Н.Мандуул гэдэг чинь хэн билээ?

UB Info

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТ ЖИВЭХ ҮҮ, ЭСВЭЛ...

2021 онд 10 жилийнхээ ойн баярыг тэмдэглэх байсан Хөгжлийн банк Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын толгойн өвчин болов. Нийт зээлийнх нь 55.3 хувь чанаргүй ангилалд багтаж 3.2 их наяд төгрөг эрсдэх үзүүлэлттэй энэ банкийг хэнд даатгах талаар Ерөнхий сайд Сангийн сайдтайгаа зөвлөхөд “Мандуул” гэж нэрийг өөр хувилбаргүйгээр сонсоно. “Мандуул гэдэг чинь хэн билээ” гэж шинэ Ерөнхий сайд асуув. 

Энгийн л нэг төрийн албан хаагчийн нэр энд шинэхэн сонсогдовч олон улсын банк санхүүгийн ертөнцийн хувьд Монгол Улсын үе үеийн Засгийн газрын нэрийн өмнөөс тулж ажилладаг хуучны итгэлт түнш нь байлаа. “Н.Мандуул оюутны ширээнээс Сангийн яаманд ирсэн, мэргэжилтнээр эхэлж, газрын даргаар дэвшин ажиллах хүртэлх арав гаруй жилийн хугацаандаа дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудаас 2.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг үе шаттайгаар босгосон, үүнд Хөгжлийн банкны бондууд мөн орно” гэх товч танилцуулга Л.Оюун-Эрдэнийн анхаарлын гадна үлдсэнгүй. 

Нямандэлэгийн Мандуул анх Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдсон аж. ТУЗ-ийн даргын хувьд эхний ээлжид гүйцэтгэх захирлаа олох хэрэгтэй бөгөөд тэр нь мэргэжилтнийхээ хувьд сайн санхүүч төдийгүй хувь хүнийхээ хувьд баараггүй, харилцаа хамаарлын хувьд ч эргэлзээгүй нэгэн байх ёстой. “Тийм хүн хэн байж болох талаар бодох, эрэл хайгуул хийх цаг зав байсангүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажил үүргийг өөртөө даатгахаас гарцгүй болсон. Ингээд ТУЗ-ийн даргаа болиод Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон юм” гэж Н.Мандуул өгүүлэв.

-Үндэсний үйлдвэрүүд, жижиг дунд бизнесүүдийг хөл дээр нь босгож, улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зорилготой босгосон санхүүгийн эх үүсвэрүүд ямар 66 компани, хувь хүмүүсийн гарт очиж гацсаныг жагсаагаад харахад хоёр том намын нөлөө бүхий улстөрчдийн хамаарлыг төвөггүй уншиж болохоор тийм л дүр зураг угтсан. “Хөгжлийн банктай хамт живэх, эсвэл...” гэх төсөөлөл аяндаа ургасан. Ерөнхий сайдын авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж хийсэн эхний алхмууд, нам доторх улс төрийн шинэ бөгөөд ганцаардмал шинж чанарт нь би итгэхийг хүссэн. Зоригтой байгааг нь холоос ажиглах бус, мэддэг чаддаг зүйлээрээ хамтран зүтгэх, үр дүн гаргах боломж олдсон хэрэг. Сангийн яаманд байхдаа зээлийн эх үүсвэрийг олж ирсэн, Хөгжлийн банканд эргэн төлөх үйл явцыг удирдаж таарсан.

ЛИБЕРАЛ АРТ СУРГУУЛИЙН ЭСЭЭ

-Би 1983 онд залуухан эдийн засагчдын гэр бүлд төрж өссөн, айлын том хүүхэд. Манай аав, ээж тухайн үеийн Зөвлөлтөд Ленинградын улсын их сургуульд суралцаж байхдаа танилцаж гэрлэсэн улс. Сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан, адал явдалт, уран зөгнөлт зохиолд хорхойссон хүүхэд байв. Дунд ангид математикийн олимпиадад ороод нэгдүгээр сургуулийн хүүхдүүдэд нам тавиулсан юм.

Ерөөсөө л нэгдүгээр сургуульд орж, тоогоо олигтойхон шиг нүдье гэж шийдээд сонгонд нь орчихсон. 84 дүгээр сургуульдаа математикт толгой цохиж явсан би Улаанбаатарын хамгийн сайн тоочдын дунд хэн ч биш болдог байгаа. Шартай жаал байсан л даа, намраас хойш өдөр шөнөгүй нухлаа. Хоёр улирал лав өнгөрсөн, Монголын үе үеийн математикт авьяастай хүүхдүүдийг өсгөж өндийлгөсөөр хэрийн зүйлд сэтгэл нь хөдөлдөггүй Нарангэрэл багш миний амжилтад хөөрхөн хөөрч билээ.

Би математикаас төвлөрч сурсан, учир зүйд дурласан. Аав, ээж хоёулаа эдийн засагч боловч хэн нь ч намайг эдийн засагч болохыг ятгаагүй, бодлого бодож явсаар нэг л мэдэхэд эдийн засгийн мэргэжилтэй болсон. Харин аав сагс тоглоход идэвхийлэн “уруу татсан”. Нэгдүгээр сургуулийн сагсны шигшээгийн тамирчнаар мэргэжлийн спортын карьер төгссөн ч бөмбөг хөөсөн хэдэн нөхөдтэйгөө заалаа аваад тоглож л яваа.

Дунд сургуулиа төгсөөд тэр үеийн математикт сайн бүх хүүхдийн уралддаг ШУТИС-ийн КТМС-д тэнцлээ. Төгсөөд программист болох гэнэ. Энэ мэргэжлийг шинэ болохоор нь сонирхсоноос биш огт судлаагүй орчихсон. Хичээлүүд нь ер миний ноцолдох эд биш, тэгээд л хэдэн сарын дараа сургуулиа хаясан. За тэгээд Америк явж байгаа юм. 100 хувийн тэтгэлэггүйгээр сурах боломжгүй газар юм гэдгийг ойлгуулсан нэг жилийг тэнд үзсэн. Монголд тэр үед Соросын сан тэтгэлэг олгодог байлаа, тэндээс тэтгэлэг горилохоор англи хэл үзэж гарсан. Гэртээ бие дааж сурсан нэг жилийн дараа шалгалт өгөхөд Тоэфл-ын өндөр оноо авч, Соросын сангийн 100 хувийн тэтгэлгийн болзлыг ханган 2003 онд Болгар дахь Америкийн их сургуулийн Эдийн засгийн дээд сургуульд суралцахаар явсан юм.

“Намайг Болгар дахь Америкийн их сургуулийн дөрөвдүгээр курст ороход Мандуул нэгдүгээр курсийн шинэ оюутан ирсэн. Бид өөр мэргэжлээр, дээд доод ангид байх ч цөөхөн хэдэн монголчууд их эвтэй. Мандуул бид хоёрын хувьд нас чацуу, хоёулаа сагсанд дуртайгаас гадна Монголд гэр ойрхон болохоор дундын танил нөхөд олонтой байсан нь илүү дотносох шалтгаан болсон байх. Бараг өдөр болгон хэрэг болгон уулзаж сагс тоглоно, бас “шоудахдаа” ч хамт. Мандуулыг ирэхээс өмнө манай сургуулийн шигшээ Болгарын оюутны лигт тоглодог байсан ч олигтой амжилт гаргалгүй дахиж ороогүй. Бид хоёр сургуулийн гадаах сагсны талбайд мөн ч их тоглосон, ихэвчлэн хожно. Мандуул арай эрт ирэхгүй яав даа, тэгсэн бол манай шигшээ илүү сайн тоглох байж гэж харамсдаг байлаа.

Манай сургууль байдаг Благоевград хот олон их сургуультай, оюутны хот ч гэдэг. Болгар залуучууд баар саванд арьс өнгөөр ялгаварлах үзэл цухалзуулна. Азиудыг “Хөөе, хятад” гэж дуудах нь түгээмэл. Би оюутан хүүхэд байхдаа их ч зодолдсон доо. Бие жижиг Наполеон комплекстой ч юм уу, дээрэлхүү юмнуудыг ер зүгээр орхихгүй, үг сөрнө, тэгээд л зодоон болно. Мандуул надаас өөр, тайван хүүхэд байсан. Яльгүй юманд үсчээд байдаггүй. Гэхдээ намайг өмөөрөөд л дуртай дургүй зодолдоод явчихна. Лав л дэмий юмнаас боллоо гэж хаяж явсан тохиолдол байдаггүй л юм. Хэдийгээр бидний хамтдаа өнгөрүүлсэн оюутны жил ганц ч Монголдоо эргээд л уулзсан. Мандуулыг Сангийн яаманд ороход зааланд нь очиж хамт тоглосоор ажлынхантай нь хүртэл найзууд болсон доо” гэж түүний найз Самбуу ярилаа.

-Нэгдүгээр курст 12 кредит үзэхэд хангалттай гэхэд нь дөрөвдүгээр курст үздэг философийн хичээл нэмж 18 кредит сонголоо. Тэр үед түүх, философи сонирхож байсандаа л яарсан байх. Гэтэл судлах ёстой ном зохиолуудаа уншиж амжихгүй, эсээ бичих чадвар ч хангалтгүй хоцроод унасан. Нэг удаа өгөгдсөн сэдвээр санаагаа бүрэн илэрхийлэх гэхэд нэг л дулимаг болоод байхаар нь эх сурвалжийг нь дурдахгүйгээр нэгэн эх бичвэрээс таалагдсан хэсгээ шууд хуулж орууллаа. Удаах хичээл дээр бусдын оюуны бүтээл, санаа, контентыг зохиогч, эх сурвалжийг нь эшлэхгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлан өөрийнхөө бүтээлд оруулж бусдад танилцуулах нь плэжиризмд тооцогдохыг олж мэдэв. Оюуны хулгай хийснээ, бас би энэ сургуульд огт бэлтгэгдээгүй ирснээ ойлгосон. Миний сурсан боловсролын систем надад шинжлэх ухааны мэдлэг өгсөн ч хувь хүний ур чадвараа илэрхийлэх, хуваалцах, хөгжүүлэх арга зүйд сургаагүй байсан.

Би эсээ хураалгасан багш руугаа очиж үнэнээ хэлж муу дүн авснаар миний дээд сургуулийн жинхэнэ амьдрал эхэлсэн том сургамж болсон гэх үү дээ. Либерал арт сургуулиас оюутнуудын олж авахаар мэрийдэг боловсрол дотроос математикийн шинэ мэдлэг хүлээн авч хөгжихөд л би бүрэн бэлтгэгдсэн байлаа. Тиймээс хоёрдугаар курстээ театрын хичээл авлаа. Энэ хичээлээр театрын түүх, англи-америкийн уран зохиол, философи-нийгмийн зохиолууд, сэтгэгчдийн тухай уншиж судлаад, сэдэв бүрээр эсээ бичихээр суух болсон юм. Ойлгож мэдсэнээ харьцуулах, дүгнэх, баримт мэдээллийг боловсруулан сонирхолтойгоор илэрхийлэхэд суралцаж байлаа. Оюутны амьдрал намайг харах өнцгөө тэлж, үзэл санаатай, байр суурьтай, цаашид амбийцтай байхад сургасан гэж боддог. Их сургуулиа эдийн засаг, бизнесийн удирдлага гэж бакалаврын хоёр зэрэгтэй төгсөж байлаа.            

РА РИ РҮ РЭ РО

“Аав намайг орой үдэш гаргадаггүй, би найзуудтайгаа диско бааранд орохоор удтал гуйсны эцэст нэг зөвшөөрсөн юм. Бүжиглээд зогсож байтал хажууд зөөгч шиг хүн ирээд “Та нар хэдүүлээ явж байгаа юм” гэсэн нь Мандуул байсан. Нэг тийм ажлаа хийж байгаа юм шиг шулуухан асуусан. Намайг 2006 онд оюутан болж Америк руу явахын өмнөхөн бид ингэж танилцсан” хэмээн эхнэр Д.Энэрэл өгүүлэв. Тэгэхэд Мандуул гуравдугаар курсийн зуны амралтаараа ирээд буцах дөхчихсөн үе нь байж. Тэд дөрвөн жил мэйлээр харилцаж, Энэрэлийг дээд сургуулиа төгсөж ирэхэд гэр бүл болжээ.

-Жилийн дараа бидний хүү мэндэлсэн. Би хүүгээ аавынхаа зан чанарыг дуурайгаасай гэж хүссэн. Өөрийгөө сорих дуртай, зоригтой, яг л нэг бага Мандуул болон өсөж байна. Хичээлдээ сайн, сагс сүрхий тоглоно. Мандуулыг аав нь сагсан бөмбөг рүү явуулсан шиг Мандуул ч бас хүүгээ энэ спортод хөтөлсөн.  “Мандуул аа, би чамаас илүү ухаантай хүн хараагүй” гэж түүнд анх хэлснээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч энэ үгээсээ буцсан удаагүй ээ. Түүнд мэддэггүй юм үгүй мэт санагддаг. Одон орон, түүх, бүр шашны тухай хүртэл судалчихсан байдаг. Найзууд нь Мандуулын үгийг их сонсоно. Би ч бас түүнээс ихийг сурчээ. Тийм, үгүй, яагаад гэдгээ товч тодорхой илэрхийлдэг, үйл хэрэгтээ бол яг л эзэн байдаг зарчмаас нь надад “халдварласан” байна. Би ааштай, хатуу үгтэй, Мандуул эсрэгээрээ зөөлөн. Юу ч болж байсан бүдүүлэг авирладаггүй. Анх намайг түргэн зангаа гаргахад надаас юу харж байгаадаа итгэхгүй өөдөөс инээгээд “Аймаар юм бэ”, “Эвгүй гар уу, үгүй юү” гэхчлэн үнэнээсээ гайхна. Эр хүний ийм хариу үйлдэлд ичиж орхидог юм билээ.

Бөөрөнхий хэлтэй, жаахан удаан ярьдгийг нь засах санаатай “Ра ри рү рэ ро” гэж түргэн хэлүүлж, бөөн инээдэм болдог сон. Мандуул бид хоёрт нэг ижил хандлага байсан нь хоёулаа бие даасан хүмүүс. Бие биеэсээ шалтгаалах, бие биеэсээ шаардах дургүй. Манайх Мандуулыг Сангийн яаманд байхад үл хөдлөхийн зээлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орсон байрандаа, миний хадгаламжаар авсан машинтайгаа, өөр өөрсдийн ажлаа хийгээд амьдардаг айл. Сангийн яамны залуучууд өндөр ачаалалтай, маш завгүй ажилладаг. Ар гэрийнхэнд нь цаг наргүй ажлаас нь залхах үе гардаг л байх. УИХ-аар улсын төсөв батлуулахын өмнө төслийн тооцоо гаргаад яаман дээрээ хонуут ажиллана.

“Тэнгэрийн тооны ард гэр орноо мартлаа” гэж би үг хаядаг л байсан. Мандуулыг би зүгээр л хэнхэг амьтан биш гэдгийг мэднэ л дээ. Том тоо байх тусам, сорилт, бэрхшээл тулгасан төсөл байх тусам дурладаг, шийдэл олж, үр дүн гаргах гээд улайрчихдаг. Түүнийг дайсан нь ч дэмжихгүй байх аргагүй хариуцлагатай, өндөр өгөөжтэй мэргэжилтэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болоод чанаргүй зээлдэгчдийн жагсаалт дуулиан тарьж, улс орноороо авлигын эсрэг шударга ёс шаардан давлагаалж байх тэр үед би Мандуулаараа маш их бахархсан. Нөгөө л миний хүндэлдэг зан чанараараа, тууштай баримталдаг зарчмаараа ажилласан. Харин нийгмийн сүлжээнд Мандуулыг огт мэдэхгүй байж гүтгэсэн, илэрхий мушгин гуйвуулсан зүйл бичсэнийг хараад хүмүүст өөрийн үнэн зөвийг тайлбарлаад явдаг хэлэмгий доломгой ч болоосой гэж боддог байсан. 

“БААЧКА”

Н.Мандуул 2007 онд оюутны ширээнээс Сангийн яамны хамгийн их ажилтай Төсвийн бодлогын газарт мэргэжилтнээр  оржээ. Тэнд таван жил тоо нухаж суухад нэг гараанаас зэрэг эхэлсэн олон залуу шантран зугтав. Мандуул ёстой л амбийцаараа үлдсэн хэрэг байлаа. Тэр хэрээрээ төсвийн бүх харилцааг мэддэг болж, ажилдаа гаршаад нэг л мэдэхэд Сангийн яамны хонгилоор толгой гэдгэр алхдаг мэргэжилтэн болчихсон явав.

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргаж, улсын төсвийн зургааны нэгтэй тэнцэх хэмжээний том мөнгө орж ирсэн 2012 онд тэрбээр Фулбрайтын тэтгэлгийн шалгуурт тэнцэж, Америкийн Брэндайзын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрт сурахаар явсан. 2014 онд мастераа хамгаалаад Сангийн яаманд буцаж орох төлөвлөгөөгүй, бизнесийн салбарт карьер хөөх бодолтой ирэв.

-Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн Б.Нямаа дарга намайг дуудаж уулзаад “Наана чинь Сангийн яам том бонд босгох гэж байна. Хөрөнгийн зах зээлийн шинэ арилжаа, шинэ харилцаа!” гэхэд нь хобби хөдлөөд... эргээд Сангийн яамандаа орох нь тодорхой болов. “Чингис” бондын эргэн төлөлтийг шинэ бонд босгож барагдуулах ажлыг надад хариуцууллаа. Ийнхүү 2014-2017 онд Санхүүгийн бодлогын газрын хэлтсийг удирдаж дараа нь газрынхаа даргаар томилогдохдоо олон улсын зах зээлээс “Гэрэгэ”, “Хуралдай”, “Мазаалай” бондын эх үүсвэрүүдийг татаж, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд арилжсан. Энэ үед миний удирдлагад хэдэн сайхан залуу ачаалал дааж мэргэжлийнхээ хувьд өсөж өндийсөн, одоо тэд санхүүгийн салбарт хэнээр ч сольшгүй мэргэшсэн нөхөд болсон. Ер нь манай салбарт Сангийн яам, Монголбанк төрийн албаны мерит зарчмыг ягштал баримталдаг. Тэнд улс төрийн кранаар очлоо гэхэд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл байхгүй. Чадахгүй хүнд ичгэвтэр орон зай тул зүглээд ч хэрэггүй.

Ёстой л манай эхнэрийн хэлдгээр бид чинь улсын төсөв, өр зээл, хөрөнгө оруулалт гэсээр “тэнгэрийн” тоо бодно, түүнийгээ л ярина. Би л гэхэд 30 гаруй настай, зүгээр ч үгүй яамныхаа том газрын дарга, цалингаараа үл хөдлөхийн зээл төлчхөөд цаана нь хоол, утас, заалныхаа зардлаас илүү гарахааргүй юмтай үлддэг “баачка” 2017 онд хоёр сар нойргүй сууж стратеги боловсруулаад л, дэлхийн том банкнуудаар орж гараад л, эдийн засгийн сэтгүүлүүдийн нүүрэнд залардаг од захирлуудтай нь тулаад л, Засгийн газраа хоолойд нь ойртсон дефольтоос авраад л... Санхүү бизнесийн мэргэжилтэй залуу хүнд салбартаа үүнээс илүү нэр төртэй ажиллах гэж юу байх юм бэ? Би чинь бас улсынхаа нэр сүрийг бодоод томилолтынхоо мөнгөнөөс хэмнэж цуглуулсан 400 доллараар гайгүй брэндийн костюм аваад өмсчихсөн. Цаад ганган банкирууд нь хараад дискаунт сторын бараа гэж мэддэг л байх. За тэр ч бага хэрэг.

Яриа хэлэлцээ бол урлаг гэдэг шүү дээ. Үндсэн сэдвээс жаахан халихад барьц алдахааргүй ярилцагч байж чадах ёстой болно. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж. Дэлхийн дайнууд, АНУ-ын Ерөнхийлөгч хэн нэгний улс төрийн сонирхолтой бодлого, мөнгөний философи утга, шинэ мэдээлэл ер юугаар ч ном хялцаж, мэтгэлцэж, хааяа үг сөргөөд авахад ч гэмгүй. Чамд итгэх хэмжүүр өндөр болдог. Олон улсын валютын сан бурхан биш, Дэлхийн банк бурхан биш, Жэй Пи Морган ч тэр. Хөрөнгө оруулагч талын төлөөлөгч гэж цалингийн төлөө ажиллаж байгаа зүгээр л нэг хүн шүү дээ. Харин би бол цалингийн төлөө яваа тэдний дэргэд улсынхаа төлөө, мэргэжлийнхээ үнэ цэнийн төлөө яваа албан хаагч гэхээр хавьгүй утга учиртай, бас хүчтэй тал байдаг юм.        

БАРУУНААС ЗҮҮН

Хөгжлийн банк эрсдэлд орсон шалтгаан өөрөө улс төрийн нөлөөтэй, хууль ёсны мэт хэрнээ  дүрмийн бусаар үйлдэгддэг тул шийдэл нь мэргэжлийн боловч өмнө хэрэглэж байсан дүрмээс гадуур байхаас аргагүй болжээ. Энэ нь банк дампуурахад хүргэсэн зээлийн эздийг олон нийтэд зарлах. Өмнө нь олон нийттэй харилцах ажил хийж байгаагүй учраас хоёр өдөр бодов. Сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг нартай уулзаж, банкны бодит нөхцөл байдал, учир шалтгааны талаар мэдээлэл өгч ярилцав. Заавал эргэн төлүүлэх ёстой, шударга бус байдалтай эвлэрч болохгүй гэдэгт хоёр сэтгүүлч санаа нэгдэн энэ уулзалтын дараа нээлттэй хэлэлцүүлэг санаачиллаа. Энэ нь хэвлэл мэдээллийн бүх байгууллагын дэмжлэгийг хүлээж, зээлээ төлөхгүй байгаа компани, хүмүүсийг олон нийтэд нэгэн дуугаар ил тод мэдээлснээр нийгэмд маш том давлагаа үүсэж, зээл төлөгдөж эхэлсэн билээ.  

2021 онд түүнийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсний дараа түүнд МАН-аас намдаа элсүүлэх санал ирэв.  

-Голын нэг талд гаръя, хамтран зүтгэе гэж байгааг нь би ойлгосон, хүлээж авсан. Америк боловсролоор зургаан жил тархиа угаалгасан би бол жинхэнэ барууны үзэл баримтлалтай байх ёстой хүн яах аргагүй мөн. Гэтэл яагаад зүүн төвийн социал демократ намд элсчихсэн бэ гэвэл, миний сонссон эдийн засгийн бүх онол амьдрал, гүйцэтгэл дээр биежин тогтохдоо баруунаас зүүнш хэлбийж байж бодит үр дүнг үзүүлсээр ирсэн. Дэлхийн олон орон, тэр дундаа аз жаргалтай гэгддэг нийгмийн эдийн засгийн хэв загварыг судлахад ч социал демократ улс төрийн бодлогод үндэслэсэн байдгийг бид мэднэ. 

Улс төрийн албан тушаалтан болсон нэртэй ч өдөр тутам эрхэлдэг ажил урьдынхаараа үргэлжилж, Хөгжлийн банк 2023 онд гадаад зах зээлд эргэн төлөх ёстой 750 сая ам.долларыг төлөв. Мөн Хятадын банкнаас зээл авч Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан станцын өргөтгөлийг санхүүжүүлснээр зүүн болон төвийн бүсийн өндөр ачаалал оргил цагуудад буурсан үзүүлэлт гарчээ.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон шийдвэрийг Н.Мандуул 45 хоног биелүүлэхдээ хуурамч эмийн зах зээлийн судалгаа, мах гурилын үнийн судалгаа хийж Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байна. Түүний энд хийсэн сонирхолтой нэг ажил нь ШӨХТГ-ын даргын хувиар шүүх танхимд ирэхдээ арилжааны банкyууд иргэдэд ипотекийн 6 хувийн зээл олгохдоо нэмж нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус үйлдэл болохыг нотлохын тулд хурлыг явуулж байсан шүүгч нарт хоёр цагийн турш ипотекийн зээл гэж юу болох тухай хичээл заасан явдал урьд өмнө шүүхийн практикт гарч байгаагүй “лекц” байв. 

ИРГЭН БАЙЛАА, ЭНД ИРЭЭД...

Улсын төсөв хуваах үед нийслэлд тун бага оногдоно. Улаанбаатарын үе үеийн удирдлага хотод овоохон шиг юм тавиулахаар бүтээн байгуулалтын хүслийн жагсаалт гаргадаг ч хэзээ ч тэр нь олдохгүй. Газрын наймаачин дарга нар нь идээд уучихна гэх хувь улстөрчдийн ухамсарт үл итгэх хандлагаар танаж хасах ч энүүхэнд. Монгол Улсын төсвийн боломж хомс, Улаанбаатар хот үнэндээ төсвийн бялууны өрмийг өгөөд хариуд нь өөрөө олон жил хаягдсан. Дэлхийд эдийн засаг өмнөхөөсөө түргэн хөгжиж эхэлсэн 1960-аад онд том хотуудын төлөвлөлт тэрхүү хурдыг гүйцэхгүйгээс барилгажилт, түгжрэл зэрэг олон бэрхшээл үүссэн 60 жилийн өмнөх түүхийг монголчууд бид 2000 оноос амсаж 2024 онд дээд цэгт нь тулган туулж байна.

-За би ч хоёр сарын өмнө “Энэ утаа... энэ түгжрэл... П...” гэсэн бухимдалтай иргэдийн нэг л явлаа шүү дээ. Одоо тэгээд зоригтойхон, хүчтэйхэн хөдлөхөөс өөр яах юм бэ!

Том гүүр, хурдны зам, дэд бүтэц... Мөнгө нь хаана байна? Н.Мандуул УИХ-ын сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсон. Улс төрийн томилгоо боловч тэр мэргэшсэн чиглэлээрээ хийдэг ажлаа хийнэ. Гадаад зах зээлээс мөнгө босгоно.

-2024 оны арваннэгдүгээр сард Хонконг, Сингапур, Нью-Йорк гээд хуучны танилуудтайгаа уулзахаар тохирсон. “Сэлбэ” дэд төв буюу 160 га газарт 12 мянган айлын орон сууц барих мөнгө босгоно. 2024 оны арванхоёрдугаар сард 500 сая ам.доллар манай дансанд орж ирсэн байхаар хөрөнгө оруулагчидтай ярилцаж байна. Ийм хэмжээний мөнгө Улаанбаатар хотын төсөлд орж байсан түүх өмнө гарч байгаагүй ч миний ажлын намтарт тав дахь тохиолдол болох юм. Бидний ярьж заншсанаар долоон буудлын Должин эмээгийнх, тэр хавийн 2000 айл чөлөөлсөн хашааныхаа буурин дээр нэмж ирэх 10 мянган айлтайгаа тэр 160 га-д орчин үеийн есөн давхар орон сууцны иж бүрэн хороололд орох цаг тун удахгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх үйлчилгээний цогц төвүүдтэй, зам дэд бүтэцтэй “Шинэ Сэлбэ” бүтээн байгуулалт Улаанбаатарт цоо шинэ хуудас болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.    

Б.Энхцэцэг

Эх сурвалж: gogo.mn

САНАЛ БОЛГОХ