Дэлхийн хамгийн өндөр 14 оргил

UB Info

Дэлхийн хамгийн өндөр 14 оргил нь шохойн чулуу, кальцийн нүүрс хүчил, кальцийн гантигаар ихэвчлэн бүрджээ. Мэдээж хамгийн өндөр цэг 8848 Эвэрэст буюу Жомолунгма (Төвөдөөр), Сагармата (Непалаар) оргил. 1953 онд Шинэ Зеландын Эдмунд Хиллари түүний газарчин Непалын Дэнзэн Норгай нар анх гарч амь эрсдэлгүй бууж ирсэн юм. Гэхдээ Эвэрэст үхлийн рэйтингээр эхний тавд ордоггүй. Аннапурна 1, Канчэнжунга оргил руу гарсан гурав, дөрвөн хүн тутмын бараг л нэг нь нас бардаг гэсэн статистик (29 хувь) бий. Дөрвөн хүн явахад нэг нь эргэж ирдэггүй гэсэн үг. Нөгөө талаар Эвэрэст рүү авирсаар байгаад зам гарсан, гарах олон гарцыг уулчид нээсэнтэй холбоотой.

70 сая жилийн өмнө Энэтхэгийн арал ирж азийн эх газартай нийлж Хималай болон бусад салбар уул нурууд үүсэх эхлэл болсон бөгөөд Энэтхэг жилд 15 см-аар ази тив рүү улам түрсээр байна. Үүний үр дүнд Эвэрэст жилд 6 гаруй см дээш өргөгдөж буй. Хималай гэдэг нь санскрит хэлээр Цасан оромж гэсэн утгатай бол Эвэрэст нь Британийн судлаач, газарзүйч Сөр Жорж Эвэрэстийн нэрээр нэрлэсэн юм. Эвэрэст хамгийн өндөр оргилыг хэзээ ч харж байгаагүй 1866 онд нас барсан эрхэм. Хамгийн өндөр 14 оргилын 9 нь Хятад, 8 нь Непалд байдаг бол эхний арвын 8 нь Непалд байдаг. Дхаулагири бол нэг улсад байдаг хамгийн өндөр оргил бөгөөд ганцхан Непалд байдаг бусад өндөр оргилууд хил дамнаж оршдог байна. Дхаулагири мөн 1147-1808 он хүртэл дэлхийн хамгийн удаан өндөр цэг гэж явж байсан юм. Аннапурна бол 8000-аас дээш хүн төрөлхтний гарсан анхны оргил юм.

Хоёр дахь өндөр Каракорум 2 буюу Чогори нь Пакистан, Хятадын хилийг дамнан оршдог маш эвгүй цаг агаартай “Зэрлэг уул” гэдгээрээ алдартай. Товчлоод К2 гэж дууддаг энэ оргилд өвлийн улиралд 2021 он хүртэл нэг ч авиралт амжилт олоогүй байв. 2019 оны 12-р сард хамгийн сүүлийн үеийн технологитой том экспидеци яваад бүтэлгүйтсэн юм. 2021 оны 1-р сард Нирмал Пуржагийн тэргүүлсэн экпедиц анх удаа өвлийн улиралд гарсан байна. 14 оргилд хамгийн хурдан гарсан хүн Непалд төрсөн, Британийн иргэн Нирмал Пуржа байсан боловч саяхан Норвеги эмэгтэй Кристин Харила эвджээ.

Харин хамгийн анх Итали уулчин Рэйнхолд Мэсснэр бүгдэд нь гарч байжээ. Ками Рита гэдэг шэрпа Эвэрэстэд 24 удаа гарсан. Эвэрэст рүү авирдаг нийт 17 зам бий. Эвэрэст рүү гарахад уулчид 4-11 кг жингээ алддаг бөгөөд далайн түвшинээс 65 хувь бага хүчилтөрөгчтэй.

Гурав дахь өндөр Канчэнжунга оргил нь Непал, Энэтхэгийн хил дээр байдаг. Энэтхэг, Хятад, Непал, Бутан улсын дунд орших Сикким гэж улс өмнө нь байсан бөгөөд газарзүйн ашигтай байрлалаас нь болоод Хятад, Энэтхэг санаархаж байгаад Энэтхэг 2-р дайны дараа өөрийн болгож авсан байдаг. Энэ цаг үед Төвөдийг мөн Хятад өөртөө нэгтэж байв. Газрын зураг харвал Непал, Бутан хоёрын дунд орших жижиг газраар Хятад, Энэтхэг хиллэж буй хэсэг. Сиккимүүдийн шүтээн нь Канчэнжунга оргил.

Нанга Парбат нь хамгийн баруун захын оргил бөгөөд нүцгэн уул гэдэг. Энэ нь шууд харагдаж болохуйц байрлалтай нь холбоотой. Үхлийн хувь эхний тавд орохгүй ч авирахад хамгийн хэцүү, уулчдын шалгуур болсон уул гэдэг. Эвэрэстийн дараа орох хамгийн шөвгөр оройтой уул. 2013 онд Талибанчууд гадны уулчид руу халдаж арван хүн нас барсан хэрэг гарч байв.

Эх сурвалж: Batzaya Bayasgakh

САНАЛ БОЛГОХ