Гаа яагаад сэрүүцэх мэдрэмжийг өгдөг вэ?

UB Info

Гаатай чихэр хүлхэх ч юм уу, гаатай бохь зажилсны дараа амьсгаа авахад, эсвэл ус уух үед илүү сэрүүхэн, хүйтэн болсон мэт мэдрэмж төрдөг. 

Тэгвэл яагаад?

Учир нь гаа нь ментол хэмээх органик нэгдлийг агуулдаг. Тэгээд энэ нэгдэл нь амны хөндийд байх дулаан мэдрэгч уургийг хөдөлгөөнд оруулдаг. Эсийн хананд байх ионуудын хөдөлгөөнийг зохицуулдаг эдгээр дулаан мэдрэгч уургууд нь зарим өдөөгчийн өөдөөс хариу үйлдэл үзүүлдэг. Яг л түлхүүрээр хаалга онгойлгож буй мэт зарим өдөөгч, тэрхүү ион сувгуудыг нээгээд эсийн дотогш нэвтэрдэг. 

TRPM8 нэртэй энэхүү уураг нь нэг төрлийн ион суваг бөгөөд сэрүүнийг мэдрэх үедээ нээгдэж натри болон кальцийн ионуудыг эсийн дотогш оруулах үүрэг гүйцэтгэдэг.

Ийнхүү эсийн нейронуудын цэнэгт өөрчлөлт орсноор мэдрэлийн төв систем рүү дамжуулагдах мэдээлэлд нөлөөлж сэрүүцэх мэдрэмжийг тархи маань таньдаг байна. 

Харин ментол хэмээх энэхүү бодисын онцлог нь TRPM8 нэртэй ион сувгийг идэвхжүүлдэг учраас хэдийгээр сэрүүн нөхцөл байдал үүсээгүй байлаа ч гэсэн тархи маань хууртагдаж сэрүүхэн мэдрэмжийг сэрээдэг байна.

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ