“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д хамрагдсан нийт иргэдийн 25 хувь нь өндөр эрсдэлтэй байна

UB Info

Нийгэмд гэрэл түгээсэн сайн мэдээ, бусдын сайн сайхны төлөөх санаачилга, үйл хэрэг ямагт эерэг үр дүн авчирч байдаг билээ. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, түүний суурь шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж, орон даяар нийтдээ 35,500 гаруй хүнд хүрч үйлчилж чадсан байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн дараах тоо баримтаас харахад хүн амын дундах өвчлөлийн жагсаалтыг тэргүүлж байсан зүрх судасны өвчин дөрөвдүгээр байр руу ухарч, өвчлөлийн тоо буурсан нь яах аргагүй бодит үр дүн юм.

ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран энэхүү аяныг 2017 оноос уламжлал болгон хэрэгжүүлж буй. Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг амжилттай хэрэгжүүлж, аяны багийнхан 3700 гаруй км зам туулан, нийт 16,553 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсний дээр орон нутгийн 370 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр баруун аймгуудад ажиллаад ирсэн аяны багийнхнаас авсан тодруулгыг хүргэж байна.

О.Батгэрэл: Цусны даралтаас болоод зүрх, тархи, бөөр зэрэг гол цул эрхтэнүүд гэмтдэг
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл:

-“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 8-р сарын 21-26-нд Завхан, Говь-Алтай аймагт амжилттай хэрэгжүүллээ. Энэ жилийн аяны үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?
- 2023 онд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 4 аймагт хэрэгжүүлснээс сүүлийн хоёр аймгийн хувьд төлөвлөж байснаас ч илүү үр дүнд хүрч, ард иргэдийг цусны даралтын эрт илрүүлэгт хамруулах үйл ажиллагааг тун амжилттай зохион байгууллаа. Завхан, Говь-Алтай аймгийн хэмжээнд нийтдээ 9000 гаруй хүнийг эрт илрүүлэгт хамруулж, ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвчлөх эсэх эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдлэг мэдээлэл түгээж ажиллалаа. Үүнээс 3000 гаруй хүнд лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Эдгээр иргэний хувьд зайлшгүй Улаанбаатар руу явах шаардлагатай байсан бол эрүүл мэндтэй холбоотой эдийн засгийн эрсдэлээс мөн зайлсхийж чадсан гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар явалгүйгээр орон нутагтаа, оршин суугаа газартаа лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, өөрсдийнхөө эмчилгээ оношилгооны асуудлыг шийдүүлнэ гэдэг их чухал. Нөгөөтэйгүүр зөвхөн Завхан, Говь-Алтай аймгийн иргэд гэлтгүй монголчуудын дунд цусны даралтаа хэмжиж үзээгүй хүн олон байна. Магадгүй цусны даралттай байсан ч тэрийгээ яаж хянахаа мэдэхгүй, хоол хүнсэндээ анхаардаггүй байсан бол энэ талын мэдлэг мэдээллийг энэ аянаар хангалттай авсан гэж ойлгож байгаа.

-Энэ жилийн аяны онцлог юу байв?
-Гол онцлог нь бид цусны даралтын эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийг дараагийн шатны төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Тийм учраас эрт илрүүлэгт хамрагдаагүйгээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ авсан хүн ховор болов уу. Ерөнхийдөө сүүлийн хоёр аймагт хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы тоон үзүүлэлт өмнө жилүүдэд явсан бусад аймгаас, 2023 оны 6-р сард очсон Дундговь, Өвөрхангай аймгийн үзүүлэлтээс өндөр гарсан. Энэ удаагийн аяны багийнхнаас тусдаа манай ШУГТЭ-ээс эрт илрүүлгийн багийн хоёр эмч явсан. Тэд бас хэд хэдэн хүнээс элэгний хавдар, бамбайн хавдар, хөхний хавдар, ходоодны хавдрыг илрүүллээ. Тэдгээр иргэнд дараагийн шатны эмнэлэгт хандахыг зөвлөж, зөвлөгөө мэдээлэл өгсөн.

-Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийн хувьд ямар онцлог анзаарагдав?
-Энэ хоёр аймгийн хувьд нийслэлээс алслагдмал. Нэлээд өндөрлөг газарт байдаг. Ялангуяа Говь-Алтай Монгол Улсын хамгийн өндөрлөг цэгт оршдог аймаг тул агаарт байгаа хүчилтөрөгчийн дутагдлаас болоод иргэдийн дунд зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэх өвчтэй хүн амын эзлэх хувь өндөр байна. Хоёр аймагт хоёуланд нь бараг ижил. Мөн баруун аймгуудын хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар нийтээрээ өөх тостэй хоол, давсны хэрэглээ өндөр, жингийн илүүдэлтэй хүмүүс нэлээд байна. Ялангуяа Завханд зүрх судасны өвчин нь хүндэрсэн хүмүүс төрөлжсөн мэргэжлийн үзлэгт нэлээд орж ирсэн. Тэр бас их анхаарал татсан. Гэсэн хэдий ч хоёр аймгийн хэмжээнд цусны даралтын эрт илрүүлэгт иргэдийн хамрагдсан байдал адилхан 20 гаруйхан хувьтай байгаа нь санаа зовоосон асуудал. Эрт илрүүлэгт хамрагдалт өндөр байвал хяналт сайн байдаг зүй тогтол байдаг учраас аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс өөрсдөө иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлэгт идэвхтэй хамруулах асуудал их чухал байна. Хоёр аймагт хоёуланд нь зүрх судасны эмчийн хүний нөөцийн дутагдал байна, хоёрхон эмч л ажиллаж байна. Олон улсын судалгаагаар зүрх судасны эмч цөөн газар яах аргагүй зүрх судасны өвчлөл, нас баралт өндөр байдаг нь батлагдсан байдаг.

-Иргэд цусны даралтаа хянахгүй явснаар ямар хор уршигтай вэ?
-Даралт нь ихэсдэг ч төдийлэн тоохгүй, эсвэл хянахгүй, эм уухгүй тэгсхийгээд л яваад байдаг хүмүүс бий. Цусны даралт ихсэх өвчнөөр өвдөөд эхлэх л юм бол бүх эрхтэн системд нөлөөлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цусны даралтаас болоод бай эрхтэнүүд буюу зүрх, тархи, бөөр зэрэг гол цул эрхтэнүүд гэмтдэг. Магадгүй тухайн үедээ шилэн хүзүү хөших, толгой эргэхэд нь эмээ уучихаад яваад байдаг. Гэтэл тийм нөхцөл байдалд хүргээд байгаа эрсдэлт хүчин зүйлээ засахгүй бол дан ганц эм уугаад амжилтад хүрэхгүй. Өндөр даралттай, тоохгүй, таваас дээш жил явахад зүрх ачаалсаар байгаад томордог. Томроод ирэхээрээ цусаа шахаж чадахаа болиод хүндэрч, тархины харвалт, зүрхний шигдээс, дутагдал болох эрсдэлд хүрдэг. Даралт нь ихэсдэг гэдгээ мэдээд, тэр дороо нас барна гэж байхгүй, харин тоолгүй даамжруулснаас л ийм байдалд хүрдэг. Тэгэхээр цусны даралтаа тоолгүй, хяналтгүй орхих нь хамгийн аюултай гэсэн үг. Ялангуяа монгол хүмүүсийн дунд тархины эдийн судас хагарах тохиолдол их байна. Тархины эдийг тэжээж байгаа судас хагарч, тэгснээр тархины тэжээл дутагдаж эргэн тойрныхоо эрүүл эд эсийг дарж гэмтээдэг. Ийм хэлбэрийн тархины харвалт монголчуудын дунд маш их байна. Зүрх судасны өвчний суурь нь цусны даралт ихсэх өвчин юм. Хүний хэвийн даралт 120/80 байдаг. Олон улсад даралт 130/80-аас дээшээ гарах юм бол цусны даралт ихсэх өвчин гэж хэлээд байгаа юм.

Дэлхий нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн улс орнуудыг харахад иргэдийнхээ цусны даралтыг их сайн хянаж чадсан эрүүл мэндийн тогтолцоотой байдаг. Цусны даралтыг хянаад л авчих юм бол хүн амын дунд зүрх судасны өвчлөл буурч, нас баралтын тоо багасна гэсэн үг. Манай улсын хүн ам тархай бутархай суурьшилтай, өргөн уудам нутагтай, хөдөө байгаа хүн зүрхний шигдээс юм уу, тархины харвалт боллоо гэхэд эмнэлгийн тусламжийг хурдан хугацаанд авах боломж нь хомс. Тэгэхээр цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, энэ талын мэдлэг мэдээлэл олгох, ойлгуулах асуудал чухал.

М.Мандахмягмар: “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар 21 аймгийг тойрохоор төлөвлөж байна
ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар:

-ХААН Банк нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн салбарт өмнө нь бас аян хэрэгжүүлж байсан байх аа?

-НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгын гурав дахь нь эрүүл мэндийг дэмжих зорилго байдаг шүү дээ. ХААН Банкны хувьд Тогтвортой хөгжлийн бодлого нийгмийн хариуцлагын ажлуудаа Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уяж, нийцүүлэн хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг. Тийм учраас гуравдугаар зорилгын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн томоохон төлөөлөл нь “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” юм. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос тууштай хэрэгжүүлж байна. Аливаа томоохон төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтвортой санхүүжилттэйгээр урт хугацаанд хэрэгжүүлж байж бодитой үр дүн гарган, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх шийдэлд ойртоно гэж бид үздэг. Аян эхэлсэн цагаас хойш бид долоон жилийн хугацаанд нийтдээ 35 мянга гаруй иргэнийг хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн, эрүүл мэндийн мэдлэг ойлголт түгээсэн байна.

-Аяны багт Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар явдаг учраас иргэдийн хувьд аль болох ирсэн дээр нь үзүүлэх сонирхол өндөр байдаг. Нэг аймагт төдөн хүн үзнэ гэсэн төлөвлөгөө бий биз?
-Аяны хүрээнд 2018 оноос орон нутаг руу хандаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүддээ нэг аймагт 1500-2000 орчим иргэн хамруулдаг байсан бол энэ жилийн зорилтот тоо маань нэг аймагт 3500 байсан. Дөрвөн аймаг маань дөрвүүлээ энэ зорилтоо давуулан биелүүллээ. Нийт 16 мянга гаруй иргэнийг хамруулж чадлаа. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг 21 аймгийг тойрно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бидэнд одоо зүүн 4 аймаг, Дархан-Уул аймаг үлдсэн.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-нд ХААН Банк санхүүжилт, бүх талын дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутгийн салбарын ажилтнууд маань энэхүү аяныг хэрэгжих бүхий л үйл явцад зохион байгуулалтыг нь бүрэн хангаж ажилладаг. Мөн манай банкны ажилтнууд аяны хүрээнд “Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн”-ээр бэлтгэгдэн харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн мэдлэг түгээхэд идэвх оролцоотой байдаг. Орон нутгийн салбарынхандаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ташрамд илэрхийлмээр байна. Ер нь ХААН Банк 2007 оноос хойш нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 500 гаруй төсөл, хөтөлбөрийг 9.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулан ажиллаад байна.

Х.Бямбасүрэн: Удамшлаас гадна иргэдийн буруу дадал зуршил цусны даралт ихсэх өвчтэй болоход нөлөөлж байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бямбасүрэн:

-Аяны нэг оролцогч тал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хүн амын дунд эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулж, ойрын 10 жилдээ зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл ямар байгаа талаар судалгаа хийж, асуумж бөглүүлдэг. Судалгаагаар эрсдэлт түвшний хүн ам хэдэн хувьтай байна вэ?
-2023 онд аянд хамрагдсан 16 мянга гаруй иргэний 25 хувь нь цусны даралт ихсэх өвчин болон зүрх судасны өвчнөөр ойрын 10 жилдээ өвчлөх эрсдэл өндөр буюу маш өндөр эрсдэлтэй байна. Эдгээр иргэнд УГТЭ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд илүү нарийвчилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

-Аянд хамрагдсан хүмүүсийн 25 хувь нь өндөр эрсдэлтэй гэдэг нь анхаарал татаж байна. Яг ямар хүчин зүйлээс шалтгаалж байна вэ?
-Ер нь бол цусны даралт ихсэлтэд нөлөөлж байгаа хүчин зүйл нь удамшлаас гадна иргэдийн өөрсдийн буруу дадал зуршил, зан үйлээс шалтгаалдаг. Тухайлбал, тамхи, архины зохисгүй хэрэглээ, мөн стресс бухимдал, хөдөлгөөний дутагдлаас болж цусны даралт ихсэх өвчин үүсэж байна. Тэгэхээр тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх ёстой. Тэр дундаа эрүүл хооллох ёстой, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, архи тамхинаас ангид байснаар цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж чадна.

-Эрсдэлийг нь тодорхойлж, судалгаа хийх нь мэдээж чухал. Үүний дагуу ямар арга хэмжээ авдаг вэ?
- Зүрх судасны өвчин Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд бид нийт аймгуудын иргэдийн эрүүл мэндийн байдлын талаар ерөнхий статистик мэдээллүүдийг цуглуулж ажиллаж байна. Тэрхүү судалгаа мэдээллүүдийн тоо, нотолгоог үндэслээд төр засгийн бодлого шийдвэр гаргагчдад болон тухайн аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагад бид зөвлөмж хүргүүлж ажилладаг.



САНАЛ БОЛГОХ