ҮЕ СОЛИНО, ХОЛ ЯВНА - Амжиж тавьсан 10 асуултын хариу

Ярилцлага

Бид хоёр гэрийнх нь ойролцоох жижигхэн цайны газар яг 45 минут ярилцав. Т.Мөнхсайхан эмч болзсон цагаасаа өмнө ирээд хүлээж байлаа. Хэдийгээр амралтын өдөр ч гэсэн түүнд цаг бага байгаа нь илт. Амжиж тавьсан 10 асуултынхаа хариултыг таньтай хуваалцаж байгаа минь энэ. Сэтгүүлч Б.Ариун-Эрдэнэ

-Дуудах нэр тань Тогтмолын МӨНХСАЙХАН. Аавын тань алдар бас тийм ч элбэг тохиолдох нэр биш. Тогтмол гэж аль нутгийнхны ямар учиртай нэр вэ?

-Аав маань Увс аймгийн Цагаанхайрхан сумын элжгэн халх хүн. Миний мэдэх Увсын гурван ч Тогтмол бий. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас би хэрэг болгож хайж үзлээ л дээ. Тогтмол гэж нэртэй 43 хүн байдаг юм билээ. Ховор нэр.

-Т.Мөнхсайхан эмчийн унаган нутаг, бага нас гэвэл?
-Би бол хотын унаган хүүхэд. Телевизийн дэнж бол миний нутаг. “Ай, миний хаяг Рашаантын 18” гэдэг шиг Анагаахын II курс хүртлээ амьдарсан хаяг минь Хувсгалчдын “Б”-гийн 10 дугаар гудамжны 298 тоот хашаа. Одоо ч хааяа очдог. Хөдөөнөөс хотод орж ирсэн хамаатных маань амьдардаг юм. Жирийн жолоочийн таван хүүхдийн отгон нь би. Бусдын л адил жаргалтай бага нас байсан. Хүн дээрэлхдэггүй, хүнд дээрэлхүүлдэггүй хүүхэд явлаа. Нялуунгүй шулуун тэр зан сүүлд гэмтлийн эмч болоход, Гэмтлийн эмнэлгийг удирдахад хэрэг болсон байх. Манай гэмтлийнхэн бол эмч нар дотроо “атаман” зантай аваргууд шүү дээ. Хамгийн хатуу, шимширмээр үгсийг ч ар гэрт нь дуулгах болдог амаргүй л албатай улс. Хүлээн авахын хэд бол согтуу хөлчүү, агсам согтуутай ч үзэж тарна. Хэцүү ажилтай, тэр хэрээрээ хатуужсан хүмүүс бол гэмтлийн эмч нар.

-40 насандаа, ердөө ноднин та Төрийн соёрхол хүртсэн. Төрийн соёрхлыг хичээл зүтгэлд бус ажил бүтээлд тухайлан онцгойлж олгодог. Ямар бүтээлд олгосон бэ?
-Дөрвөн эмч, нэг сувилагч гээд таван хүнтэй багаараа бид Төрийн соёрхол хүртсэн. Улсын I төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төвийн анхны хамтарсан баг, анхны сувилагч оролцсан баг. Өвдөг, мөрний үеийн дурангийн мэс заслыг Монгол улсад нутагшуулсан үр дүнг үнэлж Төрийн соёрхол хүртээсэн. Энэ хүртэл их түүх, урт зам бий. 2011 онд анх би Солонгост энэ чиглэлээр суралцаж, тоног төхөөрөмжийг нь хувиараа авчирч Гэмтлийн эмнэлэг дээрээ суурилуулж байлаа. Түүнээс хойш манай баг 10 гаруй мянган хүнд мэс засал хийсэн. Хэрвээ энэ 10 мянган хүнд цаг тухайд нь дурангийн хагалгаа хийгээгүй бол тал нь өнөөдөр хиймэл үе суулгах мэс засалд орсон байгаа. 10 гаруй мянган хүний хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөрийн чадвар үрэгдсэн байгаа. Энэ хагалгаанууд хийгдээгүй байсан бол тэрбум тэрмбумаар тооцогдох мөнгө төгрөг гадны эмнэлгүүд рүү урссан байгаа. Эрүүл мэндийн, эдийн засгийн ийм үр өгөөжтэй мэс заслыг амжилттай нутагшуулсан байна, мэс заслын дараах хүндрэл олон улсын дунджаас бага байна гэдгийг үнэлж манай багт Төрийн соёрхол хүртээсэн юм.

-Эх орондоо хийсэн 10 мянга гаруй хагалгаа… Сайхан ажил. Гэхдээ монголчууд жил бүр 600 сая орчим доллар гадны эмнэлэгт авчаачиж тушаасаар л байна. Асар их мөнгө. Энэ их мөнгө эх орондоо үлдэх, элэг бүтэн монгол айл олон байхын тулд хамгийн эхэнд нэгт, хоёрт, гуравт гээд цогцоор нь шийдэх гол ажил юу юм бэ?
-Эхлээд жаахан оршил ярихгүй бол болохгүй нь. Манайхан эрүүл мэнд гээд ярихаар ерөнхийдөө эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоогоор л төсөөлдөг. Гол алдаа маань энэ. Гэтэл бид эрүүл мэнд гэж ярихын тулд дараах гурван юмыг яалт ч үгүй тодорхойлох хэрэгтэй болно. Нэгдүгээрт, өвчлөлтөөс урьдчилан сэргийлдэг, уг шалтгааныг нь яаж арилгах вэ гэдэг бодлого байх ёстой. Энэ манайд байхгүй. Хоёрдугаарт, нийт хүн амын эрт илрүүлэг. Бас л орхигдож ирсэн. Сүүлийн жилүүдэд анхаарч, ажиллаж эхэлсэн ч үргэлжлүүлж сайжруулах юм бий. Гуравдугаарт, оношилгоо эмчилгээний чанар. Гадаадад очиж эмчлүүлдэг гэх тэр 26 өвчнийг эх орондоо эмчилдэг болох зорилт тавих ёстой. Монголд эмчилж чаддаггүй өвчин байхгүй болно гэдэг том зорилго тавьж байж үр дүн гарна. Яг нарийндаа тэр 26 гэдэг жагсаалт 260 байхыг ч үгүйсгэхгүй. Эмнэлгийн ажилтнуудаа чадваржуулах, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах, технологийн шинэ түвшинд ажиллах эмнэлгийн байгууллагын шинэчлэл бол хойшлуулшгүй, яаралтай мэс засал шиг амин чухал асуудал болоод байна. Манай эмнэлгүүд ийм бодлого хэрэгжүүлэх битгий хэл өнөөдөр ирсэн өвчтнүүдээ хаана, яаж, хэнд гэсэн ачаалалдаа дарагдаад байж байна. Жишээ нь, ХСҮТ гэхэд Монгол улсын бүх л хавдрын өвчтөнтэй тулдаг ганц эмнэлэг. Өдөр тутмын энэ ачаалалдаа анхаарна уу гэхээс шинэчлэл, судалгаа, анализ, эмчилгээний шинэ арга барил, менежментийн өөрчлөлт рүү зорих зав үнэндээ алга. Дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүндрээгүй, хөнгөн хэлбэрийн хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг болгож энэ данхар бүтцийг задалмаар байгаа юм. Санхүүжилт, хүний нөөцийг нь шийдмээр байна. Гэтэл аймаг, дүүргийн эмнэлэг дээр сум, өрхийн эмнэлэгт хийчих хөнгөн заалттай улс ирээд хэвтчихээр орны ачаалал. Сум, өрхийн эмнэлэг үүнийг шийдэж чаддаггүй, ард иргэд итгэдэггүй учраас дараагийн шатлал руу яалт ч үгүй ирнэ.
Томоохон эмнэлгүүд энэ шинэчлэлийг хийж, тэр бодлогыг хэрэгжүүлж ажиллах ёстой байтал ачаалалдаа түүртээд байж байдаг. Уул нь бол нарийн мэргэжилтнүүд нарийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, дэлхийн түвшний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёстой газар нь энэ нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар эмнэлгүүд, бусад үндэсний төв гэдэг бүтцүүд юм. Гэтэл бид энэ олон шатлалтай эмчилгээ үйлчилгээний зохицуулалтыг нэг мөр хийж чадаагүй явна. Өнгөрсөн 100 жилд бид эмнэлгийн тусаламж үйлчилгээн дээр л төвлөрч анхаарч ирсэн. Харин үр дагаврыг нь шалтгаантай холбож шийдэх бодлого дутмаг байж. Мянган гоё эмнэлэг барьж, мянган сайн эмч, сувилагч бэлдээд шалтгааныг нь зөв оношлохгүй бол энэ согогтой тогтолцоог эмчилж эдгээх боломжгүй.

-Онош оновчгүй бол эмчилгээ үр дүнгүй болно гэж салбарынхаа тухай хатуу үг та хэллээ…
-Уучлаарай, нэг юм хэлэхээ мартжээ. Ганц тоо хэлье. Илрүүлэг оношилгоо гэснээс бид 6 настай 15 000 хүүхдэд зүрхний үзлэг, цахилгаан бичлэг хийсэн юм. Тэгсэн чинь 10 хүүхдийн нэг нь зүрхний гажиг, өөрчлөлттэй учраас мэргэжлийн эмчийн хяналтад байх ёстой гэж оношлогдсон. Бүр хамгийн ноцтой нь 15 мянган зургаан настнуудаас 80 хүүхэд бүр яаралтай мэс засалд орох шаардлагатай. Залуучуудын зүрх гэнэт зогсчихлоо гээд байдгийн уг шалтгаан энд, бага насанд нь байна. Миний зорьж байгаа зүйл бол ЕБС-аас 6 настайд нь зүрх судас, 4 дүгээр ангид амьсгалын зам, 8 дугаар ангид хоол боловсруулах, 12 дугаар ангид шээс, бэлгийн зам гээд хүүхдийн бүх эрхтэн системийн үзлэг хийчихдэг болъё, дараагийн болвсролын шат юм уу, цэргийн албанд үлдсэн хоёр эрхтэн системийн үзлэг оношилгоог нь хийж байя гэдэг санал юм. Саяхан бид “Орбис” олон улсын байгууллагатай хамтраад хүүхдүүдэд нүдний үзлэг хийлээ. 15 хувь нь харааны өөрчлөлттэй гарсан. Ер нь бол нүд, шүд, өвдөг гурвыг анхаарахгүй бол амьдралын чанар шууд муудна гэдэг юм.

-Таны намтрыг харахад хувийн хэвшилд биш дандаа л улсын эмнэлгийн байгууллагад ажилласан, завсарт нь мэргэжил дээшлүүлж суралцсан он жилүүд байна. Эмчийн цалингаар амьдралаа авч явна, хүүхдүүдээ чанартай боловсролтой болгоно гэдэг амаргүй шүү дээ?
-Үнэн үнэн. Эмч нарын цалин манайд өндөр биш. Гэхдээ би оюутан байхаасаа бага сага бизнес оролдож байсан. Хувь, хувьцаа эзэмшдэг компаниуд байгаа. Эхнэр маань эмчээрээ ажиллаагүй, бизнес хийдэг. Санхүүгийн хувьд санаа зовохгүй явдагт ар тал дааж байгаа тэр хүний асар их хөдөлмөр бас бий. Худлаа яриад яах вэ дээ. Шударга хэлэхэд манайх дунджаас дээгүүр амьдралтай гэж би боддог. Өнөөдрөө яана билээ, маргааш яах вэ гэсэн дутах гуцах зүйл, илүү дутуу харж, улсаас нэг төгрөг ч болов гувчуулчихъя гэдэг шуналт бодол байхгүй ээ.

-Төрийн соёрхолт эмч, чадварлаг мэс засалч Т.Мөнхсайханыг улс төр рүү цагаан халааттайгаа орж ирэхэд юу нөлөөлж, хэн хөтөлсөн юм бэ?
-За, байз… Ингэсэн юм аа. Сонин ч гэх юм уу. 2019 оны 7 дугаар сард би Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдсон юм. Жилийн дараа 2020 оны 7 сард ковидыг яаж эмнэлгийн түвшнээс гадагшаа алдахгүй байх вэ гэж нойр хоолгүй шахам явж байх үед, сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайд хэн болох вэ гээд хэвлэл, сошиалаар хэлэлцэж таамаглаад эхэлсэн. Намайг болгоно, би болно гэсэн төлөвлөгөө, яриа байгаагүй. Гэтэл “Улс төрөөр чи оролдоогүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэж Черчиллийн үг шиг л юм болсон. Өнөө таамагт нь миний нэр ч орж ирээд. Наадмын өмнө Цогтбаатар гэдэг хүнийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж дэмжээд, маргааш нь УИХ-д оруулж батлуулна гэсэн. Шуугиан таамаг ч намжсан, миний хувьд ч анхнаасаа дуртай байгаагүй болохоор амар тайван ажлаа хийе, эхлүүлснээ дуусгая гээд… Манай эмнэлгийхэн ч намайг явуулах дургүй, эхлүүлсэн ажилд маань ам сайтай байсан. Тэгтэл өглөө нь ордонд дуудагдаад, орой нь тангараг өргөөд гарч ирсэн хүн дээ. Төрийн ордонд нөгөө сайдад нэр дэвшсэн хүн нь өөдөөс хараад бас хүлээгээд сууж байсан чинь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр дагуулж ороод л шийдчихсэн. “Чи олон жил ажиллаа, нас залуу ч туршлага их. Сайд хийнэ ээ, салбараа өөд нь тат” гэхэд нь хэрэг явдал хаашаа өрнөж байгааг ойлгож байгаа юм чинь. Ёстой хүнд ярихад итгэмээргүй, гэнэтийн юм болсон. Улсын хоёр ч том эмнэлгийг удирдаж үзээд өөрчлөх, хийх гэсэн юм маань хаана очоод хана мөргөж буцдгийг мэдэхийн хувьд үзье, зүтгэе гэсэн итгэл төрсөн л дөө. Долоон сарын 9-ний өдөр ингэж өнгөрсөн. Хэсэгтээ л паниктай явдаг юм билээ...

-Сайд болно гэдэг улс төрийн шийдвэр. Өмнө нь үнэхээр ийм зорилго тавьж, идэвхтэй зорьж хөөцөлдсөн юм байхгүй гэж үү?
-Идэвхгүй ч хөөцөлдсөн юм байхгүй. Намын гишүүн ч байгаагүй. Эмнэлгээ яаж сайхан болгох вэ гэсэн ганц бодолд л хөтлөгдөж, хөглөгдөж, ажлаа хийж явсан.

-Сайн мэс засалч, сайн захирлыг сайд болгоод аваад явчих юм гэж харамсан ярьж байсан эмчийг би танина. Одоо бүр УИХ-д, Хан-Уулд нэр дэвшлээ. Яагаад гэдэг асуултад цөөн үгээр хариулбал?
-Яагаад гэж үү? Энгийн иргэн үр шимийг нь хүртэх менежмент бол миний зорилго байсан, одоо ч тийм. Монгол хүний өвдөхийн гачланг, хагацлын зовлонг би мэднэ. Үүнийг нимгэлэхийн төлөө тангараг өргөсөн хүн. Ер нь бол дүрэмт хувцсан дээрээ мөрдөс зүүдэг мэргэжилтэй хүмүүс төр түмэндээ тангараг өргөж ажилладаг. Мөрдөсгүй мөртлөө тангарагтай салбарынхан бол эрүүл мэндийнхэн. Хууль тогтоох дээд байгууллагад бодлого болвсруулалцаж байж эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон учраас гэж таны асуултад хариулъя даа. Олон хууль шинээр гаргаж, нэмэлт өөрчлөлт хийх ёстой.

-Харьцангуй богинохон хугацаанд та Эрүүл мэндийн сайдаар ажилласан. “Т.Мөнхсайхан сайд байхдаа...” гэж овоглохоор ажил юу үлдээсэн бэ?
-Богино хугацаанд ажилласан ч амжуулсан юм бий. Гэхдээ яг хийе гэсэн зорилгынхоо 10 хувьд хүрч амжаагүй. Эмч, сувилагч, ажилтнуудхаа цалин мөнгөтэй холбоотой асуудалд анхаарсан. Тусламж үйлчилгээ хэн илүү чанартай хүргэж чадна, тэр илүү ихийг авдаг нөхцөл бүрдүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилт байна. Өнгөрсөн 10 жилд манай цалин 80 хувь нэмэгдэж 1 сая 600 мянга орчим болсон. Энэ тогтолцоогоор явбал дараагийн 10 жилд ахиад нэг дахин нэмэгдэх юм уу даа. Гэтэл арвын арван жилд эдийн засаг яаж ч өөрчлөгдөө билээ. Тэгвэл сайн гүйцэтгэлтэй бол ирээдүйд биш өнөөдөр дөрөв таван сая төгрөг авч болно гэдгийг бид харуулж чадсан. Энэ бол хамгийн суурь шинэчлэл. Гэхдээ яг миний зорьж эхлүүлж байсан хэмжээнд хараахан явж чадахгүй л байна. Бас эмнэлгийн байгуулагуудын төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй эхлүүлсэн. Хавдрын хими эмчилгээг аймаг дүүрэгт хийж эхлэхэд л ачаалал 70 хувь буурч байх жишээтэй. Цаашид хийх, үргэлжлүүлэх юм ч байгаа. Хүний нөөцөө сайжруулахын тулд резидент эмч нарыг цалинтай болгосон. Олон улсын стандарт хугацаанд сургах боломж нээгдсэн. Эмийн чанарын суурь шийдэл болсон Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулж, лабораторио харъяанд нь оруулж бүтцийн өөрчлөлт хийж эхлээд ажлаа өгсөн дөө. Ахмадууд хөнгөлөлттэй эм авах гэж бөөн юм болдог асуудлыг гуравхан сарын дотор шийдсэн. Орлого, тэтгэвэртэй уялдуулж хөнгөлөлт, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шийдэл бичигдэж байсан. Харамсалтай нь энэ мэт цаашаа үргэлжлэлтэй байсан ажлууд зогссон. Хөгжилтэй юм ярихад, намайг ажлаа өгөхөд аав, ээж хоёр утасдаад баяр хүргэж байгаа юм. Сайдын ажил авахад цар тахалтай, хатуу хэцүү цагт алба авлаа гэж санаа зовоод баяр хүргээгүй байж ажлаа өглөө гэхэд үнэнээсээ баярлачихсан залгаж байсан. Хүний эх эцэг гэж ийм сайхан дулаан сэтгэлтэй байдаг. Гэхдээ миний чин зорилго бол сайд хийх байгаагүй. Миний зорилго бол эрүүл мэндийн салбарын шинэчлэл байсан.

-Хувь хүний хувьд эх орондоо, эсвэл гадаадад мэргэжлээрээ ажиллаад, хэнээс ч дутахгүй амьдраад явах боломж байсан байх? Арван мянган хүний өвдөгний үе сольсон туршлага, чадварыг хаа ч үнэлж таараа?
-Гадаад дотоодын олон газраас мэс засалчаар ажиллах, багшлах урилга ирж байсан. Угаасаа хөгжилтэй газар руу очиж ажиллах биш тэр хөгжлийг Монголдоо бий болгох нь чухал гэж би үздэг. Үений дурангийн мэс заслыг эх орондоо нутагшуулсан туршлага бол өөр хүний биш миний, Тогтмолын Мөнхсайханы үнэт капитал. Одоо Монголд өвдөг, мөрний үений дурангийн мэс засал хийж байгаа эмч нар дандаа миний шавь нар. Хувийн эмнэлэг байгуулах, гадагшаа зочин судлаачаар явах, багшлах боломж магадгүй надад эдийн засгийн утгаараа, карьер, нэр хүндийн хувьд илүү ашигтай байж болно. Гэвч надад мөнгө, нэр хүнд сонин биш. Танд дэврүүн, үнэмшилгүй санагдаж магадгүй юм, гэхдээ надад эх орон, иргэдийн маань эрүүл мэнд илүү үнэтэй. Цагаан халааттай ажилласан он жил болгон энэ итгэл үнэмшлийг минь улам тодотгож өгдөг. Ялангуяа ковидын жилүүд бүр илүү хурцалсан. Ковидын өмнө мөнгөтэй нь гадагшаа яваад эмчлүүлчихдэг байсан бол ковидын үед мөнгөтэй нь ч сугарч гарах боломжгүй, амиа алдаж байсан жишээ олон бий шүү дээ. Би 41 настай. Ид нас. Ирээдүй үе, үр хойчдоо үлдээх өв гэж юм бий. Энэ салбарыг ийм байдалтай орхиж болохгүй. Намайг хүмүүс үений мэс заслаар, мэргэжлээр минь илүү сайн мэддэг. Энд тэнд явахад таних танихгүй, санах санахгүй олон хүн таараад “Баярлаж явдаг шүү, эмч ээ. Одоо зүв зүгээр. Хол явдаг, хурдан явдаг болсоон” гэдэг. Үе сольж, хол явна гэдэг сайхан биз дээ? Би улс орныхоо хөгжлийн үеийг ч бас солихыг, ахиулахыг хүсч байна. Тэгэж байж Монгол улс, монгол хүн хол алхана.





САНАЛ БОЛГОХ