Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул

UB Info

Монгол улсаас олон улсын  "Гэрэгэ", "Хуралдай", "Мазаалай" зэрэг хэд хэдэн томоохон бондыг амжилттай босгож, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байсан, салбартаа манлайлагч Н.Мандуул манай “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал  ярилцлагын дараагийн зочин. 

Багаасаа математикт гүнзгийрэн суралцаж, улмаар БНБУ (Бүгд Найрамдах Болгар Улс)-д Америкийн Либерал Арт сургуулийг хос мэргэжлээр төгссөн тэрээр олон улсын эдийн засаг, санхүүгийн талбарт Монгол улсаа хэд хэдэн удаа төлөөлж, яриа хэлэлцээ хийж байсан билээ. Тиймээс бид түүний мэргэжлийн замнал болон сонирхолтой ажлын арга барилыг танилцуулахаар бэлтгэлээ.  

Байршил: Яармаг Хангарьд ордон

Эрхэлдэг ажил: Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: ThinkPad
Сошиал хуудсууд: Нямандэлэгийн Мандуул (Фэйсбүүк), manduul.n (Инстаграм)

1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?

Би бакалаврын зэргээ эдийн засаг, бизнесийн удирдлага гэсэн хоёр мэргэжлээр хамгаалсан. Магистрын зэргээ бизнесийн удирдлагаар төгссөн бөгөөд “Financial engineering” буюу санхүүгийн схем, тооцоо зохиох тусгай мэргэшлээр суралцсан. Хүмүүс санхүүч, нягтлан бодогчийг нэг л мэргэжил гэж ойлгодог ч, үнэндээ энэ хоёр тэс өөр чиглэл. Магистрын сургуульд сониуч зандаа хөтлөгдөн, маш олон зүйлийг сурахыг хүсэж хэд хэдэн хичээл зэрэг судлах сонголт хийн ачааллаа дийлэхгүй, онц сурлагатны дүнгийн голчоо бууруулж байсан тохиолдол ч бий (инээв).

Одоо би 41 настай, энэ хугацаанд мэргэжлийн карьераа босгож, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулжээ. Өмнө нь 20 гаруй насандаа эзэмшсэн мэргэжлээрээ тодорхой өндөрлөгт хүрэхийг зорьж байсан бол одоо албан тушаал, даргын суудал гэх зүйл надад тийм ч чухал мэдрэмж төрүүлэхээ больсон.

Тиймээс одоо олон нийтэд хэрэгтэй, үр өгөөжтэй зүйлсийг бүтээхийг зорьж байна. Нийгэмд тустай, улс орон, хотынхоо хөгжилд үр ашигтай хувь нэмэр оруулж, утга учиртай зүйлс бүтээх нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй замнал юм.


2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Манай ажлын байр энэ намар Яармаг руу нүүсэн. Гэхдээ би бараг өдөр бүр хотын төвд олон уулзалттай байдаг тул хүмүүсийг Яармаг руу дуудах боломж тэр бүр гардаггүй. Өглөө 05:45 цагт босоод түгжрэлээс зайлсхийж, эртхэн ажил дээрээ ирдэг. Ажлын байран дээрээ уулзалт болон бусад ажилдаа анхаарч, дараа нь хотын төв рүү буцаж гадагш уулзалтуудаа амжуулна.

Ингээд орой 21:00, заримдаа 22:00 цагийн үед товлосон уулзалтууд маань дуусаж, гэртээ харьдаг. Хот дотор болон зам засварын ажлууд дээр очиж танилцах шаардлага гардаг учраас өглөө эртийн цагийг ашиглан бичиг цаасны ажлуудаа амжуулахад ашигладаг. Мөн өдөрт 3-6 цаг түгжрэлд өнгөрдөг учраас машиндаа лаптопоо ашиглан ажлаа хийдэг. Одоогоор миний өдөр яг ийм хуваариар өнгөрч байна.

3. Таны ажлын арга барил?

Би аливаа ажлын үр дүнг үзэхийг зорьж ажилладаг. Мөн ажлын нарийн чимхлүүрт хэт “живэхгүй” байхыг хичээж, том зураг дээр төвлөрдөг.

Тухайлбал, хүнд, хэцүү ажлуудаа тус бүрд нь ялгаж “блок”-жуулах дуртай. Түүнийхээ дараа тус бүрд нь тодорхой хүнийг хариуцуулаад өөрөө ерөнхий суурьд нь анхаарч ажилладаг. Тэгээд байн байн ар араас нь шахаж хяналт тавих шаардлагатай. Ажлын хамгийн чухал нь үр дүн шүү дээ. Түүнээс бус ажил хийж харагдах нь чухал биш.

Миний хувьд өдөр тутмын ажилдаа асуудлыг хэсэгчлэн зохицуулах аргыг ашигладаг. Математикийн хүнд бодлогыг ч ингэж шийддэг. Энэ нь нэг өрөөн доторх асуудлыг бусадтай хамгийн ойр холбогдох асуудалтай нь хослуулж, шийдэл олох арга юм.


4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Монголд бол Viber л байна даа (инээв). Бас Whatsapp. Бид нар ч ер нь “Капитализмыг алгасаад социализм руу үсэрнэ” гэдэг шиг бусад улсуудаас ялгарч, цахим шууданг алгасаад шууд “messaging app” руу үсэрчихсэн юм биш үү (инээв).


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Хурал цуглааныг богино, үр дүнтэй хийх нь хамгийн чухал. Үүний тулд сайтар бэлтгэх шаардлагатай. Хурал бол зүгээр ярилцаад өнгөрөх биш, бодит үр дүнг гаргах ёстой. Үгүй бол жинхэнэ цагийн гарз болно.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Ажлаа төлөвлөх амаргүй. Би ихэвчлэн Outlook-ийн цаглавар ашиглаж ажлаа тэмдэглэдэг. Цаасан цаглавар биш шүү (инээв). Гэхдээ заримдаа яаралтай ажил гарч ирээд төлөвлөсөн ажил хойшлогдох нь бий.

Тэгээд л “наашаа цаашаа” явна шүү дээ (инээв).

Бүх ажлаа төлөвлөөд байхаар бас бухимдана аа. Манай улсад чинь үргэлж л гэнэтийн зүйлс гарч ирдэг болохоор тухай бүрд нь хөрвөөд явах нь чухал байдаг.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Унтаж. Миний насан дээр унтах чинь хамгийн чухал шүү (инээв). Наргиан хийсэн юм аа. Ер нь хийж буй ажил чинь гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн, бүтээмж гаргах чинь л хүний эрч хүчийг их сэлбэдэг юм билээ. Хэчнээн унтаж амраад утга учиргүй, уйтгартай ажил хийгээд байвал цаанаасаа л эрч хүчгүй оргиод ирнэ. Тэгэхээр амьдрал, ажил чинь үнэ цэнийг бүтээж, үр дүнг үзүүлж байж эрч хүчээр дутагдахгүй. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ.

Түүнээс гадна би “Central League” гэдэг бид нарын үеийн залуучуудын сагсан бөмбөгийн багт тоглодог юм. Гэхдээ тэр бүр тоглох цаг зав гарах нь ховор болоод байна. Түүнээс биш би бүр долоо, найман настайгаасаа эхлээд насаараа л сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа хүн.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу байдаг вэ? 

Ном. Би ном их уншдаг. Уран зохиолын гайхалтай номууд уншихын сацуу ихэвчлэн түүхэн зохиол шимтэн сонирхох дуртай. Эртний Грек, Ромын түүхээс эхлээд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны түүхийг нэвт шувт мэднэ. Бараг өдөр судраар нь хэлчихнэ (инээв).

Надад хүндэлдэг хэд хэдэн томоохон зохиолчид байдаг юм. Одоо би нэг ном орчуулж байна. Энэ номыг орчуулах болсон шалтгаан нь агуулга нь миний амьдралд, ажилд нэвт шингэсэн учраас юм. Зохиогч нь Грекийн сангийн сайд асан Янис Варуфакис. “Talking to my daughter about the economy” гэдэг ном. 2014 оны үед Грек Улсыг Европын холбоо, Олон Улсын Валютын Сан зэрэг газрууд дампууруулах гэсэн явуулга хийж байсантай энэ номын зохиолч тэмцэж байсан юм. Би хувьдаа түүнийг мундаг эдийн засагч гэж их хүндэлдэг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Ажлын үр дүнтэй байдалд илүү ач холбогдол өгдөг. Хэрэв ямар нэгэн ажил хүнд биш байсан бол бусад хүн аль хэдийнээ хийчих байсан гэдэгт итгэдэг. Тиймээс би хэцүү ажилд дуртай. Хотын ажил ч мөн адил бичиг цааснаас илүү бодит бүтээн байгуулалт хийх боломжтой байдаг нь надад таалагддаг.

Би одоогоор тав, зургаан томоохон бонд гаргах ажлыг ахалсан байна. Бонд гаргана гэдэг чинь энгийнээр хөрөнгө оруулагчдад зориулсан бүтээгдэхүүн гаргаж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулагчдаа судална, нэг ёсондоо “гэрийн даалгавар”-аа сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэрээ хэлэлцээр амжилттай болдог.

Гаднын хөрөнгө оруулагчид чинь дэлхийн том том банкны нөлөө бүхий эрхмүүд байдаг учраас тэдний түвшинд хүрч хэлэлцээр хийнэ гэдэг ярвигтай ажил. Ерөнхийдөө манай улсыг доогуур үзэх хандлага давамгайлдаг болохоор өөрийгөө хөгжүүлж, бэлдэх шаардлага их гарна. Энэ нь бэрхшээлээс илүү “сорилт” юм даа.


10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Би хотынхоо хөгжлийн төлөө ажиллаж байна. Ойрын хугацаанд төвлөрч байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл "Сэлбэ шинэ хороолол"-ын ажил байна. Одоогоор, төслийн бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд энэ нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил юм. Энэ нь утаа, хөрсний бохирдол, нүхэн жорлон зэрэг асуудлуудыг шийдвэрлэх цогц бүтээн байгуулалт юм.

Манай хот чинь баруун хойд зүгээсээ салхилдаг учраас утаа хот руугаа чиглэж, нүхэн жорлонгийн бохирдол голоороо дамжин орж ирдэг. Уг нь хотын хойд хэсэг байршлын хувьд тун сайхан. Яг Beverly Hills шиг газар шүү дээ.

Очоод харвал хот бүхлээрээ харагддаг, манай нийслэлийн хоймор юм. Үүнийгээ дахин төлөвлөөд шинэ Улаанбаатар хот болгох нь одоо миний гол анхаарал, хүчээ төвлөрүүлж буй ажил. Эзэмшсэн мэргэжил маань энэ ажилд гаднын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох, бодит ажил хэрэг болгоход давуу тал болж байгаа.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? 

Ном их уншдаг. Мэдээж мундаг хүмүүстэй уулзаж ярилцдаг. Мөн түрүүн хэлсэнчлэн түүхийн ном их уншдаг. Номоос хүн их зүйл ойлгож, мэдэж, сурч авна. Жишээ татахад “Peloponnesian War”. Гурван зуун жилийн туршид өрнөсөн Афин, Спарта хоёрын энэ дайнаас Грекийн хүч сулран, өнөөх хүчирхэг хот улсын байр сууриа алдсан юм. Түүний дараа Ромын эзэнт гүрэн Грекийг эрхшээлдээ оруулсан байдаг. Энэ дайнаас хүнд суралцах асар их сургамж олддог.

Тухайн үеийн Афин, Спарта хоёр чинь тун хүчирхэг хоёр улс байлаа. Афины усан флот гайхамшигтай байсан бол Спартачууд явган цэргийн хүчээрээ харьцуулшгүй. Тиймдээ ч энэ дайныг халим заантай тулалдсан гэж үлгэрлэдэг юм. Тус тусын нутгаа эрхшээснийг л метафор аргаар дүрсэлж байгаа хэрэг. Гэсэн ч хоорондоо нэг дайны талбарт таарах нь ховор тул энэ дайн олон зуун жил сунжирсан гэдэг. Дайны үүсэл нь аль аль талдаа нэгнээ хэт хүчирхэгжихээс сэргийлэн дарж авах бодлого явагдаж байсан болохоос бус хэн нэг хаад нь хоорондоо дургүй болсноос үүдээгүй. Цаана нь улсынхаа ирээдүйгээ харсан тооцоолох ухаан байсан байгаа юм. Маш сонирхолтой шүү дээ. Гэвч одоо надад унтахаасаа өмнө нэг цаг орчим л ном уншихаас өөр цаг гарахгүй байна.


12. Санал болгох ном, кино, хөгжим? 

Зөндөө байна. Америкийн урлаг, утга зохиол, сэтгүүл зүйн амжилтад олгодог нэр хүндтэй Pulitzer-ийн шагналыг хэд хэдэн удаа хүртсэн Роберт Каро гэдэг зохиолч бий. Түүний АНУ-ын ерөнхийлөгч асан Линдон Жонсоны талаар туурвисан дөрвөн боть том бүтээл бол миний хувьд үнэхээр гайхалтай санагддаг. Мөн Гадиф гэдэг еврей зохиолчийн On Strategy гэдэг ном байна. Мөн Уильям Манчестер зохиолчийн бичсэн Уинстон Черчиллийн намтар бүтээлийг нэрлэж болно. Энэ мэт номууд чинь хүний нүдийг нээж түүхэн үйл явдлуудын цаад нарийн учир шалтгааныг ил гарган харуулдаг. Ер нь нэг бүрчлэн нэрлээд байвал дуусахгүй.

Киноны хувьд хүнд жанрын бүтээл сонгон үздэг. Андрей Тарковскийн 1972 оны Solaris гэдэг кинонд дуртай.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Би БНБУ (Бүгд Найрамдах Болгар Улс)-ын Америкийн Их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж байхдаа Англи, Америкийн уран зохиол, театр, жүжгийн уран зохиолын хичээлүүдийг сонгож байсан юм. Тэр үедээ барууны ихэнх сонгодог бүтээлүүдийг уншиж дуусгасан. Түүнээс биш дунд сургуульдаа тоо л бодохоос уран зохиол мэддэггүй байж.

Би өөрөө математикийн анги төгссөн болохоор их сургуульдаа дахиад математик нүдээд байх нь хэрэгцээгүй гэж бодсон юм. Нэгэнт л “либерал арт” сургуульд сурч байгаагийнх өрнийн хөгжлийн цаана ямар сэтгэлгээ буй нь их сонирхол татдаг байв. Түүнийг ойлгохын тулд хамгийн чухал хоёр зүйлийг нь ойлгох шаардлагатайн нэг нь урлаг, уран зохиол бол нөгөө нь шашин.

Ингээд л сониучирхаад бүгдийг нь уншчихсан хэрэг. Урлаг гэдэг чинь өөрөө их сайхан. Бүр миний амьдралыг үзэх үзлийг бий болгож байна. Надад одоо Америк хүн шиг том машин унаж, хаусанд амьдрах сонин биш. Яагаад гэвэл би тэдний юунд итгэж, юу мөрөөдөж амьдардгийг урлаг, шашнаар нь дамжуулаад ойлгочхож байгаа юм.

Мөн өөрийн Дорнынхоо гүн ухааныг судлах их дуртай. Буддизмын гүн ухаанд их шимтдэг. Энэ бүхэн чинь миний итгэл үнэмшил, үзэл бодолд тогтчихоор аливаад хандах хандлага, амьдрах хэв маяг, ажилд хүртэл гүн нөлөөлнө. Уг нь би заавал гэр хорооллыг орон сууцжуулах гээд зүтгээд байх албагүй шүү дээ. Дарга зан гаргаад ойр зуурын бичиг цаасны ажилд гарын үсэг зурсан болоод л ажиллаж болно, үнэндээ энэ чинь хүний сонголтын асуудал. Гэтэл надад дарга байх нь чухал биш, тухайн асуудлыг шийдэх нь гол байгаад л энэ олон түүх, ном, гүн ухаан чинь нөлөөлсөн хэрэг.

14. Бусдад шидэх санаа? 

Хурдхан шиг орчуулж буй номоо дуусгаад, тэрийгээ л санаа болгож өгье дөө (инээв). Гэхдээ амьдралаас ойлгож авсан нэг зөвлөгөөг хуваалцъя. Эргээд харахад би гадаад хэл, математикаа сайн сураад, гадаадад боловсрол эзэмшээд, амжилттай явж байсан ч нэг чухал зүйл дээр анзааралгүй явжээ. Тэр нь, амьдралдаа эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээгүй байсан явдал. Надад эцэг эх, сургууль, багш нарын хэн нь ч энэ талаар хэлж өгөөгүй. Тэр үед ч хэлж өгөх боломж байгаагүй байх. Одоо л эрүүл амьдралын талаар бүхнийг эхнээс нь шинээр сурч байна. Эрүүл хоол гэж юу вэ? Жинхэнэ өөх тос гэж юу вэ? Хүн ямар хоолны дэглэм баримтлах ёстой вэ? гэх мэт зүйлсийг судалж, мэдэж авсаар байна. Мөн өглөө бүр нэг цаг фитнест явж, өөрийгөө “зовоож” байгаа.

Түүнчлэн, аливаа зүйлийн ур дүй буюу DYI гэдэг зүйлийг хэн ч зааж өгөөгүй. Гэрт нэг юм эвдрэхэд түүнийгээ өөрөө засчихдаг байхад суралцаад л явж байна. Хүн чинь сайхан бүтэн амьдрах хэрэгтэй гэдэг дээ. Тэгэхээр эрүүл хэв маяг, боловсрол, амьдралд хэрэгтэй чухал ур чадваруудыг өөртөө суулгаарай гэж зөвлөмөөр байна. Заавал хүнээр заалгуулна гээд суугаад байх хэрэггүй, зөндөө ном байгаа шүү дээ. Нэг жишээ хэлэхэд би хэдэн жилийн өмнө сагс тоглож байгаад нуруугаа гэмтээхдээ өөрийгөө хүний бие анатомийн талаар юу ч мэддэггүйгээ мэдлээ. Тэгээд хүний нурууны талаар бүр мэргэжилтэн болтлоо судаллаа. Мөн эмүүдийн талаар мэддэггүйгээ ойлгоод ер нь антибиотик гэж юу юм, өвчин намдаагч гэж юу юм гэхчлэн хүний бие организмын тухай шинээр сурч эхэлсэн. Тэгэхээр эдгээр энгийн боловч чухал зүйлсийг эртхэн мэдээд аваарай гэж зөвлөе. Одоо цагт бүхий л зүйлс уншиж мэдэхэд нээлттэй байхад ээж мэдэхгүй гэсэн, надад хэлж өгөх хүн байхгүй гээд сууж болохгүй шүү дээ.

Эх сурвалж: unread.today

САНАЛ БОЛГОХ