Яримаар байгаа феминист зүйлсээ илүү тод, илүү чанга яриарай

UB Info

Хүн эрүүл харилцаанд байхаараа аймар зоригтой болчихдог юм байна лээ. Хажуудах хүн маань яаж ч байсан ойлгоно гэдгийг мэдэж байгаа учраас юунаас ч эмээхгүй яг өөрийнхөөрөө байдаг болчихдог.

Би анх нөхрийнхөө хүний эрхийн мэдрэмжтэй, эрүүл сэтгэлгээтэй байдалд татагдаад дурлаж байлаа. Манай нөхөр миний хувийн орон зайд халддаггүй, намайг өөрийнхөө өмч гэж хардаггүй, хардаж зовоодоггүй, хянаж удирддаггүй. Яг өөрийнхөөр минь эрх чөлөөтэй амьдруулдаг юм. Тэгээд би энэ талаар бодоод эрүүл харилцааны талаар Youtube дээр бичлэг хийсэн чинь доор комментонд нь "Нөхөр нь бодвол гадаад хүн юм шиг байна" гээд биччихсэн байсан. Гэтэл манай нөхөр чинь Монголд төрсөн, өссөн, саяхныг хүртэл зөвхөн Монголдоо амьдарч байсан хүн шүү дээ. Ерөөсөө л Монгол эр хүн эхнэрээ тэгж дэмжиж хайрлаж байна гэхээр толгойд нь огт төсөөлөгдөхгүй. Гадаад эрчүүд л эхнэрээ тийм байлгаж чадна гэдэг бодолтой байх шиг байгаа юм. Монгол эрчүүд мундаг гэж ярьцгаадаг мөртлөө тэгж хэлснээрээ өөрсдөө тийм дүгнэлт хийчихсэн байдаг байгаа байхгүй юу. Нөхөр маань цагаан хоолтон юм л даа. 10-аад жил Монголд цагаан хоол идэж амьдарч байгаа. Нэг удаа амьтны амь хороож байгаа нядалгааны бичлэг үзээд дотор нь аймар эвгүй болоод тэр цагаас хойш дахиж мах идмээргүй санагдаад цаанаасаа л идэхээ больчихсон юм. Гэхдээ манай нөхөр хэнийг ч мах идэхээ боль гэж уриалж байгаагүй. Би махан хоол иддэг. Өөрөө мах иддэггүй мөртлөө амсахгүйгээр надад аягүй гоё махтай хоол хийж өгдөг юм. Тэгэнгүүт хүмүүс яагаад мах идэхээ больсныг нь асуухаар амьтан алж байгааг харах онцгүй санагдсан, сэтгэл минь өвдсөн гээд хэлэхээр ойлгохгүй "Эр хүн байж мах иддэггүй. Чи одоо ингээд өвчтэй болно. Ингэнэ тэгнэ" гээд л сонин юм хэлдэг. Манай нөхөр уг нь эв эрүүл. Бид хоёр хамтдаа яваад эрдсийн шинжилгээ өгөхөд минийх зарим юм нь дутуу гарч байхад манай нөхрийнх зүв зүгээр байдаг юм. Нөхөр маань нийтэч, хүнтэй хурдан найз болдог болохоор янз бүрийн хүмүүстэй л тааралдана. Зарим эрчүүд эхнэртэй эсвэл найз охинтой байж араар тавихыг юу ч биш гэж үздэг. Тэгээд ярингуут нь манай нөхөр тийм зүйлд дургүй гэдгээ илэрхийлэхээр "Эр хүн угаасаа ингэдэг юм. Чи гомо юм уу?" л гэдэг гэсэн.

Эрэгтэй хүн бусад эрчүүлдээ таалагдахын тулд эхнэр, найз охиноо хүртэл золиослодог тохиолдол байдаг шүү дээ. Нөхөр маань моралынхаа хувьд таалагдахгүй юм гарвал шууд зайгаа барьчихдаг. Өөрийнхөө зөв гэж бодсон юман дээрээ бат зогсдог нь надад аймар таалагдаж байсан. Одоо бүр багынх нь цэцэрлэгээсээ найзалсан нэг найз байсан юм. Би ч аягүй дажгүй залуу гэж боддог. Бид нар нэг нэгнийхээрээ орж гардаг. Нэг удаа төрсөн өдрөөрөө бид хоёрыг урьсан, тэгэхэд бид хоёр үерхээд 1 жил хагас болж байлуу даа. Тэгсэн тэр өдөр нөгөө багын найз нь согтчихоод, бараг тасарсан байсан байхаа, намайг өдөж хоргоосон аягүй муухай эвгүй үг хэлдэг юм. Би сонсоод шууд л шоконд орсон. Тэгээд тэрийг нь нөхрийгөө сонссон эсэхийг мэдэхгүй нөхөр лүүгээ харсан чинь сонсчихсон байсан. Нөгөө эрчүүлдээ илүү таалагдахыг хүсдэг эрэгтэй хүн байсан бол тийм юм сонссон ч сонсоогүй царайлаад "За наадах чинь шал согтуу байна ш дээ. Мартчих хаячих" гээд л аргалаад өнгөрөх байсан байх. Тэгсэн чинь шууд "Юу гээд солиороод байгаа юм. хоёулаа явъя. Энэ тэнэг юман дээр шал дэмий ирж" гээд намайг дагуулаад гарсан. Тэнд ямар ч драма, зодоон нүдээн болоогүй. Зүгээр л хаяад гарсан.

Тэгээд гарч ирээд "Чамд ийм үгс сонсгосонд уучлаарай. Би ерөөсөө ийм хүн гэж бодоогүй аягүй олон жил найзалчихсан байна. Согтуудаа хэлж байгаа үг гэдэг чинь эрүүл үеийн бодол байдаг юм. Шал тэнэг юм боллоо" гээд надаас уучлал гуйсан. Бид хоёр дахиж тэр хүний талаар юу ч яриагүй, дахиж уулзаа ч үгүй зүгээр л тэр хүнийг амьдралаасаа гаргачихсан. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш, эр хүн гэсэн нэр сүрээрээ биш, яг л бодитоор эрүүл ухаанаар харж шүүж шийдэж байгааг нь хараад би улам л дурлаж байсан юм байна. Одоо би тэгээд иймэрхүү сэдвийн талаар Youtube дээр бичлэг хийдэг юм. Манай нөхөр дэмждэг. Нөхөр маань өөрөө энэ патриарх нийгмийг шүүмжилж, уламжлалт эр хэв шинж чанарын юмнуудыг заримдаа эсэргүүцдэг хүн шүү дээ. Нэг хүн комментоор "Энэ балай авгайгийн гар утсыг нь нөхөр нь хурааж аваасай. Дандаа эр хүнийг үзэн ядсан юм ярьж бичдэг" гээд биччихсэн байсан юм. Манай нөхөр одоогоор гадаадад сурч байгаа л даа. Тэгсэн чинь аймар хөөрхөн "Яримаар байгаа феминист юмнуудаа илүү тод, илүү чанга яриарай" гээд над руу микрофон аваад явуулчихсан байсан. Хүмүүсийн яриад байдаг уламжлалт эр хүний шинж чанаруудыг нь агуулаагүй, гомо гэж хэлүүлдэг, мах иддэггүй туранхай, мэдрэмжтэй, зөөлөн дуутай эелдэг тэр хүн чинь миний хувьд харин жинхэнэ эр хүн байгаа юм чинь. Ямар азаар нөхөртэйгөө учирсан юм гэж би дандаа боддог.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ