Оюутнууд суралцаж байх хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө бэлтгэх чиглэлээр цогц үйлчилгээнд хамрагдах болно
Оюутнууд суралцаж байх хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө бэлтгэх чиглэлээр цогц үйлчилгээнд хамтрагдах болно. Зориг Сан, Монгол Улсын Их Сургуультай хамтран "Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Талууд гэрээний хүрээнд МУИС-ийн "Багш Оюутны Хөгжлийн Төв"-ийг түшиглэн Лоринэт Сангийн дэмжлэгтэйгээр МУИС дээрх ''Карьер хөгжлийн үйлчилгээ''-ний үйл ажиллагааг тогтворжуулах, арга зүйг нь сайжруулах улмаар залуучуудад зориулсан "Карьер хөгжлийн төв"-ийн жишиг загварыг боловсруулж үндэсний хэмжээнд 60 гаран их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллах юм.
Зориг сангийн тэргүүн С.Оюун: Манай сан сүүлийн жилүүдэд тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр түлхүү анхаарч эхэлсэн. Өнөөдөр МУИС-тай хамтран “Карьер хөгжлийн төв”-ийг нээж буйдаа баяртай байна. Социализмын үед мэргэжил, ажлаа гүн гүнзгий бодолгүй л сонгочихдог байсан. Шинэ үеийн залуучууд өөр болж байгаатай зэрэгцэн зөв ажлаа олох, түүнийгээ сайн хийж чаддаг байх, ажил нь утга учиртай байх гэх мэт чиглэлээ олоход нь энэ карьер төв дэмжлэг болох байх гэж найдаж байна.
Монгол Улсын Их Сургуулийн ректор, Б.Очирхуяг: Их сургууль нь оюутнуудыг тухайн мэргэжилд шаардлагатай мэдлэгийг танхимын цагаар эзэмшүүлэхээс гадна ажлын байранд бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас танхимын бус цагаар төгсөгчийг ажлын байранд бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр МУИС Зориг Сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна.
Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн, Эндрю Бэрримэн: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт нь ямар ч орны хувьд нэн чухал асуудал мөн. Австрали Улсын хувьд Монголын ирээдүй хойч үед хувь нэмэр оруулан ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Лоринэт сангийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамир: Өнөөдөр албан ёсоор эхлэл нь тавигдаж буй энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын хамгийн том нөлөө бүхий их сургуульд цоо шинэ хуудсыг нээж оюутан, төгсөгчдийнхөө зөвхөн академик боловсролд анхаарал хандуулалгүйгээр тэдгээрийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд нь бэлдэх карьер хөгжлийн үйлчилгээ үзүүлэгч болоход чухал алхмыг хийж байна.
Зориг сангаас энэхүү хөтөлбөрийг анх 2018 онд санаачлан эхлүүлснээс хойш, одоог хүртэл залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахдаа дотоодын 70 гаруй ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, 3000 орчим залуус шууд хүрч ажилласан байна. Цаашид дотоодын хөдөлмөрийн зах зээл, дээд боловсролын байгууллага, шинэ төгсөгч болон бодлого боловсруулагчдыг оролцуулан салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал болох залуусын ажилгүйдэл, ур чадварын дутагдал, хүний нөөцийн хомстол, бодлогын зохицуулалт зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд хөтөлбөрийн урт хугацааны зорилго оршиж байна. Хөтөлбөрийг Лоринэт сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа ба ирэх 3-н жилд МУИС-тай хамтран дотоодын их, дээд сургуулиудад тохирсон оюутны карьер хөгжлийн үйлчилгээний жишиг загварыг боловсруулахаар ажиллах юм.
Ирээдүйн ажлын байрны чиг хандлага хэлэлцүүлэг:
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “ИРЭЭДҮЙН АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр МУИС-ийн оюутнуудад сонирхолтой хэлэлцүүлэг хүргэсэн юм. Хэлэлцүүлгийн зочин Afterschool EDTech үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн: Хиймэл оюун ухаан хүний ажлын байрыг булаахгүй, хиймэл оюун ухааныг ашиглаж, ажиллуулж сурсан хүмүүс л булаана гэдгийг онцолсон бол Эйч ар консалтинг фирмийн гүйцэтгэх захирал, Эйч ар клубийн тэргүүн Ш.Баярмагнай: “Сүүлийн үед залуус ажлын байран дээрээ удаан тогтвортой ажиллахгүй байгаа нь байгууллагууд хүний нөөцийн бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг илтгэж байна” гэлээ.
NUM Career club байгуулагдлаа
МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ нь оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх чиглэлийн хүрээнд CV бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, LinkedIn үүсгэх, ашиглах, мэргэжлийн гэрэл зураг авхуулах, дадлагын хөтөлбөрийг сайжруулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү үйлчилгээний тогтвортой байдлыг хангах зорилгоор МУИС-ийн салбар бүрийн чадварлаг оюутнуудаас бүрдсэн “NUM Career Club” оюутны клуб албан ёсоор байгуулагдлаа. Клубийн оюутнууд Карьер хөгжлийн мэргэжлийн сургалтад хамрагдан сургагч багшаар бэлтгэгдэн NUM Career үйлчилгээгээр үйлчлүүлсэн оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй