37 жилийн өмнө шинжлэх ухааны төлөө алтан амиа өгсөн 7 баатрыг эргэн дурсахуй

UB Info

37 жилийн өмнө шинжлэх ухааны төлөө алтан амиа өгсөн 7 баатрыг эргэн дурсахуй. Тэдний тийрэлтэт хөлөг Чалленжер дэлхийгээс хөөрөөд 73 секундийн дараа дэлбэрч олон түмэнд уй гашуудал авчирсан билээ. Тэдний зориг, сониуч төлөв байдал, хязгаарыг даван туулах эрмэлзлийг мартах ёсгүй.

1986 оны 01-р сарын 28-нд NASA-ын сансрын хөлөг Чалленжер нь 10 дахь удаагаа сансарт хөөрсөн билээ. Харамсалтай нь энэ тухайн хөлгийн сүүлийн нислэг байсан бөгөөд газраас агаарт хөөрөөд 73 секундийн дараа салан унаж, дотор нь байсан нислэгийн 7 гишүүн бүгд ертөнцийн мөнх бусыг үзсэн юм.

Тэдний дунд NASA-ын 5 сансрын нисэгч, 2 гэрээт мэргэжилтнүүд байсан аж. Ослын шалтгааныг хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүрийн холбогчоос өндөр температуртай хий алдагдсантай холбоотой гэж тогтоосон билээ. Алдагдсан хий нь шингэн устөрөгчтэй байсан танканд хүрч нүх үүсгэсний улмаас танк дэлбэрсэн. Хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүрийн холбогч төхөөрөмжийг ерөнхий болон туслах резин жийргээр ороосон байжээ.

Хөөргөлтийн өдөр харьцангуй хүйтэн байсны улмаас холбоосон дээрх резин жийргэвчийн бэхэлгээ сунах биш гэнэт тасарсан гэдэг. Энэхүү эмгэнэлт явдал нь олон хүний хувьд их хачирхалтай байсан бөгөөд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган пуужин яагаад дэлбэрсэн тухай судалгаа хийх тусгай ажлын хэсэг байгуулсан аж.

Судалгааны дүгнэлтийн тайланд тус нислэгийг хойшлуулах хүсэлтийг төслийн инженерүүд шаардсан бөгөөд хэт эрсдэлтэй байгааг анхааруулсан хэдий ч NASA-ын удирдлагын ажилтнууд хөөргөлт хойшлогдсоны улмаас олон нийтийн дургүйцэл үүсэж засгийн газар болон бусад төрийн албануудаас дарамт, шүүмжлэл хүлээж авахгүй байхыг хүссэнтэй холбогдуулан хөөргөх шийдвэр гаргасан тухай дурджээ.

Чалленжер хөлгийн дэлбэрэлтээс хойш NASA 36 сарын туршид дотроо бүтцийн шинэчлэл хийсэн бөгөөд мөн сансарт хөөрөх үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон билээ.

Эх сурвалж: Бүдэг цэнхэр цэг

САНАЛ БОЛГОХ