Хиймлээр бүтээгдсэн хүний тархи амжилттай туршигдлаа

UB Info

Сүүлийн үед үүдэл эсээс эрхтэн ургуулах биотехнологи эрчимтэй хөгжөөд байгаа. Энэ нь анагаах ухааны салбарт олон шийдлийг авчрах потенциалтай. Ялангуяа хүний арьс болон өөхнөөс үүдэл эс гаргаж аваад түүнийгээ аль нэг эрхтэн эсвэл өөр нэгэн эс болгон хувиргах боломжтой болсон.

Лабораторийн орчинд тархи, зүрх, элэг, уушги, бөөр, ходоод, нүд, судас тэр ч байтугай үсний угийг хүртэл хиймлээр амжилттай бүтээсэн. 

Эдгээр хиймэл эрхтнүүдийг шууд орлуулан суулгахын оронд эхлээд төрөл бүрийн клиник туршилтыг хийх хэрэгтэй. Одоогоор аливаа өвчний урвал, ямар нэгэн эмийн үйлчилгээ болон хариу үйлдлийг хэмжих байдлаар түлхүү ашиглагдаж байгаа.

Гэхдээ хэзээ нэгэн цагт эдгээр эрхтнүүдийг шилжүүлэн суулгах цаг ирнэ.

Гэхдээ хэзээ? 

Мэдээж иймэрхүү ажиллагааг хүн дээр хийхээс өмнө эхлээд амьтан дээр турших хэрэгтэй. Өнгөрсөн оны 10 сард Станфордын эрдэмтэд хүний хиймэл тархины хэсгийг хулгана дээр амжилттай суулгаж чадсан.

Үр дүнд нь хүний эсүүд хулганы мэдрэлийн эсүүдтэй холбогдож чадсаныг нь хэмжсэн. Харин бүр илүү боловсронгуй нэгэн судалгааг Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд хийжээ.

Тэд хулганад суурилуулсан хүний хиймэл тархи өдөөх үйлдэлд хариу үйлдэл үзүүлснийг хэмжсэн байна. Тэд уг хэмжилтийг 2 янзаар хийжээ. Эхлээд шилжүүлэн суулгасан эрхтний ойролцоо графен бүхий электротыг суурилуулсан байна. Энэ нь хүний тархи болон хулганы эд эсүүд хооронд өрнөх холбоосыг буюу мэдрэлийн эсийн цахилгаан идэвхжилийг хэмжжээ.

Дараа нь тархийг микроскопоор дурандаж үзэхэд хулганы судсууд хиймэл эрхтнийг хүлээн аваад тэдэн рүү цус дамжуулах буюу хүчилтөрөгчөөр хангаж байгааг нь ажиглажээ.

Тэр ч бүү хэл хагалгаанаас 3 долоо хоногийн дараа хулганы эрүүл мэндийн байдал хэвийн байсан бөгөөд хулгана руу гэрэл тусгах үед тархины эсүүд мэдрэлийн дохиог хүлээн авч байсан байна. 11 долоо хоног өнгөрөхөд зочин эрхтэн эзэн биед бүр илүү идэвхитэй, харилцан ашигтай ажиллаж байгаа нь ажиглагджээ.

Судалгааны багийнхан цаашдаа маш олон эмчилгээний түлхүүр болж мэдэх потенциал бүхий энэ технологио улам хөгжүүлээд мэдрэлийн эмгэгүүдийн загварчлалыг гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ