Сонсох мэдрэхүйн молекул механизмын учрыг тайллаа

UB Info

Чихэн дотор оршдог, хүний сонсох мэдрэмжийг хариуцдаг, өдийг хүртэл нууцлаг байсан уургийн цогцолборын бүтцийг нь ил болгожээ.

Суурь молекул механикийн хувьд судлагдаагүй үлдсэн цор ганц мэдрэлийн систем бол сонсголын мэдрэхүй байлаа. Өдийг хүртэл судлагдаж чадаагүйн шалтгаан нь эл уураг нь хүний чихэн дотор асар бага хэмжээнд оршдог аж. Харин судалгааны багийнхан судалгаа хийхэд хангалттай хэмжээний уургийг цуглуулахын тулд маш сонирхолтой нэгэн аргыг сэджээ.

Хүмүүс бидний хүрэх мэдрэмжийг хариуцдаг уургийн цогцолбортой маш ижилхэн бүтэцтэй 60 сая ширхэг хялгасан хорхойг үржүүлсэн байна. (Caenorhabditis elegans)

Уг судалгааг явуулсан багийн ахлагч Орегоны Эрүүл мэнд ба Шинжлэх ухааны Их сургуулийн биохимич Сара Кларкийн хэлж буйгаар: “Хялгасан хорхойнуудыг үржүүлэх мөн шаардлагатай уургийг оновчтой ялган авах аргыг боловсруулахын тулд багагүй жилийг зарцууллаа. Шантармаар, бууж өгмөөр мөчүүд олон тулгарсан хэдий ч бид чадлаа” гэжээ.

Судлаачид ерөнхийдөө ийм трансмембран суваг бүхий TMC1 гэдэг нэртэй уургийн 1-р цогцолборыг сонсох мэдрэхүйд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг гадарладаг байсан боловч яг тодорхой шийд хэлж чадахгүй байсан юм.

Nature сэтгүүлд хэвлэгдсэн энэхүү шинэ судалгааны ачаар уг уургийн цогцолбор нь дотоод чихний хялгасан хөдөлгөөнөөс хамааран нээгдэж хаагддаг, суналтад мэдрэмтгий ион суваг байдлаар ажилладгийг нь мэдэж авчээ. 

Чих рүү орж буй дууны долгион эхлээд хэнгэргийг нүдэж, дараа нь дотоод чихэнд байрлах алх, дөрөө, дөш хэмээх хүний биеийн хамгийн жижиг 3 ясыг хөдөлгөөнд оруулдаг. Уг угсраа яснууд нь дотоод чихний үзүүрт байх дун хэмээх нэртэй үнэхээр дунтай төстэй хэлбэртэй эрхтнийг доргиодог бөгөөд уг доргилтоос дун дотор байрлах stereocilia нэртэй хялгасууд хөдөлгөөнд ордог.

Уг хялгасууд хөдлөх тоолонд нээгдэж хаагддаг, мөн үүнийг сонсголын мэдрэхүйн код болгон тархи руу дохиол илгээдэг систем бол TMC1 уургийн цогцолбор юм. Судалгаанд оролцоогүй ч салбарын бусад эрдэмтэд уг нээлтийн талаар маш баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

“Сонсголын мэдрэл судлал энэхүү нээлтийг олон жил хүлээсэн. Одоо нэгэнт үр дүнгүүд тодорхой болсон учраас цаашдаа сонсголын бэрхшээлийг анагаах, мөн холбоотой бусад эмчилгээг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээж байна.

Сонсголын бэрхшээл, дүлийрэх өвчин нь Дэлхий даяар 460 сая хүнийг хамраад байгаа юм байна. Эрдэмтэд болон судлаачид сонсголын суурь механизмыг сайтар ойлгосноор зарим асуудалд шийдэл олох, эмчилгээг хөгжүүлэх тал дээр хувь нэмрээ оруулах байх аа гэж найдаж байна.

Үндсэн судалгаа Nature сэтгүүлд хэвлэгджээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ