Би гөлөг

UB Info

1980-аад оны сүүл үе юм даа. Нохой битгий хэл хүн идэх юмгүй өлсөж байх цагт айлын жингэрийг харуулдан байж гөлөгтэй болов. Хурдан болохыг нь билэгдэж Түргэн хэмээх нэр хайрлав. Түргээ маань надтай тоглосоор жил шахуу болов. Эв нь таарвал үнэг туулай шудрахаар хурдан гөлөг болон өсч байлаа.

Тээр жилийн хэрээ нохой хоёр хэт ихэссэн зудтай хавар нохой устгалаар ирсэн буутай хүмүүс Түргэнийг минь авч явах нь тэр. Ижил дасал болсон найзаа нохой овоолсон хүүрийн цэгрүү оосорлуулан явахад нь хамаг чадлаараа тэмцмээр байсан ч “чамайг ч бас буудчих нь шүү” гэх ширүүн төрхтэй нохой нухдаг танихгүй ах нараас айгаад хөдөлж ч чадалгүй үлдсэн юмдаг.

Сэм гэтсээр алсаас харахад хөөрхий Түргээг минь чирж аваачаад хүүрийн захад цохиж алав. Сум үнэтэй цаг байжээ. Намайг бодвол Түргээ алдуурахыг хичээж, эргэж боргон, хуцаж архиран байдаг чадлаараа тэмцсээр үхсэн юмдаг. Түргээ гөлөг биш би гөлөг байжээ.

1990 ээд оны дунд үе. Багш нарын цалинг архиар тавьж байсныг бодвол улс эх орны байдал ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ тулгандаа галгүй ч сэтгэлдээ галтай он жилүүд.

Шалгалтын дүн дуудах согтуу ангийн багш тааруухан сурдаг байсан найзыг минь “ Күээ энэ Баяраа сайн авчихаж, хэнээс хуулав” гэхэд нь Баярааг бор зүрхээрээ хичээж дүн авсныг нь мэдэх учир багшаа “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм” гэж хэдэрлэв. Багш юу гэнээ ахиад хэл гэв. Бүр дургүй хүрээд чангаар “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм бэ”гэж хашгирав.

Согтуу багш намайг ангийн 30 гаруй хүүхдийн өмнө гөлөг болтол зодсондоо. Амь тэмцсэндээ гарч зугтаах гэтэл барьж аваад л дэвсэлсэн юмдаг. Намайг зодуулж байхад ангид хэн ч байхгүй мэт нам гүм байж билээ. Сүрэг гөлөг байхыг сургаж.

Архи нь гарсан багш маргааш нь надад чихэр боовхон авч өгөхөд нь өлөн ходоодондоо захирагдаад хэргийг нам дарж билээ. Багшдаа зодуулчихаад юу ч хэлэлгүй хоцорсон хоншоортой эр хүн гэж өөрийгөө бодсоор үлдсэн би одоо бодоход бас гөлөг байж. Баярааг өмөөрч ганц хуцаад л багшаараа нам шаалгаад дуугай болсон хөөрхий гөлөг.

Тэр багш хичнээн хүүхдийн ирээдүйгээр тоглосон бол. Хичнээн хүүхдийн хүсэл мөрөөдлийг зүрхэнд нь үхүүлсэн бол. Аз болоход согтуу багш ажлаа сайн дураараа өгөөд явсан дуулдсан.

Өнгөрсөн дурсамжаа бодохоор би гөлөг шиг амьдарчээ. Шударга бус зүйлийн өөдөөс эрслэн тэмцэж чадалгүйгээр зөвхөн хар амиа л хоохойлж амьдарч.

Өнөөдрийн улс эх орны гай, гавъяаг бүтээлцэхэд би ер нь юу хийсэн юм бэ? гэж бодов.

Өөрийнхөө хүүхдээ л сайн сургуульд оруулчихсан байхад хөршийн хүүхэд хэн болох нь хамаагүй, би л аргалаад оочер дайрч байвал ард үлдсэн авгай надад падгүй, би л болж бүтэж байвал гэсэн сэтгэхүйгээр амьдарч.

Араас сигналдсан машиныг “энэ үхлээлдээ гэж бодох”, өмнө удсан машиныг “яваач амьсгаа гэж” дотроо хараах. Өмнүүрээ хэнийг ч оруулах оюун санааны багтаамжгүйгээр хар амиа хоохойлон амьдарч байна бид.

Миний хүүхдийн баас шээс ариухан хэмээн хаа хамаагүй сариулж, миний тамхины иш ганцхан гэж гудамжруугаа нясалж байна бид.

Зөрчлийн хууль иргэн бүрийг багалзуурдаж байхад зөрчиж үзээгүй нь нөгөөхөө хохь чинь хэмээн тавлаж байна. Машины хүүхдийн суудал битгий хэл бантангийн мах авах мөнгөгүй ээж машинд дайгдахыг хорьсон хууль гарахад боломжтой нэг нь болж байна гээд сууж байх. Хуулийн цалам ядарсан хүний толгойг ороохдоо сайн. Хууль эрх мэдэлгүй зүдэрсэн иргэдэд илүү үйлчилдэг.

Бид хуулийн өмнө очихдоо амиа л бодож мултрахыг хичээхээс биш алдаа системийн эсрэг босч чаддаггүй. Цагдааг л найрах гэж үзэхээс биш цаад буруу системийн эсрэг зогсох зүрх зориггүй. Хуулийг биелүүлэх нь иргэншсэн нийгмийн үүрэг мөн ч гэлээ буруу хуулийн өмнө хонь шиг шилбүүрдүүлж зогсох учиргүй.

ЖДҮ гэж айхтар үг гарчээ. Тэр зээлийг “жинхэнэ авах хүн нь би л байсан юм, надад өгөөгүй төрийнхөн иджээ” гэсэн гомдогчид сошиалаар дүүрэн. Бусдаасаа өрсчих гэсэндээ ЖДҮ-гийн үүд сахиж таньдаг мэддэг хүн хайгаад харайлгаж явсан нь цөөнгүй. Би ч бас тэдний нэг байж мэднэ. Бид, ард түмэн маань өөрсдөө ийм болохоор л бидний толгой дээр луйварчид сандайлаад байгаан.

Сонгууль болохоор л өлөн ходоодондоо хоол хайх цөөвөр чоно шиг хаа хамаагүй улаан хэлээ унжуулан улилдан давхилдана. Сошиал сүлжээнд улаа үзсэн хон хэрээ шиг гуагачиж, зориудаар тавьсан СЭГ хэмэлцгээж хашгиралдах атлаа гудамжинд гарахаараа бээжин хав лугаа шогшино.

Манай улс төрчид бүгд л нэг булхай луйврын хэрэг цолтой. Төрсөн эцгийн нэрнээсээ илүү тэрүүгээрээ алдартай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг үгийг бүгдээрээ идвэл буруугүй гээд өөрчилсөн гэлтэй.

17 чингэлэг спирт, хошгоруулагч, авилгалын загалмайлсан эцэг, 60 тэр бумын гэсэн гуншингийн арын холбоо нэрийг Монголчууд шууд хэлнэ. Эдгээр нэрнүүдийн ах дүү нар, хамаатан садан, тойрон хүрээлэгчдийн амьдрал Зайсанд цэцэглэж байна. Монгол хэлээр ярьдаггүй, Монгол мах иддэггүй тасарчихсан амьдралтай хүмүүс биднийг зам дээр түгжирч байхад толгой дээгүүр онгоцоор нисэлдэж байна. Биднийг угаарт манантаж суухад тэд агаарт амьдарч байна.

Ойрын өдрүүдэд Монголчууд битүүхэндээ түгшүүртэй. Өнөөх 76 маань юу болж байгаа бол хэмээн мэдээ чагнан сэтгэл зовоостой. Уулзаж учирсан найз нөхөд бие биенийхээ амар мэндийг мэдэхийн оронд улс төр ярьж байна. Хулгай ч луйварчдын тухай ам уралдан хөөрөлдөх хэрнээ тэдний эсрэг юу ч хийж чадахгүй байгаадаа хорсон цухалдаж байна.

Казак залуу ням гарагт “Эх орон” дууг дуулахад шүүгчид, үзэгчдийн нүдэнд нулимас цийлэгнээстэй. Эх орон минь биднээс ингэж холдож байгаа юмуу.

ЖДҮ-д холбогдсон жижиг дарга нар ажлаа өгч байх шиг байна. Том халимнууд нь тэр хэдэн төгрөгийг чинь буцаагаад "төлчхий төлчхий" хэмээн аархаж байна.

Нөгөө талдаа бүгдийг нь тэгж нэг шүүрээр шүүх нь хэр зөв бол.

Ном журамынхаа дагуу зээлээ аваад ажлаа сайн хийж явсан нэг нь луйварчиддаа чирэгдээд баларч байгаа юм биш биз.

Их хурлын танхимд шударга ёс ярьсан прокурорын үг ард түмэнд яасан их таалагдав. Бид үнэнээс ингэж холдоо юу, эсвэл үнэнд ийм их дуртай байсан уу.

АУДИТ-ын даргыг ажлаа өг гээд сууж байгаа 60 тэрбумын шаардлага хэр бодитой вэ? Харин ч АУДИТ-ынхан анхнаасаа ЖДҮ-гийн идсэн уусан асуудлыг дэлгэсэн санагдана. Аль өнгөрсөн 2 сард АУДИТ-ын дүгнэлт, тайлан нь гарсан дуулдана.

Яс юман дээрээ ЖДҮ бол зөвхөн хатиг, жинхэнэ хорт хавдар нь цаанаа байгаа гэж бодогдох. Том бөмбөг дэлбэлхийн тулд жижиг гранат шидсэн юм биш биз.

Энэ бүх шударга биш зүйлтэй хамт идэр насандаа амьдарч байгаа би эх орныхоо төлөө юу хийсэн юм бэ?

2000 оны үед улс төрийн хямрал ид үргэлжилж Элбэгдорж, Энхболд хоёр алалцаж байхад би юу хийж байв. Иргэний нийгмийн байгууллагууд гудамжинд жагсаж, оюутнууд, нийтийн тээврийнхэн, бөмбөгөрийнхөн талбай дээр суулт хийж байхад би яаж тэмцсэн юм бэ. 7 сарын 1-нд долоон хүн буудуулж байхад би хаана байв аа.

Э-г загалмайлж байхад, Э-г хошгоруулж байхад, Э-г 60 тэрбумаа найруулж суухад би юу хийсэн юм бэ.

Тэдний л асуудал мэтээр утсын чинээ улаан амиа хоохойлж мэдээ үзэж суув.

Төрөхөд шахуу л байж байсан үхэхэд ч байж мэдэх эдгээр луйварчдийн тухай хэзээ ч дуусдаггүй олон ангит киног хэдий болтол үзэж суух юм бэ?

Худал хуурмаг, булхай луйврын эсрэг хумсаа ч хөдөлгөлгүй худлаа чальчиж биеийн амрыг эрж бэртэгчин зангаар зурагт үзэж байж. Эхнэр хүүхдүүддээ л улс төр мэддэг их зайран болж худлаа цэцэрхэж сууж.

Архи, пиавны араас амаа мэдэхгүй “Эх орон ч" гэж өөрийгөө дөвийлгөөд адаг сүүлдээ хэн ч биш хурган бантангийн “гөлөг” гэдгээ мэдээд хэвтэж байсан байна.

Засгийн газраа огцруулах гээд, их хурлаа тараах гээд хэдэн хэсэг болоод хэмхэлдэж байна дээдүүд. Доодууд бид нь яах вэ утаатай агаар, түгжрээтэй зам дээр сугалааны хэдээ зөөгөөд эвээ олоод л явж л байна.

Айл гэр болж тоглож байгаа хүүхэд хүртэл гэрээ нураадаггүй байхад манай хэд засгаа нураах гээд л.

Лизингийн төлбөр, приусны бензин, удахгүй болох шинэ жил нтр гэсэн угаадас уяандаа хүлэгдээд бид гөлгөө хийсээр л. Тулгандаа галтай ч сэтгэлдээ галгүй болсоор.

Луйварчдаа хоймроо суулгачихаад луйварчдыг яах вэ гээд сууж байдаг "Монгол тулгатны эрхэм улс" болжээ. Ард бид төрийн сүлдээ л хайрладаг болохоос төрийн ордонд заларсан луйварчдыг биш.

Бидний удамд Чингис хэмээх лут том чоно байсан юм гээд л гөлгөө хийсээр. Гасалсаар. Байсан юм гэнэлээ. Хоточ банхарууд цөөрсөөр.

1980 аад оны сүүлээр гөлгөө алуулсанаас хойш ахиж нохой тэжээгээгүй.

Өөрөө Гөлөг байна даа ядаж хуцая даа.

Эх сурвалж: Шагж Гэлэн

САНАЛ БОЛГОХ