Б.Даваасүрэнгийн түүх

UB Info

Хөлбөмбөгийг Балжинням гуай ёстой сүртэй тайлбарладаг байсан тэ, Притекний мянганы нэгээр зөрлөө, яасан яасан юу гээд л. 2006 оны дэлхийн аваргын финалыг зурагтаар шууд дамжуулаад тэрийг нь Балжинням гуай тайлбарлаж байсан юм. Тэр шууд дамжуулалт намайг хөлбөмбөгт илүү дуртай болгосон.

Хөлбөмбөгтэй л холбоотой хүн болно гэж бодож байгаа юм чинь. Би арван жилээ дөнгөж төгсчихсөн ч байсан. Эхлээд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалтад суулаа. Дараа нь залгуулаад шүүгчийн сургалтад суугаад тэгээд хөлбөмбөг шүүж эхлэж байгаа юм л даа. Айлаас олуулаа, ах эгч ихтэй болохоор надад сургалтын төлбөрийн асуудал байгаад би хоёр жил сургуульд оролгүй өнжиж байлаа. Сургалтын төлбөрөө олох гэж намар нь самарт явсан юм. Тэгээд шальтай ч мөнгө олоогүй дээ. Дорвитой самар ч түүж чадаагүй гэхдээ тэнд самар түүж явахдаа амьдралыг жинхэнэ үзэх шиг л болсон. Отог дээрээ ганцаараа хонож таарахад шөнө хажууханд сүрэг чоно улилдаад "Би ямар эрт явах гэж байнаа" гэж бодоод цээжиндээ сүх бариад хоносон шөнө ч тохиолдож байлаа. Ямар ч байсан орж ирсэн эхний чоныг нь бол сүхээрээ цохичихно, тэгээд цаашаагаа юу болохыг бурхан л мэдэх байх гэж бодоод үхэлтэйгээ эвлэрч байсан мөчөө санадаг юм.

Очих газартаа оройтож очоод майхнаа барьж чадаагүй болохоор олуулаа нийлээд аймар их гишүү цуглуулж гал асаагаад түүдэг тойрч хонож байсан хүйтэн шөнө ч тохиолдож байлаа. Миний амьдралын хамгийн урт шөнө тэр байсан. Гал руу хараад хэвтэнгүүт нүүрээрээ аймар халж, ар нуруугаараа хөлдөх шахна. Эргэж харж хэвтэх мөчид л аймар гоё. Даарч байсан хэсэг дулаацаад, нөгөөдөх нь шууд бүлээсээд эхэлнэ. Самар явалт надад их хатуужил өгсөн дөө. Өвөлдөө би хөлбөмбөг шүүж байгаад 2008 онд сургуульд орлоо. Газар зүйн багш, аялал жуулчлалын менежерээр. Ер нь сургуульд сурангаа хажуугаар нь хөлбөмбөгийн шүүгч хийх нь нийтлэг зүйл л дээ. Тухайн үед тоотой хэдэн шүүгч байдаг байлаа. Өвөл заалны тэмцээн болно. Хичээлээ тараад л, эсвэл таслахыг нь таслаад л шүүгчээ хийнэ. Голцуу хагас бүтэнсайнд тэмцээн зохиогдоно. Сургуулиа төгсөөд Япон руу хэлний сургуульд хоёр жил явж ирчхээд дахиад л шүүгчээрээ ажиллаад л байлаа. Ингэж явсаар 2019 онтой золгох үед Японоос охидын шигшээгийн дасгалжуулагч ирэхээр болж би тэнд хэл сурч байснаараа орчуулагчийг нь хийхээр боллоо.

Тэр багш анх удаа Монголд ирж байгаа нь энэ. Би ёстой гайхсан. Хүнээ боддог элчин сайдын яам ямар байдгийг би тэр үед харсан юм. Япон багшийг дагаад би элчин рүү нь хамт орлоо. Харуул хамгаалалт гэж сүртэй сүртэй. Япон элчин сайдын яам тэр багшид баахан зөвлөгөө өгсөн. Монголчуудын зан авирын талаар анхааруулж байна "За Монголчууд архи уух юм бол зодоон цохион гарах нь элбэг байдаг шүү. Гадуур явахдаа ханзтай хувцас битгий өмсөөрэй. Хятадуудад дургүй байдаг учраас Хятад гээд хусаад авах магадлал өндөртэй шүү. Чиний одоо байрлаж байгаа газар чинь сүүлд баригдсан учраас орчин тойрон нь тиймэрхүү шүү" гэх мэт. Аягүй мундаг зааварчилгаануудыг өгч байлаа. Би хажууд нь сонсоод л зогсоод байсан. Намайг Япон явах үед тийм зааварчилгаа өгсөн юм түүхэнд байхгүй шүү дээ. Дөрвөн сард Бангладеш улсад охидын тэмцээн болохоор болоод Япон багштайгаа бид нар явлаа даа. Тэндхийн нэг том хүний л нэрэмжит тэмцээн юм гэнэ. Япончууд үнэхээр харилцаа холбоо сайтай. Бангладеш улс дах Япон элчин нь дахиад л Япон багшид маань баахан заавар, зөвлөгөө өглөө. Япон багш тэндээс мэдээллүүдээ авчхаад надад "За удахгүй эдний Рамадан сар эхлэх гэж байгаа юм байна. Ислам биш орнуудын хүмүүсийг онилсон байх магадлалтай. Монгол исламын шашинтай биш учраас болгоомж илүүдэхгүй" гэж хэллээ. Рамадан сарын өмнөхөн дандаа халдлагууд болдог юм гэнэ. Бид нарыг ирэхээс өмнө бид нарын байрлаж байсан буудлын ойролцоо жижигхэн тэсрэлтүүд болсон байх жишээний. Тэгээд Рамадан сараараа тэд нүглээ наманчилдаг. Эдгээр зүйлсийг Япон багш маань л надад хэлж байгаа юм л даа.

Манай шигшээ багийнхан байнга л өндөр хамгаалалттай явж байв. Урдаа цагдаагийн хамгаалалттай. Дөрөв ч байна уу буутай цагдаа нартай. Автобусны цонхоор миний амьдралдаа харж байгаагүй олон хүн нэгэн зэрэг гуйлга гуйж суугаа харагдана. Нэмээд айхтар халуун. Модны сүүдэр бараадацгаана. Сэтгэл өвдмөөр ч юм шиг. Машин нь ч найгүй их юм. Гэхдээ шинэ машин огт харагдахгүй. Замаск нь дарайж хатаад гараад ирчихсэн хуучны автобус голцуу явна. Бид нарт тавчик авах хэрэг болоод багийн менежер бид хоёр зах руу явсан юм. Хоёр хоёр цагдаа дагуулчихсан. Гаднын хүн харахаараа тэд нар сүргээрээ араас дагаад л явна. Гаднын хүмүүс тийшээ бага очдог бололтой. Хаа сайгүй ногоон хувцастай буутай цагдаа нар ширээ тавиад 2,3аараа сууж үзэгдэнэ. Хаана ч явсан Нарантуул дээр байгаа юм шиг тийм л их хүнтэй газар байсан. Аз болж бидэнд ямар ч муу юм тохиолдоогүй эргэн ирцгээлээ. Бангладешаас ирчхээд долоо л хонож байсан юм. Унтаад босоод иртэл нүдэнд минь бүх юм саарал харагдаад байв.Хагассайн өдөр байсан болохоор эмнэлэг явах гэж нэг их яарсангүй. Бүтэнсайн болоход юу ч өөрчлөгдсөнгүй. Ажлын өдрүүд эхлээд л баахан эмнэлгээр явж шинжилгээ өглөө. Ёстой есөн жорын шинжилгээ өгсөн дөө. Сөрөг, сөрөг, сөрөг. Бүгд зүгээр гарав. Өндөр төлбөртэй ч шинжилгээ өгөв, эмч нар ч гайхав. Ерөнхийдөө орой унтаад л өглөө босоод ирэхэд нүд огцом муудчихсан байгаа нь мэдэгдэж байлаа. Яваандаа орой унтахаасаа айдаг болсон. Унтчих л юм бол муудах нь тодорхой. Сүүлдээ нүднээсээ дээж авхуулаад оношлуултал халдвар авсан болж таарлаа. Монголд анхны удаа болохоор эмч нар мэдэхгүй байх нь ч аргагүй байв. Судлаад үзтэл Энэтхэг, Бангладеш улсуудад ийм тохиолдлууд гардаг юм байна. Тэнд шумуул ч их байсан л даа. Тэгээд явсаар 14 хоногийн дараа гэхэд юу ч харахаа больж байгаа юм чинь. Тэр сүүлийн өдрүүдэд би хүүхдүүдийнхээ царайг л аягүй сайн харж авсан.

Унтахаасаа өмнө тэдний царайг тархиндаа сайн зураглаад авъя л гэж бодно. Би жаахан шашинлаг гэх юм уу даа. Үйлийн үр гэдэгт итгэдэг юм. Юм харахаа болилоо гээд сэтгэлээр айхтар унаагүй. "Заза ийм болох юмаа урьд нь хийчихсэн юм байлгүй дээ. Шангаа хүртэж байгаа юм байна" л гэж бодсон. Нэмээд жаахан сониуч юм шиг байгаа юм. Ийм амьдрал ямар байдгийг үзэх нь бас жаахан сонирхолтой санагдсан. Миний төсөөлөл бол "За хараагүй хүмүүс чинь массаж бариа засал л хийх байх даа" гэсэн шүү байгаа шүү дээ. Өөр ойлголт бол байхгүй. Массажист болно гээд л хамгийн анх Хараагүйчүүдийн үндэсний холбоон дээр ирлээ. Өөр шигээ хараагүй хүмүүстэй уулзаж, яаж юу хийж амьдардгийг нь бас мэдэж ч авъя гэж бодсон. Нийгмийн ажилтантай нь уулзах гээд өрөөнд нь ортол нэг ах сууж байна. Тэр хүн хараагүй мөртлөө компьютер дээр шивээд байна шүү. Би бүртгүүлэх болоод гэрийн хаягаа хэллээ, манай хүн шууд компьютер дээрээ бичиж байна. Аймар хурдан. Би гайхаад "Та шивээд байгаа юм уу?" гэсэн чинь "Тийм" гэнэ. Дахиад гайхаад "Компьютер дээр үү?" гэсэн чинь дахиад "Тийм" гэнэ. Тэгснээ бүр "Өө байж байгаарай, би алдчихлаа" гэж мэгээд. Ах компьютер дээр ёстой хусаж өгч байлаа. Егөөтэйгөөр хэлэхэд надад ёстой эвэртэй туулай харсан юм шиг л байсан. Ах сургалтад суугаад л хэрэглээний программ дээр ажилладаг болчихсон юм гэнэ. Зарим нь бүр программ бичдэг гэсэн. Тэнд бүртгүүлээд би сургуульд нь эмчилгээний бариа заслаа ч сурлаа. Надад шал өөр ертөнцөд ороод ирэх шиг санагдсан. Хараагүй нь хараагүйчүүлтэйгээ суух тохиолдол элбэг байдаг юм байна. Залуучуудын яриаг сонсохоор "Хардаг хүнтэй л суучих юмсан даа. Намайг аваад явчихна. Машин тэргээ ч барьчихна" гэж бодох нь бас нэлээдгүй. Над шиг олдмол, замын дундаас хараагүй болсон хүмүүс зөндөө. Төрөлхийн хараагүй хүмүүсийг бодоход би 30 жил харах юмаа харж, хийх зүйлээ гялалзтал хийгээд явчихсан шүү дээ. Шинжлэх ухаан урьд нь ямар байлаа, дахиад хорь гучин жилийн ямар ч байх юм билээ. Би эргээд хардаг болох ч юм билүү гэж бодогдоно.

Энэ бүх шинэ ертөнцийн зүйлсийг мэдэж авах явцдаа би хараагүй хүмүүс ямар спортоор хичээллэдгийг нь судаллаа. Гүйдэг юм байна, жүдо барилддаг юм байна, шатар, морин хуур тоглодог юм байна. За арай ч хөлбөмбөг байхгүй байлгүй дээ, яаж ч тоглох юм гээд би өөртэйгөө яриад байгаа шд. Тэгээд хайсан чинь байж байдаг юм. Судалсан чинь бүр Паралимпын төрөл, дэлхийн аварга шалгаруулдаг гээд айхтар хөгжчихөж. Би гаднаас үнэтэй эм тариа захиж хэрэглээд, хоёр гурван удаагийн хагалгаанд ороод жаахан хараатай болсон юм. Тэгээд том телевизээр тэр хараагүй хүмүүсийн тоглолтуудыг үзэхэд бараа нь бол жаахан харагдана. Тэд их л уран тоглож байгаа санагдсан. Хажууд хамт үзсэн хүмүүс ч  бас бүгд хэлж байгаа байхгүй юу "Гоё тоглож байна гэдгийг нь". Монголд мэдээж хараагүйчүүдийн хөлбөмбөг гэж байхгүй. Би шууд л энэ миний хийх ёстой ажил гэж бодсон. Шинэ он гараад л би Хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбоог байгуулаад өнөөдрийг хүртэл хичээгээд явж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо болон эргэн тойрны хүмүүс бүх талаараа намайг дэмждэг юм. Холбооны маань нэг таньдаг дүү нар чөлөөт цагаараа ирж цалингүй надтай хамт ажиллаж байгаа. Бид хоёр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг авч дугуйлан хичээллүүлдэг юм. Хараагүй хүүхдүүд хөлбөмбөг тоглоно гэхэд хүмүүс итгэхгүй л байсан. Гэхдээ би болно л гэж боддог. Хүүхдүүдэд урам зориг өгөнгөө дуртай юмаа үргэлжлүүлж хийх боломж надад олдсон юм. Бидэн дээр ирдэг хүүхдүүд дунд зарим нь харааны бэрхшээлийнхээ хажуугаар хавсарсан өөр бэрхшээлтэй хүүхдүүд ч байдаг. Хоёр багш яалташгүй багадаад байдаг л даа. Энүүгээрээ нийгэмд танигдаад ирэхийн цагт хараагүй хүүхдүүд хөлбөмбөг тоглож чадаж байна, би хичээвэл ямар их боломж байдаг вэ гэдэг мессежийг хүмүүст өгмөөр байдаг юм. Хүмүүс бид аз жаргалын төлөө яваад л байдаг гэхдээ одоо цагтаа ямар аз жаргалтай байгаагаа анзаардаггүй. Одоо надад хэчнээн их мөнгө байгаад хэрэггүй, би аяллаа гээд юуг ч харахгүй шүү дээ. Би бас тэрийг энэ хөлбөмбөгөөр дамжуулж эрүүл саруул хүмүүст мэдрүүлмээр байдаг юм. Багахан хэмжээний төлбөрөөр байгууллага хамт олноороо манай дээр ирж нүдээ боогоод тоглоод үзээрэй гэж үүнийг унших хүмүүстээ уриалмаар байна.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ