Дампуурсан нь

UB Info

Том хүү гараад удаагүй байлаа. Хүү гартал бид хоёр яггүй хуримтлалтай болсон байв. Нэг найзтайгаа хамтарч өөр бизнес хийгээд бага зэрэг алдагдалд орсон ч байдгаа барчхаагүй байлаа. 

Тухайн үед Toyota cresta гэж машин таван сая төгрөг. Үнэтэй машин авч унах уу, яах вэ гэж бодож байгаад больсон. Тэгээд нөгөө алдартай анхны экселээ хямдхан авлаа. Хааяа таксинд явна. Явсан километр бүрээ мөнгө гэж хараад л миний характерт тохирохгүй ажил юм билээ. 

Эхнэр оюутан тул хүүхдээ харах ажлыг 6 сар хүртэл хэсэг хийв. Хуруу хумсаа хуйхалж олсон нөгөө таван төгрөг чинь багасаад л байгаа. Бид гурав Хужирбуланд амьдарна. Тухайн үед өнөөгийнх шиг олон айл байсангүй, замын урдуураа хаалтгүй, хөдөө зуслан маягтай сайхан газар байв. Бид 2 хашаандаа худаг гаргаад ногоо тарьчихсан. Худгийнхаа усыг шинжилгээнд өгөөд уухад асуудалгүй гээд дүгнэлт авчихсан бас. Наран цэцэг нь цонх таглахаар л өндөр ургасан юм даг.

Эхнэрийн хичээл тарлаа. Одоо юу хийх вэ гэж шөнөжин бодож хононо. Тэгж байгаад бид хоёр нэг мэргэн санаа оллоо. Хөдөөнөөс хонь, ямаа авчирч заръя. Зуны дэлгэр цаг хүн болгон шөл уухыг хүсэж байгаа. Хонь, ямаагаа очиж авлаа. Түнхэлээс Батсүмбэрээр дайрч Гүнтээр давуулаад, Бэлх Улиастай, Хужирбулан туув. 100км газар нэг шөнө бороонд дэлбэ нүдүүлээд л орж ирж билээ. Явган шүү дээ. 

За тэгээд зуу гаруй хонь, ямаа зарах нүсэр ажил эхлэв ээ. Анхны бизнес төлөвлөгөө нь бол 7 хоногийн дотор зараад л цөм хийнэ гэсэн бодолтой. Байдаггүй дээ. Тооны машин дээр овоо л байх шиг харагдаад байсан үхсс. 

Тэр үед өнөөгийнх шиг сошиал медиа гэж байсан биш. FM, телевизээр л зар өгнө. Сонинд өгнө. Улс амьтан залгах юм аа. Гэм нь манай Хужир булан сүлжээ муутай. Утас дуугарахаар л байшингийнхаа орой руу авирна. Пээ өдөрт хэд ч авирдаг байв. Ум хумгүй сандарч авираад л байна уу гэхээр нөгөө Болдоо, Тэмка хоёр гудамжны утаснаас шал дэмий залгаад чаана. Юу байна ч гэх шиг. Хонь байна аа л гэнэ ш дээ. Өө сайхан шинэ шөл ууя гээд ирнэ нтр.

Нөгөө зуу гаруй хонь, ямаа чинь явдаггүй дээ. Харсаар байж тураагаад алчхалтай нь биш. Өдөрт хүүгээ мөрөн дээрээ суулгаад хонио тууж гаргаад л хариулна. Улиастай, Хужир булангийн тийшээ сайхан мөөг ургана. Орос авгай нар ирж их түүнэ. Өө хамт мөөг түүнэ. Түүсэн мөөгийг нь Оросууд худалдаад авчихна.

Мал маань наадмын үеэр жаахан зарагдаад тэгээд л таг. Сар гаруй боллоо. Би малаа хариулсаар л байгаа. Би ч мал боллоо. Юм юм л бодогдоно. Юу вэ УБ хотод хонь хариулаад. Угаасаа хөдөө амьдрахааргүй залхуу гээд сургууль соёлд явсан этгээд малчин болчихлоо гэж үү. Цаашид яаж амьдарна даа, гэхээс нойр хүрэхгүй.

Эхнэрийн тарьж ургуулж байгаа ногоог нь оройд нөгөө хэдэн хонь, ямаа идэх гэж зовооно. Ядаж байхад шөнө хулгайч тайван байлгахгүй.  Нэг талаар нь хонь хулгайлж буй мэт худлаа дүр эсгээд л нөгөө талаар нь мотоциклоор шүүрээд л зугтдаг байлаа ш дээ. Үнэн зэрлэг. Овоо хэдэн хонь хулгайд алдсан. Өдөр нь хариулаад шөнө нь манаж хонодог, бүр хогийн ажилтай болов оо. Мөн ч их гутарсандаа. 

Зараа өөрчиллөө. Ерөөсөө танайд хонийг гаргаад, эвдэж янзлаад, цэвэрлээд хүргээд өгнө гээд л тавилаа. Хүмүүс ойлгодоггүй дээ. Ярихын хувьд бол ярих юм. 

Үхсэн мал зарах гээд байгаа юм уу, чамд яаж итгэх юм гээд л. Мэдээж овоо хэдийг зарсан. Гэхдээ маш хүндрэлтэй нөхцөлтэй. Гурван захиалга тутмын 2 нь пэйлддэг  байлаа ш дээ. Утсаа тасална, махаа авчихсан гэнэ, голж шилнэ, хямдруулах гэж үзнэ. Явж явж манайхан бас муухай ш дээ. 

Одоо бодоход банкны систем, сошиал медиа, хүний хөгжил, зам харгуй гээд цаг нь болоогүй л байсан юм билээ. 

Тухайн үед түгжрэл бага байсан болохоор хүмүүсийн хандлага ч өөр байсан байх. Гэтэл өнөөдөр энэ төрлийн хүнсний хүргэлтийн бизнес давгүй л яваа харагдана.

Үлдсэн хэдэн хонь ямаагаа ченжид өгч байж далдруулсан. Үндсэндээ дампуурсан. Яах вэ алдагдал нь мөнгө, ашиг нь туршлага. Гэхдээ туршлага нь арай өөр. Мөнгийг олж болно. Зөв зарцуулах нь ухаан. Орлого оройгүй байлаа гээд зарлага ёроолгүй байхад ямар ч үр дүнгүй. 

Тэр пайникнаасаа гарч чадахгүй дэлгүүрт хүнсний өр тавих гэх мэт бүтэл муутай олон дурсамж байдаг. Жорлонд унших номд хэд хэдэн бичвэр бий.

Том хүү гарах хүртэл эхнэр бид хоёр өдрийн 100,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг байлаа.

Одоогоос 17-18 жилийн өмнө шүү дээ.

Эх сурвалж: Шагж Гэлэн

САНАЛ БОЛГОХ