Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй

UB Info

Герман нөхөртэй хуурай эгч минь байдаг. Нэг хэсэг гадаадад амьдарч байхдаа эгчтэй их дотно байдаг байлаа. Тэднийх тухайн үед 2 хүүтэй байсан. Гэр нь жаахан зайтай тул очвол ихэвчлэн хонож таарна.

Гэтэл тэдний гэр бүлээс анзаарсан зүйлс намайг их гайхшируулж билээ. Эгчийн нөхөр маш завгүй, удирдах албан тушаалтан. Гэхдээ гэртээ зарцуулдаг цаг хуваариа ягштал барьдаг хүн байсан. Өглөө ажилдаа явахаасаа өмнө хөвгүүдтэйгээ заавал 30 минут машинаар юм уу дээш доош гүйж тоглодог. Орой бас ажлаас ирээд заавал 1 цаг орчим тоглоно. Гэртээ ирэхдээ маш цоглогоор аав нь ирлээ гэж хашхирсаар орж ирдэг. Ажлынхаа стрессийг үүдэндээ хаядаг. Хагас бүтэн сайнд заавал хүүхдүүдээ дагуулж амьтны хүрээлэн юм уу гэрийн ойр байх цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж агаар салхинд гарна. Хүүхдүүддээ уйгагүй юм тайлбарлаж өгнө. Хүүхдүүдийнхээ хоолыг сардаа 1 удаа амралтын өдрөөр эхнэртэйгээ хамжаад бүгдийг нь өдөр өдрөөр нь гаргаад, хоол бэлтгэхэд амраар бэлдээд хөлдөөчихдөг байсан. Орц найрлага амин дэмд их анхаарна. Хүүхдүүд нь их өсгөлүүн биетэй. Телевизор таблет өдөрт 20-30 минут лимиттэй л үздэг. Тав дах өдрийн орой хүүхдүүдээ хүнд харуулаад эхнэрээ дагуулаад болзоонд заавал явна. Төрсөн өдөр, хуримын ой, тэмдэглэлт өдрүүд, Монголын баяр ёслолыг хүртэл ёс төгөлдөр цааргалалгүй тэмдэглэж өнгөрүүлнэ. Гэртээ гэр бүлдээ зарцуулдаг цагаа маш сайн тооцож чанартай байдаг.

Нэг удаа айлын хүн хүүхдүүдэд нь буу бэлгэлэхэд их уурлаж яагаад ийм хүчирхийллийн тоглоом хүүхдэд өгдөг юм бэ гэж толгой сэгсэрсээр тоглоомыг нь далд хийсэн. Жижиг юманд сүржин загнасан юм шиг харагдавч бүх л зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг түүнээс хараад ойлгох шиг. Хэдий аав минь хүүхдүүдтэйгээ харьцангуй их харилцдаг, асуусан болгонд тэвчээртэй тайлбарлаж өгдөг байсан ч гэлээ герман нөхөр шиг яс тас хуваарьтай байгаагүй. Дадал зуршлыг хүнд багаас нь суулгаж өгөх, бүтээмж өндөр байх нь улс орны хөгжилтэй яалтчгүй хамааралтай юм байна лээ.

Хөгжилтэй оронд урдах ажлаа л хийж байвал эдийн засгийн дарамт бага байдаг. Энэ нь стрессийг маш ихээр бууруулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон боломжийг бий болгодог. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж амарч сурснаар эргээд ажлын бүтээмж нэмэгдэнэ. Хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрүүлэхийг илүүд үзнэ ээ. Байнга хамт байхдаа биш. Ажил хөдөлмөр хийж эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх нь чухал. Хүүхэдтэйгээ хамт байх үедээ жаахан гэж гололгүй сайн ярьж, ертөнцийг нь сонирхож хамтдаа нэг хийдэг юмтай болбол хэн хэндээ хэрэгтэй.

Хүүхэд өсгөхөд аав ээжийн оролцоо адил тэнцүү чухал. Манай зарим аав нар хамаг юмаа ээжид найдаад гэр доторх амьдралаа орхичихдог талтай байдаг шүү. Тэгээд бас их ганцаардмал байдаг шиг. Хүний нэн тэргүүнд тавих зүйл бол гэр бүл. Тэр дундаа эрүүл харилцаатай халуун дулаан гэр. Манайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйлс харьцангуй их болж байгаад талархаж байна. Ер нь амралтын өдрөөр хүүхдүүдээ аваад л уулруу алхчихдаг байхад зарлага гэхээр зүйл бараг гарахгүй дээ. Ус идэх юмаа бэлдээд л гарна.

Хүмүүжил болоод бие сэтгэлийн хувьд маш сайн амралт болно. Хамгийн сүүлд нэмээд хэлэхэд эгч маань ахаар тоглож, дахиад жирэмсэн боллоо гэтэл ухаан алдаж унах дөхсөн. Тэгээд тоглосныг мэдсэн хойноо Хайраа одоо хоёулаа болъё одоо үлдсэн насаа жаргаж амьдрахаа бодъё гэсэн гэнэлээ. Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй. Хариуцлага танаас нэхэж л ирдэг шүү. 

Эх сурвалж: Хүүхдийн хүмүүжил

САНАЛ БОЛГОХ