НАСА шинэ сансрын хувцасны загвараа танилцууллаа

UB Info

НАСА "Спейс Шаттл" хөтөлбөрөөс хойш буюу 40 жилийн турш сансрын хувцасны загвараа шинэчлээгүй. Харин 2025 онд Саран дээр газардах Артемис-3 даалгаварт зориулан шинэ загварын сансрын хувцас бүтээснээ танилцууллаа.

Артемис хөтөлбөрт зориулан бүтээгдэх шинэ сансрын хувцсанд НАСА-гаас 1 тэрбум доллар төсөвлөгдсөн байсан. Үүний 420 саяыг нь тэд өөрсдийнхөө бүтээх загвартаа зарцуулсан ч үр дүн нь хангалтгүй байсан тул хувийн компаниудад тендер зарласан юм. 

Өнгөрсөн жилийн 7 сард уг тендерт "Axiom Space" хэмээх компани шалгарч 228 сая долларын гэрээг хийсэн билээ. 

Шаардлагатай судалгааны өгөгдлөө НАСА-гаас авсан Axiom Space-ийн бүтээсэн энэхүү сансрын хувцас нь хөдлөхөд илүү эвтэйхэн, аюулгүй байдал сайтар хангагдсан, шинэ төрлийн технологиор тоноглогдсон.

Шинэ хувцасны онцлог нь: 

  • Хүний биеийн хэмжээнд зориулан хувцасны хэмжээг нь бас тохируулж болох буюу дахин ашиглагдахуйц.
  • Хойшоо алхаж болно, гараа мөрөөрөө бүтэн эргүүлж болно. Сарны гадаргууд олон цаг ажиллах нь сансрын нисэгчийг ядраах тул биед эвтэйхэн байх нь маш чухал.
  • Илүү тухтай бас нарийн хийц бүхий шинэ бээлийг бүтээжээ.
  • Хойд цүнхэнд нь хүчилтөрөгч, дулаан тэнцвэржүүлэгч, ус болон хоол гэх мэт амьдрал тэтгэгч систем байрлаж байгаа. Гэхдээ илүү дэвшилтэт.
  • Дуулганы дээр гэрэлтүүлэг болон камер суурилуулжээ. Ингэснээр Дэлхийгээс сансрын нисэгчийн үйлдлийг үзэх боломжтой.
  • Хувцасны ул хэсэг нь дулаан тусгаарлагчтай.
  • Сансрын хувцас нь гэрлийг ойлгох, хэт халуунаас хамгаалах зорилгоор цагаан өнгөтэй болно. Гэхдээ урьдал загвар учраас хар өнгөтэй харагдаж байгаа. 

Урьдал загвар нь Жонсон Сансрын Төв дээр 1 жилийн турш хяналт, шалгалт, хөгжүүлэлтэд орох юм байна. 

2025 онд НАСА Сарны өмнөд туйлд анхны эмэгтэй болон анхны өнгөт арьст хүмүүсийг буулгах төлөвлөгөөтэй. Түүнээс өмнө шинэ сансрын хувцас төстэй нөхцөлд туршигдах буюу ядаж задгай сансарт гарах хэрэгтэй байгаа. 

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ