Цагаан сараа хэзээ тэмдэглэх нь зөв бэ?
Жил бүр уламжлал болоод байгаа "цагаан сарын маргаан" эхэлсэнтэй холбогдуулаад "өрсөлдөөнд" орж байгаа календариудын талаар товч тодруулга хийе гэж бодлоо. Ингэхдээ нийгэм, улс төр, шашин болон мухар сүсгийн талаас нь биш, цэвэр техникийн талаас нь илүү анхаарна.
"Цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ" гэсэн маргаан нь "Ямар календарь хэрэглэх вэ" гэсэнтэй адилхан бөгөөд үүнд яг зөв хариулт гэж байхгүй тул бид энэ маргаанд оролцохгүй. Гэхдээ өөрсдийн байр суурийг дор илэрхийлэх болно.
Юуны өмнө ямар ч билгийн календарийг тооцох аргачлал дараах хоёр хэсгээс бүрддэг гэдгийг ойлгох хэрэгтэй:
- А. Нар сарны байрлалыг тооцоолох.
- Б. Энэ тооцоолсон нар сарны байрлал дээрээ үндэслээд жил, сар, өдрөө гаргах.
Манай улсад хамааралтай нэг том бүлэг календарь бол 11-р зуунд Энэтхэгээс Төвөдөд орж ирсэн "Калачакра" буюу "Цогт цагийн хүрдэн" гэдэг судар дээр үндэслэгдсэн календариуд юм. Эдгээр календариудын нар сарны байрлалыг тооцоолдог аргачлал (ө.х. "А" хэсэг) нь хоорондоо яг адилхан, зөвхөн "Б" хэсгээрээ л бага зэрэг зөрдөг бөгөөд энэ бүлэгт манай Төгсбуянт, Төвдийн Пүг, Цүр, Өвөр Монголд мөрдөгддөг "шар зурхай", мөн Бутаны календарь хамрагддаг. Буриад, Тувад Төгсбуянт календарийг, Халимагт Пүг календарийг ашигладаг.
Дээр дурдагдсан календариудын бүх үндсэн өгөгдлүүд 1447 онд зохиогдсон Төвөдийн "Пүг" календарийнхаар явж байгаа. Тэгэхээр энэ өгөгдөл хэр зэрэг нарийвчлалтай юм бэ? гэдгийг авч үзье. Саран арвидах хомсдох үечлэлийн тухайд яривал, Төвд календарь 100 мянган жилд 1 өдрийн зөрөө гаргахаар нарийн өгөгдөлтэй. Өөрөөр хэлбэл Төгсбуянт ч бай Төвд календарь ч бай битүүний сарыг маш нарийвчлалтай хэлж чадна гэсэн үг. Харин эдгээр календарийн жилийн урт бодит утгаасаа 100 жилд 3 өдрөөр буюу 1000 жилд 1 сараар зөрдөг.
Жишээлбэл, Төгсбуянт календарийн цагаан сар 3000 оны үед ихэнхдээ 3 сард, 4000 оны үед ихэнхдээ 4 сард тохионо. Анх тааруулсан 1447 оноос хойш өдий хүрэхэд энэ зөрөө хуримтлагдсаар 17 өдөр орчим болсон байгаа.
Дашрамд сонирхуулахад Төвд календариудын эх болсон МЭ 800 оны үед бичигдсэн "Калачакра" сударт бол жилийн уртын зөрөө дээрхээс бараг 2 дахин бага, харин сарын үечлэлийн хувьд 2500 жилд 1 өдрийн зөрөө гаргахаар байдаг. Ийм эртний, ялангуяа гол зорилго нь одон орны биш судрын хувьд бас л гайхмаар нарийвчлал. Энд нэг зүйл онцолж хэлэхэд аливаа календарь нь тооцох аргачлалаараа тодорхойлогдох тул «календарь алдана» гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн тухайн нэг календарь бидний шаардлагыг хангаж байна уу, бидний шаардлага ер нь юу юм бэ гэсэн асуудал л яригдах ёстой.
Төвд календариудаас одоогийн Хятад календарь ямар ялгаатай юм бэ гэвэл: (A) нар сарны байрлалыг ажиглалтаар тогтоодог, өөрөөр хэлбэл бодит нар сарны байрлал дээр түшиглэдэг, мөн (Б) өдөр сараа тооцохдоо Төвд календариудаас арай өөр аргачлал ашигладаг. Нар сарны байрлалыг бодит нар сарныхаар авдаг календарийг «астрономийн календарь» гэдэг.
Үүнтэй харьцуулахад Төгсбуянт календарь нь нар сарны байрлалыг тооцоолохдоо урьдаас тогтсон аргачлал ашигладаг тул "хагас астрономийн календарь" болно. Астрономийн календариудын нэг давуутай тал нь ямар нэг тогтсон аргачлалд уягдаагүй, байрлалаа нарийн л тооцож байвал ямар ч аргачлалаар тооцоолж болох эрх чөлөөтэй. Нөгөө талаас, бодит нар сарны хөдөлгөөнийг нарийн тооцоход илүү хүнд тооцоо хийх хэрэгтэй болдог.
Хятад календарийн энэ "модуляр" шийдлийг Католик шашныг дэлгэрүүлэх зорилготой Бээжинд амьдарч байсан Германы одон оронч Адам Шалль фон Белль боловсруулсан бөгөөд 1645 онд Манжийн "Эеэр засагч" хааны тушаалаар Чин гүрний албан ёсны календарь болсон юм. Энэ календарийг одоо Хятад, Солонгос, Вьетнам болон Рюкю арлынхан өөр өөрсдийн газарзүйн байрлалд тохируулан хэрэглэж байна. Манжийн хаан Европын эрдэмтнээр шинэ календарь зохиолгосон нь тэр үеийн Хятадын зурхайчдын албан тушаал эцгээс хүүд өвлөгддөг байснаас тэдний чадвар шалдаа бууж, өмнө нь мөрдөгдөж байсан Хубилай хааны бий болгосон календарийг ойлгож тооцоо хийх хүн байхгүй болсон байсантай холбоотой.
Монгол улс билгийн тооллоо ямар календариар тоолох вэ гэдэг асуудлаар бидний байр суурь гэвэл яаруу сандруу шийдэл гаргалгүйгээр, нэгэнт мөрдөж ирсэн Төгсбуянт календариа шинэчилтлээ ойрын хэдэн жилдээ дагах нь зүйтэй.
Шинэчлэлийг яаж хийх вэ гэвэл Төгсбуянт календарийн "А" ба "Б" хэсгийг ялгаж салгаж тодорхой болгоод, "А" хэсгийг нь бодит ажиглалтаар солих замаар астрономийн календарьд шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр одоогоор хуримтлагдаад байгаа 17 өдрийн зөрөөг арилгаад зогсохгүй ирээдүйд дахиад хэзээ ч засвар хийх шаардлагагүй болно. Мөн Төгсбуянт календарийн «Б» хэсэг нь Хятадынхаас ялгаатай тул Хятад календариас заримдаа зөрдөг, Төгсбуянт календарийн үндсэн санааг хадгалсан өвөрмөц календарь гарч ирнэ.
Эцэст нь дээр дурдагдсан зарим календарийг түүхийн талаас нь жаахан тодотгоё.
- Төвөдөд бүр дээр үеэс 12 жилээр оноо тоолдог Хятадаас санаагаа авсан календарь ашиглагдаж байсан. Ингээд 1027 онд Калачакра судар орчуулагдсан гэгддэг боловч нэг их өргөн дэлгэрэхгүй байсаар Монголын эзэнт гүрний үетэй золгож, Калачакраг мөрддөг байсан Пагва лам Хубилай хааны «багш» болсноор энэ календарийг эзэнт гүрэн даяар биш юм аа гэхэд Төвдөд дэлгэрүүлэх зам нь нээгдсэн гэж үздэг.
- Төгсбуянт календарийг Сүмбэ Хамба Ишбалжир гэдэг хүн Пүг календарь дээр үндэслэн зохиож, 1786 оноос эхлэн мөрдсөн. Энэ календарь 1747 оноос буюу 13-р жарны улаагчин туулай жилээс эхэлдэг. Сүүлд 1911 онд Төгсбуянт календарийг Богд хаант Монгол улсын албан ёсны тоолол болгож зарласан гэдэг. Үүнээс өмнө яг ямар статустай байсан талаар баттай мэдээлэл бидэнд алга байна.
- Өвөр Монголын шар зурхай гэдгийг (фон Беллийн зохиосон) Хятад календарьтай андуурч болохгүй. Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан (1711-1799) Төвөдөөс олон лам урьж Хятад календарийн тухай номуудыг Төвд хэл рүү орчуулах ажил эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд (А хэсэг нь) Калачакра дээр үндэслэгдсэн боловч өдөр сараа тооцохдоо (өөрөөр хэлбэл Б хэсэг нь) Хятад календарийн зарчмыг ерөнхийдөө дагадаг тийм календарь бүтээгдсэн. Үүнийг шар зурхай гэдэг.
- Хятад календарь мөн эртний түүхтэй. Үүнээс нэг сонирхолтой хэсгийг дурдвал, Юань гүрнийг байгуулсныхаа дараа Хубилай хаан олон том суваг шуудуу, далан барих ажлыг гүйцэлдүүлэх үеэрээ Го Шоуцзин гэдэг залуу эрдэмтнийг ихэд үнэлж, өөрийн зөвлөхөө болгосон байна. Тэгээд түүнд тэр үеийнхээсээ илүү нарийн календарь зохиох тушаал өгч, тэр ажилд нь зориулж Хятад даяар одон орны 27 оргил бариулжээ. Эдгээр оргилууд болон өөрийн зохион бүтээсэн олон шинэ багаж төхөөрөмжийн ачаар Го Шоуцзин нарны жилийн уртыг 26 секундийн нарийвчлалтай тодорхойлсон байна. Ингээд тэр 1280 онд өөрийн зохиосон шинэ календарийг Хубилай хаанд өргөн барьсан бөгөөд дараа жилээс нь эхлэн энэ календарь Юань гүрэн даяар мөрдөгдөж, 1645 он хүртэл Юань, Мин болон Чин улсуудын нийтийн календарь байсан аж. Энд фон Беллийн календарь нь Го Шоуцзины календарийн, Го Шоуцзины календарь нь өмнөх календарийнхаа үндсэн элементүүдийг авч сайжруулах гэх мэтээр явж ирсэн учраас бүгдийг нь нэг ерөнхий «Хятад календарь» гэсэн юмны хөгжлийн үе шатууд гэж үзээд байгаа юм.
Нийтлэлийг бичсэн: Проф. Др. Ц.Гантөмөр
Төгсбуянтын календарийн цаана ямар тооцоо байдгийг сонирхвол: t8m8r.wordpress.com
Ашигласан ном хэвлэл:
- Helmer Aslaksen. The mathematics of the Chinese calendar. www.math.nus.edu (retrieved January 2017)
- Alexander Berzin. Tibetan astrology: History and lineages. www.studybuddhism.com (retrieved January 2017)
- J.J. O'Connor and E.F. Robertson. Guo Shoujing. www-history.mcs(retrieved January 2017)
- Edward Henning. Kalacakra and the Tibetan calendar. Columbia University Press. 2007 (www.kalacakra.org)
Svante Janson. Tibetan calendar mathematicsarxiv.org 2014 (retrieved January 2017)
Эх сурвалж: Gej Yu Ve ?- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй