Дуудсан цагт үргэлж бэлэн байх ёстой

UB Info

Би тэр үед их огцом шийдвэр гаргасан л даа. Уг нь би биеийн тамирын багш дасгалжуулагч болно гэж конкурс өгөөд тэнцээд тамирын дээдэд орчихсон байсан юм. Гэхдээ өглөө хичээлдээ явлаа гэж аав ээждээ хэлж гараад гал сөнөөгчийн курст суудаг байлаа.

Арван жилээ төгсөөгүй байх үед юм даа, хүүхдүүдтэй гудамжинд шийдэн дээр тоглоод байж байтал манай дээх нь талд нэг айл шатаад галын машин хажуугаар "Виюун виюун" гээд давхиад явчихаар нь хүүхдүүд л болсон хойно сонирхоод ардаас нь гүйж очоод харцгааж байсан юм. Тэгсэн надад гал унтрааж байгаа хүмүүс аягүй гоё харагдаад болдоггүй. Аймар эрэлхэг зоригтой ч юм шиг санагдаад тэгээд л би гал сөнөөгч болохоор шийдэж байсан юм. Тамирын дээдэд ороод удаагүй байхад гал сөнөөгчийн 21 хоногийн үнэгүй курс эхлэхээр нь сургуулиа хаяад шууд л тийшээгээ орсон. Тэр 21 хоногийн курсийг төгсөнгүүт шууд томилогдоод ажилдаа ордог юм л даа. Шинэ ажилд ороод би нярваасаа бараг хоёр шуудай шахуу гал сөнөөгчийн ажлын хувцас хүлээж аваад тэрийгээ автобусаар аваад гэртээ харьсан. Хариад хувцсаа өмсөж үзээд "Ингээд гал сөнөөгч болчихлоо" гэж бодсон чинь тэнгэрт хөөрөх шиг мэдрэмж төрж билээ.

Аав ээж хоёр мэдээд анхандаа уурлав. "Сургуулиа хаячихлаа" гэж нэг уурлаад, "Галд орж шатаж үхэх нь үү" гэж бас нэг уурлаж байгаад хэд хоногоос "За одоо нэгэнт сонгочихсон юм бол яахав" гээд эвлэрсэн. Хувцас хунарыг нь хүртэл аваад ирчихсэн болохоор эвлэрэхээс ч өөр яахав (инээв). Би 18 нас 4 сартайдаа анх гал унтраах ажилд орж байгаа юм. Шинэ ажилдаа бүр дурлаж орсон болохоор ямар ч хүнд хэцүү зүйл байсангүй. Ерөөсөө л бүх юм цоо шинэ, сонирхолтой. Олон эрчүүлтэй мөр зэрэгцэж ажиллаж байгаа гэж бодохоор их гоё. Нэг тийм эр зоригийн мэдрэмжтэй.

Хамгийн эхний ээлжиндээ гараад байж байсан хонх дуугараад л эхэллээ. Манайхан тачигнаад л бүгдээрээ гүйж очоод хувцсаа өмслөө. Би ч араас нь дагаж гүйж очиж хувцаслаад машиндаа суугаад л явлаа. Миний явсан хамгийн анхны дуудлага. Нэг цэргийн ангийн гал тогоо шатаж байв. Аягүй урт байшин. Нийслэлийн бараг бүх ангиуд ирчихсэн ажиллаж байгаа юм. Тэгээд намайг чинь "Погор аваад ир!" гээд хэлэнгүүт би машин руугаа гүйж очоод "Погор погор" гэж тойрч гүйгээд нөгөөхийг нь олохгүй хайгаад л байсан. Заалгаж байсан ч гэсэн амьдрал дээр гарахаар өөр байгаа юм чинь, сандралтай байсандаа ч тэр үү нөгөөхөө мартчихсан. Тэгсэн чинь манай жолооч "Яасан" гэхээр нь "Погор гэнэ ээ" гэсэн "Өө май энийг аваад яв!" гээд надад гаргаад өглөө. Тэгэхээр нь намайг юу авчир гэнэ би жолоочоосоо шууд очиж асуугаад л аваад байв. Сүх, хүрз гээд л. Тэгээд л ерөнхийдөө сурчихсан. Гал сөнөөгчид чинь машин дотроо явж байхдаа галаа хараад очоод буух хүртлээ салхиныхаа чиглэлийг хараад аль талаас нь яаж унтраах уу гэдэг тактикаа боловсруулдаг юм л даа. Тэгсэн тэрийгээ ч мэдэхгүй хүүхэд л орсон байгаа юм. Тэрнээс удалгүй би анхны хүнээ аварлаа. Нэг подвалд ажилладаг саун шатаж байгаа дуудлагаар очсон. Сауных нь хоёр өрөөнд хоёр, хоёр хүн байгаа гээд 3 хүнийг нь гаргачихсан, нэг нь үлдчихээд байдаг. Дан утаан дотор зүг чигээ олох, хүн хайх амаргүй. Тэр үед Оросын дээр үеийн Кип-8 гэдэг баг хэрэглэдэг байсан юм. Үлдсэн нэг хүнийг хайгаад ерөөсөө олоогүй байж байтал баг дуусчихсан. 26-р ангиас нэмэлт баг авах гэсэн тэд нар бас өөрсдөө галын хаягтай байж таараад тэгэхээр нь нусны алчуураа норгож байгаад урдаа барьж ороод нөгөө олдохгүй байсан хүнээ шатны булангаас олсон. Гарах гээд явж байхдаа л ухаан алдчихсан юм шиг байгаа юм. Гаргаж ирээд судасны цохилтыг нь бариад үзтэл сул байхаар нь жаахан хиймэл амьсгаа хийсэн чинь сэргээд ирсэн. Амьсгаа нь ороод нүд нь нээгдээд л ирэхээр хүн чинь аягүй баярладаг юм байна лээ. Би хүний амь аварчихлаа шүү дээ гэж бодсон чинь өөрөө өөртөө онгирмоор ч юм шиг, бахархмаар ч юм шиг санагдаж билээ. Бас хэдэн өдөр ярих яриатай болж байгаа юм (инээв). Анхны удаагийнх байсан болохоор тэр их тод үлдэж. Сүүлдээ дасаад дор дороо мартагдаад л явчхаж байгаа юм л даа.

Тэрнээс удалгүй би анх удаагаа шатаад үхчихсэн хүн харлаа. Эхлээд харахаар цочирдоод айдаг л юм байна лээ. Бүр аймар шатчихсан хүн чинь боодог шиг болчихдог. Гар мар нь сална. Барихаар арьс нь гуужаад л. Тэгээд жаахан айхаар ах нар "Малгайн дээрх алтан соёмбо чинь хамгаалдаг юмаа. Тийм болохоор битгий ай" гэж зоригжуулна. "Өөр юм бод. Эвгүй санагдаад байвал гэртээ хариад арц хүж уугиулчих. Зүүдэнд чинь орж ирээд байвал ном уншуулчих" гэж бас зөвлөнө. Тэгээд яахав 2,3 удаа зүүдэнд орж ирээд л гайгүй болчихсон. Ингээд олон эрчүүлтэй бужигнаж явсаар байтал нэг л мэдэхэд олон жил өнгөрчихсөн байв. Хүсэж тэмүүлж хийсэн ажил байсан болохоор дунд нь шантрах үе ч байгаагүй. Би нэг хүнээс бууриа сэлгээд ажиллаж байгаа газраа нэг өөрчлөөд үзвэл их зүгээр юм байна гэж сонсоод ангиа сольж үзэхээр боллоо. Тэгээд 63-р анги руу томилогдсон.

Тэнд би анх Амгаланбаяр дүүтэйгээ танилцсан даа. Монхор хамартай, өндөр сайхан бие хаатай залуу. Бид нар Том хамарт гэж хочлоно. Тэр үедээ манай салааны шинэ цэрэг байлаа. Засвар үйлчилгээндээ сайн, ангийнхаа хамаг л засварыг хийнэ. Тусч. Байнга л хүмүүст тусална. Цуг ажилладаг байсан нэг дүү гадагшаа явах гээд тийзний мөнгө хэрэгтэй болсон чинь шууд л өөрийнхөө нэр дээр цалингийн зээл аваад өгч байсан. Нэг итгэсэн хүндээ хамаг юмаа л барина. Тэгье ээ, чадна аа, болно оо л гэнэ. Чадахгүй гэж ерөөсөө хэлэхгүй. Дүү мөртлөө хамт гал дээр очиход хүртэл их л түшигтэй санагдана. Бид хоёр гал руу байнга хамт ордог байв. Дуудлагагүй өдөр гэж байхгүй. Нэг салааныхан 24 цаг хамт байж цугтаа хооллож цугтаа унтацгаана. Нэг удаа бид нар нэг рестораны галыг унтраагаад явж байсан юм. Харанхуй шөнөөр. Агуулах руу нь давхиад орсон чинь пүс гээд л өөдөөс нь дэлбэрчихсэн. Архины агуулах байсан юм шиг байгаа юм. Халчихсан байж байхад нь хүйтэн ус тавьчихангуут нөгөөх нь халуун агаараар буудахгүй юу. Амгаланбаяр нүүрээ дараад л "Даавка ахаа, Даавка ахаа" гэж байна. "Яасан?" гэсэн чинь "Дүү нь хараагүй болчихлоо" гэхээр нь гэрэл тусгаад харсан чинь нөгөөх чинь нүдээ ерөөсөө нээдэггүй. "Алив чи ядаж нүдээ жаахан нээ дээ" гэсэн чинь "Нээгдэхгүй ээ байна аа" гээд болдоггүй. Тэгэхээр нь зэрэг нүдийг нь хуруугаараа хүчээр дээш нь болгосон чинь над руу харснаа "Оон харжийна. Харжийна" гээд тэгэхэд нь савж унатлаа инээж билээ. Айгаад л нүдээ нээж чадахгүй байсан юм шиг байгаа юм. Амгаа дүү маань их цоглог, галын хажуугаар бас тоглоом наргиан хийнэ, хүнийг шоглоно. Нэг удаа 8 айлын орон сууцны дээврийн хөндийд гал гараад 3 сунадаг шатаа тавьж байгаад дээврээр нь орцгоосон юм. Би нэг номерыг авчихсан болохоор хамгийн урд нь, Амгаа маань 2 номер учраас миний ард явсан. Тэгсэн шал нь цөмрөөд би пад гээд л унасан. Доошоо унахдаа би хоёр гараа алдлаад шаланд нь тогтчихгүй юу. Тэгсэн Амгаа намайг дээш нь татаж гаргаснаа "Үхэх чинь дутаа юу. Алив миний ард яв" гээд тоглоомоор сүрхий ах шиг хэлж билээ.

Бид хоёр багш шавь, хуурай ах дүү, гэр бүлийн найзууд болоод сайхан л үерхэж нөхөрлөж байлаа. Тэр ангид Амгаатай 4 жил ажиллаад буцаад урьд нь ажиллаж байсан ангидаа буцаж ирсэн. Би хаа байсан 5 шард, Амгаа болохоор Баянзүрхэд болохоор нэг их уулзалдаад байхгүй ч утсаар бол байнга ярина. Надад нэг юм өгнө гээд байсан ч бид хоёр өгөлцөж авалцаж чадахгүй баахан явсан. Би нэг гэрийнх нь гадаа ойрхон явж байгаад нөгөөхөө авах гэсэн Амгаа гэртээ байхгүй байж таараад тохироо нэг л бүрдэхгүй яваад байлаа. Тэгсэн нэг орой над руу бүр 2,3 залгаад л "Нөгөө өгөх юмаа аваад тань дээр очлоо" гээд байв. Би "Чи тийм холоос ийм орой ирж яах гээд байгаа юм?" гэсэн "Үгүй ээ өнөөдөр заавал ч үгүй аваачиж өгнө" гээд зөрсөөр байгаад орой бүр 10 цагийн үед ажил дээр хүрээд ирсэн. Бид хоёр 20 минут буу халж сууж байгаад Амгаа "За за оройтлоо ах. Явлаа шүү" гээд тэгээд тэврэлдээд салцгаасан. Бид хоёр уг нь уулзаад салахдаа тэгж тэврэлддэггүй юм, их сонин.

Маргааш нь нөгөө Дүнжингаравын гал гарсан. Би амарч байсан ч гэсэн ажил дээрээ яваад очсон, хүний амь эрсэдчихлээ гэж сонсогдсон. Би өнөөдөр ээлжтэй гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд анги руу нь залгаад "Цаадах чинь мөн юм уу?" гэсэн "Мөн" гээд тэгээд л сонин болчихдог юм байна лээ. Зүүдлээ ч үгүй явсан зүйл тохиолдоод тэнгэр хөмрөх шиг л болсон. Яг мөр зэрэгцээд, жаргал зовлон хамаг юмаа хуваалцаад, нэг тогооноос хоол идэж явсан хүнээ алдах их хүнд байдаг юм байна лээ. Тэгээд яах вэ? өөрийгөө тайвшруулахгүй бол болохгүй. Ерөнхийдөө хурдхан л хэвийн байдалдаа орохгүй бол би чинь ээлжиндээ гарна, галд явна. Тэрийг бодоод яваад байвал хийх ёстой ажилдаа сайн төвлөрч чадахгүй учраас аль болох хурдан мартахыг л хичээсэн дээ. Хааяа дүүгээ санаад нүднээс нулимс гардаг л юм. Тэр явдлаас хойш эхнэр маань өмнөхөөсөө илүү их над руу залгадаг болчихсон. Намайг ажилдаа гараад явах болгонд "Эсэн мэнд ирээсэй" гэж дандаа боддог гэсэн. Хааяа Гандан орохоороо надад ном уншуулна. Одоо тэгээд хааяа тэтгэвэртээ суух болоогүй юм уу гээд надаас асууж байдаг юм. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд барилгын орц материал маш их өөрчлөгдсөн. Урьд нь голцуу мод шатдаг байсан бол одоо сэндвичэн хавтан, хөөсөнцөр шатдаг болж. Шаталт маш хурдан явагддаг, хүний амьсгал боодог учраас өмнөхөөс илүү амь насаа алдах эрсдэл нэмэгдсэн дээ. Бас шингэрүүлсэн хий, тэсэрч дэлбэрэх бодис их болж, хувь хүн албан байгууллагууд өрөө тасалгаандаа хадгалдаг болчихсон нь эрсдэлийг улам л их болгосон.

Манай онцгойгийн эрчүүл чинь үер, түймэр, халдварт өвчин гээд бүх л гамшиг аюулын өөдөөс хамгийн түрүүнд явна. Аварна, хамгаална, тусална. Ээлжийн амралттай байсан ч утсаа унтрааж болохгүй шүү дээ. Дуудсан цагт үргэлж бэлэн байх ёстой. Хүний амь нас, аж ахуй нэгж ард иргэдийн өмч хөрөнгийг аврах ийм гэгээн үйлсийн амтыг мэдэрчихээр ажлаа улам л дурлаж хийдэг юм даа.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ