Н.Мандуул: Одоогийн нөхцөлд надад нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулья л гэх АМБИЦ байна
Хөгжлийн банк, ШӨХТГ зэрэг чухал бүтцийг удирдаж явсан Н.Мандуул өнгөрөгч дөрөвдүгээр сараас НЗД-ын зөвлөхөөр ажиллах болж улмаар саяхан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон билээ. Түүнтэй эрчим хүч, орон сууцжуулалт, метро зэрэг хот тойрсон асуудлуудын хүрээнд ярилцсанаа хүргэж байна
-Хотын ажлыг аж, ахуйн ажил ихтэй л гэлцдэг. Та сүүлд Сэлбэ гол дээр ажилласан байсан?
-Тийм ээ. Өнгөрсөн жилийн үерээс бид нэг том сургамж авсан шүү дээ. Тиймээс Сэлбэ, Дунд голын үерийн даланг хүчитгэх ажлуудыг хийх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү ажлыг эхлүүлээд байна. Би ойрын өдрүүдэд газар дээр нь очиж шалгаж, ажиллана.
-Сэлбэ, Дунд голын лаг, хагшаасыг цэвэрлэж байна гээд голын амь насалж байна гэх шүүмжлэл сошиалд нэлээн хүчтэй өрнөсөн?
-Голын ёроолд нь олон жил хуримтлагдсан лаг, шавар, хог байна. Энгийнээр тайлбарлахад, үерийн далан 2.5 метрийн өндөртэй байгаа. Гэтэл доор нь цугларчихсан байгаа лаг, хагшаас нь 1.5 метр болчхоод байгаа байхгүй юу. Голын усны өндөр дунджаар 50-80 см байдаг. Түүнээсээ бага зэрэг халихад л далангаасаа халиад үер усны аюулд өртчих гээд байгаа юм. Тиймээс хотын зүгээс үерийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн даланг хүчитгэх ажлыг хийх төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Ер нь дунд хугацаандаа Туул гол болон Сэлбэ голын дээхэн талд нь усан сангуудыг байгуулах ёстой юм билээ. Ингэж байж бид гадаргуун усны менежментээ хийж, үерийн аюулгүй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
-Лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг хэзээ дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Бид нэлээн хэдэн компанитай хамтраад лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг хийгээд явж байна. Энэхүү ажлыг долоодугаар сардаа багтаагаад дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийтдээ 300 мянган метр куб лаг, хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй байна. Одоо бараг талдаа орчихсон явж байна. 300 мянган метр куб гэж байгаагийн шалтгааныг тайлбарлая л даа. Жишээлбэл, энгийн 20 тонны контейнер нь 30 метр кубын эзлэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, 10 мянган контейнер дүүрэн лаг, хагшаасыг бид цэвэрлэж зөөж байна гэсэн үг. Энэ асуудлыг дагаад яригдах олон зүйл бий. Хүмүүс бургастай нь цуг тайрлаа гээд байна. Гэтэл бургас нь лаг, хагшаас дотор ургаад, дээр нь хог ихээр цуглардаг учраас ингэж тайрахаас өөр аргагүй. Манай инженер, техникийн мэргэжилтнүүд маань ч ингэж тайлбарлаж байгаа. Дунд голын адаг хавьцаанаас хүний цогцос хүртэл олдсон шүү дээ. Барилгын хог хаягдал ч гарч ирж байна. Маш их ажиллагаа орж байгаа. Гэрээлэгч компаниуд маань өнгөрсөн хугацаанд 3-4 экскаватороо эвдэллээ. Энэ мэтчилэн ажил бол амаргүй. Гэхдээ бид төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгана гэсэн бодолтой байна.
Ингэснээр доошоо 1.5 метр орчмын лаг хагшаасыг ухаж цэвэрлэж байгаа юм. Хоёрдугаарт, эл лаг хагшааснууд нь хуримтлагдсаар голын урсац нэлээн нарийссан. 20 метр байх газар хоёр метр болчихсон хэсэг ч бий. Үерлэхэд амархан болчихсон гэсэн үг л дээ. Иймээс хоёр тийш ийнхүү тэлж, хэвийн хэмжээнд нь оруулж байгаа юм.
-ЗГ-аас 500 сая хүртэлх гадаад бондын эрхийг хотод өгчихсөн байгаа. Бондын хөрөнгөөс орон сууцжуулах төслүүдээ санхүүжүүлнэ-
-Хотын орлогчоор томилогдсон. Ажлаа юунаас эхлүүлэв. Үүний өмнө тухайлсан чиглэлдээ Зөвлөхөөр ажиллаж байсан учраас үргэлжлүүлэх, магадгүй дуусгах ажил байсан байх?
-Тийм ээ. Хэсэг хугацаанд Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан. Миний өмнөх ажлаасаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн болон одоо төвлөрч байгаа зүйл нь нийслэлийн хэмжээнд эрчим хүчний асуудлыг энэ өвлөөс өмнө шийдэх явдал. Нэгдүгээрт, бид өнгөрөгч зургаадугаар сард хотын дотоодын бондыг босгосон. Түүнээсээ 300 тэрбум төгрөгийг санхүүжилт нь гацаад байсан Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан зээл олгож шийдвэрлэсэн. Эхний блок 150 мВт нь ирэх аравдугаар сард ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Наадмын өмнө Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар очиж ажилтай нь танилцсан. Ажил хэвийн үргэлжилж байгаа. Аравдугаар сарын эхний долоо хоногт ашиглалтад орно гэх хүлээлттэй байна. Хоёрдугаарт, эрчим хүчний хураагуурын станцын төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Тендерээ зарлачихсан. Энэ сардаа багтаад тендерийн процесс нь дуусах учиртай.
Энэ өвлөөс өмнө 50 мВт-ын эрчим хүчний хураагуурын станцыг Багануурт ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр Бөөрөлжүүтийн 150 мВт, эрчим хүчний хураагуурын станцын 50 мВт гээд нийт 200 мВт-ын эрчим хүчний шийдлийг энэ өвлөөс өмнө төвийн систем дээрээ нэмнэ гэсэн үг.
-Батарей хураагуурын станцын талаар тодруулаад ярьж болох уу. Олон нийтийн анхаарлыг татаж байгаа байх?
-Дөрөвдүгээр цахилгаан станцаар жишээ аваад үзье л дээ. Нүүрсээ түлээд, цахилгаанаа гаргаад явдаг. Гэхдээ шөнийн цагаар хэрэглээ буурдагтай холбоотойгоор үйлдвэрлэж буй цахилгааныхаа илүүг маш хямд үнээр ОХУ руу экспортолдог. Харин өдөр 17-21 цагийн үе буюу оргил ачааллын цагаар өндөр дүнтэй цахилгаан эрчим хүч импортолдог системээр яваад байна. Батарей хураагуурын станцын гол ач холбогдол нь шөнөдөө алдаад байгаа эрчим хүчээ нөөцлөөд оргил ачааллын цагаар төвийн системдээ түүнийг нийлүүлэх явдал юм. Шинэ эрчим хүчний эх үүсвэр биш. Гэхдээ тохируулга хийгээд илүү үр ашигтай төвийн систем маань ажиллах боломжийг олгож байна гэсэн үг.
-Эрчим хүчний төслүүдээ энэ өвлөөс өмнө дуусгаж амжих уу. Хугацаа шаардагдах ажлууд шүү дээ?
-Томоохон төслүүд уддаг, цаг алддаг зүйл бий. Ямартай ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц хугацаандаа ашиглалтад орно гэдгийг итгэлтэй хэлнэ. Батарей хураагуурын станцын хувьд, тендерийн үе шатад хугацаа алдчихгүй л бол энэ өвлөөс өмнө ашиглалтад оруулна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Эдгээр төслүүдэд хэр хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа вэ. Бондоос санхүүжүүлсэн 300 тэрбум нь зөвхөн Бөөрөлжүүтийн төсөл рүү орж байгаа юу?
-Зөвхөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл рүү тухайн 300 тэрбум төгрөг нь зарцуулагдаж байгаа. Батарей хураагуурын станцын ажлыг тооцоолоход 80 гаруй сая ам.долларын хөрөнгө орохоор байгаа. Энэ нь ч олон улсын стандарт дүн юм билээ. Олон улсын байгууллагаас санхүүжилтийг нь шийдвэрлүүлэхээр яриа хэлэлцээрийг эхлүүлээд байна. Нэг талдаа гүйцэтгэлийн тендерээ хийгээд, нөгөө талдаа санхүүжилтийн эх үүсвэрээ шийдээд явж байгаа. Аль аль талдаа асуудал шийдэгдчих байх. Энэ өвлөөс ашиглалтад оруулж чадна гэж ам бардам хэлээд байгаа нь ийм учиртай.
-Хотын бондын хөрөнгөөс санхүүжих дараагийн төсөл бол авто замын төслүүд. Хотын дарга Х.Нямбаатар өмнө яриа өгөхдөө аравдугаар сарын 1-нээс өмнө авто замын 70 орчим хувийг бүрэн хучиж, ус зайлуулах шугамыг сайжруулна гэж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ. Одоо ч ус зайлуулах шугам утгаараа яригдаж цаг үе дөхөж байна?
-Бүтээн байгуулалтын улирлыг ашиглаад бид маш их ажлыг хийж байна. Авто замын хучилтын ажлыг өнгөрсөн хугацаанд нэлээдгүй эрчимжүүлж хийлээ. Үүнийг үргэлжлүүлнэ. Шинээр босгосон бондын хөрөнгөөс 150 орчим тэрбум төгрөгийг нь зам хучилтад хуваарилж байгаа. Мэдээж тендерийн тухай хуулиа дагаад бүхий л тендерүүд нь зарлагдаад ажил үргэлжилж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа нэлээн олон жил засвар хийгдээгүй шугам сүлжээг шинэтгэх ажлыг хийж байна. Хүмүүс яагаад зуны цагаар халуун ус таслаад байгаа юм гэж бухимддаг. Гэтэл шугам сүлжээгээ засах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн бусад хотуудын шугам сүлжээ нь хонгилын системтэй байдаг. Ямар нэгэн засвар хийх боллоо гэхэд инженерүүд нь хонгилоороо ороод засвар үйлчилгээгээ хийчихдэг. Манайд ийм систем байхгүй учраас газраа ухаад гаргаж авч байгаад засах шаардлага үүсээд байгаа юм. Халуун усыг хэсэгчилж тасалдаг нь үүнээс л шалтгаалдаг.
-Эрчим хүч, авто зам үргэлжлүүлээд орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр байгаа. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сэлбэ дэд төвийг бүрэн зураг төслийг нь гаргаад хотын төв дэх жишиг хороолол болгох зорилт тавин ажиллаж байна. ТЭЗҮ-г гаргаад дууссан. Барилга угсралтын ажил, тендерийг нь тун удахгүй зарлах гээд баримт бичгийг нь боловсруулаад явж байна. Сэлбэ дэд төв дээр гэхэд 12 мянган айлын орон сууцыг барих төлөвлөгөөг гаргаад буй. Үүнд нэлээн их хөрөнгө мөнгө шаардагдана. Газар чөлөөлөлтийн ажил 60 хувьтай явж байна. Нөгөө талдаа барилгын ажил нь өөрөө гадаад валют их шаардагддаг ажил учраас бид хотын анхны олон улсын бондыг гаргахаар ажиллаж байгаа. Энэ жилдээ багтаад Засгийн газраас 500 сая хүртэлх гадаад бондын эрх өгчихсөн байгаа. Үүнд тохируулаад бие даасан бондоо босгоод санхүүжилтээ хийгээд явна.
-Том зургаараа авч үзвэл, метрог ажиллуулахад шаардагдах 30 орчим мВт-ын цахилгаан эрчим хүч бол энгийн л үзүүлэлт. Хот цаашид ч эрчим хүчний эх үүсвэрээ нэмнэ шүү дээ-
-Метроны төслийг асуулгүй өнгөрөөж болохгүй байх?
-Дэлхийн олон хотуудад метрог шинээр барьж байгуулахад ойролцоогоор 4-8 жилийн хугацаа шаардагддаг. Нийслэлд барих гэж буй метроны хувьд төлөвлөгөө ёсоор 17 км орчим урттай. Томоохон хэмжээний энэхүү бүтээн байгуулалтыг бид шууд эхлүүлчихгүй. Хамгийн эхлээд PMC /Project managment consulting/ буюу манай талд зөвлөх компанийн зөвлөх үйлчилгээний тендер зарлаад БНСУ-ын таван компанийн консорциум ялсан. Бид саяхан гэрээгээ байгуулж, гарын үсгээ зурсан. Тэд ажилдаа орсон. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвлөлдсөний үндсэн дээр метроны түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр барих, гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендерийг энэ намартаа багтаан сонгон шалгаруулалтыг хийх юм. Гүйцэтгэгч шалгарсны дараагаар барих процесс дээр БНСУ-ын консорциум компани маань бидэнтэй хамтарч хяналт тавина. Бид туршлагагүй юм чинь чадахгүй гэх биш бид чаддаг олон улсын компанийг нь авчирч байгаад хяналтаа тавиулаад хамтран ажиллана.
-Эрчим хүч, дэд бүтцийн хувьд метрогоо ажиллуулж чадах уу гэдэг асуудлыг олон нийт хөндөж байсан?
-Метро ашиглалтад орсон тохиолдолд 30 орчим мВт-ын эрчим хүч шаардагддаг юм байна. Энэ нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Өмнө дурдсанчлан энэ намар л гэхэд Бөөрөлжүүтийн 150 мВт-ын станц ашиглалтад орно гэлээ шүү дээ. Метрог барьж байгуулаад ашиглалтад оруултал бас хэдэн жил болно. Энэ хугацаанд бид зүгээр суухгүй шүү дээ. Эрчим хүчний эх үүсвэрээ нэмээд явна. Бөөрөлжүүтийн станцын дараа дараагийн блокууд ашиглалтад ороход эх үүсвэр дахин нэмэгдээд явна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч цахилгаан эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар тусна. Энэ мэт том объемоороо авч үзвэл 30 орчим мВт гэдэг бол харьцангуй бага тоо.
-Одоогийн нөхцөлд надад нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулья л гэх АМБИЦ байна-
-Орлогчоор томилогдсоны дараагаар танд ямар "комментууд" ирэв. Хөгжлийн банкнаас хойш хэд хэдэн ажил сольчихлоо?
-Сайн хэлж мэдэхгүй л юм. Нэг ажил дээрээ удаан тогтдоггүй л гээд байх юм байна шүү дээ.
-Та үүнд ямар байр суурь илэрхийлмээр санагдаж байна?
-Би аливаа ажлыг хийх хугацаандаа нэг ч болтугай юмны ард гарч үр дүнтэй ажиллая л гэж боддог. Түүнээс биш энд тэнд удаан ажиллах эсэх нь хоёрдугаарт тавигдах асуудал байх. Нийслэл өөрөө маш их ажилтай байдаг. Хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч буй хэсэг. Эдийн засгийн 70-80 хувь нь энд төвлөрч байна. Энэ утгаараа нийслэлийнхээ асуудлуудыг шийдвэрлэж чадвал улсын хэмжээний асуудлын дийлэнхийг нь шийдэж чадах юм байна гэх итгэл үнэмшил надад байна.
-Таны өмнөх удирдлагууд УИХ-д гишүүнээр сонгогдсон. Ер нь энэ мэт албан тушаалыг улс төрд гарах "гүүр" мэт ашиглаж байна гэх шүүмжлэл ч байдаг. Харин таны амбиц?
-Яг одоогийн нөхцөлд надад нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулъя л гэсэн амбиц байна. Миний өмнө орлогчоор ажиллаж байсан хоёр хүн УИХ-д сонгогдон орсон. Тэд нартайгаа нэлээн ойр холбоотой ажиллана. Түүнчлэн УИХ-д сонгогдсон хот байгуулалт чиглэлийн мэргэжилтнүүдтэй ч ойрхон ажиллана гэсэн бодолтой байна. Нэг талдаа хууль тогтоогч байгууллагад хотын асуудлыг мэддэг хүмүүс нь орсон нь сайн хэрэг. Гүйцэтгэл тал дээр Х.Нямбаатар даргаар тэргүүлүүлсэн хотын удирдлагууд ажлаа хийнэ л гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ubn.mn
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй