Гринвичийн одон орон судлах оргилоор аялсан тэмдэглэл
Загасчны морь усгүй гэгчээр энүүхэнд байдаг одон орны шинжлэх ухааны томоохон нээлтүүд хийгдэж, мундаг эрдэмтэд ажиллаж байсан Гринвичийн одон орон судлах оргилоор оролгүй бараг хагас жил болж байгаад саяхан орсон юм. Тэнд бүтэн өдрийг бараг үзмэр бүхнийг нь сонирхож үзээд, үнэхээр сэтгэл хангалуун гарч ирсэн учраас та нартайгаа хуваалцъя хэмээн тэмдэглэлээ бичлээ.
Газар зүйн хичээл дээр цагийн бүсүүд болон уртраг өргөргийн талаар зааж байхад л тэг цагийн бүс Лондон хот, Гринвичид байдаг гээд зааж байсныг тодхон санадаг. Би ч анх ийш зүглэхдээ “За даа, тэг цагийн бүсийн шулуун, ганц хоёр зургаас өөр онц юмгүй л газар байх даа” гэсэн бодолтой орж ирсэн ч хүлээлтийг минь үнэхээр давсан музей, үзмэр, тайлбаруудтай газар байлаа. Одон орон судлах оргил нь өөрөө Гринвичийн парк буюу битүү ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, жаахан өндөрлөг газарт байрласан байдаг. Дотроо хэд хэдэн музей бүхий тусдаа барилгуудтай, мөн Лондонд байдаг цорын ганц планатор дотор нь байдаг. Манай нийтлэлүүдийг удаан уншиж байгаа хүмүүс маань намайг очсон газар бүрийнхээ планатор ордгийг мэдэх байх даа. Энд ирэхдээ ч Лондонгийн цорын ганц гэхээр нь их өндөр хүлээлттэй орж ирсэн ч нэг их сэтгэлд хүрээгүй. Москва, Нью-Йоркод үзсэн шиг гоё хөтөлбөр байхгүй, зүгээр шууд нэг тайлбарлагч л шөнийн тэнгэр харуулаад өнгөрсөн. Гэхдээ планатороос бусад газрууд нь бол супер байсан.
Музейн хаалгаар ормогц бөөн танил царайнууд таныг угтаж авна. 75-79 жил тутамд харагдаад өнгөрдөг Халлейн сүүлт одны мөчлөгийг анх ажиглаж тогтоосон алдарт одон оронч Эдмонд Халлей, Тэнгэрийн ван гарагийг 1781 онд анх олж нээсэн Уильяам Гершель гэх мэт одон орны хүнд жингийн тоглогчид бүгд энд судалгаа хийж байсан. Гершелийн Тэнгэрийн ван гарагийг олж харсан яг тэр телескопынх нь үлдэгдэл хүртэл Гринвич дээр байгааг олж харж болно. Цаашлаад хүүхдүүдэд сонирхолтой хөөрхөн нарны цаг, үзмэрүүд, хүрч болох солирын үлдэгдэл гэх мэт маш олон үзмэрүүдтэй байсан. Гэвч надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэг танхим нь “Уртрагийн асуудал” гэгчийг хэрхэн шийдсэн тухай танхим байв. Орчин үед бид бүгд утсан дээрээ GPS системтэй, хаа яваагаа амархан мэдэж чаддаг. Гэтэл энэ технологийн хөгжлөөс өмнө задгай далайд хөвж явсан усан онгоцны ахмад хаана яваагаа яаж мэдэх билээ? Байршил тогтооно гэдэг нь уртраг болон өргөргийн огтлолцох цэг хаана байгааг тодорхойлох л ойлголт. Өргөрөг буюу экватороос хоёр тийш ямар зайд яваагаа олж мэдэхэд нарны байршлыг ашиглаад харьцангуй амархан тогтоож болдог. Харин уртрагийг сайн нарийвчлалтай тийм аргаар тогтоох боломжгүй байсан тул далайн аяллын хамгийн чухал шийдвэрлэх асуудал нь уртрагийг зөв тогтоох явдал болсон байна. Үүнийг шийдэх арга нь юу байсан гэж бодож байна? Маш сайн нарийвчлалтай цаг.
1600-аад оны үед усан онгоц дээр нарийвчлалтай цаг авч явах харин боломжгүй шахуу байжээ. Тэр үеийн цагнууд нь хүндрүүлэгчтэй унжлагатай учраас далайн хүчтэй давалгаанд буруу ажиллах магадлалтайгаар зогсохгүй хамгийн сайн нь л гэхэд долоо хоногтоо хэдэн секунд алддаг байж. Иймхэн алдаа нь л гэхэд далайд хэдэн зуун миль газрыг буруу тооцоолоход хүргэдэг бөгөөд 1707 онд яг ийм явдлаас болж усан онгоцны томоохон осол гарсан байдаг. Иймд Британийн засгийн газраас “Уртрагийн асуудал”-ыг шийдэх уралдаан зарлаж, өндөр шагнал амласан байна. Уралдааны гарцаагүй ялагч гэж хэлж болохуйц нэгэн эрхэм бол цаг зохион бүтээгч Жон Харрисон юм. Харрисон амьдралынхаа талыг гартаа барьж суугаа жижигхэн халаасны цагийг бүтээхэд зарцуулсан бөгөөд одоо ч зарим механик цагнууд түүний дизайныг ашигладаг.
Цаг хугацааг нарийвчлалтай хэмжинэ гэдэг ямар ч шинжлэх ухааны хувьд чухал асуудал гэдгийг энэ танхимыг үзээд ойлгосон доо. Ялангуяа одон орончдын хувьд ажиглалт хийхэд цагаа зөв тооцоолох нь маш чухал. Бас бүхий л амьдралаа нэг бүтээлдээ чин сэтгэлээсээ зарцуулж, эцэст нь үр дүнд хүрч чадсан Харрисоны түүхийг унших нь их сонирхолтой байлаа.
Цаашид Лондоны эргэн тойрны сонирхолтой мэдээллүүдийг хуваалцаж байна аа. Зураг авахдаа л жаахан маруухан болохоос биш мэдээлэл хүргэх сэтгэл зөндөө байгаа шүү.
Эх сурвалж: Бүдэг цэнхэр цэг
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй