Сансарт нарны цахилгаан станц байгуулна

UB Info

Та Дайсоны бөмбөрцөг гэж сонсож байсан уу? Dyson Sphere

Соёл иргэншлүүд хөгжих тусам энергийн хэрэгцээ нь ихэснэ. Тэр чинээгээрээ өөрсдийн одныхоо энергийг бүтээмжтэй ашиглах технологийг бүтээх ба энэ нь одыг хүрээлэх бөмбөрцөг хэлбэрийн байгууламж байж болох юм хэмээн нэрт физикч Фримен Дайсон таамаглажээ.

Одод бол ертөнцөөр нэг үнэгүй бөгөөд их хэмжээний энергийг харамгүй цацаж байдаг үйлдвэрүүд билээ. Гагцхүү тэр их энергийн дийлэнх нь ашиггүй байдлаар сансрын уудамд тархдаг. 

Жишээ нь: манай Дэлхийд Нарнаас цацрах энергийн ердөө 1/2000000000 хэсэг нь л тусдаг.

Тэгээд туссан тэр энергийн талаас илүү нь агаар мандалд ойж, гадаргууд хүрсэн хэсгийн маааааш өчүүхэн хэсгийг нь л бид "өдрийн" цагаар ашиглаж байна. Энэ их үнэгүй энергийг үл ойшоон өөрсдөө хиймэл нар бүтээхээр зорьж буй өчүүхэн оршихуй бид хэчнээн өрөвдөлтэй вэ?

Гэхдээ харуусан суух хэрэггүй. Учир нь Дэлхийн нөгөө өнцөгт манай төрлөөс зарим хэсэг нь Нарны тэр их буяныг хүртэх технологийг хөгжүүлсэн байна. Caltech буюу алдарт Калифорнийн Технологийн Институтийн эрдэмтэд сансарт Нарны цахилгаан станц байгуулах төслийг эхлүүлсэн байна.

Тэдний технологи нь маш сонирхолтой. Ердийн нөхцөлд сансарт байрлах нарны хавтан нь Дэлхий дээрх хавтангаас 8 орчим дахин бүтээмжтэй байдаг. Учир нь агаар мандал байхгүй шүү дээ. Харин Калтекийн эрдэмтэд бүр 50-100 дахин бүтээмжтэй ажиллах хавтанг зохион бүтээгээд байна. Бүр гайхалтай нь асар хөнгөн. 

Тийм учраас яг л оригами мэт эвхэгдээд сансарт гарахдаа дэлгэгдээд багагүй том орон зайг эзлэх боломжтой. Дараа нь тэр хураасан энергиэ Дэлхий рүү яаж илгээх вэ гэж үү? Цахилгаан энергийг цахилгаан долгион болгон хувиргаад Дэлхий рүү буудна! Бичил долгион болгон дамжуулна. Энэ технологийг бид утсаар ярихдаа ашигладаг хэдий ч энэ станцад ашиглагдах нь арай илүү боловсронгуй бөгөөд нарийн төвөгтэй юм.

Яг одоо Калтекийн эрдэмтэд төслийнхөө технологийг хөгжүүлж байгаа бөгөөд тун удахгүй сансарт урьдал загвараа гарган туршиж үзэх гэж байгаа юм байна.

Дайсоны бөмбөрцгийн анхны тоосго тавигдах мөч ойртсоор...

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ