Нэгэн алдартай дууны түүхийг ярьж өгөх үү?
Цуврал-20
Энэ удаагийн цувралаар Америкийн "Guns N’ Roses” хамтлагийн "November rain" буюу "Арван нэгдүгээр сарын бороо" хэмээх дууны талаар хүүрнэe. Одоо юун төлөө арван нэгдүгээр сар билээ...
Монголд ардчилал, зах зээл дөнгөж эхэлж байсан 1990-ээд оны эхэн үед "Guns N’ Roses” хамтлагийн "Арван нэгдүгээр сарын бороо" хэмээх дуу Монгол телевизээр анх цуурайтаж, уг дууны клип тухайн үед манай эстрад сонирхогчдыг гайхашруулж, Барууны рок дууны клип ийм ганган сүрлэг байдаг юм байна гэх ойлгоцыг бид бүхэнд анх төрүүлж өгсөн юм. Түүнчлэн манай залуус шөнө орой гудамж талбайд явахдаа энэхүү дууны үг, аяыг зүглүүлэн хашгирч, ямар сайндаа л нэгэн найрагч, "Гоё охидын хойноос халамцуу залуус "Guns N’ Roses”-ийг хашгираад үхэр шиг мөөрөлдөнө" гэх маягийн шүлэг тэрлэж байв шүү. Энэхүү дууны нэгэн агуу чанар нь дэлхийн бүхий л рок поп дуунаас YouTube-ийн тавцанд хамгийн их тандалт авчирсан, тухайлбал хоёр тэрбум хоёр зуун сая хүн үзэж рекорд тогтоосон явдал юм. Тэгтэл бид бүхний сонсох дуртай Барууны рок попын шедевр дуунууд хоёр байтугай нэг тэрбумын хандалт ч авч чадаагүй л байдаг. Үүгээрээ "Арван нэгдүгээр сарын бороо" нь ямар ч дууны хүрч чадахгүй тийм өндөрлөгт хүрч, ямар ч хамтлаг, дуучин ойртож очихооргүй гоц дархлааг тогтоож чадсан юм. Тиймээс уг дууг "Дэлхий дахинд өгсөн урлагийн хосгүй бэлэг", "Тайзан дээр гал авчирсан бүтээл" гэж үнэлэх болсон юм байна.
"Guns N’ Roses” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Аксел Роуз бол рокийн тайзнаа есөн шидийн дуулиан дэгдээж ирсэн, маш их зөрчилтэй бие хүн юмсанж. Түүнийг хүүхэд байхаасаа л буруу замаар орох эх үндсийг түүний хойд эцэг Стефан Бэйли анх тавьж орхижээ. Энэ нөхөр түүний ээжтэй суугаад хоёр хүүхэдтэй болжээ. Уг нь Роуз хойд эцгийгээ өөрийнхөө төрсөн аав гэж боддог, аавдаа бүхнээ зориулдаг байж. Ямар сайндаа л арван хоёр настай байхдаа хойд эцэгтээ зориулж дуу хүртэл зохиож, улмаар хоёр дүүтэйгээ хамтраад түүний нэрээр "Бэйли" хэмээх хамтлаг байгуулж байжээ. Гэвч Роуз арван зургаан настай байхдаа сэтгэл санааны хүнд цохилтонд орсон байна. Хамгаас хайртай хойд эцэг Бэйли нь арван хоёр настай төрсөн охиноо хүчиндсэн гэх аймшигт мэдээ Роузийг маш их цочирдуулснаар тэр шууд л орон гэрээ орхиод гэмт хэргийн зам руу шуударчээ. Ингээд Роуз архи дарс, хар тамхитай нөхөрлөж, хулгай дээрэм, зодоон цохион гээд аль л болж бүтэхгүй юманд хутгалдсаар шоронд хүртэл ороод авах нь тэр. Хүчин, танхай гээд янз бүрийн хэргээр хорь гаруй удаа баривчлагдаж, цагдаа нарын толгойны өвчин болж байсан байна. Үүгээр зогсохгүй сэтгэцийн өвчтэй болж эмчийн хяналтанд оржээ. "Маник" хэмээх сэтгэл гутралын оноштойгоор эм уух болсон ч түүнийгээ тогтмол хэрэглэж байсангүй.
Харин 1985 оноос тэр гэмт хэргийн замыг орхиж, төрөлхийн дуулах авъяасаа урлагт зориулахаар шийджээ. Тэрбээр шинэ хамтлаг байгуулахаар болж гитарчин найз Трэйси Ганс-тайгаа нийлж ахиухан мөнгө олж цахилгаан хөгжимтэй болохын тулд хар тамхи зарж эхэлсэн гэж яригддаг. Хамтлагтаа нэр өгсөн нь найз Трейси Ганс-ынх нь Guns хэмээх овог, бас өөрийнх нь Роуз буюу Roses хэмээх овог нийлээд "Guns N’ Roses” болсон түүхтэй. Ингээд Аксель Роуз өөрөө гоцлол дуучнаар, ритм гитарчинаар Айззи, соло гитарчинаар Слэш, бөмбөрчинөөр Адлер нарыг авч, анхныхаа рок дуунуудыг сүрхий тэсрэлттэйгээр туурвиж эхэлсэн байдаг. Тэдний нэг нь "Арван нэгдүгээр сарын бороо" юм. Аялгууг нь наяад оны үед анх олсон гэдэг ч Роуз хожим энэ дуугаа дурлалт бүсгүй Стефани Сеймуртаа зориулан гүйцээж бичсэн гэдэг юм. *** Стефани Сеймур бол Америкийн алдартай топ модель төдийгүй дэлхийд зард гарсан олон арван брэндийн нүүр царай болсон фото модель юмсанж. Эр нөхөр Аксел Роузаасаа ч өндөр нуруутай энэ гоолиг хатагтай Америкийн "Плэйбой" сэтгүүлийн нүүр царай төдийгүй дэлхий дахины 300 гаруй сэтгүүлийн тэргүүн нүүрэнд заларч ирсэн гэхээр аргагүй л онцгой "амьтан" байгаа биз. Одоо ч хөгширсөн гэлтгүй алдартай хэвээрээ л байгаа юм байна. Энэ гоёмсог хатагтайд зориулж бичсэн "Арван нэгдүгээр сарын бороо" ингэж эхэлдэг.
...Ус шиг цэнхэр нүднээс чинь би
Унтарсан хайрыг олж харлаа
Хайрт минь чамайг тэврэхэд ч бас
Хачин энэ мэдрэмж надад төрлөө
Зүгээр дээ, угаас бүх зүйл зуурдынх
Зүрх хувирч болдог гэдгийг бид мэднэ
Арван нэгдүгээр сарын асгарах бороонд
Асах лааны дөлийг манах хэцүүг ч би мэднэ
Энэ өвдөлтөө намжина гэж найдаад
Энэ бороонд бид их удаан алхсан ч
Дурлал ирж л байдаг, явж л байдаг
Хэн нь хэнийгээ орхиж байгааг мэдэхгүй ч
Хоёулаа л бие биенээсээ холдож байгааг анзаардаг
Хэрвээ бидний хайр
Дээсэн дөрөөн дээр очсон нь үнэн юм бол
Зуурдхан ч болов чи минийх, зөвхөн минийх л байсан
Зүгээр л үүнийг мэдээд, би тайван үхэж чадахаар байна
Хэрэв чи намайг хайрлахыг хүсч л байвал
Хэзээ ч бүү тээнэгэлз, хонгор минь
Үгүй гэвэл би арван нэгдүгээр сарын хүйтэн бороонд
Орь ганцаараа алхаад
Одоо чамаас холдон одож чадна... гэх мэтээр цааш хөврөнө.
Студийн анхны хувилбарт уг дуу нь хорин таван минут урт байсан ч дараа нь богиносгоод есөн минут болгожээ. 1970-аад онд бичигдсэн "Куин" хамтлагийн "Богемийн рапсоди" зургаан минут үргэлжилдэгээрээ хамгийн дээд рекордын эзэн байсан. Харин есөн минутын "Арван нэгдүгээр сарын бороо” өнөөдрийг хүртэл туйлын рекорд хэвээрээ байна. Бас хамгийн урт соло гитарын гоцлол энэ дуунд бичигдсэн. Тиймээс үүнийг хөгжим судлаачид рок хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэтэй видео, богино хэмжээний уран сайхны кино гэж үздэг юм байна. Уг дууны клипийг бүтээхэд ерээд оны ханшаар нэг сая таван зуун мянган доллар зарцуулжээ. Үүний ихэнх мөнгийг арван нэгдүгээр сарын хүйтэн бороонд цохиулаад нас бардаг үзэсгэлэнт бүсгүйн хуримын гоёмсог даашинзанд, бас агаараас зураг авсан нисдэг тэргэнд зарцуулжээ. Бороонд цохиулж үхээд эвгүй царайтай хэдэн эрээр авсаа мөрлүүлээд оршуулгын газар луу зүглэдэг тэр бүсгүй хэн байв гэвэл уг дууны эзэн, топ модель Стефани Сеймур байсан юм. Одоо тэр алдартай хүүхнийг таньж авсан биз?
Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр Аксел Роузад оддын өвчин тусч, үүнтэй зэрэгцээд өсвөр насных нь сэтгэцийн өвчин сэдэрсэнээр ааш зан гэж адсага болж, дургүйг нь хүргэсэн хэнбугайг ч барьж аваад зодчихдог болсон байна. Жишээ нь 1991 онд мань хүн "Риверпортын үймээн" гэх хэргийг өдүүлжээ. Тус хамтлагийн тоглолт Риверпорт хэмээх стадионд оройтож эхэлсэн тул үзэгчид үймээн самуун дэгдээнгүүт төрөлхийн зодоонч Роуз үзэгчид рүү давхин орж уг үймээнийг улам өрдөж өгөөд зогсохгүй нэгэн үзэгчийг хүндээр зодож гэмтээжээ. Тиймээс тэрхүү хохирогч эр шүүхэд мэдүүлж, мань Роуз түүнд 160 мянган ам.долларын хохирол төлөн байж шоронд оролгүй салсан байна. Дараа нь 1992 оны 8-р сард болсон Монреалын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд "Guns N’ Roses” хамтлаг нь алдарт "Металлика" хамтлагтай хамтран тоглохоор болжээ. Тэгтэл "Металлика" хамтлагийн дуучин-гитарчин Жеймс Хетфилд тайзны цахилгаан техникийн ослоор хоёрдугаар зэрэглэлийн шаталтанд өртсөн тул "Guns N’ Roses” хамтлагийн тайзан дээр гарах хугацаа жаахан сунжирсанд Аксел Роуз дэлбэртлээ уурлаад "Металлика" хамтлагийнхантай шууд зодолдоод эхэлжээ. Мөн үүнээс өмнө нэгэн тоглолтын үеэр "Нирвана" хамтлагийнхантай гар зөрөлцөөд авсан байдаг. Түүнчлэн цочимог ууртай мань эр "Роллинг стоунз" хамтлагийн гитарчин Кит Ричардс хэмээх танхай нөхрийг зодчихжээ. Бас Английн рок дуучин Дэвид Боуи, Канадын рок дуучин Брайан Адамс нарыг тайзны ард балбаад хаячихаж байсан байна. Тэр ч байтугай шал өөр салбарын Холливудын од Ал Пачино буюу "Загалмайлсан эцэг"-ийн Майклтай нударга зөрөлцөөд сонин хэвлэлээр бөөн дуулиан дэгдээж байсан удаатай. Гэхдээ харилцан зодолдсон эд бүгдээс болж шүүх цагдаадаа тулсангүй. Харин түүний хөрш нь хөгжим чангаар тавилаа гэж Роузад гомдол мэдүүлсэнд мань эр хөршийнхөө толгой руу дарсны шилээр цохиж гэмтээснээр үхлийн зэвсэг хэрэглэсэн гэх зүйл ангиар баривчлагджээ. Ингээд мань эр хоёр жилийн ял сонсож хэсэгхэн хугацаанд шоронд суусан ч чамгүй их долларын хохирол төлөөд суллагджээ. Харин энэхүү хэрэг явдлаас үүдэж Роузын тархинд "Тамын дэргэдэх хаалга" гэдэг рок дуу мэндэлсэн байдаг. Хөршийнхөө хаалгыг хэлж байгаа нь энэ л дээ. Уг нь энэ мэтээр хүн зодох болгондоо л нэг аятайхан дуутай болоод байвал юутай сайхан. Гэвч дараачийн зодоон нь түүнийг бүр баллаад хаячихжээ. Энэ удаад мань эр хар тамхинд мансуурангуутаа хайрт бүсгүй Стефани Сеймураа барьж аваад зодчих нь тэр. Алдрын од болсон булбарай амьтан Сеймур юу гэж л түүнд удаан хугацаагаар балбуулаад суув гэж дээ. Ердөө тэр дороо буюу 1993 оны гуравдугаар сард Роузаас шууд салахад л цаана нь алдартай топ моделийг өч төчнөөн жентельмен эр өлгийдөн авч суух гээд дугаарлаад зогсож байлгүй хаачихав. Гоо бүсгүй маань үл хөдлөх хөрөнгийн эзэн, шинэ цагийн урлагийн цуглуулагч Питер Брант хэмээх дийлдэшгүй баян эртэй амьдралаа холбосон нь галзуу солиотой рок дуучинд зодуулж хэвтсэнээс хамаагүй дээр байлаа. Гэвч "Арван нэгдүгээр сарын бороо"-ны эзэн, хайрт бүсгүйгээ хэлэхийн эцэсгүй гомдоогоод явуулсан Роуз маш хүнд цохилтонд орж архи, хар тамхинаас өөр зүйл бараг хэрэглэхээ больжээ.
Энэ мөчөөс эхлээд Аксел Роузын дуулиан шуугиантай гэмт үйлдлүүд учир тоймоо алджээ. Сүүлдээ хамтлагийнхан дотор нь бөөн зөрчил бий болж, хар тамхинд хэт мансуурсан, шүүх сэргийлэхэд дуудагдсан, хоорондоо зодолдсон, бусад хамтлагийнхантай үзэлцсэн гэх мэтийн шалтгаанаас болж 1995 онд "Guns N’ Roses” хамтлаг тал тал тийшээ таран бутарсан байдаг юм. Аксел Роузийн адал явдлыг бол тоочоод баршгүй юм байна. Ямар сайндаа л "Guns N’ Roses” хамтлагийг урлаг судлаач нар "Дэлхийн хамгийн аюултай хамтлаг" гэж тодорхойлжээ. Өмнө нь энэ нэрийг жараад оны "Роллинг стоунз" хамтлаг хүртэж байсан бол тус хамтлагаас "Guns N’ Roses” хэдэн хувь илүү аюултай гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр "Роллинг стоунз" ямархан байсныг товчхон өгүүлэхэд л Аксел Роузийн ерөнхий дүр төрх аяндаа тодроод ирэх вий. Роллингчууд жараад оны үед жинхэнэ атаманууд байжээ. Тэд хар тамхинд мансуурч гудамжинд зодоон цохион хийхээс эхлээд охид бүсгүйчүүдийг хүртэл садар самуунд уруу татаж, ямар сайндаа л гоцлол дуучин Мик Жаггeр нийтийн хэв журам зөрчсөнийхөө төлөө хэд хэдэн ч удаа цагдаад баривчлагдаж, жинхэнэ танхайрч байсан байна. Гитарчин Кeйт Ричардс гэхэд л хар тамхинд донтож, танхайрсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж, золтой л шоронд явчихсангүй. Аргил гитарчин Билл Вайман гэж ясны зодоонч, бас олон эхнэр сольсон жинхэнэ Дон Жуан байж. Роллингчууд хаана л очиж тоглоно Билл Вайман хоноглосон буудал бүртээ хүүхэн шуухантай садарлаж, зодоон цохион үүсгээд цагдаа болоод хэвлэлийнхний хараанд мөн ч их өртжээ. Тийм ч учраас англичууд роллингчуудыг “Гитар барьсан дээрэмчид”, “Засаршгүй хулигаанууд” гэж зүхдэг байж. Тэгсэн хэрнээ шүтэн бишрээд тоглолтыг нь үзэх гэж улайран дайрцгаана. Садар самуун хэтийдсэн танхай үгтэй дуугаараа бэлгийн хувьсгалын тэргүүлэгч гэгдэх болсон Мик Жаггeр энгийн үзэгчид байтугай чөтгөр шулмыг ч урин дуудах хүчтэй болохоор тэр юм. Шоронд явбал явчихаар үйлдэл олныг хийжээ, энэ хүн. Ямар сайндаа л Кeйт Ричардс энэ хоёр тав таван жилийн ял аваад шоронд суухдаа тулж байв. Гэтэл нөгөө “Гитар барьсан дээрэмчид” гэж цоллоод байдаг шүтэн бишрэгчид нь хэвлэлийнхэнтэй хамтарч тэмцэлдсээр байгаад энэ хоёрыг ялгүй авч үлдэж чадсан байх аж. Үүнд эрдсэн Кeйт Ричардс бас дуугүй сууж чадсангүй. Тэр өөрийгөө гэмгүй нэгэнд тооцож “Та нарын ялзарч доройтсон ёс суртахууныг би жигшин зэвүүцэж байна” гэж шүүгч нарын өөдөөс томорч байгаад хагас мянган фунт стeрлингээр торгуулж байв аа. Өдгөө ная гарчихаад үхэж өгөхгүй байгаа "Роллинг стоунз"-ийн сармагчин шиг хэдэн өвгөн жар, далаад оны үед ийм аюултай нөхөд байж шүү. Энэхүү нийтлэлийн гол баатар Аксел Роуз эд нараас илүү аюултай, цочмог ууртай байсан гэхээр одоо түүний зодоон цохионы талаар юу ч яриад хэрэггүй.
Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл дандаан зодоон цохион хийгээд хар тамхинд мансуураад явсангүй. Нэгэнт эрэлт хэрэгцээ ихтэй болохоор хамтлагаа дахин шинээр байгуулж энд тэнд тоглолт хийсээр ирсэнийг алийг тэр гэхэв. Сайхан ч гэгээрч томоожсон, сайн санааны тоглолтыг ч олон удаа хийсэн. Залуу байхдаа мань эр толгойдоо эрээн алчуур зангидаад тайзан дээгүүр хар эрчээрээ гүйчихдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд ихэд таргалаад урьдынх шигээ гүйж харайж чадахаа байсан тул үзэгчид жаран настай түүнийг "Тарган өгзөг" гэж шоолох болжээ. Мөн тэрбээр тоглолтынхоо төгсгөл бүрийд үзэгчид рүү микрофоноо шиддэг зуршилтай, шүүрч чадсан фэнүүдийнхээ нэгэнд дурсгал болгон үлдээдэг уламжлалтай байв. Харин өнгөрсөн жил болсон тоглолтынхоо төгсгөлд үзэгчид рүү микрофоноо хүчтэй шидтэл нэгэн эмэгтэйн нүүрэнд оногдож хамрыг нь бага зэрэг гэмтээж орхижээ. Тиймээс Роуз: "Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчид рүү микрофоноо шидэж байхаа болъё" гэж мэдэгдсэн байна.
Хосгүй авъяаст Аксел Роузийн сэтгэл хөдөлгөм хоолой, домогт гитарчин Слэшийн чамин тансаг гоцлолоор хөврөн урсдаг "Арван нэгдүгээр сарын бороо" хэмээх энэхүү хүчирхэг баллад нь хайр дурлалын нарийн төвөгтэй байдал, цаг хугацааны эдгээх хүчин чадал, гарцаагүй салалт ба ганцаардлын мөн чанарыг үе үе тусган харуулахын сацуу "Чиний нүд рүү харахад би хайрын дарангуйллыг олж мэдрэв" гэж дуулахдаа ихэд хурцадмал айдсыг илэрхийлж, цаашлаад дурлал хайрын тааварлашгүй гунигтай замыг туулдаг. Ялангуяа "Арван нэгдүгээр сарын хүйтэн бороо" гэсэн дахилтууд нь хос хоёрын нандин харилцаа үгүй болсныг зүйрлэж буй ялгуусан төгсгөл юм. Энэ нь зөвхөн тэдний сэтгэлийн шаналал биш, харин дурлал хайраа улам бататгах гэсэн тууштай тэмцэл ажээ. Дуу оргил үедээ илүү итгэл найдвар төрүүлсэн өнгө аястай болж, уйтгар гуниг хэдий байвч хайр дурлал ноёрхож чадна гэдгийг харуулж байна. Түүнчлэн "Арван нэгдүгээр сарын хүйтэн бороонд ганцаар үлдэх вий" гэсэн айдас ноёрхсон мөнхүү дуунд "Чамд ганцаараа байх хэсэг хугацаа хэрэгтэй юу?" гэж дуулагдаж буй нь зөвхөн цаг хугацаа л шархалсан зүрхийг эдгээж чадна гэдгийг сануулж байна. Хэрвээ чи шархалсан зүрхийг маань эдгээж чадсан бол чамайг би сэтгэл татам болгох цаг байхгүй" гэсэн хачин мөрүүд бас байдаг санж.
Ер нь "Арван нэгдүгээр сарын бороо” нь хайр дурлалын үймээн самууныг дээд ба доод түвшинд харуулж айдас хүйдэс, итгэл найдвар, амраглал, ганцаардал зэргийг тод тусгасан сэтгэл хөдөлгөм рокийн сүлд дуу юмсанжээ. Энэхүү дуу нь видео тоглоомуудаас эхлээд янз бүрийн контент, тэр байтугай кино урлаг, телевизийн нэвтрүүлэгт хүртэл ашиглагдаж ирсэн байх бөгөөд үүгээрээ зөвхөн хөгжмийн их өвөөс гадна дэлхий дахины поп соёлд мөнхийн нөлөө үзүүлж чаджээ. Анх гарснаасаа хойш гуч гаруй жилийн дараа ч бүх насны сонсогчдод сүнслэгээр нөлөөлсөөр байгаа нь рокийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн удаан үргэлжлэх хүчирхэг баллад мөн болохыг нотолж байгаа юм. Ингээд дуугаа сонсоно уу...
Тэмдэглэсэн Б.Ойдов
Эх сурвалж: Б. Ойдов
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй