Венесуэл Монгол хоёр

UB Info

1. Үнэгүй сургууль, үнэгүй эмнэлэг, үнэгүй нүүрс, үнэгүй хүнсний талон ер нь үнэгүй бүхнийг шаарддаг иргэд нь олонхи тул популизм хийсэн улс төрчид төрд сонгогддог.

2. Нэгдмэл үзэл санаа байхгүй. Дов жалга, аймаг, яс үндэс гээд талцахгүй юм үгүй. Миний үзсэн харсан юм маруухан, уншсан судалсан боловсрол тааруудаа гэж бодох хүн үгүй. Эргэн тойрны асуудалтай гарууд л сошиал сүлжээнд Орос Хятад хоёрын аль нэг тал болчихсон үзэж тарах.

3. Нэгэнт сонгогдсон бол популизмаа хийж л таарна. Ингээд хоршоо улс болно. Манай хоёр улс яг адилхан хоршоог санаачилсан. Эцсийн дүндээ зээл нэртэй мөнгө тарааснаас биш ямар ч үр дүнд хүрэхгүй. Гоё нэртэй муухай үйл ажиллагаатай сангууд бий болгож түүнийгээ цөлмөнө. Тайлан зөвхөн цаасан дээр л бичигдэнэ.

4. Дотоодын баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьдаггүй. Хилээр хямд өртөгтэй чанар муутай барааг хязгаарлалтгүй оруулснаас дотоодын үйлдвэрлэл нь сөнөсөн. Энэ бүгд нөгөө л боловсрол мэдлэг, хүний хөгжил муутай иргэдийнхээ шаардлагаар хийгдэнэ. Эхэндээ хямд хүнс, хямд бараа аваад сэтгэл хангалуун байсан ч эцэс сүүлдээ улсаараа сөнөхөө даан ч мэдэхгүй.

5. Төрийн албаа данхайлгасан. Газрын тос, уул уурхай, эрчим хүч гэх мэт томоохон компаниуддаа төр нь 51-ээс дээш хувийг эзэмших болсон. Улсынхаа нийт баялгийн гуравны хоёрыг төр нь өөрөө эзэмшиж байна гэсэн үг. Тэндээс чинь л гарын үсэг зурдаг төрийн тэрбумтнууд төрнө.

6. Улсын эдийн засаг ганхах үед буруутныг сөрөг хүчин, гаднын хөрөнгө оруулагчид, цар тахал, байгалийн гамшиг руу чихнэ. Гадны хөрөнгө оруулагчдыг үзэн ядуулах элдэв хөдөлгөөн өрнөнө. Монгол ялна энэ тэр гээд яг адилхан. Айдсаар удирдах технологийг сонгодгоор хийнэ. Гаднын хөрөнгө оруулалт авдаггүй ганц улс Хойд Солонгос ш дээ.

7. Улс төрчдөд нь үзэл санаа байхгүй. Үзэл санаа гэдэг нь чиний байгалийн өгөгдөл юу юм бэ гэдгээ чагнаж өөрөөсөө урван тэрслэхгүй сонголтыг хийнэ гэсэн үг. Нэгэнт үзэл санаагүй хүмүүс улс төрд эрх ашиг мөнгөн дээр л очиж нэгдэнэ. Ад үзэгдэх зориггүй цуваагаа дагадаг гөлөг л гэсэн үг.

8. Эдийн засаг нь нэг эх үүсвэрээс хамааралтай. Венесуэл Газрын тос, Монгол нүүрс зэс. Дэлхийн зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүний үнэ авс унахад сүйрэхэд бэлэн. Бэлэн ч гэж дээ Венесуэл сүйрчихсэн шахуу юм чинь. Хаа сайгүй тараасан халамж, төсвийн зарлагаа нөхөхийн тулд элдэв төрлийн зээл гаднаас авна. Газрын тосны үнэ дэлхий дээр оргилдоо хүрч байх үед Венесуэл улс халамжаа баруун солгойгүй тараасаар л байсан. Иргэд нь өшөө ихийг гээд л хашхиралдаад л байсан.

9. Хэвлэл мэдээллийг хаадаг хорьдог. Хэвлэл мэдээлэл нь өөрөө бүлэглэлүүд, улс төрчдийн эрх ашгийн хэрэгсэл болсон. Болохгүй бүтэхгүй зүйлийг хувийн хэвшил рүү чихэж төр бүх юмаа өөртөө хамна.

10. Шинэ хаан төрдөг. Шинэ хаан түүх, мэдлэг, эрсдэл гэх мэт зүйлийг тооцож улс төрийн шийдвэр гаргадаггүй. Хүний натурал зан буюу авах өгөх гэсэн "мэдлэггүй сайхан сэтгэл" дээр дөрөөлж гаргасан шийдвэрүүд улс орноо сүйрэлрүү хөтөлжээ.

Цагтаа бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэх хандлагатай байсан Венесуэл улсыг ганцхан популист яаж хөнөөж буйг дэлхий нийтээрээ харсан. Тэнд мөнгө цааснаас үнэ цэнгүй болсон. Инфляц 1 саяд хүрсэн. Авлига нүүрлэж засаглалын хямралд орж олон улсын хоригт орсон. Ажилгүйдэл, гэмт хэрэг, тогтворгүй байдал, хээл хахуульдаа бүрэн живсэн. Иргэдийх нь итгэл найдвар туйлдсан. Залуус нь гадагшаа дүрвэхийн хүслэн болж 7 сая хүн улсаасаа зугтав. Улсаа Венесуелийн хийсэн үйлдлүүдийг тоть шиг давтаад байгаа болохоор нь тийм битгий болчхоосой гэсэн дээр энэ бүгдийг сийрүүллээ. Бид популизмын эсрэг л тэмцэх хэрэгтэй.

Одмөндөрийн подкаст, өөр олон зүйлүүдийг уншиж таван үг холбов.

Эх сурвалж: Шагж Гэлэн

САНАЛ БОЛГОХ