Задгай далайд хаягдаж 49 хоногийн турш хоолгүй амьдарсан 4 орос цэргийн түүх
Энэхүү эр зоригийн гайхалтай түүх тухайн цаг үедээ дэлхий нийтийг бүхэлд нь цочирдуулсан юм. Үүний үр дүнд Зөвлөлтийн дөрвөн залуу алба хаагч жинхэнэ баатрууд болжээ. ЗХУ 1960 оны 1-р сард Курилын арлуудын ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилт явуулсан бөгөөд арга хэмжээнд оролцогчдын дунд Т-36 гэх жижиг усан онгоц хөлөглөсөн цэргүүд байсан аж. Усан онгоц зөвхөн ачаа хүргэх үүрэгтэй ба баг нь дөрвөн гишүүнээс бүрдэж байв.
Одоогоос 61 жилийн өмнө буюу 1960 оны 1-р сарын 17-нд энэ үйл явдал болжээ. Итуруп аралд усан боомт байгаагүй учир онгоцнуудыг замын хажуугийн төмөрт бэхэлдэг байсан гэнэ. Гэтэл Итуруп арлын ойролцоо гэнэтийн шуурга болж, Т-36 ачааны онгоцыг далайд гаргасан байна. Ингээд тэд 49 хоногийн турш далайн эргээс алс хол зайд хөвсөн юм.
Багийн гишүүдэд 21 настай бага түрүүч Асхат Зиганшин, 20 настай Анатолий Крючковский, Филипп Поплавский, Иван Федоров нар багтжээ. 1-р сарын 18-ны өглөө экипаж үлдсэн түлшээ шавхан, Итурупын буланд хүрэхээр хичээсэн боловч түлш нь дуусаж, ямар ч аргагүй задгай далайд туугдан одсон байна.
Энэ үед эх газраас тэднийг хайх эрлийн ажиллагааг зохион байгуулж эхэлсэн боловч 1-р сарын 18-ны өдөр аврах анги Т-36 онгоцноос унасан хэд хэдэн хэсгийг эргийн ойролцоогоос олоод, ачааны онгоцыг сүйрсэн гэх дүгнэлтэд хүрч, аврах ажиллагааг зогсоожээ.
Гэтэл үнэндээ Т-36 онгоц далайд өмнө зүг рүү чиглэн хөвсөөр байв. Түрүүч Зиганшин багаараа өлсөж үхэхгүйн тулд онгоцон дээрх үлдэгдэл хүнсийг бүртгэн тооцож эхэлсэн байна. Эдгээр нь хоёр уут төмс, нэг талх, хагас кг гахайн өөх, нэг лаазалсан мах, нэг данх ус, нэг кг орчим шар будаа, вандуй зэрэг л байсан аж. Ууттай төмс далайн давалгаанд цохигдсон хөлгийн шалаар өнхрөхдөө түлштэй холилдсон байв. Ундны ус болох 2 савтай усаа далайд алдсан тэд хөдөлгүүрийн хөргөлтийн системд ойролцоогоор 120 литр усыг уух арга л үлдсэн байна. Эдгээр зүйлс л багийн гишүүдийн цорын ганц итгэл найдвар болжээ.
Тэд төвөөс өөрсдийг нь хурдан олж чадахгүйг таамаглаж байсан тул хоол хүнсээ хэмнэх хатуу дэглэмийг мөрдөж эхэлсэн аж. Ингэж гэм нь л тэдний амьд үлдэх арга цөхөрсөн хүсэл биелэлээ олох байв.
Харамсалтай нь 2-р сарын 23-нд хоол нь бүрэн дуусжээ. Тэд цөхрөнгөө барж, арьсан бүс, баян хуураа ч идсэний дээр Саван, шүдний оо хүртэл амсаж үзсэн байна. Загас барихаар оролдсон боловч бүтэлтэй болоогүй бөгөөд аварга загас жадаар зоож алах гэсэн оролдлого нь ч бүтэлгүйтсэн аж.
Тэдний "аялал" нийт 49 хоног үргэлжилснээр тэд Итуруп арлаас 1700 км хол хөвсөн байв. 3-р сарын 7-нд цэргүүд хөдлөх ч тэнхээгүй болж, туйлдаа тулсан үед азаар Америкчууд тэднийг олжээ.
Тухайн үед багийнханд ердөө хоёр шүдэнз, гурван шилтэй борооны ус үлдээд байсан гэнэ. Хүн нэг бүр нь 20-30 кг турж, цөхөрч туйлдсан залуусыг нисдэг тэргэнд суулгаж, Кирсарге хөлөг онгоц руу хүргэжээ.
Америкчууд цэргүүдийн аминд орсноор барахгүй, үс зүсийг нь засаж хүн төрхөө эргэн олоход нь тусалсан байна. Залуус мөн засал авахаасаа хэдийн оройтсон Т-36 онгоцтойгоо салах ёс гүйцэтгэн живүүлсэн гэнэ. Мөн цэргүүдэд АНУ-ын тал орогнох боломж өгсөн ч тэд саналаас шууд татгалзсан аж.
Гагарины сансрын нислэг хүртэл Т-36-тай дөрвөн залуугийн түүх Зөвлөлт даяарх бараг хамгийн халуун сэдэв байлаа. Эдгээр 4 цэргийн эр зоригийг магтсан дуу, шүлэг хүртэл гарсан бөгөөд тэднийг радио, телевизүүд урьж ярилцлага авч байсан гэнэ. Улсаас нь тэдний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Улаан Тугийн одонгоор шагнасны зэрэгцээ Ленинградын ойролцоох Тэнгисийн цэргийн сургуульд урьсан байна. Ийнхүү тэд цааш урт удаан, энх саруул амьдралыг туулсан юм.
Харамсалтай нь, өдгөө Анатолий Крючковский багийн нөхдөөсөө ганцаар үлдсэн бөгөөд тэрбээр 1-р сард 80 насны ойгоо тэмдэглэжээ.
Эх сурвалж: Menza river training camp
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй