Хүмүүс намайг шантрах ёстой юм шиг хандаад байсан нь хэцүү

UB Info

Нэг амралтын өдрийн өглөө байсан юм. Эмнэлгийн адяалан өлгий байдаг даа, тийм өлгийтэй хүүхэд орон дээрээ тавьчихсан нөхөр бид хоёр "Яанаа, төрөхөө мэдсэн бол ядаж өлгий авдаг байж дээ" гэчихсэн хоорондоо яриад зогсож байгаагаар би зүүдлээд сэрсэн. Тэгж л би анх жирэмсэн болсон гэдгээ зөнгөөрөө мэдсэн юм. Босоод тестээр үзтэл аймар тод хоёр зураас гараад ирсэн. Надад зүгээр л болох ёстой юм болдгоороо л болж байгаа юм шиг санагдсан. Ямар ч цочролд ороогүй. 

Хорин нас гэдэг бол хүүхэд төрүүлэхэд бэлэн болдог нас биш л байх. Гэхдээ бас тийм ч сэрдхийлгэм эрт нас бас биш шүү дээ. Би хичээл ном, хүүхэд бүх юмаа цалгардуулахгүй зэрэг авч явж чадна гэж өөртөө бодсон, хүүхдээ төрүүлнэ гэдэгтээ бол огтхон ч эргэлзээгүй. Эрт төрсөн гэдгийг маань хүмүүс янз бүрээр хүлээж авна гэдгийг гадарлаад сэтгэл зүйгээ ч бэлдэж байсан. Би Анагаахад сурдаг юм л даа. Жирэмсэн байх үедээ 3-р курстээ орж байлаа. Манай сургууль нэг хичээл дээр унахад л хөөчихдөг учраас би төрөн төртлөө гүрийгээд л хичээлдээ суусан. Надад нэг өөрийгөө хуурдаг үг байдаг юм, жирэмсэн байхдаа олж аваад одоог хүртэл ашигладаг. "Би одоо л сурахгүй бол болохгүй, дараа нь гэж байхгүй, дараа хүртэл хойшлуулбал тэр дараа надад ирэхгүй ч байж магадгүй" гэдэг. Сурч байгаа мэргэжил маань халтуурдаж болохгүй мэргэжил. Нэг зүйлийг л би уншихгүй өнгөрөөхөд тэр зүйл дараа нь миний хоолойнд тулж ирдэг байхгүй юу. Тийм учраас би хичээлээ донтой юм шиг л хийдэг байсан. Төрөөд 7 хоноод л би хичээлдээ явсан. Зарим багш нар гоё "Эрт төрчихөөр хэцүү ч гэсэн дараа нь амар байдаг юмаа. Багш нь бас оюутан байхдаа хүүхдээ төрүүлж байсан. Миний хувьд хамгийн зөв сонголт байсан. Хичээгээрэй!" гэж урам өгч хэлнэ. Цөөхөн багш нар дургүй. Зарим нэг багш нар "Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь төлөвлөж болдог зүйл учраас одоо хичээлээ зохицуулж чадахгүй байгаа чинь чиний буруу. Та нар оюутан байхдаа төрнө гэж юу байдаг юм. Хүүхдээ зовооно, өөрөө ч зовно хичээл номоо ч хийсэн юм байхгүй" гэж загнана. 

Уг нь манай сургууль оюутан ээжүүдийг дэмжих бодлоготой юм байна лээ л дээ. Төрсөн оюутнууддаа албан ёсоор нэг сарын чөлөө өгдөг. Тэгсэн мөртлөө дараа нь тэр хичээлээ яаж нөхөх вэ гэдэг зохицуулалт байдаггүй. Тийм болохоор би төрөөд 7 хоноод л хичээлдээ явж эхэлсэн, тэгээгүй бол хөөгдөх л байсан байх. Жирэмсэн байх хугацаандаа, төрснийхөө дараа би нийгэмд гэмт хэрэг хийчихсэн юм шиг буруутай мэдрэмж нэлээдгүй авдаг байлаа. Гадуур жирэмсэн явж байхаар ард явж байгаа эмээ нар "Өдий жаахнаасаа гэдсээ чирээд" гэж үглэнэ. Автобусанд жирэмсэн хүн суудаг зориулалтын ягаан сандал дээр суугаад явахаар ахимаг насны эгч нар "Өдий жоохноосоо..." гээд уурлаад бас босож суудал тавьж өгөхийг шаардана. Эмчид үзүүлэхээр "Нас чинь хэд гэнэ ээ? хэд гэнэ ээ?" гээд огт дасаагүй зүйлээ сонсож байгаа мэт байн байн асууна. Ганц хоёр багш нар "Чи хүүхдээ хаана орхичихоод хичээлдээ ирж байгаа юм?" гэнэ. Би зарим багшаас надад илүү уян хатан хандаач, зөөлхөн байгаач гэж хүсээгүй. Угаасаа хийх ёстой юмаа хийнэ, унших хичээлээ цаг тухайд нь би уншина. Зүгээр л би хүүхэд төрүүлсэн гээд буруу юм хийчихсэн юм шиг хандлагаар л харьцахгүй байгаасай гэж хүсдэг байлаа. Би иймэрхүү зүйлст сэтгэл санаагаа хичнээн бэлдчихсэн гэж өөрийгөө бодож байсан ч гэсэн жаахан гомдоод уйлдаг л юм байна лээ. Бас шартай хүнд нулимсаа үзүүлэхгүй ээ. Нойл орж уйлна, гэртээ очиж байгаад уйлна, автобусны арын сандал дээр суугаад сэмээрхэн уйлна. Гэхдээ хүмүүс ингэж хүлээж авах байх гээд урьд нь бодчихсон байсан болохоор тийм их гомдоогүй. Угаасаа миний бодсон шиг л байсан.

Харин хүүхэд өвдөх үед л хүмүүст хамгийн их гомддог юм байна лээ. Манай хүү эмнэлэгт сэхээнд хэвтсэн юм. Хүүхэд дээрээ өдөрт 5 минут л орох эрхтэй байдаг. Гадаа нь манай хадам аав сахина, би хөхөө 3 цаг тутам сааж өгч хүүгээ сүүгээр таслахгүй байх миний хийж чадах ганцхан зүйл. Нэгхэн сартай хүү маань сэхээний тасагт хэвтээд тэртээ тэргүй л надад хэцүү байхад хамгийн ойрын хүмүүсийн маань хэлсэн үг "Чи хүүхдийнхээ хажууд байхгүй болохоор өвдөж байгаа юм. Хүүхэд өвдчихсөн байхад ээж нь хажууд нь байх ёстой. Тэгж байхад чи энэ сургууль дээр юу ч болоогүй юм шиг явж байх шив дээ" гэнэ. Намайг өдөрт 5 минутаас илүү хугацаанд орж болохгүй гэдгийг уг нь мэдэж байгаа мөртлөө "Тэгсэн ч гэсэн чи гадаа нь байх ёстой" гэж хэлнэ. Тэгэнгүүт тэр эх нялхасын сэхээний тасгийн гадаа байна гэдэг надад хүнд зүйл байхгүй юу. Өдөрт нэг хүүхэд юм уу өнжөөд нэг хүүхэд тэнд өнгөрч байдаг тийм хатуу газар. Хүүхэд нь дотор хэвтэж байгаа надад байтугай хөндлөнгийн хүнд ч хэцүү санагдана. Би өөрөө хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаагаа мэдэж байхад, уйлж сэтгэлээ үймрүүлэхгүй аль болох өөрийгөө тайван байлгах гэж хичээж байхад "Чи заавал гадаа нь байхгүй бол муу ээж. Тэр зүйлүүдийг чи хараад байж байх ёстой" гэж ойр дотны хүмүүс маань хэлэхэд надад аймар хатуу санагдсан. Би тайван биш байвал сүү маань багасна, сүү маань багасчихвал би хүүдээ хийж өгч чадах ганц зүйлээ хийж чадахаа байчихна шүү дээ. Би сургуулийнхаа нойл руу орж хөхөө саагаад л, хичээлдээ ороод л, хөхөө саагаад л хичээлдээ ороод л. Тэгээд харихдаа баахан ууттай сүү сургуулийнхаа гуанзанд хадгалуулчихсан байсныгаа аваад явна. Сүүнүүд дээрээ цагуудыг нь биччихсэн. Тэгээд гэртээ ирээд хоол хийж аваад эмнэлэг рүү хүүхэд дээрээ очно. Хадам аав маань болохоор "Хүүхэддээ зовсон сүүгээ өгч болдоггүй юмаа, миний хүү. Тийм болохоор сэтгэл санаагаа тайван байлгаад хоол ундаа сайн идэж бүтэн нойроо сайн аваад хүүхдээ л сүүгээр таслахгүй байвал хүүхэд нь хурдан эдгэнэ. Тэрнээс биш чи гадаа байна уу, гэртээ байна уу хүүхэд чинь мэдэхгүй учраас хүүхэдтэйгээ 5 минут уулзах үедээ л сайхан уулзчих. Хичээлдээ яв" гэнэ. Хадам аав маань зарим үед өнөөдөр ирээд хэрэггүй гэдэг байсан. Бодвол хүүхэд өнгөрөөд тэр хавиар хүнд уур амьсгалтай болчихоор намайг ирээд үймэрчихнэ гэж бодоод тэгдэг байсан байх.

Би ядаж хүүгээ сүүгээр таслахгүй байж жаахан ч гэсэн тайтгардаг байсан бол нөхрийн маань хийж чадах ганц юм нь намайг сатааруулж тайван байлгах байсан байх, нэг хэсэг намайг дагуулаад байнга гадуур явдаг болчихсон байсан. Хааяа би гэнэт гэнэт галзуурна шүү дээ, унтаж байснаа шөнө дунд гэнэт босож ирээд хүү рүүгээ явая гэнэ. Тэр болгонд хажууд байж намайг тайван байхад нөхөр маань тусална. Тэгээд Эх нялхасын бурхан шиг эмч сувилагч нарын ачаар хүү маань бүхнийг даваад гарсан. Би бүр дэндүү их баярлаад, баярласнаа илэрхийлээд ядаж хоолонд оруулая гэхээр эх нялхасын эмч сувилагч нар болдоггүй юмаа гээд зөвшөөрдөггүй юм байна лээ шд. Яг тэр хэцүү цаг үеүдэд эмэгтэй хүмүүс л гомдоох үгийг хэлдэг байсан. Тэгэхэд л би эмэгтэй хүмүүс нэг нэгнээ дэмждэг ойлгодог байх хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон юм. Миний туулж байгаа амьдралыг заавал мэдрэх албагүй, миний сонголтыг хүндлэх ч албагүй. Зүгээр л өөрийнхөөрөө амьдарч байгаа нэгнээ үзэн ядахгүй, хэмлэхгүй байгаасай гэж их бодсон доо. Би өөрийнхөө сонголтоор амьдраад тэрэндээ нэг ч шантраагүй байхад, хүмүүс намайг шантрах ёстой юм шиг хандаад байсан нь хэцүү. Би хүүгээ авахуулна гэж хэзээ ч бодоогүй. Өдийг хүртэл эрт төрснөөрөө буруу сонголт хийсэн гэж өөрийгөө боддоггүй.

Бусад хүмүүс намайг буруу зүйл хийчихсэн юм шиг мэдрүүлж байхад нь би өөрийгөө буруу зүйл хийчихсэн гээд л бодчихвол амьдрал буруугаар явчихна шүү дээ. Байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөөд "'Болно доо, бүтнэ дээ" гээд явж байхад л амьдрал тайван өрнөчихдөг юм шиг санагдсан. Би өөр бусдын өмнө биш хүүхдийнхээ өмнө л буруутай санагддаг юм. Хүүхэд чинь 1-3 нас хүртлээ ээжтэйгээ байх ёстой шүү дээ. Тэгэхэд би хичээлээ хийгээд заримдаа өглөө унтаж байхад нь гараад орой унтчихсан байхад нь орж ирнэ. Хүүхэдтэйгээ тоглож байх хугацаандаа заримдаа би номоо уншина. Хичнээн хүүхдээ санаад хамт баймаар байгаа ч гэсэн би өмнөх юмаа хийх ёстой болчхоод байдаг. Одоо хэцүү юм шиг санагдаж байгаа ч гэсэн туулаад даваад гарсны дараа би өөрөөрөө бахархана. Хүүхэд маань ч гэсэндээ "Ээж бид хоёр хамтдаа Анагаахад сураад гарсан шүү" гэж бодоосой гэж хүсдэг дээ. Хүн хүний амьдралын өрнөл, цаг хугацаа өөр өөр байдаг учраас бусдын амьдралд хүндэтгэлтэй ханддаг байгаасай гэж хүмүүст хэлмээр байдаг юм.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ