Нэг л өдөр бид Улаан нүдэн гараг дээр хөл тавина

UB Info

Нэг л өдөр бид Улаан нүдэн гараг дээр хөл тавина. Гэхдээ хэзээ? гэдэг асуултад НАСА-гийн зүгээс 2039 оныг товлоод байгаа. 

Харин Ангарагт хүрэх зам тийм ч дардан байхгүй. 

Нүсэр их ачаа, хүнс хэрэгсэл, тоног төхөөрөмж, амьдрал тэтгэгч системүүдийг зөөх хэрэгтэй. Мэдээж үүний тулд төдий чинээ эрчим хүч хэрэг болно. Гагцхүү тэр их хэрэгцээг хангаж чадах хамгийн боломжит болоод найдвартай эх үүсвэр нь цөмийн хуваагдлын реактор. Зөөврийн атомын цахилгаан станц гэсэн үг. 

2020 онд Цагаан ордон 10 жилийн дотор Саран дээр 10 киловаттын цөмийн реактор барихыг НАСА-д үүрэг болгосон. 2021 онд Конгресс гараг хоорондын аялалд ачаа болон зорчигч тээвэрт ашиглагдах цөмийн тийрэлтэт цойлуурыг бүтээх төсөлд 110 сая долларыг төсөвлөжээ. 

Угтаа цөмийн реактор бол тийм ч шинэ технологи биш. 

Бид цахилгаан станцаас зэвсэг үйлдвэрлэл, тэр ч бүү хэл Нарны аймгаар нэг тэнэн буй роботуудын зүрхэнд цөмийн хүчийг байршуулж чадсан.  Гэхдээ одоогоор сансарт ашиглагдаж буй РТГ буюу Радиоизотоп Термоэлектрик Генераторууд нь байгалийн жамаар өөрөө цацарч задардаг плутони хэмээх атомын энергийг цахилгаан энерги рүү хувиргадаг. 

Харин энд яригдаж буй асуудал бол хэрхэн цөмийн хүчийг сансарт хөөрөх цойлуурын тийрэх хүч рүү хувиргах вэ? гэдэг юм. 

Үүний тулд НАСА-гийн инженерүүд 2 онцлох шийдэл дээр ажиллаж байна.

  • Цөмийн Дулааны Тийрэлт (NTP)

Одоогийн цойлууруудад өргөн ашиглагдаж буй шингэн устөрөгчийн түлшийг цөмийн урвалаар халаан ионжсон устөрөгчийн хий бүхий плазм болгон хувиргаж түүнийгээ тийрэлтийн хүч болгон ашиглах

  • Цөмийн Цахилгаан Тийрэлт (NEP) 

Ксенон мэтийн инерт хийг ионжуулаад дараа нь цахилгаан соронзон орны тусламжтайгаар хурдасгаж түүгээрээ тийрэлтийн хүч үүсгэдэг ион моторыг эрчим хүчээр хангахын тулд цөмийн реакторыг ашиглах

Харж байгаачлан эхний шат бол газрын гадаргаас сансарт хөөрөх. Гэхдээ илүү хүнд ачаатайгаар. 

Хоёр дахь шат бол сансарт гарсны дараа зорьсон байндаа хүрэх. Гэхдээ илүү хурднаар. 

Учир нь одоогийн байгаа технологиор Ангарагийг зорино гэвэл хамгийн хөнгөн ачаатайгаар хамгийн хурдандаа 6-9 сар аялах болно. Таталцалгүй орчинд ийм удаан аялах нь хүний бие физиологид сөрөг нөлөөтэй. 

/Дашрамд Валерий Поляков хэмээх сансрын нисэгч 437 өдрийг  Зөвлөлтийн Мир сансрын станцад өнгөрөөж байсан бөгөөд Дэлхийд газардахдаа алхаж чадаж байжээ. Буусны дараа түүний хэлсэн эхний үг нь “Ангараг руу явбал явахаар л юм байна.”/

Харин цөмийн тийрэлтэт технологи үр дүнгээ өгвөл энэ аяллыг 45 хоног болтол нь бууруулж чадах аж. Мөн нэг явалтаараа 500-1000 тонн ачаа зөөвөрлөх боломжтой. 

Энэ бол гайхалтай потенциал 

Харьцуулбал 10 жилийн турш угсарсан Олон Улсын Сансрын Станц нийт 420 тонн билээ. Одоо байгаа хамгийн хүчирхэг цойлуур болох SLS нэг удаадаа дээд тал нь 95 тонн даах чадалтай. Харин нэг удаагийн хөөргөлтийн зардал нь 2 тэрбум ам.доллар. 

Тэгэхээр хэрэв цөмийн тийрэлтэт цойлуур болон сансрын хөлөг амжилттай бүтээгдвэл бүтээмж илүү өсч зардал хавь буурах учраас 2039 гэдэг тов улам наашлах төлөвтэй байна.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ