Сайн терапист, сэтгэл зүйч, көүч аль нь ч байхгүй үед

UB Info

Нөгөө ядаргаа болоод байсан хүнтэйгээ хамт ажиллахаа больж санаа амарлаа. Нөгөө нарссистаас салж санаа амарлаа. Одоо нөхрөөсөө (эхнэрээсээ) ямар салалтай биш, яаж тэвчинээ. Боломж олгоно доо эсвэл сална даа гэх мэт … бид асуудлыг сайхан шийдчихлээ гэж боддог ч заримдаа ЗУГТААЧИХСАН байх нь элбэг… (Заримдаа салах нь шийдэл болох нь ч бий…)

Алийн болгонд замд чинь тааралдсан таагүй хүмүүсийг замаасаа зайлуулж, арчиж эсвэл зугтааж явах вэ? Ажлаа арав сольсон ч, найз залуугаа ная сольсон ч өмнөх дургүй хүмүүсийнхээ өөр хувилбаруудтай таарч болно… Нэр нь ялгаатай, зүс нь өөр ч яг нэг зэвүүн үйлдэл нь төстэй хүмүүс таарах тохиолдол байдаг шүү дээ.

Харилцаанд хэн нэгэн хүн таны дургүй, зэвүүг хүргэж, таалагдахгүй байна гэдэг нь тэр хүний биш таны сэтгэл зүйн асуудал байх боломжтой (Үгүй ч байж болно)

Траума, сэтгэлийн шарх харилцаанд сэдэрдэг гэдэг. Чи бусадтай харилцахад асуудал ихтэй байх тусам, дайсан ихтэй байх тусам энэ нь чиний сэтгэл зүйн асуудал, хүүхэд насны сэтгэлийн шарх их байгаатай холбогдоод явчихдаг юм билээ. (Миний therapist-ийн гурван жилийн өмнө хэлж байсан зөвлөгөө)

Тэгэхээр хэдэн сайн мэдээ байна.

1. Шархаа олох боломж : Тэр хүмүүс чамайг триггердэж, зүрхийг чинь савлуулж, чамайг өдөөж байна гэдэг чиний доторх шархыг сэдрээж байгаа ачтан гэсэн үг. Эрт үед, хүүхэд байхад үүссэн шарх… Тэрийг ухаж олох хэрэгтэй. Яагаад би ингэж реаклаад байгаан бол… Ижил төстэй үйл явдал хэзээ хаана болоод, би тэр үед хэнд яаж гомдлоо доо гээд…. 5 удаа яагаад, яагаад гээд ухаж асуухад асуудлын цөм дээр очдог гэдэг. Тэр шархыг олж зөвөөр хаах хэрэгтэй.

2. Суралцах боломж: Жишээ нь нарссист (Хүчирхийлэгч, Хэт хяналтандаа байлгадаг гэх мэт ямар ч байж болно) хүнтэй орооцолдоод арай гэж салсан бол заавал ардаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ хүн надад ямар зовлон мэдрүүлэв, ямар сургамж өгөв? ямар хичээл заав? гээд… Цаашид би ямар зарчим баримтлах вэ? Харилцаанд ямар хил хязгаар тавьж сурах вэ? гэх мэт… Бэлгийг нь олж хараад эерэгээр хааж дуусгах ёстой байдаг юм билээ. Хүмүүс ихэвчлэн үзэн ядалтаар, гомдлоор харилцааг өндөрлөх талтай. Би бол зөндөө тэгж байсан. Энэ нь зугтааж байгаа хэлбэр бөгөөд шархаа бүрэн хаагаагүй гэсэн үг. Тийм учраас хэсэг хугацааны дараа, 7 жилийн дараа дахиад ухамсаргүйгээр нуугдмал нарссист хүнтэй орооцолдож болно. Үйл явдал дахиад давтагдаж болно. Тиймээс талархаад, уучлаад тавьж явуулах хэрэгтэй байдаг. Энэ бол шархаа зөв хаах арга юм.

3. Эдгэх боломж: Шархаа хаагаад сургамжаа өөртөө ухаараад авчихсан байхад тэр зүйлс дахиад амьдралд тохиолддоггүй. Bruce Lee хэлсэн шд… “Pain will leave you once it is done teaching you”. Чамайг сургамжаа авч дууссаны дараа л өвдөлт чамайг орхин явах болно гээд… Тэгээд цаашид чи зугтаж, эсвэл бусдыг замаасаа зайлуулж амьдрах шаардлагагүй болно. Учир нь хэн ч чамайг триггердэж, өдөөж чадахгүй… хүч нөгөө талд биш, чиний талд байгаа учраас юм. Чи тэр үед эрх чөлөөтэй бас хүчтэй мэдрэмж авна.

4. Илүү мэргэн ухаантай болох боломж: Өөрийгөө таньсан учраас, өөрийгөө өөрчилсөн учраас…. Бас бусад хүмүүсийн траумаг, сэтгэлийн шархыг ойлгож нэвт харж сурна. Аан, энэ хүнд ч бас асуудал их л байгаан байна, их л зовж байна даа. Ойлгож байна аа… гээд л. Гэхдээ дандаа ойлгоод уучлах биш, хил хязгаар зурж эхэлнэ.

Бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг болохын өмнө өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөрөх даалгавар байгаа… Бусдыг уучилж, хайрлаж сурахын өмнө өөрийгөө уучилж, хайрлаж сурах ажил байгаа… Алгасаад эхлээд бусдыг, дараа нь өөрийгөө гэсэн ойлголт, тийм дараалал огт байхгүй…

Тэгэхээр өөрөө сайн бодоод байвал бүх учир нь олдож болох л юм билээ. Заавал терапист, чиглүүлэгч, аймаар сайн сэтгэл засалч чамайг аврана гэж бодох хэрэггүй гэсэн үг… Тийм хүмүүс цаггүй, нэг бол маш үнэтэй, олдохгүй, баригдахгүй байх талтай….

Сайн терапист, сэтгэл засалч, көүч хэн ч байхгүй үед өөртэйгээ л ажиллана. Маш олон гоё youtube суваг нээгдсэн байсан. @Sainsonsogch гээд подкаст маш таалагдсан. Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө энэ талын мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийгөө таних хэрэгтэй.

Бүх өвдөлт, зөрчил чамд хичээл заахын төлөө л байдаг гэдэг… Ямар хичээл юм бол доо харин? Бодоход цаг гарга, боддог булантай бол гэж Сэлэнгэ багш маань хэлдэг дээ…

Эх сурвалж: ZolzayaL

САНАЛ БОЛГОХ