Музейн аяллын тэмдэглэл: Сансрын хөлгүүдийн жинхэнэ эх хувь

UB Info

АНУ-аас мэндчилгээ хүргүүлж байна! Сайн байцгаана уу, молекулууд аа! 

Өнөөдрөөс эхлээд бага багаар музейн аяллын тэмдэглэлүүдээ оруулж эхэлж байна. Эхний тэмдэглэлээрээ АНУ-ын Виржиниа мужид байрлах Steven F. Udvar-Hazy Center дээр очиж үзсэн сэтгэгдэл болон зарим онцлох үзмэрийн талаар танилцуулъя. 

АНУ-ын нийслэл Вашингтон ДС бол музейд дуртай хүмүүсийн диваажин гэмээр л хэдэн хоног яваад дуусахгүй олон музейтэй хот байдаг. Миний хувьд өмнө нь очихдоо Сансрын музейд байдаг планаторыг үзэж амжаагүй учраас дараагийн удаа заавал очиж үзнэ гэдэг зорилготой гарсан ч засвартай байж таараад үзэж мөн л чадсангүй. Гэхдээ түүнийхээ оронд Вашингтон ДС-ээс чүт зайтай байрладаг Steven F. Udvar-Hazy Center-ийг зорьж очсон маань амьдралдаа хэзээ ч мартахааргүй дурсамж болж үлдлээ.

Стивен Ф. Удвар-Хейзигийн музей нь маш олон нисэх онгоц, сансрын хөлгүүдийн жинхэнэ эх хувийг хадгалдаг том музей юм. Дотор ормогц л хаанаас эхлэх, юу үзэхээ мэдэхгүй, хаашаа л харна аварга том онгоц, сансрын хөлгүүд харагддаг их сүрдэм газар байсан. Нэг өөрөө тойрох гэж үзээд болохгүй болохоор нь тайлбарлагч дээр нь очоод юунаас нь эхэлж үзэх вэ, таны дуртай үзмэр юу вэ гэж асуугаад яриа эхлүүллээ. Нүд нь гялалзаад л намайг дагуулаад шууд онгоцнуудын хэсгээс үзүүлсэн. Гэтэл тайлбарлагч өвөө маань ёстой л амьд түүх гэдэг шиг хүн байж таарсан. Дэлхийн Хоёрдугаар дайны үед сөнөөгч онгоцны нисэгч байсан, тэгээд тэтгэвэртээ гараад сайн дурын тайлбарлагч хийж байгаа гэж хэлсэн юм. Музейд байгаа бүх онгоцны загваруудыг үзүүлээд, юу ч мэдэхгүй надад хүртэл сонирхол татахуйц тайлбарлаж өгсөн. Нэлээн явж байгаад том үзмэрүүд дунд сүртэй ялгарч харагдахааргүй нэг жижиг саарал онгоцны урд зогсов. Ямар учиртай онгоц вэ гэтэл Хирошима хот дээр анхны цөмийн бөмбөгийг унагасан Энола Гей онгоцны эх хувь нь байсан юм. Унагасан цөмийн бөмбөгнөөс нь болж учирсан хор хохиролтой нь харьцуулахад өчүүхэн жижигхэн онгоц юм даа гэж бодогдож билээ. 

Тайлбарлагч өвөө маань онгоц л сайн мэдэх учраас сансрын үзүүлэн дээр өөр хүн дээр очсон нь дээр байх аа гээд цааш явуулсан ч өөр тайлбарлагч олдоогүй юм. Гэхдээ хамгийн сонирхож байсан хэсэг дээрээ хүрээд ирсэн болохоор баяртай нь аргагүй бүх үзмэрүүдийг нь үзсэн. Эдгээр дундаас хамгийн онцлох үзмэр нь 30 жилийн турш NASA-д үнэнчээр зүтгэсэн Дисковери сансрын хөлөг байсан. Зураг дээр харагдаж байгаагаасаа асар сүрлэг, зөвхөн хөдөлгүүрийнх нь ард зогсоход л өчүүхэн жижиг санагдуулахаар байсан. Хөлгийн гадна талд нь байгаа дулаалга шиг материал нь сансрын нисэгчдийн хувцастай ижил материалаар хийгдсэн байдаг. Агаар мандалд нэвтэрч орох үед үүсэх үрэлтийн хүч, халалтаас хамгаалах гэж галд тэсвэртэй ижил материалаар хийдэг юм байна. Дисковери хөлөг маань 30 жилийн турш сансарт даалгавар биелүүлэхдээ 240 сая километр замыг туулж, 250 гаруй сансрын нисэгчдийг тээж, бас бидний сайн мэдэх алдарт Хаббл телескопыг сансарт хүргэж байсан билээ. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн хамгийн амжилттай сансрын хөлгүүдийн нэг гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. 

Зураг авахдаа жаахан тааруу учраас зургийн чанарт хүлцэл өчье. Цаашид өшөө олон музейгээр зорчсон сонирхолтой тэмдэглэлүүдээ оруулна аа!

Эх сурвалж: Бүдэг цэнхэр цэг

САНАЛ БОЛГОХ