Хоёулаа зөвхөн өнөөдөр л ийм байдалд байгаа
Намайг арван жилд байх үед манай найз нар өвс татаж, янз бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг л байлаа. Би гэхдээ тиймэрхүү юманд нь ерөөсөө оролцдоггүй байсан. Нэг өдөр манай найз 200 мянган төгрөгтэй гарч ирээд, тэр үеийн 200 мянган төгрөг маш их мөнгө байгаа юм чинь, тэгээд бид нар шоудах гээд явж байснаа замдаа "Бүгдээрээ эхлээд 60 мянгаар нь явж тоглоё" гээд аймар олуулаа нэг тоглоомын газар орлоо. Загас бууддаг мөрийтэй тоглоомын газар байсан юм. Би тэд нарын тоглохыг хараад л байсан. Тэгээд "Энэ ерөөсөө худлаа юм байна писда, ийм тэнэг юманд мөнгөө үрээд байхдаа яахав дээ" гэж дотроо бодоод л өнгөрсөн. Манай найз нар тэр тоглоомд бүр донтчихсон байлаа. Ороод л 20 мянган төгрөг өгөөд тэр загасаа дарна. Захын хорооллууд дунд байдаг том том байшин дотор тиймэрхүү тоглоомын газрууд байна. Миний хамгийн сайн санаж байгаа нь, Цайз 16 чинь тухайн үед тэр чигтээ гэр хороолол байсан юм, тэнд яг замын хажууд том барилга байдаг. Тэр барилга болохоор тэр загас бууддаг мөрийтэй тоглоомын эх орон, үүр уурхай байв. Манай найзууд сургууль дээр байхдаа хүүхдүүдээс мянга мянган төгрөг гуйж аваад, эсвэл бөөнөөрөө явж хүүхдүүд дарамталж мөнгө олоод тэрүүгээрээ тэр тоглоомоо очиж тоглоно. Би тэд нарыг ийм тэнэг юманд яагаад донтоод байгааг нь ерөөсөө ч ойлгодоггүй байлаа.
10 жилээ төгсөөд бараг 10 жил өнгөрчихсөн байх үед эхнэр маань төрөөд охинтой боллоо. Би ч мөнгөтэй байлөө. Дансандаа нэг 15 сая орчим төгрөгтэй. Эхнэртээ шөл оруулж өгчхөөд эмнэлгийн гадаа машиндаа сууж байтал манай 10 жилийн хоёр банди над руу гэнэт video call хийгээд ороод ирлээ. Би төгссөнөөсөө хойш тэд нарын уулзалт, уулт муултанд ерөөсөө очдоггүй байсан юм. "Сайн уу, хөгшөөн юу байна? Ажил төрөл сайн уу?" гэхэд нь "Өө дажгүй мажгүй" гээд байж байсан "Хаана байгаа юм?" гээд асуухаар нь "Мань харин эхнэр төрчхөөд бөөн баяр болоод эмнэлгийн гадаа машин дотроо сууж байна. Сая нэг шөл оруулж өгсөн. Одоо жаахан хүлээж байгаад харьдаг юм уу гэсэн бодолтой байна" гэсэн чинь нөгөө хоёр "Өө тэгвэл мань хоёр чинь яваад очъё" гэж шаадаг юм. Охинтой болоод миний ерөөсөө бүх юм happy байсан болохоор би хөөрөөд "Өө тэг тэг. Хүрээд ир" гээд хэлсэн. Би машиндаа нэг хуурай дүүтэйгээ хоёулаа байсан юм. За тэгээд бид хоёр дээр тэр хоёр хүрээд ирлээ шүү. Тэгээд дөрвүүлээ машинд байж байтал эхнэр залгаад "Хайраа одоо харьж амар амар. Маргааш өглөө дахиад нойл шөл авъя. Охин унтчихлаа. Бид хоёр дажгүй. Санаа зоволтгүй шүү" гэхээр нь тэд нарыг дагуулаад гэрийн зүг явлаа.
Тэд нар хатуу юм уух сонирхолтой байсан ч би өглөө эрт босож шөл хийх байсан учраас пиво уухаар болцгоов. Тэгээд нэг хроп пиво авав аа. Дөрвүүлээ 24 ширхэгийг. Гэртээ ороод би хоёрыг бүтэн уучихаад гуравдахаа уух гээд байж байсан чинь нэг гөлөг нь "Ёо андаа. 500 хэд уначихлаа" гээд хэлхээр нь би сонирхоод харсан чинь утсан дээрээ нэг тоглоом тоглоод байна шүү. Ингээд харсан чинь нээрээ л 500 хэдэн мянгатай явж байна. "Наадах чинь яадаг юм? Жинхэнэ мөнгө юм уу?" гэсэн "Жинхэнэ байлгүй яадаг юм андаа" л гэж байна. Тэгснээ нэг их удалгүй "Өө пизда алдчихлаа" гэлээ. Миний ч сонирхол хөдлөөд хүүе наадах чинь яадаг юм, харая даа марая даа болоод явчихсан. Нөгөөх чинь намайг өөрөө тоглоод үз гээд утсан дээр маань тэр мөрийтэй тоглоомын апп-ыг татаад өглөө. Утасныхаа дугаараар аккаунт үүсгэдэг юм байна. Би дугаараараа аккаунт нээчхээд шууд мөнгөөр цэнэглэлгүй тэрний яаж тоглож байгааг эхлээд харлаа. Нэг жимс унадаг слот тоглоом байгаа юм. Тэгсэн нөгөөх чинь 200 төгрөгөөр нэг дараад л, нэг бол 2000 төгрөгөөр дараад л байна аа. Тэгэхээр нь би эхлээд 30 мянган төгрөгөөр цэнэглээд нэг удаадаа 200 төгрөгөөр дараад тоглож үзлээ. Тэгсэн нөгөө 30 мянгаа юу юугүй л алдчихсан. "Аа гөлөг юмаа. Шал тэнэг тоглоом байна" гэсэн шүү юм бодоод байж байсан чинь 4 дэх пивоны дараагаас адын бодол ороод ирж байна шүү. Уугаад халаад гоё болчихсон байгаа юм чинь. Сая 30 мянгаар цэнэглээд 200 төгрөгөөр дарсан бол одоо 300 мянгаар цэнэглэж байгаад 200 төгрөгөөр дараад үзье гэсэн бодол орж ирж байгаа юм. Тэгээд нойл дотор ганцаараа сууж байхдаа 300 мянгаар цэнэглээд 200 төгрөгөөр дараад байсан чинь юу юугүй л 330,340 мянга болоод явчхаж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр чинь шууд тэгж өсөхгүй, дундаа хальт жаахан алдаад л тэгснээ өсөөд л явна шүү дээ. Тэгээд дийлэнхдээ хожоод байсан чинь толгойд шууд "300 мянган төгрөгтэй байж байгаад 200 төгрөгөөр дараад байхад би хэзээ ч мөнгөө алдахгүй байгаа юм чинь тэгвэл 3 саяар цэнэглээд 2000 төгрөгөөр дараад байвал бас адилхан мөнгөө алдахгүй би бүр баяжих юм биш үү" гэсэн бодол бүр орж ирж байгаа юм чинь. Тэгээд согтоод ч ирсэн зоригтой ч болсон 340 мянга болох үеэс нь би 200-аар биш 2000 төгрөгөөр дараад эхэлж байгаа байхгүй юу. Тоглосоор байгаад би оруулсан 300 мянган төгрөгөө тэр шөнөдөө 8 сая төгрөг болгоод тэгээд унтчихаж байгаа юм. Өглөө 7 өнгөрч байхад би сэрүүлгээрээ сэрээд эхнэртээ нойл шөл хийгээд хар цай чаналаа. Нөгөө хоёр чинь өлбийчхөөд манайхаас яваагүй байж л байв. Намайг хожсон гээд надаас 200, 300 мянган төгрөг гуйсан шигээ. Би заалгаж байгаад хожсон мөнгөө Хаан банкны данс руугаа татаж авсан. Пүү писда, дахиж хэзээ ч ажил хийхгүй юм биш үү л гэж бодогддог юм байна лээ. За тэгээд л эхнэр лүүгээ явлаа. Эхнэр маань хийсвэрээр төрсөн юм. "Оёдол өвдөөд байна хайраа. Энд төлбөртэй өрөө байдаг юм байна. Чи орж ирээд охиноо авчихвал хайр нь охиноо тэврэхгүй байгаад оёдол өвдөхгүй амар байна гэхээр нь төлбөртэй өрөө асуусан чинь бүгд дүүрчихсэн байна. Тэгсэн "За за хайраа яв яв. Өдөртөө юм идэхээр бол хэлье. Чи харин яваад байрныхаа мөнгийг төлчих" гэв ээ. Би ойрхон төрийн банк ортол битүү оочиртой байв. Оочирлож байхдаа би нөгөө мөрийтэй тоглоомын апп руугаа орлоо. Хожсон мөнгөнийхөө 1 саяар тоглоё гэж бодоод цэнэглүүлчихлээ. Тэгээд ерөөсөө маш богинохон хугацаанд, 2 хүн ч бараг үйлчлүүлээгүй байхад би нөгөө 1 сая төгрөгөө 6 сая болгочихсон. 5 саяын хожоотой. Тэр 5 саяыг татаж авахад надад зөвхөн тэр тоглоомоос хожиж олсон гэхэд нийт 11 гаруй сая төгрөг минийх болчихсон дансанд байж байлаа.
За тэгээд гарлаа. Нөгөө хоёр өлбийсөн юм чинь машин дотор намайг хүлээгээд сууж л байлаа. "Мань мөнгө хожсон" гээд би хоёуланд нь 300, 300 мянган төгрөг өгсөн. Нөгөө надтай хамт байсан хуурай дүү болохоор гэр орон гэхээр юм байхгүй, амьдрал дээр ганцаархнаа байж байдаг, их сургуульд сурдаг хүүхэд юм л даа. Тэр дүүдээ болохоор би 1 саяыг өглөө. Тэгээд манайд очихоор болцгоолоо. Дахиад 2 хроп пиво аваад орсон. Тэр гурав уугаад эхэллээ, би болохоор "Эхнэр хоол авахгүй гэвэл мань ууна" гээд уухгүй байж байгаад эхнэртэйгээ утсаар ярьтал "Хайр нь эмнэлгээс сая бантан идчихлээ. Маргааш өглөө л шөл авая. Чи өнгөрдөг шөнө олигтой нойр аваагүй юм чинь одоо сайхан унтаж амар" гэдэг юм. Тэгээд л би ууж эхэлсэн. Уугаад л тоглоод л. Эхлээд жаахан ахиухан мөнгө алдангуутаа "Үгүй яахав дээ. Угаасаа энэ ямар миний мөнгө ч биш. Лай лай писда. Ахиад нэг саяар үзье" гэж бодож байгаа юм. Тэгээд 500, 600, 500, 600, 1 сая гэсээр байгаад хожсон бүх мөнгөө буцаагаад алдчихав. Шар хөдлөөд сүүлдээ өөрийнхөө мөнгө рүү орлоо. Өөр дансанд байсан 15 сая төгрөгөөрөө тоглоод тэрийгээ ч бас бүгдийг нь алдав. Маргааш өглөө нь босоод би эхнэртээ шөл хийлээ. Тэд нар ч явлаа. Би гэртээ цор ганцаараа үлдчихэж байгаа байхгүй юу. Ямар зэвүүн писда вэ гэж бодогдоод болдоггүй. Таньдаг ах руугаа залгаад "Ахаа та 3 сая төгрөг над руу хийчхээч. Би хэд хоногоос буцаагаад өгье" гээд ярьсан чинь дорхноо бүтээд надад 3 саяыг зээлчхэж байгаа юм. Би чинь ямар ч өр ширгүй байсан хүн шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ тоглоод бас л алдсан. Хамгийн аймшигтай нь тэр зээлсэн мөнгөө алдчихаад тэрэндээ тийрээд "За байз хэн рүү ярьж мөнгө асуух уу?" гээд яг бодчихсон байж байсан чинь Хаан банкны маань дансанд 10 сая төгрөг ороод ирдэг юм. Манай аав ээж хоёр нэг объекттой юм л даа. Тэрийгээ түрээслүүлдэг. Миний нэр дээр байдаг болохоор мөнгө нь над руу орж ирдэг байсан юм. Би улайрсандаа эргэлзэлгүй шууд л тэр мөнгөөр нь бүгдэнгээр нь тоглочихсон. Нэмээд хэд гурван хүнээс мөнгө зээлж алдаад тэр өдөртөө нийт бараг 20 сая төгрөг тэр тоглоомд өгчхөж байгаа байхгүй юу. Ээж яриад "Миний хүү яасан нөгөө мөнгө чинь орж уу?" гээд асуухаар нь ороогүй байна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд тэр өдөртөө дахиж тоглосонгүй. Ингээд охин маань төрөөд, би мөрийтэй тоглоод 3дах хоног дээр нь эхнэр эмнэлгээс гарлаа. Эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргачхаад би бүр байж сууж чадахаа больчихлоо. Өөрийнхөө дансанд байсан 15 саяыг, аав ээжид өгөх ёстой байсан 10 саяыг, хэд гурван хүмүүсээс зээлсэнтэй нийлээд нийт 35 сая төгрөгийг би энэ богинохон хугацаанд алдчихсан байв. Эхнэртээ одоо юу гэж хэлэх үү?
За ингээд бүр баларчихлаа гээд янз бүрийн юм бодогдоод шууд л зөрөөд гэрээсээ гарсан. Эхнэрээ гарч ирсэн өдөр нь би бүр гэртээ хоноогүй за юу. Эхнэр бид хоёр тэр зун нь нэг банк бустай харьцаад аймар гайгүй болчихсон байсан юм. Машин авах гээд 50 сая төгрөгийн зээл аваад бид хоёр тэрийгээ хурдан дараад дуусгачихсан юм л даа. Би тэр банк бусын ах руу залгаад худлаа ярилаа. "Гааль дээр миний нэг юм ирчихлээ. Та яаралтай надад 40 саяыг гаргаад өгөөч. Би тэгвэл танд 5-ыг нь өгье" гэсэн “Ок, ажил дээр хүрээд ир” гэдэг юм. Тэгэнгүүт нь би шууд давхиж очоод 40 сая төгрөг зээлээд 5 саяыг нь тэр ахад шовгор болгож өглөө. Тэгээд үлдсэн 35 саяараа тэр өдрөө тоглоод дахиад л алдав. Алдсан мөнгө 70 сая хүрчихсэн чинь сэтгэл зүй бүр аймар савлагаатай болчхож байгаа юм чинь. Одоо бараг юу ч хийхээс буцахгүй. Эхнэр залгаад л, би утсаа таслаад л. Би ломбардад Iphone-оо, бөгжөө тавилаа. Надад нэг хямдхан самсунгийн илүү утас байсан юм тэрэнтэйгээ л үлдсэн. Улам л балраад яваад байв. Рамада буудалд ороод хуурай дүүгээ тэнд дуудаад дүүгийнхээ утсаар тоглолоо. Манай дүү ирж надтай хамт хоёр хоночхоод явсан. Би бүр яг галзуурчихсан байсан. Хоол ч идэхгүй. Бүр болохгүй бол эхнэр бид хоёрын дунд байсан хадгаламжийн дансаа цуцалъя гэсэн бодол ч төрсөн. Бидний дундын хадгаламжид 50 сая төгрөг байсан юм. За тэгээд Рамадад 5 хоносныхоо өглөө нь сэрээд машинаа заръя гэж шийдлээ. Машин миний нэр дээр ч байсан. Юм нааш нь цааш нь болгохдоо сайн нэг тийм хүн байдаг даа. Зар мар гоё тавьдаг. Тийм дүү рүүгээ бичээд “Агаагийнхаа машиныг зараад өг” гэсэн “Та машиныхаа бүх зургийг аваад явуулчих” гэж байна. Тэгэхээр нь Рамадагийн гадаа машиныхаа зургийг аваад зогсож байтал эхнэр залгахаар нь авлаа. "Хайраа яасан юм? Юу болсон юм? Хайрдаа үнэнээ хэлчих" гэхээр нь "Яагаачгүй ээ. 10 жилийнхэнтэйгээ уулзсан чинь намайг дахиад хүүхэдтэй болсон гээд баяр хүргээд бид нар Тэрэлжид архи ууж байгаад ирлээ" гээд хэлчхэв. Би бас хүүтэй юм л даа. Тэгсэн эхнэр “Чи яваад охиныхоо гэрчилгээг аваадах” гэхээр нь авах гээд машинтайгаа явж байтал юу юугүй л нэг гар миний машиныг ирж үзэх болоод явчихлаа. Ирж үзээд тэр дороо авахаар болоод 29 саяд миний машиныг аваад яваад өгсөн. Тэгээд л би буудлынхаа тооцоог хийлээ. 1 сая 500 орчим болсон юм. Тэрийгээ өгчхөөд цагийн дараа гэхэд би ямар ч мөнгөгүй болсон доо. Нөгөөхөө тоглоод.
За тэгээд л нөгөө нэг амьдралыг чинь үзэж эхэлсэн дээ. Би нэг давуу талтай байсан нь миний хийдэг ажлаас болоод хүмүүс надад нэлээн долгинодог байсан юм. Сүүлдээ тэр хүмүүс рүү орж байгаа юм чинь. Ухаан мэдрэлгүй тэд нараас мөнгө зээлсэн. 200, 300 мянга гээд л. Тийм их мөнгө алдаж байж би яагаад болихгүй байсан бэ гэхээр болдог юм байна гэсэн хогийн бодол надад байгаад байгаа байхгүй юу. 10 саяыг би аймар хурдан 20 сая болгочихно. Гэхдээ алдсан мөнгө маань бүр их болохоор хожсон мөнгөө татаж авч чадахгүй нэмж олох гэж улайрч байгаад буцаагаад алдана. Удалгүй эхнэр залгаад "Хайраа би чамайг тоглоом тоглоод байгааг мэдсээн. Зүгээр гэртээ хүрээд ир, хоёулаа ярилцъя" гэхээр нь за ер нь л эхнэртээ бүх үнэнээ хэлье гэж бодоод харилаа. "Ийм ийм юм болчихлоо одоо яах вэ?' гэсэн "За яавал гэж дээ. Гол нь чи одоо дахиж битгий тогло тэгэх үү хайраа?" гэж надаас гуйв. Тэр өдөр эхнэр маань намайг яасан ч үгүй өнгөрлөө. Би юу ч үгүй хувхай хоосон л хүн гэртээ ирж байгаа шүү дээ. Орой болсон би унтаж чадахгүй байгаа юм чинь. "Энэ хүмүүсийн өрийг одоо яаанаа. Би ямар ч нэр хүндгүй болчихлоо. Аав ээждээ юу гэж хэлнэ ээ" гээд янз бүрийн бодогдоод нойр хүрэхгүй болохоор нь "Хайр нь тамхи авчхаад ирье" гэж хэлээд эхнэрээсээ 10 мянган төгрөг аваад нөгөө тоглоомын дансаа цэнэглэчхэв. Тэгээд тоглосон чинь тэр 10 мянган төгрөг 8 сая болчхож байгаа байхгүй юу. Дунд нь тэр тоглоом миний голыг зогоогоод ингээд байлгаад байна шүү дээ. Тэр үед миний алдсан мөнгө бараг 100 сая хүрэх гэж байсан. Тийм их мөнгө алдчихсан хүнд чинь 8 сая төгрөг бол юу ч биш шүү дээ. Нөгөө хожсон 8 саяаа банкныхаа данс руу татаж авч чадахгүй тоглосоор байгаад буцаагаад алдчихсан. Ямар ч өргүй л болчихвол энэ тоглоомоос болимоор байгаад байдаг. Гэхдээ өрөнд оруулсан тоглоомоороо өрөө дарах гэж оролдох бүрт байдал улам л дордож байлаа. Эрүүл ухаанаар бодох юм бол би тэр 8 саяыг татаж аваад өрөндөө өгөх боломж надад уг нь байсан шүү дээ. 10 мянгыг 8 сая болгочхоод тэгээд алдчихангуут би яг өөрийнхөө 8 сая төгрөгийг алдчихсан юм шиг сэтгэл зүй надад ороод ирж байгаа юм. Яг үнэндээ миний алдсан мөнгө ердөө 10 мянган төгрөг л байсан шүү дээ. Тэгээд яадаг юм, нөгөө 10 мянгаар цэнэглэж байсан хүн чинь өөрийнхөө 8 саяыг алдчихсан юм шиг санагдангуутаа шарандаа шууд 1 саяар цэнэглэчихсэн. Эхнэрийн утас миний царайг уншдаг юм л даа. Тэгэхээр нь би ороод эхнэрийнхээ нэг дансыг нойлолчихсон.
Тэрэндээ тийрсэндээ би шөнө шууд гэрээсээ гараад явчхаж байгаа юм. Би тэр үед яг галзуу хүн болчихсон байсан. Хэн ч юу ч хэлээд нэмэргүй. Би танил ихтэй, нэр хүнд гайгүй байсан болохоор дахиад хэдэн хүнээс мөнгө нэмж зээллээ. 9919-тэй гайгүй дугаар барьдаг байсан юм. Тэрийгээ хүртэл банк бусад тавьлаа. Зарим нэг хөдлөх хөрөнгөө зарсаар охиноо төрсний яг 14 хоногийн дараа гэхэд би 300 сая төгрөгийн өртэй болчихсон өвлийн хүйтэнд гэрийнхээ орцонд пиво уугаад сууж байлаа. Ийм өртэй, ийм нэр хүндтэй ингэж лалрын амьдарч байхаар амиа хорлоё л гэж бодогдсон. Хүмүүс хоорондоо яриад намайг мөрийтэй тоглоод байгааг бүгдээрээ мэдчихсэн. Хамгийн сайн найз руугаа би 20 мянган төгрөг асууж бичтэл намайг seen-дэхгүй 3 хоног болсон. Тэрэн дээрээ тултлаа би нэргүй болчихсон байлаа. Тэр үед пиво уусан тулдаа тайвшраад миний сэтгэл зүй арай өөр болчхов. "За ер нь хүн алж хүрээ талсан биш. Болох байлгүй дээ. Ямар ч л байсан маргааш аав ээж дээрээ очиж уулзъя. Одоо эхнэр дээрээ оръё" гээд жаахан манаралттай, нэлээд халчихсан гэр лүүгээ яваад орлоо. Тэгээд орсон чинь эхнэр гал тогоонд охиноо тэврээд зогсчихсон уйлж байгаа байхгүй юу. "Чи миний амьдралыг өөрийнхөө амьдралтай хамт самраад хаячихлаа. Би чамайг үнэхээр их үзэн ядмаар байна. Гэхдээ би мэдрэл муутай юм шиг байна. Би чамайг яагаад ч үзэн ядаж чадахгүй байна. Миний хайр одоо тоглоомоо больчих л доо тэгэх үү. Чи надад өрнүүдээ тэд болсон гээд хэлчих. Хоёулаа хамтдаа даръя" гээд хэлэхэд нь надад зүгээр л аймшигтай мэдрэмж төрсөн.
Төрөөд сар ч болоогүй байгаа нялх биетэй эхнэрээрээ ийм зүйл хэлүүлээд зогсож байна гэдэг. Тэр л хамгийн аймшигтай байсан. Хоёулаа болгоно оо гэдэг үгийг сонсоод сэтгэл зүй жаахан ч гэсэн дээрдэж л байгаа юм л даа. Гэхдээ айгаад эхнэртээ бүх үнэнээ хэлж чадахгүй л байлаа. 300 саяын өрнийхөө талыг нь нуугаад хэлээгүй. Манай нэг очдог бөө өвөө байдаг юм. Тэр өвөө дээрээ аав ээжтэйгээ, эхнэртэйгээ бүгдэнтэй нь цуг очсон. Надад үнэнээс зугтах ямар ч орон зай үлдээгүй. Үнэнд дийлдсэн. Тэгсэн өвөө надтай уулзаад "Хамгийн гол нь чи эхнэртээ бүх үнэнээ хэл. Хэнээс хэдийг авснаа юу ч үлдээлгүй бүгдийг нь хэлээрэй. Өвөө нь чамайг дэмжинэ" гэж хэлсэн. Орой нь гэртээ хариад л би асгартлаа уйлж байгаа юм чинь. Эв эрүүл за. Би өрнүүдээ үнэнээр нь бичиж өгсөн, эхнэр ч бас асгартлаа уйлсан. Бид хоёр хамтдаа баахан уйлав.
Эхнэр "Чи хоёр хүүхдээ л гэж бодож байгаа бол битгий амиа хорлоорой. Хоёулаа өнөөдөр л ийм байдалд байгаа. Тэрнээс биш хамтдаа энэний ард заавал гарна" гэж хэллээ. Тийм үг сонсоод "Одоо ёстой ална" л гэж би бодсон. Тэгээд ор тас тоглохоо болихоор шийдсэн. Гэхдээ тэр Ална гэдэг бол зүгээр тэр үеийн сэтгэл зүйл байсан юм байна лээ. Маргааш өглөө босоход сэтгэл санаа зүгээр хонгил шд. Би уг нь жирийн үедээ цоглог, аймар галзуу тачигнасан хүн л дээ. Тэгтэл нөгөө мөнгө зээлүүлсэн хүн амьтан мессенжерээр янз бүрийн юм бичихээр уншаад би шууд гөлөг болно. "Өрөө авъя хар гөлгөө, лалрын луйварчин минь" гэх мэт үгсийг уншихаар яаж ч хичээгээд сэтгэл зүй аятайхан байж өгөхгүй. Өвөлжингөө л тийм ноомойсон байдалтай байв. Эхнэр маань ажилдаа орохоос өөр аргагүй болсон. Би хоёр хүүхдээ хараад үлдэнэ. Миний хүү 1-р анги байсан. Би эхнэрээ ажилдаа явахаас нь өмнө хүүгээ сургуульд нь оруулж өгчихөөд охиноо харна. Эхнэрээ тайван тухтай байлгахын тулд орой болгон ажлаа тараад ирэхэд нь би гоё хоол хийчихсэн хүлээж байна. Youtube-ээс амттай хоол хийхийг заасан баахан бичлэг үзээд сурчихсан. Эхнэр болохоор "Миний хайр хүссэн юмаа доод дэлгүүрээс бичүүлээд аваарай. Хайр нь цалингаа буухаар дарчихна. Санаа зоволтгүй шүү" гэнэ. Аль чадахаараа өөрийгөө дайчилж байгааг минь хараад намайг бүр яахаа алдчихсан бүтэхгүй хүн биш юм байна гэдгийг эхнэр маань олж харсан л байх.
Миний сэтгэл зүйд хамгийн хүнд туссан юм гэвэл миний охин өвдөх үед өвлийн хүйтэнд такси олдохгүй би охиноо тэр хүйтэнд тэврээд алхаж байгаа байхгүй юу. Тэр үед би өөрийгөө хамгийн их хараасан. 5 сар хүртэл миний сэтгэл зүйн байдал муу, үхчихсэн юм шиг л амьдарсан би. Манай аав аймшгийн ёдрын ааштай хүн мөртлөө намайг ийм том алдчихсан байхад хэмлэж зовоосонгүй, ээж болохоор надад өгчих мөнгө байхгүй тэгээд намайг бодохоороо уйлаад л байдаг байсан гэсэн. Ерөөсөө хүнд гэр бүл л үлддэг юм байна лээ. Ямар үнэ цэнэтэйг нь би тэгэхэд л ясандаа тултлаа ойлгосон. Дулааны улирал эхлэх үед би ааваас ажлын 2 том тэрэг гуйж аваад өрөө өөрөө дарж эхэлсэн. Ёстой морь мал шиг л ажилласан даа. Жаахан өрөө дараад л, хүмүүстэй харьцаад ирэхээр сэтгэл санаа шал өөр болж эхэлж байгаа юм чинь. Саржингаа тэгж аймар ажиллаж нэлээн гайгүй мөнгө олоод даанч тэрийгээ бүгдэнг нь хүнд өрөндөө өгөөд тэгээд л алга болчихоор их хэцүү санагдана. Эхнэрт маань бас яг адилхан тэгж санагдаж байгаа гэж бодохоор сэтгэлээр жаахан унана. Машин бариад хол замд явах үедээ өчнөөн юмыг бодож үзнэ шүү дээ. "Би дахиж хэзээ ч тоглохгүй байж чадах болов уу? Би нэг л өдөр халтираад орчихвол яах уу?" гээд л дотроо бодож байгаа юм. Тэгэнгүүтээ зөрүүлээд "Хэрэв чи ахиад ганц л тоглох юм бол чиний эхнэр хүүхдүүд хэн ч биш амьдралаар амьдарна. Тэгээд чамд амиа хорлохоос өөр ямар ч сонголт үлдэхгүй" гэж өөртөө сануулж амлалт өгнө. Тэр зун надад тоглох боломж зөндөө байсан ч би тоглоогүй. Дахиж нохой шиг амьдралаар амьдрахыг хүсээгүй юм. 2 гаруй жилийн хугацаанд би өрнийхөө бараг талыг дарчихсан байсан. Надад махан биеэ завтай суулгасан үе огт байгаагүй. Би маш их юм алдсан мөртлөө бас тэр хэрээрээ маш их юм олж авсан.
Урьд нь би гэртээ тогтохгүй далчиганаад байдаг байсан чинь тэр маань дарагдаад цаанаа л нэг намбайчихсан. Надад цаг зав гарах л юм бол би эхнэр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээдэг болсон. Эхнэр маань ачаалалтай байдаг болохоор жаахан амраах гээд заримдаа өөр өрөөнд хаалгыг нь хааж унтуулаад хоёр хүүхдээ би авна. Мэдээж хар бараантай амьдралд хэрэлдэж муудалцах асуудал гарна. Янз бүрийн муухай үг эхнэртээ хэлчихсэн юм шиг санагдвал дараа нь дотроо би харамсдаг юм. "Чамд энэ хүүхний өөдөөс А гэж хэлэх эрх байгаа юу?" гэж өөрөөсөө асуудаг. Нялх биетэй байхад нь тэгж их зовоочхоод одоо надад түүнд гомдох эрх байхгүй юм шиг л санагддаг. Одоо бол хэрэлдэж муудахаараа аль болох би өөрийгөө татаад авчихдаг болсон. Сонсоод байхад эхнэр маань нээрээ л үнэн юм хэлээд байдаг юм. Шинэ iPhone гарахаар л би эхнэртээ авч өгмөөр санагддаг. Сая 16 гарахаар нь би өөрийнхөө утсыг зарж мөнгө нэмж байгаад эхнэртээ авч өгөөд, өөрөө эхнэрийнхээ хуучин утсыг барья гэж бодоод найзаараа захиалуулах гээд урьдчилгааг нь шилжүүлчихсэн байсан чинь эхнэр мэдээд над руу залгахаар нь би яах байсан учраа хэллээ. Тэгсэн эхнэр "Миний одоогийн утас зүв зүгээр л байгаа ш дээ хайраа. Тэгж илүү зардал гаргаад хэрэггүй. Чи тэрнийхээ оронд зүгээр л надад нэг өдөр гоё хоол хийгээд өгчих тэгвэл 16 авсан юм шиг л гоё байна" гэж хэлсэн. Миний эхнэр ёстой бурхан шиг хүн дээ.
Эх сурвалж: ChoironGoo
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй