Нийслэлийн зам засвар бордюр, давсны бодисын тендерүүд нэг гэр бүлийн мэдлийнх болжээ, ХОТЫН ДАРГА АА
Х.Нямбаатар хотод бугшсан авлига, хулгайг цэгцлэх асар том даалгавар авч ирсэн. Даалгавартаа ч, дүрдээ ч бүрнээ итгэж, бүхнээ зориулж дөвчигнөсөөр өдий хүрч буй. Түүнийхээр бол хотод хулгайч үүрлэх байтугай, хулгана хөеөлөх зай үлдээгүй аятай л аашилж байгаа. Гэтэл саяхнаас хотын төвийн авто замуудыг засах нэрийдлээр бордюруудыг нь хуулж, хятад чулуун бордюраар нийтэд нь солиод эхэллээ. Жил бүр “хамуутай” гэх шалтгаар бордюр сольж, хотоос мөнгө саадаг “Бордюрын мафи” одоо ч байсаар байна гэж иргэд шүүмжилсэн. Харин Хотын дарга Х.Нямбаатар “Бордюрын бизнес гэж байхгүй” гэж гүрийсэн.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарт хаяглах ноцтой нэг баримт байна. Замын хөгжлийн газраас энэ онд нийслэлийн 17 байршлын гол болон туслах авто замыг 37 тэрбум төгрөгөөр засаж, шинэчилж байгаа гэж мэдэгдсэн. Өөрөөр бол, тэдгээр 17 байршлын авто замыг асфальтаар хучиж шинэчлэх ажлын хүрээнд бордюрыг нь солих ажиллагаа давхар явж буй. Тэгвэл тухайн 17 байршлын авто замыг асфальтаар хучиж, бордюрыг нь сольж шинэчлэх тендерт ялсан компаниудыг шүүж үзлээ. Хамгийн ноцтой нь, нэг гэр бүлийн гурван компани есөн байршлынх нь тендерт ялчихсан байх ажээ. Зам засаж, бордюр солихоос гадна хотын төвийн хог цэвэрлэгээ, халтиргаа гулгааны давс бодисны тендерүүдийг алддаггүй юм байна. Илүү ноцтой нь, тухайн гэр бүлийн хоттой холбогдсон зам засвар, бордюр, хог цэвэрлэгээ, давс, бодисны бизнесүүдийг нь хөвөрдөж хөөхөөр эцсийн цэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Д.Ганболдтой холбогдох ажээ. Хотод тендерийн хулгай, бордюрын бизнес байхгүй гэж яс гүрийж байгаа Хотын дарга Х.Нямбаатар үүнд ямар тайлбар өгөх бол...
Ойлгомжтой байлгах үүднээс эхлээд эцэг, эхээс нь танилцуулъя. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Чингэлтэй дүүргийн иргэн, Нийслэлийн алдарт уяач Жамсрангийн Энхжаргал гэж хүн байна. Жамсрангийн Энхжаргал гэдэг нэрээр шүүлт хийж үзвэл тун сонирхолтой нэг мэдээлэл гарч ирж байна. Тодруулбал, 1999-2007 онд нийслэлийн өмчит “Өргөө" зочид буудлын гүйцэтгэх захирлаар Чингэлтэй дүүргийн иргэн Жамсрангийн Энхжаргал гэж хүн ажиллаж байжээ. Улмаар 2007 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хотын дарга асан Ц.Батбаяр нар хуйвалдан, “Өргөө" зочид буудлыг хувьчилж авснаар Ж.Энхжаргал ажлаасаа чөлөөлөгджээ. Ноцтой нь, Ж.Энхжаргал нь 2010 онд цагдаагийн байгууллагад Н.Энхбаяр, Ц.Батбаяр нарын “Өргөө" зочид буудлын хувьчлалын хэргийг илчлэн гомдол гаргажээ. Улмаар хууль хяналтынхан иргэн Ж.Энхжаргалын гомдлын дагуу Н.Энхбаяр, Ц.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлснээр эцэст нь Н.Энхбаярын оймсоо гозолзуулан баривчлагдсан дуулиант хэрэг эхэлсэн түүхтэй ажээ.
Харин Ж.Энхжаргалын гэргий нь Нэргүйн Оюунгэрэл гэж хүн байна. Н.Оюунгэрэл нь 2008 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн болж, улмаар 2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Ингээд болоогүй, Н.Оюунгэрэл “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд охин Энхжаргалын Ганчимэг нь гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь Чингэлтэй дүүргийн хог цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт, авто зам болон ногоон байгууламжийн арчлалт, засвар үйлчилгээ болон төвлөрсөн хогийн цэгийн ландфилын талбай зэргийг бүхэлд нь гэрээгээр хариуцдаг. Жил тутам Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Н.Оюунгэрэлийн “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-д төлдөг төлбөр нь хэдэн тэрбумаар яригдана. Өөрөөр бол, Н.Оюунгэрэл нь “ТҮК”-ийн бизнесээ хамгаалж, ИТХ-д төлөөлөгч сэтэртэй суугаа нэгэн аж.
Гол асуудалдаа оръё. Дээр дурдсан Нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунгэрэл нар Э.Чинбат, Э.Ганзориг, Э.Ганболд, Э.Гантуяа, Э.Ганчимэг нарын хүүхдүүдтэй ажээ. Харин тэд нь дээр дурдсанчлан тус тусынхаа компаниудаар жил бүрийн зун, намар нийслэлийн авто замуудыг засварлах, цэвэрлэх, бордюрыг нь солих ажлуудын тендерийг хамж, өвөл нь нийслэлийн авто замуудыг халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс, бодисын тендерүүдийг авдаг байх юм. Энэ онд нийслэлийн 17 байршлын авто зам засварлах, бордюрыг нь шинэчлэх тендер зарласныг дээр дурдсан. Тэгвэл энэ гэр бүлийн “Квадровэй” ХХК, “Грэйт роуд” ХХК, “Экспресс зам” ХХК гэх гурван компани нь есөн байршлынх нь тендерийг авч чаджээ. Тодруулбал,
Энхжаргалын Ганзоригийн “Квадровэй” ХХК нь:
- Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.7 тэрбум төгрөгийн тендер
- Чингэлтэй дүүргийн гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 1.4 тэрбум төгрөгийн тендер
- Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-н уулзвараас Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 2.1 тэрбум төгрөгийн тендер
Тайлбар: Э.Ганзоригийн "Квадровэй" ХХК-ийн 32-н уулзвараас Хайлаастын уулзвар хүртэл сольсон бродюр
Энхжаргалын Ганзоригийн “Грэйт роуд” ХХК нь:
- Баянзүрх дүүргийн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-март худалдааны төвийн уулзарт хүртэл буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.5 тэрбум төгрөгийн тендер
- Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Зурагтын эцэст хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.8 тэрбум төгрөгийн тендер
- Баянгол дүүргийн гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 903 сая төгрөгийн тендер
Энхжаргалын Чинбатын “Экспресс зам” ХХК нь
- Сонгинохайрхан дүүргийн 35-р хороонд 1.3 км зам тавих- 4.0 тэрбум төгрөгийн тендер
- Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замыг засвар, шинэчлэлтийг гүйцэтгэх- 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан.
- Чингэлтэй дүүргийн гол болон туслах авто замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 1.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
Цаашилбал, Энхжаргалын Чинбат, Энхжаргалын Гантуяа нар “Эко тогтол” ХХК-ийг эзэмшдэг. “Эко тогтол” ХХК нь мөн л нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн тендер түүдгээрээ зартай компани ажээ. Жишээ нь, "Бишрэлт" зочид буудлын өмнөх, Урт цагааны өмнөх, 11-р хорооллын дундах болон Чингэлтэй-Хайлаастыг холбосон шоо хэлбэрийн чулуун авто замуудыг “Эко тогтол” ХХК тавьж байжээ. Өөрөөр бол, энэ гэр бүл дээр дурдсан компаниудаа байгуулахаасаа өмнө “Эко тогтол” ХХК-аа голлон ашигладаг байжээ гэж харагдаж байгаа юм.
Харин Энхжаргалын Ганболд нь Даваагийн Батболдтой “Эко асфальт” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Эко асфальт” ХХК нь авто замын асфальт, бетон хашлаганы үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтэд асфальт, бетон хашлага нийлүүлдэг. 2024 дөрөвдүгээрт сард Налайхын авто замын засварт 580 сая төгрөгийн халуун асфальт нийлүүлжээ.
Хамгийн ноцтой нь, Энхжаргалын Ганболдтой “Эко асфальт” ХХК-ийг хамтран эзэмшдэг Даваагийн Батболд нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Даваагийн Ганболдын төрсөн дүү ажээ. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирнэ.
Даваагийн Ганболд нь 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016-2020 онд Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар томилогдсон. Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар жил гаруйн хугацаанд ажиллаад, 2022 оны арванхоёрдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед Д.Ганболдыг давс, бодисны тендерийн асуудалд орооцолдсоноос болж ажлаа өгсөн гэх хов Хангарди ордноос дуулдаж байлаа. Өөрөө ч үгүйсгэсэн тайлбар хийж байсан. Тэгвэл одоо юу болсныг тайлбарлъя.
2022 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Даваагийн Ганболд халтиргаа гулгаа арилгах зориулалтын давс, бодис худалдан авах 1.8 тэрбум төгрөгийн тендер зарласан. Тус тендерт нь “Мөнх сонор трейд” ХХК өрсөлдөгчгүй шалгарсан. Хамгийн ноцтой нь, “Мөнх сонор трейд” ХХК-ийг Энхжаргалын Ганчимэг эзэмшдэг, эгч Энхжаргалын Гантуяа нь гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Э.Ганчимэг нь “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэдгийг эхэнд дурдсан. Мөн Э.Ганчимэгийн ах Э.Ганболд нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдын төрсөн дүү Д.Батболдтой “Эко асфальт” ХХК-ийг хамтран эзэмшдгийг дээр дурдсан. Өөрөөр бол, Д.Ганболд даргын албан тушаалаа ашиглан “Мөнх сонор трейд” ХХК-д давс, бодисны 1.8 тэрбум төгрөгийн тендерийг бэлэглэчихсэн, хэрэг нь илрэхээс зугтаж албан тушаалаа өгсөн байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. Илүү ноцтой нь, “Мөнх сонор трейд” ХХК нь 1.8 тэрбум төгрөгөөрөө зориулалтын давс, бодис биш, нуурын хужир нийлүүлж, үүнээс нь бол 2022 оны өвөл хамгийн олон осол аваар гарсан байж болзошгүй асуудлууд ч сөхөгдөж байсныг дурдах нь зүйтэй байх.
Цаашилбал, Ерөнхий менежер асан Д.Ганболд дээр дурдсан гэр бүлд давуу байдал бий болгосон нь ганц давс, бодисны жишээгээр дууссангүй ажээ. Тухайлбал, Д.Ганболд Чингэлтэй дүүргийн Засаг дарга байхдаа Чингэлтэй-Хайлааст чиглэлийн чулуун авто замыг Энхжаргалын Чинбатын эзэмшлийн, Энхжаргалын Гантуяагийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Эко тогтол” ХХК-иар байгалийн чулуугаар хийлгэж байлаа. Дараа нь, Д.Ганболд УИХ-ын гишүүн байхдаа буюу 2019 онд Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Дээд салхитын аманд хөлбөмбөгийн талбай, гүйлтийн зам бүхий спортын цогцолбор санаачилж бариулсан. Тухайн ажлыг мөн л “Эко тогтол” ХХК гүйцэтгэсэн байдаг аж.
Тайлбар: 2015 он, Чингэлтэй-Хайлаастыг холбосон чулуун авто замын нээлт, ЧД-ийн Засаг дарга Д.Ганболд, "Эко тогтол" ХХК-ийн захирал Э.Ганзориг
Товчхондоо, нэг гэр бүлийн гишүүд нийлээд нийслэлийн авто замыг засварлах, бордюр солих, хог цэвэрлэх, халтиргаа гулгааны давс, бодис нийлүүлэх бүх тендерийг хуу хамж байна. Ингэхдээ МАН-ын угшилтай УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Д.Ганболдоор нөлөөлүүлж ирсэн байж болзошгүй хангалттай сэжүүрүүд ч байна. Харин Хотын дарга Х.Нямбаатар үүнд ямар хариулт өгөх бол...
НИЙСЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАР, БОРДЮР, ДАВС БОДИСНЫ ТЕНДЕРҮҮД НЭГ ГЭР БҮЛИЙН МЭДЛИЙНХ БОЛЖЭЭ, ХОТЫН ДАРГА АА
Эх сурвалж: ergelt.mn
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй