"6 дахь цагаан толгой"-гоо үзэж буй цүнх баригчийн туршлагаас
Залуу аав ээжүүдэд хэрэг болж магадгүй гэж санаад бяцхан санаа оноонуудаа эвлүүлье ээ.
1. Хүүхдүүдийнхээ сурч буй сургуулийг хамтрагч гэдэг нүдээр харах. Санал сэтгэгдлээ зөв боловсон ойлгуулах. Багш болон сургуулийг нь хүүхдүүдийнхээ дэргэд шүүмжилж итгэл үнэмшилд нь нөлөөлөхгүй байх. Батлагдаагүй нотлогдоогүй асуудлыг сошиал орчинд дэвэргэхгүй байх.
2. Хүүхдэдээ өглөөний цайг нь заавал уулгаж явуулах. Үдийн хоолоо идэж буй тал дээр нь хяналт тавих. Хүүхдийнхээ дуртай хоолыг нь биш биед нь хэрэгтэй хоолыг нь идэж сургах. Ажиглаад байхад манай хүүхэд тийм юм иддэггүй, манай хүүхэд гээд байдаг юм байна лээ. Нийтийн асуудал шүү дээ. Гурвалжин будаа, хөц будаа, шар будаа, ногоо цагаа идүүлж сургана шүү дээ.
3. Ганцхан багш ажиллаад хангалтгүй. Цагаан толгой үзэж буй үед нь заавал хамт үзнэ, заана, зөвлөнө. Загнах, зандрах, тархи толгой руу няслах гэх мэтийг хориглоно. Ирээдүйд хэн болох сууриа тавихаар анхны дэвтрээ дэлгэж буй хүүхдийн тархинд гэмтэл суулгаж болохгүй.
4. Өдөрт заавал унтуулах. Энийг ер нь л хүмүүс тоодоггүй юм. Гэтэл ханиад хүрэхгүй байх, эрүүл чийрэг биетэй өсөхийн чинь гол үндэс энэ шүү. Өдөр унтдаггүй хүүхэд бие давжаа болдог юм билээ. Ялангуяа 1, 2 дугаар ангийн хүүхдүүд өдөр хөлс нь гоожоод л унтдаг. Ямар их ядардгийг нь эндээс харж болно.
5. Ус уулгаж сургах. Энэ л амаргүй. Шулуухан хэлэхэд би ундаа, чихэрлэг зүйлсийг хор гэж үздэг. Хэрэглүүлэх дургүй. Тэгэхээр багаас нь ус уулгаж сургах. Ангид нь усны савтай устай явуулах.
6. Амны ариун цэвэр. За энэ бол ер нь гамшгийн хэмжээнд оччихсон юм байна лээ. Өнөөдөр урьдын нийгэм биш. Хүмүүс маш олон төрлийн хоол унд идэж байна. Түүнийг дагаад амны хөндийн эрүүл мэнд ноцтой төвшинд очсон. Ихэнх өвчний суурь. Хүүхдүүдээ шүдээ зөв угааж сурахад нь багаас нь уйгагүй ажиллах. Хүүхдүүд гэлтгүй миний амны хөндийн эрүүл мэнд юу билээ гээд нэг бодчихоорой. Гэр бүлээрээ энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулаарай.
7. Нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй аав ээжүүд маш хариуцлагатай байх хэрэгтэй. Урсгалаар нь явуулна гэсэн ойлголт байж болохгүй. Хуралд нь цагтаа очиж суу. Нэг минутын өмнө ч болтугай гэртээ харихаар яар. Цагт нь хооллох, унтуулах, хичээлийг нь хийлгэхийн төлөө мэрий. Ажил, амьдрал гээд хэцүү л дээ. Гэхдээ л хичээ.
8. Аар саар шалтгаанаас болоод хичээлээсээ хоцрох, чөлөө авах гэх мэт балай юмнуудыг тархинд нь битгий суулга. Хоцордог хүүхэд насаараа л хоцордог юм.
9. Хүүхэд томрохоороо хэцүү л гэдэг. Багад нь ажиллахгүй болохоор чинь тэгнэ шүү дээ. Багад нь ажиллачихсан хүүхэд томроод бүр амар болчихдог юм шүү. Гэрт ойрхон сургууль хамгийн зөв сургууль гэж олон жил хэлж байгаа.
За тэгээд амжилт.
Эх сурвалж: Шагж Гэлэн
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй