Энэ замаараа унаж бүдрээд л явж байна
Аав маань цагдаагийн хурандаа хүн л дээ. Хүүхэд байхаас л гэртээ үзэгдэж харагдах нь ховор. Тийм ч жижүүр, ийм ч хамгаалалт, ээлж, хэрэг төвөг...
Унтаж байхад ирээд унтаж байхад л гараад явдаг. Аавынхаа тийм байхыг нь мэддэг болохоор "За ямар ч байсан цагдаа л болохгүй юм шүү" гэж боддог байлаа. Гэхдээ л цэрэг цагдаатай холбоотой мэргэжил гоё санагддаг байсан юм шиг байгаа юм. Тагнуулч болох мөрөөдөлтэй (инээв). 2010 онд Харбин хотод амьдарч байхдаа тэр мөрөөдлөө дагаад тагнуулын ажилтан болно гэж бодоод тагнуулын сургуульд шалгалт өгч байсан. Тэнцээд явахын даваан дээр тухайн үеийн засаг солигдоход миний сургуулийн квот шалтгаангүйгээр байхгүй болчихсон. Яасан нь ч мэдэгдээгүй, зүгээр л сургуульгүй болчихсон.
Тэр үед яагаад ч юм Оросын нэлээн том цагдаагийн сургуульд бас шалгалт өгчихсөн байсан. Нэгэнт сургуульгүй болсон учраас тийшээ явсан л даа. Хоёр улсын хоорондын гэрээний дагуу явсан учраас төгсөөд заавал эх орондоо ажиллах нөхцөлтэй байсан. Ингээд нөгөө амьдрал үзнэ гэдэг нь болсон. Ер нь бол намайг хүн болгосон, хүмүүжүүлсэн, амьдралын зам мөрийг маань чиглүүлсэн газар. Манайхны мэддэгээр бол Суворовын сургууль. Эхний гурван сар бол надад яг л шоронд орчихсон юм шиг санагдаж байсан. Яг хорих анги шиг том төмөр хаалгатай, өндөр ханатай. Тэр хананаасаа хаашаа ч гарч болохгүй. Бүх юм нь тогтсон дүрэм журмын дагуу. Амнаасаа “а” гэдэг авиа гаргахдаа хүртэл болгоомжтой байх ёстой. Бааж шээх, хэвтэж босох хүртэл дүрэмтэй, цаг нартай. Ажлын зургаан хоногтой, бүтэн цэрэгжилтийн байдалтай, хоногийн чөлөө авах боломжгүй, долоо хоногийн зургаан өдөр хичээллэчхээд голч дүн 3,8-аас бага байх юм бол долоо дахь хоногт дахиад хичээллэдэг. Тиймээс зарим долоо хоногт өдөр бүр хичээлтэй, амралтгүй үе зөндөө байсан.
Энэ хувиараар таван жилийн хугацаанд суралцсан. Уг нь нэг жил хэлний бэлтгэлд суугаад очсон ч хэлийг нь бүрэн ойлгохгүй ядаж, хоёр сар хоцроод очсоныг хэлэх үү хамт сурах монголчуудаасаа жаахан хөндий маягтай. Өнөө хэд маань хүний нутагт, хатуу дүрэм журмын дор хоёр гурван сар болчихсон учраас дотно гэж жигтэйхэн. Хүн нэг яах учраа олохгүй байдаг даа. Ингээд ер нь нэлээн ганцаардах мэдрэмжтэй байсан. Би чинь айлын ганц хүүхэд, нэлээн хойно дүүтэй болсон болохоор эрх өссөн нөхөр. Дээр нь нэмээд тухайн үедээ сагсны үндэсний шигшээ нтрт дуудагдсан, хурган алдартай нөхөр өөрийгөө их юманд тоочихсон очиж байгаа юм. Гэтэл тэнд чинь шалгалт өгөөд тэнцсэн газар газрын лагууд л байгаа ш дээ. Юун би ми. Тэгж байтал яаж зүгээр байхав, бас хэрэг тариад амжсан. Нэг орос нөхөрт нулимуулаад биеэ барьж чадахгүй цохиод авчихсан. Ингээд хөөгдөх дээрээ тулаад байж байтал ашгүй учир нь олдоод хатуу сануулга аваад өнгөрсөн. Тэр үед манай курсийн дарга “Чи хаана байгаагаа мэдэж байна уу. Чи Орос улсад байна. Орос хүн чам руу нулимж байсан ч тэвчих ёстой” гэж хэлсэн.
Хөөгдөх дээрээ тулаад, ийм үг сонссон хүн чинь нэлээн юм бодно биз дээ. Бэлтгэл, хичээл бүх юмандаа анхаараад, өөрийгөө дайчилсан. Ингээд сургуулиа амжилттай төгсөж байлаа. Төгсөж ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр томилогдож ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэр үед мөн эхнэртэйгээ танилцчихсан, манай хүн төрөөд удаагүй байсан юм. Ингээд мэргэжлээрээ ажиллаж байж л аавыгаа ойлгох шиг болсон. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд цагдаа нар өдөр шөнөгүй, хоолтой, хоолгүй ямар ч үед өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмнийхээ төлөө ажилладаг онцлогтой. Дараа нь Сүхбаатар руу томилогдож ажилласан. Дүүргийн цагдаа бол хэцүү л дээ. Заавал жижүүрт гарна. Маргааш нь ээлж солигдож буух ёстой ч буулгадаггүй. Давхар төрийн хамгаалалтад явдаг, ачаалал маш их байсан. 7 хоногт бүтэн нойртой өдөр 3 байвал их юм. Шалгахгүй хэрэг ч гэж байхгүй. Хүнд алуулчихсан, жоохон жоохон охид бэлгийн хүчирхийлэлд өртчихсөн, сайхан сайхан залуучууд нэгнийгээ хүн танихын эцэсгүй болгоод хэн хэн нь амьдралаараа хохирчихсон, насаараа хураасан хөрөнгөө нэгхэн хормын дотор залилуулаад алдчихсан тийм л зүйлийг үзэж туулна, шалгана. Оронгуут л цус нэвт үнэртээд, харахын эцэсгүй болчихсон орчин нөхцөл угтана. Моргруу орох бол хэвийн үзэгдэл шүү дээ.
Нэг удаа моргруу задлангаар орлоо. Тэгсэн дөнгөж ой гарантаа жаахан амьтныг задланд оруулж байгаа юм. Тухайн үед хүү маань яг л ой хүрч байсан. Хүүхэдтэй минь адилхан балчир амьтныг зүсэхэд… Яг тийм гэж хэлэхийн аргагүй тийм хүйтэн, жихүүцмээр, эмтэрмээр мэдрэмж. Иймэрхүү хүнд нөхцөл байдалд ажилладгийг маань эхнэр маань маш их ойлгож дэмждэг байсан болохоор мэргэжлээрээ тууштай ажиллах бодолтой байлаа. Ингээд удалгүй Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу хүсэлт өгсөн чинь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хуваарилагдчихсан. Тэнд харин яг өнөөдрийн “би”-гээ, жинхэнэ эх оронч үзэл, өргөсөн тангаргийнхаа утга учрыг олж авсан байх. Мөнгөний урсгал, улс төрийн тоглолтууд нь хэрхэн явагддаг, залилан, мөнгө угаах, эдийн засгийн гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдээд байгаа юм, улс төрийн өндөр алба хаагчид яаж өөрсдөдөө давуу байдал олгодог юм гээд маш их үзсэн л дээ. Үнэхээр залуучууд бид ингэж хичээж байхад ийм луйварчид байгаад байх юм бол ямар хэрэг байна аа л гэж бодогдож байгаа юм.
Цагдаагийн ажил угаасаа хүнд хэцүү. Нэмээд муу нэртэй. Гадаа гудамжинд явж байгаа хүмүүс ч хууль хүчний байгууллагынхан шударга ажиллаж чадахгүй байгаа гэж дүгнэнэ. Сошиалаар муулна. Торголоо гэж хараана. Гэтэл бид чинь яг л тогтоосон хууль журам, дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа шүү дээ. Торгоно гэдэг журмыг цагдаагийн нэг албан хаагч өөрчлөх боломжгүй. Тэгээд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа овоо гаршиж, туршлагажаад ах нарынхаа ачаар их юм сурсан. Нүүрс, ЖДҮ, татвар, мөнгө угаах гээд маш олон хэрэг илрүүлж, шилдэг нь болтлоо ажилласан. Гэхдээ цагдаа муу нэртэй, нэмээд шалгагдаж тогтоогдсон цаашаа шүүх рүү яваад гацдаг, замхардаг, хуулийн цоорхойгоор сунжирдаг тохиолдлууд маш их байсан. Нэмээд намайг дарамтална, заналхийлнэ, гэрийн хаяг мессежээр явуулаад “Tанайх энд байдаг юм байна тэ?.." гэх жишээний. Ойр дотны хүмүүсээр яриулах, уулзах шалтаг хайх, мөнгө төгрөг санал болгох. Ер нь юм юм үзнэ л дээ.
Эхнэр бид хоёр хувийн бизнестэй болохоор үнэхээр тэр татварын дарамт, залуу хүмүүст тулгардаг бүх л жаргал зовлонг туулаад бизнесээ авч явж байгаа юм. Гэтэл эдийн засгийн гэмт хэргүүдийн онцлог нь хэн нэгэн албан тушаалтан давуу байдал үүсгэж мөнгө угаадаг, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг болохоор хамгийн хортой. Адаглаад л хоёр хүүгээ цэцэрлэгт өгөх гэхээр сугалаанаас хасагдах жишээтэй. Гэтэл тэр цэцэрлэг барих мөнгийг нэг новш идээд уучихсан байдаг. Ингээд 4 орчим жил эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар ажиллаж байгаад би энд ажиллаад юуг ч өөрчилж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод ажлаасаа гарч байсан. Намайг ажлаасаа гарлаа гэхэд хүн бүхэн гайхаж байсан. Нэг хэсэг нь намайг том хэрэг шалгаж байгаад хахуул аваад ажлаасаа гарчихлаа гэж бодсон байх. Миний хувьд бол би цагдаагийн албанд ажилласнаараа нийгмийг цэвэрлэж чадахгүй юм байна, хууль тогтоох эрх мэдэлтнүүд, улс төрчид энэ бүхэнд нөлөөлж, өөрсдөдөө ашигтай зүйл хийхийг өөрчлөх гарц нь дотроосоо эхлэх юм байна гэж үзээд ажлаасаа гарсан.
Татварт дарлуулахын зовлонг мэднэ, юм л бол хорьж цагдах, хясан боогдуулах дүрэм журамтайг мэднэ, эрх мэдлээ урвуулан ашиглах хүн алахаас ч илүү аймшигтай, нийгэмд хортойг мэдэх болохоор хаана нь өөрчилж, хаанаа нь хувь нэмэр оруулах вэ? гэж бодоод улс төрд орох зам эхлүүлсэн. Одоо тэгээд энэ замаараа унаж бүдрээд л явж байна даа.
Эх сурвалж: ChoironGoo
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй