элбэг ажиглагддаг. Аливаа мэдээлэлд итгэхээсээ өмнө нийтлэлийн эх сурвалж, нийтлэлийн зорилго, нийтлэлийн зохиогч, нийтлэлийн ард хэлэлцэх асуудал, асуудлыг хөндсөн аргачлал болон хэв маяг гэх мэт янз бүрийн асуултуудын талаар бодох хэрэгтэй. Шүүмжлэлтэй/нухацтай сэтгэлгээ нь аливаа мэдээлэлд шууд итгэхээсээ өмнө үнэн зөв дүгнэхэд тус болдог билээ.

Эх сурвалж: hbr.org

САНАЛ БОЛГОХ